Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Кристине Жанвэй Чианг: Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт цаасан дээр л нээлттэй байна


Одоогоос 30 жилийн өмнө Хятад улсын хөрөнгө оруулалт зах зээлд шилжих үйл явцад тулгуурлаж байсан бол арваад жилийн тэртээгээс эрдэс баялагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж эхэлжээ. Эдүгээ Латин Америкийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэгд тооцогддог, 4.8 сая хүн амтай Коста Рика улс зөвхөн хатсан банана үйлдвэрлэдэг, уул уурхайн ямар нэгэн бодлого чиглэлгүй, эдийн засгийнх нь 80% нь хөдөө аж ахуйг “шүтсэн” тогтолцоотой байж.Тэгвэл өнөөдөр энэ улс мэдээллийн технологи үйлдвэрлэдэг улс болж хувирсан байна. Хөрөнгө оруулалтын ийм шилжилт хийхэд мэдээж амаргүй. Монгол улсын хувьд  хамгийн чухал нь  хөрөнгө оруулалтын  шилжилт хийхийн тулд эхлээд хөгжлийн чиг зорилго,  хүрэх үр дүнгээ маш сайн тодорхойлж, нэмүү өртөг шингэсэн хөрөнгө оруулалтыг бий болгоход анхаарах ёстой аж. 

Монголын хөрөнгө оруулалтын өнөөдрийн дүр зургийг харвал цаасан дээрх бодлого шийдвэр, дүрэм журмууд хангалттай ихтэй бөгөөд үүгээрээ бусад орныг тэргүүлж буйг  Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал, хатагтай Кристине Жанвэй Чианг тодотгосон. Гадаадын хөрөнгө оруулалт цаасан дээр илүү нээлттэй байна гэсэн үг. 2012 онд манай улс Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан нь хөрөнгө оруулагчдад нэлээд таагүй “мессеж” өгч байсан билээ. Тэгвэл хатагтай Кристине Жанвэй Чианг энэхүү хуулийг “Хөрөнгө оруулалтад давхар давхар хязгаарлалтууд тавьсан” хэмээн тодорхойлоод Монголд орж ирэх хөрөнгө оруулалт 33%-иар буурсан судалгааны дүнг танилцууллаа.

Түүний “Хөрөнгө оруулалтын бодлого, дэлхийн чиг хандлага ба Монгол улсын шинэ боломжууд” сэдэвт илтгэлийг сонсохоор МУИС-ийн номын санд эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн төлөөллүүд олноор цугласан байв. МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр хамтран UВ IMPULSE  “Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээ нь 14 дэх цуврал нь болж буй бөгөөд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн Кристине Жанвэй Чиангийн илтгэлийг хэлэлцүүлснээрээ онцлог боллоо. 

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга  илтгэгчийг танилцуулахдаа “Олон улсын хөрөнгө оруулалтын чиглэлээр маш их судалгаа хийж, өргөн туршлага хуримтлуулсан эрдэмтэн” хэмээн онцолсон. Хатагтай Кристине Жанвэй Чианг нь АНУ, БНХАУ, ХБНГУ зэрэг улсын Их сургуулиудад суралцаж төгссөн бөгөөд олж авсан мэдлэг туршлагаа оюутнуудтай хуваалцахад зориулна гэж байлаа. 
Ялангуяа их сургуулийн оюутнууд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр маш сонирхолтой, хариулахад хүнд асуултуудыг тавьдаг тул энэ удаад нэлээд дэлгэрэнгүй, суурь судалгаатай, практикт суурилсан илтгэл бэлтгэж ирснээ хэлэлцүүлгийн өмнө тодотгосон юм. Тэрээр 20 жилийн өмнө Дэлхийн банкинд ажиллаж эхлэхдээ ихэвчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэгт илүүтэй төвлөрч ажиллажээ. Түүний ажилладаг хэлтэс 100 гаруй улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгдөг байна.

Дэлхий нийтэд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын орчин асар их өөрчлөгдөж буй. Тиймээс Дэлхийн банкны зүгээс, ялангуяа хатагтай Кристине Жанвэй Чиангийн  хэлтэс  хөрөнгө оруулалтын салбарт 3 гол зүйл дээр анхаарлаа хандуулах болжээ.  

Нэгдүгээрт  гадаад, дотоодын  хөрөнгө оруулалт гэж ялгахдаа бус, хувийн хөрөнгө оруулалт гэдгийг чухалчлан авч үзэх. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгө оруулалтыг гадаадын хөрөнгө оруулалттай нийцүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг хамтад нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт гол асуудал оршиж байгаа аж. 
Хоёрдугаарт, бүх хөрөнгө оруулалт ижилхэн гэсэн ойлголтоо залруулах. Мэдээж, хөрөнгө оруулалт бүр өөр өөрийн чиг зорилготой, өөр өөр хэлбэрээр хийгддэг. Тийм ч учраас  Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газар нь  улс орнуудын Засгийн газарт хөрөнгө оруулалтын чиглэлээр тус бүрт нь тохирсон зөвлөгөө өгдөг байна. Хөрөнгө оруулалт болгон хамтарч ажилладаг талууд, улс төр, эдийн засгийн орчин нөхцөл, хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөөлөл зэргээс үүдэн эрс ялгаатай. Энэ утгаараа хөрөнгө оруулалтаар нь дамжуулан, тухайн улсад эдийн засгийн өөрчлөлтийг хэрхэн авчрах вэ гэдэг нь судлаачдын үндсэн ажил юм.  

Гуравдугаарт, бодлого боловсруулж хэлэлцүүлэх маягаар шууд хөрөнгө оруулалтыг бий болгох гэж зорихдоо бус, хамгийн гол нь хөрөнгө оруулалтын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бий болгож хөгжүүлэх нь чухал юм. Тухайн улс орон хөрөнгө оруулалтдаа нааштай харилцаа бий болгосноор хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа хөгжих боломжтойг хатагтай  Кристине Жанвэй Чиан онцолсон юм. 

Хөрөнгө оруулалтын тодорхой стратегийг бий болгоход хөрөнгө оруулалтын мөчлөг маш чухал. Энэ мөчлөгийг анхаарахгүйгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдэг амаргүй зорилт гэдгийг тэрээр онцолж байсан. Циклээс гадна хөрөнгө оруулалт өөрөө  цаг хугацаа ихээхэн шаарддаг зүйл. Энэ бүхний үндэс, гол тулгуур нь хөрөнгө оруулагчидтай тогтоох сайн харилцаа гэсэн ойлголтыг тодотгож байв.  
Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр тухайн улсын хүн амд ямар эерэг өөрчлөлт авчирч байна,  улс орны хөгжлийн зорилгод хүрэх тэр үр дүнг авчирч  чадах уу гэсэн хэд хэдэн  асуултад судлаачид хариулах гэж оролджээ. 

Өнөөдөр дэлхий дээр 4 төрлийн хөрөнгө оруулалт байгаа бөгөөд эхнийх нь байгалийн нөөц баялагт тулгуурласан хөрөнгө оруулалт юм. Монгол улсын тухайд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татаж байгаа салбар нь уул уурхай.  Дараагийн төрөл нь  тухайн улсын зах зээлд нэвтрэх хөрөнгө оруулалт.  Ийм төрлийн хөрөнгө оруулалтаар тэргүүлж буй улс орнуудад Хятад улс багтаж байна. Дэлхий дээрх нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувь нь зах зээлд нэвтрэх сонирхолтой хөрөнгө оруулалтууд юм. Өөрөөр хэлбэл, өндөр бүтээмжтэй, хямд хөдөлмөр олж авах гэсэн бизнес түлхүү явагддаг гэсэн үг. Худалдааны хамтрагчдадаа их хэмжээний чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, экспортод гаргах бизнесийн үйл ажиллагаа нь ихэвчлэн зах зээлд нэвтрэх хөрөнгө оруулалтууд дээр зонхилж буй. Дөрөв дэх төрөл нь Стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт. Хөгжиж байгаа орнуудын жишээг харахад голдуу тухайн нэр төрлийн брэнд, технологид  чиглэсэн хөрөнгө оруулалтууд зонхилдог. Жишээлбэл, “Jaguar” брэндийн машины үйлдвэрлэл, нийлүүлэлт рүү хандсан хөрөнгө оруулалтууд үүнд багтана. Хувийн компаниудад аль болох нэр хүндтэй брэнд үйлдвэрлэгчдийг худалдаж авах, хөрөнгө оруулах сонирхол давамгайлж байдаг.  

Хатагтай  Кристине Жанвэй Чиан Монгол улсыг хөрөнгө оруулалтаар нь Вьетнам, Тайланд улстай харьцуулах боломжтой гэж үзэж буйгаа тодорхой жишээнүүдээр тайлбарласан. Вьетнам, Тайландын хувьд үр ашигт чиглэсэн хөрөнгө оруулалтад илүүтэй анхаарч байхад Монгол улс энэ талаар дутмаг байгаа нь ажиглагджээ. 

Тус хэлэлцүүлэгт оролцсон Германы  Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Ш.Ханселманн “Монгол улсад загвар болохуйц улс орнуудын хөрөнгө оруулалтуудыг та харьцуулж үзжээ. Монгол  бол өөр бусад улс орнуудтай харьцуулахад маш хэцүү. Үр ашигт чиглэсэн хөрөнгө оруулалтууд Монголд барагтай орж ирдэггүй. Энэ нь нэгдүгээрт үйлдвэрлэл байхгүйтэй холбоотой. Хоёрдугаарт, хүн ам бага. Үйлдвэрлэлийн ур чадвар төдийлөн хөгжөөгүй. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд хөрш Хятадтай өрсөлдөх мэдээж амар биш. Иймд Монголд байгалийн нөөц баялагтай тулгуурласан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бий” хэмээн саналаа хуваалцсан юм. Хатагтай  Кристине Жанвэй Чиан түүний байр суурийн талаар “Мэдээж Монгол бол өөрийн гэсэн онцлог шинж чанартай. Гэхдээ бид улс орнуудыг хөрөнгө оруулалтын нийтлэг шинж чанараар нь ангилсан. Ингэхдээ үлгэр жишээ авахуйц орнуудын жишээн дээр хөрөнгө оруулалтын харьцуулалтыг хийдэг. Монгол улсын хувьд  хөрөнгө оруулалт хийхэд маш олон дүрэм журмаас авахуулаад тодорхой бэрхшээлүүд тулгардаг. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс бусад орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байна” хэмээн тодотгосон юм. 

Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн тайлангаас үзвэл, Монгол улсад барилга байгууламж барих зөвшөөрлүүд, хил дамнасан худалдаатай холбоотой дүрэм журам маш их бэрхшээл учруулдаг нь тодорхой байгаа юм. Ялангуяа хил дамнасан худалдаан дээр асар олон хязгаарлалтууд тулгардаг учраас үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд түвэгтэй. Нөгөөтэйгүүр, Монгол улс засаглалын индексээрээ мөн л дундаж түвшинд буй. “Монгол улсын засаглал нь салбар дамжсан засаглал болон хувирсан. Засгийн газрын өнөөдрийн үйл ажиллагааны дүр зургийг энэхүү засаглалаас шууд харж болохоор байна. Тиймээс  бодлогын тогтвортой байдалтай уялдсан засаглал Монголд чухал байгааг Кристине Жанвэй Чиан  илтгэлдээ онцолсон. 

Цаасан дээрх хөрөнгө оруулалтын энэ олон дүрмийг сайжруулахын тулд үйл ажиллагааны ямар шинэчлэлийг бодлогын түвшинд хийж болох вэ гэдгийг тэрээр мөн  зөвлөсөн юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан дүрэм журмуудыг нэг хууль эрх зүйн баримт бичигт оруулж, ойлгомжтой тодорхой болгох хэрэгтэй. Өнөөдрийн нөхцөлд Монгол улсын цөөнгүй баримт бичигт тус тусдаа хөрөнгө оруулалтыг хязгаарласан заалтууд байх жишээтэй. Зөвхөн хил нэвтрэх виз гэхэд  хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн хэцүү асуудал болоод буйг тэрээр онцолж байлаа. Мөн орон нутгийн захиргаанаас авахуулаад дотооддоо хэт их шаардлага тавиад байх юм бол хөрөнгө оруулагчид дайжих  эрсдэлтэйг ч  сануулсан юм. 

Кристине Жанвэй Чиан тэргүүтэй судлаачид дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байгаа үндэстэн дамжсан 754 компанийн захирлуудтай биечилсэн уулзалт хийж, тухайн улсад хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ямар байна, цаашид хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх эсэх, тухайн улсын бодлого тодорхойлогчдоос гарч байгаа шийдвэрүүдээс үүддэг бэрхшээл, давуу талуудын талаар илүүтэй төвлөрөн ярилцжээ. 

Г.Идэрхангай