Ярилцлага
Монголын хөгжлийн түүхийн илүү сонирхолтой хэсэг хараахан бичигдээгүй байна
2018-05-22
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн Захирал Штефан Ханселманн Монголд арван жил ажиллаад удахгүй Камбож улсад суурин ажиллахаар явах гэж байгаа юм. Тэрээр манай улсад олон жил ажилласан туршлагатай мэргэжилтний хувьд Монгол улсын хөгжилд өнгөрсөн хугацаанд юу ажиглагдсан болон цаашид ямар төлөв харагдаж байгаа талаар MMJ-ийн Б.Төгсбилэгт дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлснийг хүргэж байна.
Та Монголд бүтэн арван жилийг үдээд одоо Камбожийг зорих гэж байна. Энэ олон жилийн дараа Монголд ажилласандаа ямар сэтгэгдэлтэй дараагийн аялалдаа гарах гэж байна вэ? Мөн яагаад дараагийн ажиллах орноооор Камбожийг сонгов?
Монголд ажиллах надад яриангүй таатай сайхан байлаа. Анх Монголд 2008 оны долдугаар сард ирсэн. Энэ хугацаанд Монголын хөгжлийн чухал үе шатыг үзэж харсан маань завшаантай сайхан хэрэг байлаа. Тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд үзэглэж, 2010 онд төслийн бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн тэсрэлтийн үе үндсэндээ эхэлсэн шүү дээ. Ялангуяа эдийн засагч хүний хувьд түүхий эдэд суурилсан эдийн засаг 2010-2015 оныг хэрхэн туулсныг, сурах бичигт тайлбарласан байдаг эдийн засгийн бүтэн мөчлөгийг давахыг харах нь туйлаас сонирхолтой санагдсан.
Мөн бараг 5 тэрбум ам.долларын хэмжээтэй байсан жижиг эдийн засагт Оюутолгой шиг том төсөл хэрхэн нөлөөлөхийг харлаа. Уул уурхайн салбар болон хөдөлмөрийн зах зээлийг энэ төсөл хэрхэн өөрчилж, макро эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн хувирч хөгжихийг харсан. Би энэ талаар түүхий эдэд дулдуйдсан эдийн засгуудын талаар бичсэн ном тэмдэглэлээс уншиж явсан ч жинхэнэ амьдрал дээр бодитоор харах нь мэдээж шал өөр түүх байлаа. Уул уурхайн оргил мөчлөг 2013 он гэхэд дуусгавар болж, түүнээс хойш Монголд нөхцөл байдал хавьгүй түвэгтэй болж ирсэн л дээ. 2011, 2012 оны үеийн 17.5%-ийн өсөлттэй байсан Монгол улс маш их өрийн дарамтад орж, санхүүгийн айхтар хүнд байдалд орсон. Гайхмаар бас сонирхолтой байсан энэ түүх одоо ч үргэлжилсээр, өрнөсөөр байна. Гэхдээ энэ түүхийн илүү сонирхолтой бүлэг хараахан бичигдээгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.
2011-2013 оны үеийн тэр их эрч хүч, боломжийг эргэн санахад тэдгээр он жилүүдэд гарсан давуу талуудыг илүү ашиглаж болох байсан гэж боддог. Нөхцөл байдлыг ойлгоход, бусад эрдэс баялагтай орны адилаар, Монгол ч бас гэнэтийн атлаа их хэмжээний баялаг руу хөтөлсөн асар их хөрөнгө оруулалтыг сайтар зохицуулж чадаагүй. Гэв гэнэтхэн л бүх зүйл боломжтой асар их хөрөнгөтэй болсон мэт санагдсан нь лавтай.
Эдийн засгийн хувьд Монгол орон өнөөдөр илүү сайн алхам хийчихсэн байж болох байсан. Тухайлбал Тавантолгой ордоос Хятадын хил хүртэл төмөр зам байгуулчихсан байж болох байлаа. 130 км үргэлжлэх авто машины урт цувааны талаар санаа зовохгүй, Монголын нүүрсний экспорт илүү өрсөлдөх чадвартай байж болох байсан. Гэхдээ мэдээж түүх цаашид бичигдэнэ. Ирэх 10-15 жилийн хугацаанд ямар зүйл тохиохыг харах бүр ч илүү сонирхолтой байх болно.
Монголоос явахад мэдээж надад таатай биш байна. Гэхдээ надад байсан бүх боломж, өөрийн багахан хувь нэмрээ би Монголын хөгжилд оруулсан гэж бодоод Камбож руу явж байгаадаа таатай байна. Өнгөрсөн арван жил надад үнэхээрийн сайхан баярлууштай цаг хугацаа болж өнгөрлөө. Би одоо нүүдэл хийж, шинэ орчны шинэ сорилтуудтай тулгарахад тохиромжтой үе гэж бодож байна. Гэхдээ мэдээж аль ч газар Монгол шиг байхгүй. Би мэдээж энэ сайхан орныг санах болно.
Сүүлийн арван жилд Монгол оронд амьдарч, хөндлөнгөөс ажиглахад ихээхэн сонирхолтой байсан тухай Та ярилаа. Энэ хугацаанд инфляцийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт гээд олон бэрхшээл тохиосон. Энэ бүхэн эрдэс баялагт түшиглэн хөгжиж буй орны хувьд хэвийн зүйл мөн үү?
2010-2013 онд Монголын хувьд бүх зүйл тун дажгүй өрнөсөн. Төгрөгийн ханш чангарч, түүнийгээ дагаад импортын бараа хямдарч, инфляци ч доошлох хандлагатай байсан. Тэгээд нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн. Хүмүүсийн сул зарцуулах орлого нэмэгдэж, тэд илүү ихийг хэрэглэж, хэрэглээний зээл нэмэгдэж ирсэн. Импорт ч өсч, дагаад худалдааны алдагдал нэлээд өссөн.
Инфляцийн өсөлт нь үндсэндээ худалдааны тэнцвэр улам бүр алдагдаж, супер мөчлөгийн дараа макро эдийн засгийн суурь хүчин зүйлс суларч эхэлсний дохио байсан. Эрдсийн түүхий эдийн оргил мөчлөгийн эхэн үед төгрөг америк долларын эсрэг чангарч байсан бөгөөд нэг ам.доллар 1200-1300 төгрөгтэй тэнцдэг байсан. Валютын ханшийг их хэмжээний мөнгөн урсгал тогтоон барьж байлаа.
Гэхдээ энэхүү мөчлөгийн дараа Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтыг эс тооцвол, өөр том хөрөнгө оруулалтын төслүүд байхгүй байсан. Тэр ч байтугай Оюутолгойн өргөтгөл шатыг ч төслийн нэгдүгээр үе шатны Монгол улсын эдийн засагт үзүүлж байсан нөлөөлөлтэй харьцуулах боломжгүй юм.
Үнэндээ уул уурхайн тэсрэлт гэж ярьдаг нь үргэлж ташаа ойлголт байсаар ирсэн санагддаг. Монголд нэг л мега төсөл байсан, тэр нь Оюутолгой. Энэ тэсрэлт тодорхой төсөл, тодруулбал хөрөнгө оруулалтын хуваарьтай ганцхан том төсөл дээр дөрөөлсөн тул задрахаас өөр аргагүй байсан. Хэрэв өөр олон төсөл байсан бол 2013 оны дараах нөхцөл байдал өөр байж болох байлаа. Эдийн засгийн өсөлт болон хөгжил ядаж илүү хэдэн жилийн хугацаанд тогтвортой байж болох байв.
Германд байдаг нэгэн жижиг шувууг Swallow (Хараацай) гэж дууддаг юм.
Нүүдлийн шувуу л даа. Тавдугаар сард хойд Африкаас нисч ирдэг. Тэнгэрт дүүлж яваа тэр нэгэн шувууг харах нь хавар ирчихлээ гэсэн хэрэг биш гэж ярьцгаадаг. Яг үүнтэй адилаар нэг том уул уурхайн төсөл байлаа гээд уул уурхайн тэсрэлт боллоо, уул уурхайн салбараа үнэхээр хөгжүүлчихлээ гэсэн үг биш юм.
Сүүлийн үед эдийн засгийг солонгоруулах тухай их ярих болсон. Засгийн газрын тайлбарлаж байгаагаар уул уурхайгаас хараат бус болох, эдийн засгийг солонгоруулах нэг гарц нь хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал болоод байна. Гэхдээ энэ нь тэрбум тэрбум ам.долларын хөрөнгө шаардах болно. Энэ хандлага нь зөв үү, эсвэл?
Эдгээр төслийн зарим нь олон жил яригдаж байгаа шүү дээ. Цахилгаан станц, зэс хайлуулах үйлдвэрийн талаар намайг энд дөнгөж ирчихээд байхад л яригдаж байсан. Бас Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын талаар хүн бүхэн санаж байгаа байх гэж бодож байна. Тэрбум тэрбум ам.доллар шаардагдах хэд хэдэн томоохон хэмжээний үйлдвэрийн төсөл.
Миний хувьд дэд бүтцийн төслийг зэс хайлуулах гэх мэт төслүүдээс тусад нь авч үзэх нь зүйтэй гэж боддог. Цахилгаан станцын төсөл бол дэд бүтцэд хамаарна. Энэ нь бусад төслийг хөгжүүлэх суурь нөхцөл болдгоороо ялгаатай. Үүнийг уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулдаг хайлуулах үйлдвэрийн төслүүдтэй харьцуулах боломжгүй.
Аж үйлдвэрийн төсөлд харгалзах гол шаардлагатай зүйл гэвэл зэс хайлуулах үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслийн бодитой үнэлгээг гаргах явдал. Нэг ажлын байрт ногдож буй хөрөнгийн зардал үлэмж их. Тиймээс шинэ ажлын байр бий болгох тал дээр аж үйлдвэрийн төсөл чамлалттай. Миний бодлоор ажлын байр олноор бий болгох тал дээр илүү оновчтой аргууд бий.
Зэс хайлуулах үйлдвэр байгуулбал боловсруулсан зэсээ илүү өндөр үнээр борлуулах нь мэдээж хэрэг. Гэхдээ би Монгол улс зэс хайлуулах үйлдвэрээс цаашаа түүнийг дагасан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүдийг байгуулж чадах болов уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Хайлуулах үйлдвэр нь ихээхэн хэмжээний хүхрийн хүчил болон бусад дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Онолын хувьд хүхрийн хүчлийг бордооны үйлдвэрлэлд ашиглаж болно гэж тооцож болно. Гэхдээ бизнесийн утгаараа энэ хувилбар Монголд боломжтой юу? Дөрвөн л компани дэлхийн бордооны зах зээлийг хянадаг. Монголын хувьд дэлхийн бордооны зах зээлд орох нь тун хүнд байх болно. Нөгөөтэйгүүр хайлуулах үйлдвэрээс гарч буй сая сая тонн хүхрийн хүчлийг шингээж авах хүчин чадалтай бордооны үйлдвэр байгуулахад Монголын дотоодын хөдөө аж ахуйн салбар эрэлтийн хувьд дэндүү жижиг байна. Үүнээс гадна бордооны үйлдвэр байгуулах нь өөрөө томоохон хөрөнгө оруулалт шаардана.
Тэгэхээр Та эдийн засгийг солонгоруулах талаасаа хүнд аж үйлдвэрийн салбар нь асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах учир эн тэргүүний зорилт байх учиргүй гэж үзэж байнаа даа?
Миний хэлэх гэсэн санаа гэвэл том төсөл гэхээр л сайн төсөл байдаг гэж ойлгож болохгүй.
Ялангуяа ажлын байр бүрдүүлэлт болон хөрөнгийн зардлын харьцааг авч үзвэл энэ нь тодорхой харагдана. Магадгүй улс орны стратегийн анхаарах хүчин зүйлс, улс орны аюулгүй байдлын үүднээс өөрөөр харагдаж болно л доо. Тухайлбал түлш шатахуунаа гаднаас бүрэн импортлох бус дотооддоо боловсруулах ч юмуу. Гэхдээ дэлхийн хандлагыг хараад байхад бүгд энэ салбараас гарч байхад Монгол улс энэ цаг үед хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхээр оролдох шаардлагатай юу гэдгийг би хувьдаа гайхаж байна. Өнөөдөр дижитал, робот, аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар их ярьж байна. Гэтэл Монгол улс гангийн үйлдвэр болон хүнд аж үйлдвэрийн талаар ярьж сууна. Хамгийн сайн хувилбараар хэрэгжүүллээ ч тэдгээр нь магадгүй Монгол улсын хүсэн хүлээсэн үр дүнг авчрахгүй байж мэднэ. Энэ бүхний эцэст Монгол үргэлж хумигдмал байдалтай үлдэнэ. Яг хажууд буй Хятадын нэгэн адилаар хүнд аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг нь Монголын хувьд ихэнх бүтээгдэхүүний хувьд тийм ч бодит боломж гэж харагдахгүй байгаа. Бүх гол салбар нь цаашид урт хугацаанд оршин тогтнохын тулд экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулах шаардлагатай болно. Гэхдээ Монгол улс далайд гарцгүй орон тул экспортын хүрэх зорилтот бүх зах зээлд Хятадын төмөр замаар дамжин хүрнэ. Яг л уул уурхайн бүтээгдэхүүний нэгэн адилаар. Ийм нөхцөл байдалд солонгоруулах нэрийдлээр энэ салбарт ихээхэн хөрөнгө зарахынхаа өмнө сайтар тунгаах хэрэгтэй.
Тэгвэл Монгол улс юу хийж болох вэ. Би хөдөө аж ахуйн салбарт маш их боломж бололцоог харж байна. Зөвхөн ажлын байр гэлтгүй, орлогын эх үүсвэр талаасаа ч тэр, стратегийн ач холбогдол талаасаа ч тэр. Ингэвэл Монгол улсаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд хүнсний маш олон төрлийн бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангадаг болно. Мөн мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлох бололцоо танайд маш их бий. Дэлхийн хүн ам цаг минутаар өсөхийн хэрээр Монгол улс дэлхийн эрэлтийг хангахад ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдгээ стратегийн болон системийн хувьд судлах хэрэгтэй. Тэгээд энэ дагуу хөрөнгө оруулах хэрэгтэй юм.
Үүний зэрэгцээ глобалчлал нь маш гүнзгий өөрчлөлтийг авчирч байна. Бид урьд хожид туулж байгаагүй дижитал хувьсгалтай учирлаа. Хиймэл оюун ухаан зонхилох хандлагатай болж ирж байна. Мэдээллийн технологийн шийдлүүд бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг боллоо. Даяарчлал 4.0 бол үнэ цэнийг бүтээх (value creation), үйлдвэрлэл, санхүүгийн улс дамнасан урсгалын зохион байгуулалт болон чиглэлийг маш ихээр өөрчлөн хэлбэржүүлж байна. Дижитал технологи нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулж байна. Бараа, үйлчилгээний хүртээмж болон түгээлтэд ч мөн адил нөлөөлжээ. Гурван хэмжээст хэвлэлийн технологи, орчуулгын программ болон хавтаст материалын цахим хуваарилалт зэрэг нь алсын зайнаас ажиллах боломжийг олгож, үйл ажиллагаа, үйлчилгээ нь газарзүйн хувьд бараг үл хамаарах шинжтэй болсон. Сайжруулсан робот, дижитал үйлдвэрлэл нь үйлдвэрлэлийн сүлжээг илүү хурдан, хялбар болгож байна.
Би Монгол улсыг хайрцгаас гадуур, илүү их сэтгэж ажиллах хэрэгтэй гэж боддог. Хэмжээнээсээ давсан зүйл хийж дижитал эрин руу шийдэмгий орогтун. Биет физик зүйлээр хөөцөлдөхөөс илүүтэй дижитал хөгжлийн өртгийн сүлжээтэй холбогдож өөрийн орон зайгаа олох хэрэгтэй. Код, алгоритмд хүнд даацын машин, төмөр зам шаардлагагүй. Үүнд Хятад улсад нэвтрэх зөвшөөрөл ч шаардлагагүй. Дижитал үйлдвэрлэл дэд бүтэц, зах зээл, хүнийн нөөцийн хязгаарлалтуудыг давахад илүү хялбар болгох болно. Монгол улс харьцангуй бага тооны ажиллах хүчтэй нь үүнд огтхон ч чухал биш. Учир нь виртуал бодит байдал болон Клаудад нэгдэл болон түншлэл байгуулж болдог. Мэдээж үүнд бодит бодлого зохицуулалт болон мэдээлэл, харилцаа холбооны зөв дэд бүтэц, улс орны бэлтгэгдсэн байдал шаардлагатай.
Хөдөө аж ахуйн хувьд манайд нэлээд дэмжсэн байр суурь бий. Гэхдээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт их хэмжээний мөнгөн орлогыг бий болгож чадахгүй. Луувангийн үнэ алтныхтай адил байхгүй шүү дээ гэж ярьдаг хүмүүс бий?
Санал нэг байна. Би аялал жуулчлал болон хөдөө аж ахуй, нэхмэлийн салбарын аль аль нь экспортын орлого талаасаа уул уурхайн салбарыг давна гэж хэлэхгүй. Үүний зэрэгцээ уул уурхайн салбарын Монголын ирээдүйд үзүүлэх ач холбогдлыг бууруулж ярих нь ч утгагүй хэрэг. Гэсэн хэдий ч та бүгд солонгорлыг бий болгох хэрэгтэй нь зайлшгүй. Учир нь танай улс уул уурхайн салбарт хүн бүрийг ажилтай байлгах боломжгүй. Тэгээд ч нэг салбарт хэт их анхаарал хандуулах нь ухаалаг бус.
Ялангуяа уул уурхайн салбар нь ажлын байрыг бий болгодог салбар биш учраас та бүгд илүү олон хүнд худалдан авах чадварыг хүртээмжтэй түгээхийн тулд өөр арга хувилбарыг бодож тунгаах хэрэгтэй. Үүнд хөдөө аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэж чадна. Хэрэв Монгол улс сайн бөгөөд урт хугацааны стратегитэй байж чадвал хорин жилийн дараа хөдөө аж ахуйн салбарын экспортын бүтээгдэхүүнээсээ нэлээд хэмжээний хөрөнгийн урсгал бүрдүүлж чадна. Энэ нь мөн хүнсний импортыг орлох үүднээсээ худалдааны алдагдлыг ч бууруулах ач холбогдолтой.
Гэхдээ Монгол улс дан ганц хөдөө аж ахуйн салбар дээр суурилаад өсөлттэй хөгжинө гэж бодох нь бас хэцүү. Аялал жуулчлалын салбарыг ч мөн тэгж бодохын хэрэггүй.
Уул уурхайн салбар сэргэх явцтай болж ирлээ. Зах зээл дээшилж нөхцөл байдал ч дээрдэж эхэллээ. Гэхдээ манай улсын хувьд өрийн хэмжээ өндөр хэвээр л байна. Та ОУВС-гийн хөтөлбөрийн дараа эдийн засаг эргээд сайжирч чадна гэж харж байна уу?
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр маш чухал, гэлээ ч ОУВС эдийн засгийн гайхамшгийг бүтээж чадахгүй. Тэд та бүхэнд арга барилаа хэрхэн сайжруулахад зөвлөж чадна. Төсвийн хувьд хэрхэн оновчтой байх талаар тусалж чадна. Төсвөө хэрхэн хэмнэх талаар, бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар зөвлөж чадна. Мэдээж ОУВС Монгол улсыг тогтвортой, хөрөнгө оруулахад таатай орон гэсэн нэр хүндийг олон улсын тавцанд сэргээхэд тусална. ОУВС бол төсвийн удирдлага тал дээр гайхалтай туршлагатай.
Гэхдээ тэд оргүй хоосноос үр ашигтай шинэ салбаруудыг ахархан хугацаанд бий болгож чадахгүй. ОУВС Монгол орны зөвхөн Хятадын зах зээлд эрдэс баялгийн түүхий эд нийлүүлдэг байдлын суурь асуудлуудыг шийдвэрлэж өгч чадахгүй. Энэ нь хөтөлбөрийн зорилго ч гэж бодохгүй байна.
Миний найдаж буй нэг зүйл гэвэл эрсдэл болон боломжийн бодит төсөөллийг бүрдүүлэхэд туслах, тэгээд орлогын тогтвортой урсгалыг бүрдүүлэх уул уурхайгаас гадна өөр ямар салбар байна вэ гэдгийг харуулах явдал юм. Би “эрсдэл болон боломжийн бодит төсөөлөл” гэж юуг хэлээд байна вэ гэхээр тухайлбал өнгөрсөн жилийнх шиг нүүрсний экспортын өсөлтийг хэт өндрөөр үнэлэхгүй байх. Миний бодлоор Монголын уул уурхайн салбарын эмзэг нөхцөл байдал тийм ч ихээр холдчихоогүй байна.
Хятад улс НҮБ-ын хоригтой холбоотойгоор Хойд Солонгосоос нүүрс импортлохгүй байгаа тул өнгөрсөн онд нүүрсний экспортын өсөлт гарсан гэж хэлж болно. Тиймээс Хятад Монголоос ихээхэн нүүрс авсан, мөн Оросоос ч илүү их нүүрс импортолсон нь гайхаад байх зүйл биш. Хэрэв Хойд Солонгост тавьсан хориг цуцлагдвал нүүрсний өсөлттэй нөхцөл байдал хэвээр үргэлжлэхгүй байх. Миний бодлоор үйл явдлын өрнөл яг эсрэгээрээ явагдана. Учир нь Хятад улс Пхеньянийг эдийн засгийн хямралд өртөхөөс сэргийлж тус улсаас бүр ч илүү ихээр нүүрс авах болов уу. Өнөөдөр Хятад нүүрсний гурван том нийлүүлэгчидтэй. Үүнд Индонез, Австрали, Хойд Солонгос орно. Хятад улсыг 2032 онд нүүрсний хэрэглээнийхээ оргил үед хүрэх үед дөрөв дэх томоохон нийлүүлэгчийн орон зай тэнд байхгүй гэж би бодож байна. Гэхдээ коксжих нүүрсний хувьд нөхцөл байдал мэдээж өөдрөг байгаа л даа.
Өөр нэг санаа зовоох асуудал бол Орос, Хятадын хоорондын харилцаа улам нөхөрсөг болж, хамтран ажиллах нь танай улсад учирч болох эрсдэл юм. Хятад, Оросын харилцаа илүү ойртох тусам Монгол улс Хятадын түүхий эдийн хэрэглээг залгуулж буй орны хувьд томоохон хөршдөө ач холбогдолгүй болох аюул бий. Тэдний харилцаа гүнзгийрэх тусам уул уурхай, эрчим хүчний хамтарсан төслүүдийн тоо нь нэмэгдэж байна.
Дэлхийн худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлнө гэж Та бодож байна вэ?
Худалдааны дайн нь томоохон улс орнуудын хувьд түргэн хугацаанд бие биенээ чиглэсэн гаалийн импортын тариф болж үйлчлэх хандлагатай байна. Энэ нь тун төвөгтэй асуудал болно. Гэхдээ нэг л зүйл тодорхой байгаа. Энд хэн нь ч хожихгүй. Худалдааны дайнд аль аль тал нь алдагдал хүлээнэ. Монгол улс дэлхийн өртгийн сүлжээнд тийм ч их холбогдоогүй учир энэ нөхцөл байдал төдийлөн муу нөлөөтэй биш байх гэж тайлбарлаж болох юм. Гэтэл боловсруулаагүй эрдсийн түүхий эд экспортлогчийн хувьд өртгийн сүлжээний хамгийн эхэнд оршдог. Хэрэв Хятад улс экспортод нь тавигдсан тарифын улмаас үйлдвэрлэлийн гарцаа танах аваас түүхий эдийн импортоо нэлээд бууруулах магадлалтай. Хятадын хувьд экспорт багасч, дэд бүтцийн төслүүд цөөрөх аваас энэ нь илүү бага зэс хэрэглэж, ган үйлдвэрлэлд шаардлагатай коксжих нүүрсний хэрэглээ танагдана гэсэн үг шүү дээ.
Одоогийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах талд зөв зам дээр явж байна уу? Та одоогийн хууль эрхзүйн орчныг хөрөнгө оруулагчдын хувьд хэр таатай байна гэж боддог вэ?
Би Монголын хөрөнгө оруулалтын ерөнхий орчныг муу гэж боддоггүй. Харамсалтай нь Монгол улсыг хөрөнгө оруулалтын зорилтот газраар нэрлэх үед Монголын унаж яваа морийг хэн залж байгаа нь тодорхойгүй санагдах нь олонтаа. Улс төр нь үү, эдийн засаг нь уу. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд өнөө хэр нь тодорхой айдас, тогтсон ойлголт хэвээр байна. Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт сүүлийн хэдэн жил өсөөгүй нь ч үүнд тус болоогүй. Ихэнх уул уурхайн компаниуд өөрсдийн үйл ажиллагааны багцыг нэгтгэж, шинэ төсөл эхлүүлэхэд маш бага орон зай үлдээсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухайд ярихад дэлхийн худалдааны дайнаас үүдсэн дам нөлөөг Монгол улс мөн амсах эрсдэлтэй. Дэлхийн өсөлт буурах болов уу гэдгээс үүдэн уул уурхайн компаниуд ямар хөрөнгө оруулалт хийх, алиныг нь цуцлах эсэхээ дахин бодох хэрэгтэй болно.
Тодорхойгүй байдал нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд маш том сүйтгэгч болдог. Одоогийн байдлаар, татвар, роялти хэдэн хувьтай байх нь хамаагүй. Хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулахдаа дотоод өгөөжийн хувь, санхүүгийн орчин нөхцөл нь ямар байгаагаас хамаарч шийдвэрээ гаргана. Гэхдээ хууль, журмууд нь байнга өөрчлөгдөөд байвал аль чиглэлд төслөө хэрхэн явуулахыг урьдчилан тооцоолоход бэрх байдал үүсдэг. Гэхдээ энэ нөхцөл байдалд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш олон зүйл сайжрах тал руугаа өөрчлөгдсөнийг хэлэх нь зүйтэй.
Ярилцсанд баярлалаа!