Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Эрдсийн хайгуул дэлхийд эрчимжих үед Монголд...




The Mongolian Mining Journal /2018.004/

Н.Ариунтуяа

Дэлхий даяар эрдсийн хайгуулд ихээхэн хөрөнгө зарж эхэлж байна. 2012 оноос тасралтгүй буурсан хайгуулын зардлын уналтыг 2017 онд хазаарлан тогтоож чадсан төдийгүй сүүлийн улиралд эрчимтэй өсөлт үзүүлжээ. Хайгуулын өсөлтийг 2018 онд тогтвортой хадгалагдаад зогсохгүй илүү   өсөх төлөвийг судалгааны байгууллагууд дэвшүүлж байна. Нэг ёсондоо дэлхий даяар хайгуулын ажил эрчимжиж байна. Уул уурхайн том жижиг компаниуд эрдсийн хайгуулд ихээхэн хэмжээний хөрөнгө зарж эхлэх нь.    

Геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт нь шинээр эрдсийн орд нээн илрүүлэх замаар олборлолтын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулдгаараа улс орны эдийн засагт эерэг хувь нэмэртэй байдаг. Тэгвэл Монгол улсын хувьд нөхцөл байдал ямархуу байхыг  өнгөрсөн жилүүдийн үзүүлэлт, нөхцөл байдалтай харьцуулж үзье.  

Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Монгол улсад ашигт малтмалын 3334 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүний 1697 нь хайгуул, үлдсэн 1637 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Эдгээр нь Монгол улсын нутаг дэвсгэрийн 6.6%  буюу 10.3 сая.гектар талбайг хамарч байна.  



 
Уншигч та хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо болон талбайн хэмжээ 2009 оноос хойш тасралтгүй буурсаар ирснийг графикаас харж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2010 онд хайгуулын лиценз шинээр олгоход хориг тавьж, залгуулаад хайгуулын лиценз олгохыг хориглосон хууль гарч, 2014 он дуустал үйлчилсэн юм. Энэ таван жил геологи хайгуулын салбарын хувьд зогсонги үе байлаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл явцыг 2015 оны нэгдүгээр сараас эхлүүлснээр 2015 онд тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ, 2016 онд тусгай зөвшөөрлийн тоо нэмэгдсэн хандлагыг анзаарсан байх. Гэхдээ буцаад буурч эхэлсэн нь хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох үйл явц зөвхөн 2015 онд үргэлжилсэнтэй холбоотой.



 Жич: 2017 оны хайгуулын жилийн тайлангийн зардал хянагдаж байгаа

Энэ бодлогын үр дүнд эмх замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цэгцэлж, газар нутгийн бараг 40 гаруй хувийг тусгай зөвшөөрлийн “эзэрхийллээс” чөлөөлсөн ач гавьяатай. Нөгөө талд нь тусгай зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээний бууралтыг дагаад геологи хайгуулын хөрөнгө оруулалт огцом буурсан нь сөрөг үр дагавар  юм. Мэдээж хайгуулын салбарын хөрөнгө оруулалт буурсныг дан ганц дотоод хүчин зүйлтэй холбох нь өрөөсгөл хэрэг. Дэлхий даяар эрдэс түүхий эдийн үнэ унасан гадаад хүчин зүйлсийн нөлөө ч хүчтэй байсан. Аз болж Монголын хайгуулын салбарын зогсонги үе дэлхийн эрдсийн захын бууралтын мөчлөгтэй давхцсан юм. Тэгээгүй бол энэ цонхтой 5 жилд ямар их боломжийг алдсан тухайгаа өнөөдөр шогшрон ярьж суух байсан биз.      

Манай улсын хувьд хайгуулын хөрөнгө оруулалтын түүхэн дээд үзүүлэлт 2012 онд тэмдэглэгдсэн байна. Монгол улсын геологи хайгуулын ажлын зардал 2010 оноос эхлэн жил дараалан өсч, 2010 онд 172.9 тэрбум, 2011 онд 300.1 тэрбум, 2012 онд 326.4 тэрбум төгрөг зарцуулсан ба энэхүү өсөлт 2013 оноос эхлэн бууралтыг зааж эхэлжээ. Хөрөнгө оруулалт буурахын хэрээр шинээр нээгдэх ордын тоо ч багассаар 2017 онд түүхэн доод цэгтээ хүрснийг доорх графикаас харна уу. 2018 оны хувьд энэ тоо буурна уу гэхээс нэмэгдэх нөхцөл яг одоо бол харагдахгүй байна.

 2012-2016 нөөц нь бүртгэгдсэн  ордын тоо
/2009-2017.12 байдлаар/
 


Хайгуулд хамгийн их хөрөнгө зарсан жилийн үр дүн дараа жилдээ гарч, 2013 онд 207 орд буюу хамгийн олон орд нээгдсэн жилээр тэмдэглэгджээ. 2012 оноос хойших сүүлийн 6 жилд Монгол улсад 900 гаруй ордыг нээж, улсын нөөцөд бүртгэж аваад байна.  

Түүхий эдийн ханшийн өсөлтийг дагаад дэлхий даяар эрдсийн хайгуул эрчимжиж, хөрөнгө оруулалтаа нэмж эхэлсэн 2017 оны дөрөвдүгээр улиралд Монгол улс эсрэгээр нь эрдсийн хайгуулаа хумих зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчлав. Өргөдлийн журмаар олгож ирсэн зохицуулалтыг цуцалсан бодлогын энэ том өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш 6 сар өнгөрч байна. Энэ хагас жилийн хугацаанд шинээр 4 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогджээ.

2017 онд дэлхийд геологи хайгуулын салбарт 8.4 тэрбум ам.доллар эргэлдсэн байна. Арваннайман онд энэ хэмжээг 20 хүртэл хувиар өснө хэмээн таамаглажээ. Үүнээс 5%-ийг нь Монгол руугаа татчих юмсан гэж геологи хайгуулынхан мөрөөддөг юм. Салбарт өсөлт ажиглагдаж байгаа нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхийг сэргээх үндсэн нөхцөл болж байна. Мэдээж хэрэг, хаана эрдсийн орд нээгдэх магадлал өндөр байна, хаана эрх зүй, татварын таатай орчин байна, тийшээ энэ хөрөнгө оруулалт урсана. 

Монгол улсад сонгон шалгаруулалтаар хөрөнгө оруулагчдын сонирхол татчих чанартай нөөц илрэх магадлалтай талбай бага гэдэг. Үүнийг өнгөрсөн жилийн сонгон шалгаруулалтын түүхээс харж болно. 2017 онд 90 гаруй талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулсан ч 29 талбайд лиценз шинээр олгогдсон. Энэ нь сонгон шалгаруулалтын талбай гологдож буй хэрэг бөгөөд улсын төсвийн мөнгөөр судлагдсан талбайнууд тийм ч сайн үр дүнтэй биш байна гэсэн үг.

Цаашлаад геологи хайгуулын салбартаа шинээр хөрөнгө оруулалт татах боломж бага, маш хумигдмал байна гэсэн санаа.

2018 онд Монгол улсын Засгийн газраас тогтоосон сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайн хэмжээ 8.6 сая гектар байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 5.5% юм. Хайгуулын энэхүү боломжит талбайн хэмжээ орон нутгийн төлөөллөөс санал авснаар яг таг баталгаажина. Өмнөх жилийн сонгон шалгаруулалтын түүх энд давтагдаж мэднэ. Салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ялгаж авсан сонгон шалгаруулалтын талбай ганц хоёр дээж авснаас өөр мэдээлэлгүй шахуу учраас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаггүй байна.

Хөрөнгө оруулалт татахын тулд улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгаа, зураглалын ажлын цар хүрээ, санхүүжилтийг нэмэгдүүлж, чанартай үр дүнгүүд гаргах ёстой. Хөрөнгө зарж байж геологийн мэдээллийг бий болгоно. Тэр мэдээлэл дээр хөрөнгө оруулагч орж ирнэ. Нээгдээгүй, судлагдаагүй газар оронд геологи хайгуулыг идэвхжүүлдэг босго намхан өргөдлийн механизмаа цуцалчихсан учраас хайгуулын салбартаа хөрөнгө оруулалт татахын тулд Монголын төр өөрөө хөрөнгө зарах ёстой болчихоод байгаа. Харамсалтай нь манайд тийм мөнгө алга байна. 

Гэхдээ өргөдлийн тогтолцоог хуульд өөрчлөлт оруулах замаар сэргээхээр хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд Хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа талаар салбарын яам мэдэгдсэн. Өргөдлийн тогтолцоог сэргээлээ ч энэ оны хувьд хайгуулын ажил идэвхждэг гол улирлыг алдах нь нэгэнт тодорхой юм.

Гэсэн ч боломж бололцоо хумигдсан гээд алмайрч суух нь утгагүй. Геологи хайгуулын салбарт эргэн ирж буй таатай үеийг харамслаар үдэхгүйн тулд хайгуулаа идэвхжүүлэх нь эхний зорилго. Хайгуулын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр бүхий л боломж бололцоогоо дайчлан чармайн ажиллах цаг юм.