Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Б.Лхагважав: “Хоёрхон жилд 38 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үлгэрт хэн ч итгэхгүй

2010 оноос эхэлсэн “Монголын эдийн засгийн форум 2018”-ын эхний өдрийн хуралдаан   өчигдөр Төрийн ордонд эхэллээ.  “Хүчээ нэгтгэе” уриатай тус форумыг  Монгол Улсын Засгийн газар, CEO клуб, “Ард санхүүгийн нэгдэл” хамтран зохион байгуулж буй. Хэдийгээр тус чуулганд 1400 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж буй ч өмнөх жилүүдийнхийг бодвол  оролцогч  цөөтэй  байсан юм.

Эх сурвалж: TV5

Хөрөнгө оруулагчдын сонирхол багассан нь хэд хэдэн шалтгаантай гэж форумд оролцогчид онцолж байлаа. 2012 онд батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн үр дагавар өнөө хэр арилаагүй нь  энэ удаагийн чуулганд оролцсон хөрөнгө оруулагчдын тооноос харж болно хэмээн нэг хэсэг хүмүүс  хэлж байхад нөгөө хэсэг нь ойрын хэдэн жил үргэлжилсэн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтын циклтэй холбон тайлбарлаж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын эдийн засаг 2018” чуулганы нээлтэд үг хэлэхдээ “Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил  арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон.  Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна” хэмээн онцолж байсан.  Энэ оны эхний байдлаар Монгол улсын худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35%-иар өсч, эдийн засгийн бодит өсөлт 6.1%-д хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрсэнийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн  дуулгалаа. 

“Миний тэргүүлж байгаа Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Энэ бол түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэг төрлийн амжилт. Үүнийг Та бид хамтдаа хийж чадсан. Монгол улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, макро эдийн засгийн бодлогыг сайжруулахад анхааран  ажиллаж байна” хэмээн Ерөнхий сайд чуулганы оролцогчдод хандан хэлсэн үгээ өндөрлөв. 

Бид Татварын багц хуулиар 2.5 тэрбумаас доош орлоготой, 200-аас доош ажилтантай жижиг дунд үйлдвэрүүдэд  татварын нэг хувийн, зээлийн, төрөлжүүлж хөгжүүлэх зэрэг орчныг бүрдүүлж ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих ёстой гэж үзэж байна” гэсэн УИХ-ын дарга М.Энхболдын үгийг хөрөнгө оруулагчид анхааралтай сонсож байлаа. 

Стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачлагчын нэг гэгддэг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Монголын эдийн засгийн форум 2018”-ын индрээс хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг танилцууллаа. Мэдээлэл технологийн бодлогын зөвлөл байгуулж цахим засаглал, дижитал шилжилтээр төрийн албыг  шударга, ил тод нээлттэй болгох  тухай түүний ярианаас хөрөнгө оруулагчдад чиглэсэн олон ажил хийгдэж буй нь түүний илтгэлээс  анзаарагдав.   

“Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувсгалыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Эдийн засаг, нийгэм, хүний хөгжилд мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг нөлөө ихэссээр байгаа. Тэгэхээр тоон технологийн боломжийг цаг алдалгүй ашиглах, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын суурь нөхцөлийг бүрдүүлж мэдээлэл харилцааны технологид суурилсан тоон эдийн засгийн салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхээс аргагүй”  гэдгийг  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлж байсан юм.

“Монголын эдийн засгийн форум 2018” чуулганы хүндтэй зочдын нэг, Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал, хатагтай Кристине Жанвэй “Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол улсын боломж” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.  Түүний ахалсан багууд дэлхийн 100 гаруй улс орнуудын Засгийн газруудтай хамтран ажилладаг бөгөөд өрсөлдөөн болоод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд эрх зүй, бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг хэрхэн зөв зүйтэй хэрэгжүүлэх тал дээр зөвлөн ажилладаг аж. 

Тэрээр Монгол улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд тодорхой шинэчлэлийг бодлогын түвшинд хийж болох юм гээд, Монгол улсын Хөрөнгө оруулалтын орчны шинэтгэлийн зураглалын талаар товчхон танилцуулж байсан юм. Энэ нь хөрөнгө оруулалтыг дэмжих стратеги болон шинэ бодлогын суурь болох учиртай аж. 

Сүүлийн 10 гаруй жилд Монгол улсын хөрөнгө оруулатыг дэмжин сурталчлах үйл ажиллагааны институцийн тогтолцоо тогтворгүйжин ихээхэн хэврэгшиж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах олон улсын өрсөлдөөн урьд өмнө байгаагүйгээр ширүүсч буй.  Иймд Монгол улс гадаадын шууд хөрөнгө оруулалтын боломжийг ашиглах, хөрөнгө оруулалтын өгөөжийг дээд зэргээр хүртэхийн тулд хэд хэдэн шинэтгэлийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг тэрээр илтгэлдээ онцолж байсан юм. 
       
Хуралдааны үдээс өмнөх хэсгийн үндсэн хэлэлцүүлэг болох  “Төр хувийн хэвшлийн диалоги ба хамтын ажиллагаа” сэдэвт үеэр УИХ-ын гишүүн Лу. Болд “Төр хувийн хэвшлийн хэлэлцээ гэж яриад байна. Хэлэлцэж ярьж ойлголцохын наана итгэлцэл чухал.   Хөгжихгүй байгаа улсуудын түүхийг анзаарахад төр хувийн хэвшил хооронд итгэлцэл байхгүй болсон цагт улс нь дампуурч, залуус нь гадагшаа дайждаг юм байна. Бүх оюун ухаан нь гадагшаа урсчихаар дампуурах нь зүйн хэрэг” хэмээн тодотгов. 

Харин  МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагвжав ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын  “2018-2021 онд 1.4 их наяд төгрөгийн 19 төсөл, засаглалын бодлогын хүрээнд 1.3 их наяд төгрөгийн 17 төсөл, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд 25.5 их наяд төгрөгийн 77 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн мэдээллийг “Хоёрхон жилд 38 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үлгэрт хэн ч итгэхгүй. Ойрын хоёр жилд хоёр их наядаас илүүг хийх боломж  байхгүй. Форумын үр дүнг би хувьдаа бодитой юм ярьж, тэрэндээ үндэслэсэн дүгнэлт гаргах гэж ойлгож байна” хэмээн шүүмжилсэн. 

Монгол Улсын Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог 2017 оны 12 дугаар сард байгуулан ажиллаж буй билээ. Тиймдээ ч  энэ удаагийн хэлэлцүүлгээр “Монгол улсын хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал” судалгааны ажлаас гарсан дүгнэлтийн төслийг хэлэлцүүлж,  төр хувийн хэвшлийнхэн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын санал шүүмжийг тусгахаар зорьсон байна. Тухайлбал, хэлэлцүүлгийн хүлээгдэж буй үр дүнг Төр, хувийн хэвшил хамтран цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх алхмаа тохиролцож,  төр нь зохицуулалтын зөв бодлоготой,  хувийн хэвшил нь хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн эрх зүйн орчинтой байх  гарц шийдлийг олох юм.   

Хөрөнгө оруулалтын сан байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Эхний ээлжинд уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, ногоон хөгжил гэсэн чиглэлээр хөрөнгө оруулалтын сангууд байгуулахаар болсон тухай мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгч байсан юм.  Ингэснээр хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан урт хугацааны хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх аж. 

Чуулганы салбар хуралдаануудын нэг “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт” сэдэвт хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар оролцож, сүүлийн  үед олон нийтэд эрчимтэй танилцуулж байгаа Баялгийн сангийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ хуралдааны үеэр Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах МАН-ын бүлэг хурлаараа улс төрийн шийдвэр гаргах нь гэсэн  мессэж түгсэн ч энэ талаар салбарын сайд энэ талаар та бүхэн  хоёр хоногийн дараа тодорхой шийд сонсоно гэхээс өөрийг хэлсэнгүй.      

Уг хуралдааны дараа “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого” хэлэлцүүлэг өрнөж, томоохон төслүүдээ хэрхэн хөдөлгөх төр болон хувийн хэвшлийн хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа, зохицуулалтыг хэрхэн хангах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг иргэдийн бодит амьдралд хэрхэн өгөөжтэй болгох асуудлаар ярилцлаа.    

 Эдийн засгийн форум 2018” үдээс хойш “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр, ирээдүй”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” гэсэн сэдвүүдийг өрнөсөн. “Монголын эдийн засгийн форум” өнөөдрийн хуралдааныг   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж,  нийтлэлч Б.Баабар илтгэл тавих юм.  Мөн “Монгол улсын хөгжлийн загвар”, “Цахим шилжилт ба блокчейн”, “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт”, “Монгол Улсын брэндинг” гэсэн сэдвүүдийг хэлэлцэнэ. 

Г.Идэр