Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

И.К. Азизов: Монголын нүүрсийг далайн боомт руу тээвэрлэхэд Оросын тал одоо ч бэлэн байна




The Mongolian Mining Journal /2018.004/

Монгол, Орос хоёр улсын эдийн засаг, худалдаа болоод уул уурхайн хамтын ажиллагааны асуудлаар ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.

ОРОС УЛС ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАХ ТОДОРХОЙ САНАЛ ТАВЬСАН

Та Монгол улсад Элчин сайдаар томилогдсоноос хойш 5 дахь жилдээ ажиллаж байна. Манай хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг хэрхэн тодорхойлох вэ?
Хоёр улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн түвшнийг тодорхойлох зарим тоо, статистик үзүүлэлт дурдахыг хүсч байна. 2015-2016 онд худалдааны эргэлт 1 тэрбум ам.доллараас бага байлаа. Гэвч хүндрэл бэрхшээлийг даван туулж чадсанаар 2017 онд худалдааны эргэлт 1.368 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 46.9%-иар өссөн үзүүлэлт юм. Экспортын тухайд Орос улсаас Монгол улс руу хийх экспорт 48.1%, Монгол улсаас Орос улс руу хийх экспорт 15%-иар нэмэгдсэн. Энэ оны эхний хоёр сарын байдлаар худалдааны эргэлт өндөр өсөлтийг хадгалж байна.

Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын XXI хуралдаанаар яригдсан асуудлууд ямар шийдэлд хүрээд байгаа вэ?
Хоёр улсын Засгийн газрын түвшний хуралдаанаар хамтын ажиллагааны зангилаа асуудлууд хөндөгдсөн. Тэр дундаа худалдааны эргэлтийн өндөр өсөлтийг дэмжиж, хадгалахын тулд зайлшгүй хийх шаардлагатай ажлуудыг хэлэлцсэн. Монголын тал Орос улс руу экспортоо нэмэгдүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн. Ингэхдээ Монгол улс, Евразийн эдийн засгийн холбооны /ЕЭЗХ/ хоорондын худалдааг либеральчлах талаар санал тавьсан юм. Энэ асуудлыг холбооны гишүүний хувьд Орос улс идэвхтэй судалж байна. Монгол улсыг ЕЭЗХ-той илүү нягт хамтран ажиллахыг Оросын тал дэмжиж тодорхой алхмууд хийж байгаа.

Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааны цөөнгүй асуудал яригдсан. Нэгдүгээрт, ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг худалдан авах зорилгоор ВТБ банкнаас Монгол улсад 2017 онд 10 сая ам.долларын зээл олгосон. Зээлийн нэмэлт техникийг энэ онд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Хөдөө аж ахуйн техникийг цаашид ч үргэлжлүүлэн нийлүүлнэ. Хоёрдугаарт, Орос улс Монголын мал сүргийг эрүүлжүүлэх ажилд хамтарч байгаа. Хуучны сайн түншийн хувиар төдийгүй зах зээлийн үр ашгийн талаасаа ч хамтарч ажиллана. Мал сүргийг эрүүлжүүлснээр Монгол улсын махны экспортыг дэлхийн зах зээлд гаргах, тэр дундаа Орос улс дахь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Орос улс 2017 онд Монгол улсад 4 сая гаруй тун вакцин нийлүүлсэн. Энэ жил нийлүүлэгдээгүй байгаа 1.6 сая тун вакциныг аль болох хугацаанаас өмнө буюу гуравдугаар сард авах хүсэлтээ Монголын тал тавьсан. Энд нэг хүндрэл бий. Вакциныг эхлээд бэлтгэнэ, дараа нь технологийн хувьд шаардлага хангаж буй эсэхийг турших хэрэгтэй. Саяхан гуравдагч түншээс  Монгол улсын худалдан авсан вакцин төдийлөн тохироогүй. Тиймээс Орос улсаас нийлүүлж байгаа вакцин Монголын нөхцөлд 100% тохирох ёстой.  Вакцин үйлдвэрлэж, туршихад хугацаа хэрэгтэй. Монголын талын хүссэн хугацаанд амжихааргүй байна.

Мөн хамтын ажиллагааны бас нэг чухал чиглэл бол үр тариа, тэжээлийн ургамлын үрийн нийлүүлэлт. Оросын мэргэ­жилтнүүдтэй хамтран Монголын цаг уурт тохирсон үрийг сон­гон үржүүлэх зорилгоор Сибирийн бүс нутгаас үрийн сор­тууд нийлүүлэх төлөвлөгөө бий. Үүний зэрэгцээ эрчим хүч, зам тээвэр, тэр дундаа УБТЗ-ын шинэчлэл болоод хил орчмын бүс нутаг хоорондын түншлэлийн салбар дахь хамтын ажил­лагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон. Ер нь хам­тын ажиллагааны бүх л хүрээний асуудлыг авч  хэлэлцсэн.


XXI хуралдаанаар Эгийн голын УЦС-ын асуудал хөндөгдсөн. Үүнд Оросын тал ямар байр суурьтай байгаа вэ?
Орос улсын хувьд өмнөх хурал­даанаар хоёр талын тохирол­цооны хүрээнд асуудалд хандаж байгаа.
XX хуралдаанаар хоёр улсын шинжээчдийн оролцоотой хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсэг Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрний ус хуримтлагдах газарт гидротехникийн байгууламж барих асуудлыг цогцоор судлах үүрэгтэй. Хоёр улсын ашиг сонирхлоос гадна ЮНЕСКО-гийн байгалийн өвийг хамгаалахтай холбоотой чухал асуудал учир бид дэлхий нийтийн өмнө хүлээж буй үүргээ ухамсарлах нь зүйтэй юм. Гурван талын эрдэмтэн судлаачид байгууламжийг экологид халтай гэсэн дүгнэлтэд хүрвэл Монголын тал хатуу байр сууринаас хандахгүй, эрчим хүчний эх үүсвэрийн өөр боломжийг судлахаа XXI хуралдааны үеэр мэдэгдсэн. Монголчуудад дотоодын эрчим хүч үйлдвэрлэх асар их нөөц бололцоо бий гэж харж байна.

Ямар нөөц боломжийг харж буйгаа тодруулж хэлж болох уу?
ДЦС, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гадна одоогоор Монголын нийгэмд төдийлөн танигдаагүй ч хэсэг хугацааны дараа чухал ач холбогдолтой болж мэдэх нөөц боломж бол цөмийн эрчим хүч. XXI хуралдааны үеэр Оросын төрийн өмчит “Росатом” корпораци, Монголын “Мон-Атом” компани хамтран Монгол улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ энд цөмийн эрчим хүчний байгууламж барих талаар огтхон ч яригдаагүйг анзаарна уу. Энэ төв нь цөмийн технологийг эмийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг салбарт  хэрхэн ашиглах, нэвтрүүлэх талаар судлах зорилготой. Монгол улсад цөмийн салбарын боловсон хүчний нөөц сайжирсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Орос улсын Дубна дахь Цөмийн судалгааны нэгдсэн төвд монголчууд өмнө нь  ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байгаа мэргэжилтнүүд бий. Маш өндөр түвшний тэдгээр мэргэжилтнүүд Монгол улсдаа мэдлэг чадвараа зориулах боломж, ажлын байр хомс байна. Гэхдээ цөмийн технологийн зарим чиглэлийг хөгжүүлснээр ийм шилдэг мэргэжилтнүүд эх орондоо хүчин зүтгэх боломжтой болно.

Санамж бичгийн хүрээнд өөр ямар тодорхой санал яригдсан бэ?
Оросын талаас Монголын талд тодорхой санал хүргүүлсэн. Хараахан хариулт аваагүй учир тэрхүү саналын агуулгыг дэлгэх нь зохисгүй юм.

Тэр санал уул уурхайн салбартай холбоотой юу?
Тийм ээ, Монголын уул уурхайн салбартай холбоотой. Одоогоор уул уурхайн салбарт хоёр улсын хамтын ажиллагаатай томоохон төсөл байхгүй байгаа. Гэхдээ монгол мэргэжилтнүүдийн ур чадвараар уул уурхайн салбарт цөмийн технологийг хөгжүүлэх тохиромжтой орон зай олдоно гэж бодож байна.   

Нэгэнтээ эрчим хүчний асуудлыг хөндсөнийх энэ чиглэлд хоёр улсын хамтран хэрэгжүүлэх шинэ зорилтуудын талаар тодруулахыг хүсч байна?
Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээний 5-7%-ийг Орос улсаас хангаж байгаа. Урт хугацаанд эрчим хүч тогтвортой нийлүүлэх хэрэгцээ Монгол улсад бий. Одоо Монгол улс жилд 1 ГВт эрчим хүч хэрэглэдэг. Цаашид хэрэглээгээ 2 ГВт хүргэх шаардлага тулгарч байгаа. Ялангуяа уул уурхайн томоохон үйлдвэрүүдийг байгуулахын тулд санхүүжилтийг зээлээр шийдвэрлэх тохиолдолд аль болох хямд эрчим хүч ашиглаж өртөг зардлыг бууруулах учиртай.

Өнөөдөр хоёр улсын аль алины хэрэглээний оргил үед Монгол улс Орос улсаас эрчим хүч худалдан авч байна. Өөрөөр хэлбэл, Монголын тал хамгийн өндөр үнээр эрчим хүч худалдан авч байгаа гэсэн үг. Тэгэхээр төслүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор эрчим хүчний нийлүүлэлтийг зах зээлийн эрэлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлж зах зээлийн, тэр дундаа Монгол улсад таатай үнээр эрчим хүч нийлүүлэх урт хугацааны гэрээг байгуулахад Оросын тал бэлэн байна.

Энэ салбар дахь талуудын хамтран ажиллах боломжтой ажлуудыг дурдъя. Юуны өмнө Улаанбаатарын төвийн эрчим хүчний III, IV ДЦС-уудыг шинэчлэлийн ажил байна. Энэ чиглэлд талууд идэвхтэй ажиллаж байгаа.

Мөн “Азийн эрчим хүчний супер сүлжээнд” элсэн орох зорилгоор хамтрах ажиллах саналыг үргэлжлүүлэн судлахыг Монгол улсад санал болгож байна. “Азийн эрчим хүчний супер сүлжээнд” Монгол улс ногоон эрчим хүч нийлүүлэх чухал үүрэгтэй орон байх боломжтой. Эрчим хүчний “гүүр” бий болгох Оросын “Россети” компанийн саналыг Монголын тал хүлээж авна гэдэгт найдаж байгаа. Энэхүү санал нь Монголын нутгаар дамжуулан Оросын эрчим хүчний илүүдэлтэй бүс нутгийг хооронд нь холбох төдийгүй Монгол улсад эрчим хүчний нэгдсэн систем бий болгох давуу талтай. Цагийн гурван бүстэй өргөн уудам газар нутагтай Монгол улсын хувьд эрчим хүчний нэгдсэн системтэй болсноор бүс нутгийн хооронд эрчим хүч шилжүүлэх, дамжуулах боломж бүрдэх юм. Эцэст нь Орос улсын эрчим хүчний системээр дамжин “Азийн эрчим хүчний супер сүлжээнд” холбогдсоноор Монгол улс зөвхөн Европ гэлтгүй Зүүн Азийн орнуудад ч эрчим хүч экспортлох нөхцөл бүрдэнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Хятад улсыг оролцуулах нь чухал юм.

XXI хуралдаанаар хөнгөлөлттэй зээлийн асуудал яригдсан. Орос улсаас Монгол улсад олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгох хэлцэл хүчин төгөлдөр хэвээр юу?
Багагүй хугацаанд яригдаж байгаа Орос улсаас олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг Монгол улс төмөр замын дэд бүтэц, Улаанбаатар хотын ДЦС-ын шинэчлэлд зориулна гэсэн тодорхой санал тавьсан. Монгол улс Орос улсын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр 100 тэрбум рублийн зээл авахыг хүссэн тул яг одоо хоёр улсын Сангийн яам энэ асуудлыг хамтран судалж байна.

Орос улсын зүгээс зээл олгоход тодорхой нөхцөл тавигдах уу?
Нөхцөл гэхээсээ илүүтэй хөнгөлөлттэй зээлийг талууд олгох, авахад Орос, Монгол улсын хууль эрх зүйн асуудлыг хооронд нь хэрхэн зохицуулах талаар Сангийн яамд судалж байгаа. Зээлийн хөрөнгийг зориулах төслүүдээс хамааран санхүүжилт олгох хэд хэдэн механизмыг ашиглах байх.

МОНГОЛЫН БАРУУН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ СОНИРХОЛ ОРОС, ХЯТАД АЛЬ АЛИНД НЬ БАЙГАА

Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг зориулах нэг төсөл бол УБТЗ-ын төмөр замын дэд бүтцийн шинэчлэл. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг хөгжүүлэх Оросын талын төлөвлөгөөг танилцуулна уу?
Орос-Монголын төрийн тэгш оролц­оотой хамтран байгуулсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаа бол яах аргагүй манай хоёр улсын хамтын ажиллагааны томоохон хэлбэр юм. 2017 онд УБТЗ-ын ачаа тээвэрлэлт дээд амжилт үзүүлсэн. Энэ оны хоёрдугаар сарын эхээр УБТЗ-ын Оросын талын 50%-ийг эзэмших итгэмжлэгдсэн удирдлага “Оросын төмөр зам” буюу РЖД-ийн Ерөнхийлөгч О.В.Белозеров, Нэгдүгээр орлогч дарга А.С.Мишарин нар Улаанбаатар хотноо ажиллаж, УБТЗ-ын үйл ажиллагааны талаар Монголын талтай цогц яриа хэлэлцээр хийлээ. Талууд УБТЗ-ыг шинэчлэх бодит ажлыг 2018 оноос эхлүүлэх шаардлагатай гэдэгт санал нийлсэн.

Учир нь УБТЗ-д шинэчлэл хийхгүй бол 2019 оноос тээвэрлэлтийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Миний мэдэж байгаагаар, Оросын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг хүлээлгүйгээр УБТЗ-ын удирдлагууд энэ хавраас төмөр замын шинэчлэлийн ажлыг арилжааны зээлээр эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой бүх шийдвэр дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан.

УБТЗ-ын дэд бүтэц цаашид ачааллаа дийлэхгүйд хүрэх бодит нөхцөл байдал одоо ч тодорхой харагдаж байгаа. Нэгдүгээрт, “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шинэ шугамыг барьснаар “Аспайр Майнинг” компани их хэмжээний нүүрс болон бусад ачаа барааг УБТЗ-ын дэд бүтцээр тээвэрлэн, Хятадын зах зээлд хүргэх талаар нухацтай судалж байна. Хоёрдугаарт, УБТЗ-аар хийх Хятад-Орос, Ази-Номхон далайн бүс нутаг-Европ хоорондох чингэлгийн транзит тээвэр нэмэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг сэргэж байна. Үүнийг даган Монгол улсын төмөр замын дотоодын тээвэрлэлт ч өсч байгаа. 2010 онд УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан төмөр замуудын талаар дахин сонстох боллоо. Энэхүү баримт бичиг дэх Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн өргөн цариг бүхий төмөр замыг барих асуудал ч дуулдаж байна. Тиймээс хоёр улсын төмөр замын мэргэжилтнүүд хамтран УБТЗ-ын дэд бүтцийг шинэчлэн засварлах, зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүн болон ачиж буулгах хүчин чадлыг нэмэгдүүлэх эхний ээлжийн ажлыг тодорхой төлөвлөн, дараа дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж, тохиролцох шаардлага тулгарч байна. Шинэчлэл хийснээр УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг богино хугацаанд  жилийн 34 сая тонн хүргэхээр тооцож байгаа.

Монголын төмөр зам Ази, Европ тив, тэр дундаа Орос-Хятад улсыг хол­бох хамгийн дөт зам байх нөхцөлийг Оросын тал хэрхэн үздэг вэ?
УБТЗ-ын дэд бүтэц нь Ази-Номхон далайн бүс нутаг, Ази Европ тивийг холбосон цорын ганц төмөр зам биш. Гэхдээ яах аргагүй Орос-Хятад улсыг холбосон хамгийн дөт зам мөн. Өөр бусад чиглэлтэй харьцуулахад 550-730 км-ээр дөт юм. Энэ нь маш бодитой давуу тал. Тиймээс цаг алдалгүй УБТЗ-ын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг эхлүүлбэл өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийг хангасан үр ашигтай, өрсөлдөхүйц зам байж чадна.

Таны яриандаа дурдсан “Эрдэнэт-Овоот” төмөр замтай холбогдох учиртай Оросын “Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замын төсөл ямар шатандаа хэрэгжиж байгаа бол?
Оросын Засгийн газраас бүх шийдвэр гарсан. “Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх тодорхой санхүүжилт ч шийдэгдсэн.  Монголын тал “Эрдэнэт-Овоот” чиглэ­лийн төмөр замыг Орос-Монголын хил Арцсуурийн боомтоор Оросын төмөр замтай холбож, Кызыл хүргэхээр тооцож байгаа.

Төслийг хэрэгжүүлэгч “Аспайр Майнинг” компани 2019 оны хавраас “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Оросын тал   төслийг анхааралтай ажиглаж байгаа. Тун сонирхолтой том төсөл. Манай хоёр улс төдийгүй Хятад улсад, түүнчлэн нүүрсний худалдан авагч бусад орны   сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

“Эрдэнэт-Овоот” нь “Кызыл-Кура­гино” чиглэлийн төмөр замтай холбогдсоноор Элегестийн нүүрсний ордод хүрч, ингэснээр Оросын нүүр­сийг Монгол улсын нутгаар дамжуулан Хятадын зах зээлд гаргах боломжтой гэсэн байр суурь байдаг. Оросын тал үүнийг юу гэж хардаг вэ? Орос улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын газар нут­гаар дамжуулан Хятадын зах зээлд нийлүүлэх хэрэгцээ, сонирхол бий юу?
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор эхний ээлжинд 10 сая тонн ачаалал УБТЗ-ын дэд бүтцийн хүчин чадал дээр нэмэгдэж ирнэ. Тиймээс Орос-Хятад улсыг холбох төмөр замын төв коридор болох УБТЗ-ын дэд бүтцийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Ирээдүйгээ ярих  нь чухал ч өнөөдөр тулгарч буй асуудлаа шийдвэрлэх нь илүү чухал. Мэдээж хэрэг “Эрдэнэт Овоот” төмөр замын төсөл амжилттай хэрэгжвэл эдийн засгийн ач холбогдлын үүднээс Монгол улсын баруун чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийх сонирхол Орос, Хятад аль аль талд байгаа.

Тавантолгой-Сайншанд-Чойбал­сан чиглэлийн төмөр замын хувьд Оросын талын одоогийн байр суурь ямар байна вэ?
Монголын тал дотооддоо ямар шийдвэр гарахаас хамаарна. Эрэлт ихтэй ч дан ганц улсын зах зээлд хүрэх Тавантолгой-Гашуунсухайт-Ганц­мод чиглэлийн нарийн царигтай төмөр зам,  Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн өргөн царигтай төмөр замын алиныг нь түрүүлж барих, эсвэл аль алийг нь зэрэг барих юм уу гэдэг тодорхойгүй байна. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэг зах зээл рүү хийгдэх үү, Зүүн Азийн бусад орны зах зээлд нийлүүлэгдэх үү гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байна шүү дээ. Тиймээс Монгол улс ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн өргөн царигтай төмөр зам баригдвал Оросын тал УБТЗ-ын хувь нийлүүлэгчийн хувьд төсөлд хамтран оролцоно.

Транссибирийн төмөр замын өнөөгийн хүчин чадал ямар байна вэ? Үүнийг асууж буйн учир нь Оросын хэвлэл мэдээллээр Транссибирийн төмөр зам дотоодын нүүрсээ тээвэрлэж хүчрэхгүй байна гэх мэдээлэл явдаг. Ийм тохиолдолд Монголын нүүрсийг Алс Дорнодын далайн боомтууд руу хүргэх транзит тээврийн боломж хэр бол?
2017 оны есдүгээр сарын 7-нд Владивосток дахь Дорнын эдийн засгийн чуулганаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар уулзалт хийсэн. Мөн үеэр Монгол улсын Төрийн тэргүүн Приморийн хязгаар дахь далайн боомтуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрбээр энэ үеэр Монголын нүүрсийг Оросын далайн боомтуудаар Ази-Номхон далайн орнуудын зах зээлд гаргах сонирхлоо илэрхийлсэн байдаг. “Восточный” боомтын удирдлагуудын зүгээс Монголын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломж, боомтын ачиж буулгах тодорхой хүчин чадал, тухайлбал жилд 5 сая тонныг тээвэрлэх хүчин чадлыг судалж үзэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Орос улсын дотоодын төмөр замын транзит тээвэр өсч байгаа. 2017 оны дүнгээр РЖД-ийн төмөр замын сүлжээгээр нийт 21.6 сая тонн транзит тээвэр хийгдсэн. Энэ нь өмнөх оныхоос 16%-иар өссөн үзүүлэлт юм. Транссибир, БАМ-ын төмөр зам болоод Алс Дорнодын далайн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх цогц шинэчлэлийн хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж байгаа. Үүний үр дүнд 2023 он гэхэд Алс Дорнодын боомтууд  руу чиглэсэн төмөр замын хүчин чадал 180 сая тонн болж нэмэгдэх ёстой.

Зам тээврийн дэд бүтцийн төслүүд төрийн санхүүжилтээс гадна хувийн компаниудын хөрөнгө оруулалтаар ч хэрэгжиж байна. Зөвхөн нэг жишээ дурдахад, СУЭК-ийн охин компани “Дальтрансуголь” нь Ази-Номхон далайн орнуудын зах зээл рүү хийх нүүрсний экспортыг хангах зорилтоор Мучка терминалын бүтээн байгуулалтыг 2014 онд эхлүүлж 2017 онд ашиглалтад оруулсан. Нүүрсний энэ терминал  Ванино боомтын ойролцоо оршдог. Мучка терминал жилдээ 30 сая тонн нүүрс экспортод гаргах хүчин чадалтай. Ганц Ванино боомт хүртэл төмөр замаар жилд 80 сая тонн хүртэл тээвэрлэх боломжтой. Хятадын талтай маш нягт хамтран ажиллаж буй “Приморье 1, 2” хөтөлбөрүүдийн хүрээнд төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх ажлууд хийгдэж байна.

Тэгэхээр Монголын нүүрсийг Алс Дорнодын боомтууд хүргэх тээвэрлэлтэд санаа зовних нь илүүц байх. Монголын тал эхлээд экспортод тээвэрлэх нүүрсний хэмжээгээ Оросын талтай тохиролцох, дараагаар нь УБТЗ-тай нийцүүлэх чиглэлээ тодорхой болгох хэрэгтэй юм.

Өнөөдөр ч Монголын нүүрсийг хэрэгцээтэй хэмжээгээр нь транзитаар далайн боомтууд руу тээвэрлэхэд Оросын тал бэлэн байна. Барагцаалбал, өдөрт 10-11 мянган тонн нүүрс Оросын төмөр замаар нэвтрүүлэх боломжтой.

Монголын нүүрс, бараа бүтээг­дэхүүнийг Алс Дорнодын боомтууд руу транзит тээвэр хийх тохиолдолд Оросын талаас төмөр замын транзит тээврийн ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтой вэ?
Төмөр замын транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлийн талаар Орос, Монгол улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн баримт бичгийн төсөл боловсруулагдсан. Оросын талаас төрөөс хамаарах шаардлагатай бүх ажил хийгдэж, баримт бичгийг үзэглэх бүрэн эрх олгогдсон. Миний ойлгож буйгаар, Монголын талаас ч баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн болсон. Тун ойрын хугацаанд талууд баримт бичгийг батлах болов уу. УБТЗ-ын хувь нийлүүлэгчийн хувьд РЖД-ийн зүгээс үнийн тодорхой хөнгөлөлт үзүүлэх саналаа Монголын талд хүргүүлсэн. Тиймээс төмөр замын транзит тээврийн хөнгөлөлттэй үнийн талаарх мэдээлэл, ойлголт Монголын талд бий гэсэн үг. Би  энэ мэдээллийг авсан. Одоогоор компанийн үйл ажиллагааны нууцлалтай байгаа учир уншигчдад нээлттэй хэлэх боломжгүй байна. Тун ашигтай хөнгөлөлттэй үнэ гэдгийг л хэлж чадах байна. Энэ хөнгөлөлттэй үнээр Монголын нүүрсний компаниуд бүтээгдэхүүнээ уурхайгаас шууд, эсвэл УБТЗ-ын өртөөнөөс тээвэрлэн Оросын далайн боомтуудаар экспортлох юм бол эдийн засгийн үр ашиг мэдэгдэхүйц байх болно гэж би бодож байна.

Орос-Хятад-Монгол улс “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбө­рийг баталсан. Тус хөтөлбөрт багтсан 32  төслийн нэг “Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн” чиглэл буюу төмөр замын төв коридорыг хөгжүүлэхэд Оросын та­лаас хэр ач холбогдол өгч байгаа вэ?
Төмөр замын тус чиглэлийн ач холбогдлыг ярихаас өмнө УБТЗ-ын дэд бүтцийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг ярих  ёстой. УБТЗ-ын дэд бүтцийг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд транзит тээврийн хэмжээ, дотоодын тээвэрлэлтийн өсөлт, “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжсэнээр нэмэгдэх ачаалал зэргийг тооцох хэрэгтэй. Түүнчлэн, Тавантолгойн нүүрс болон Өмнөговийн бүсээс уул уурхайн бүтээгдэхүүнийг өргөн, нарийн ямар царигтай төмөр замаар тээвэрлэж, тэргүүн ээлжинд ямар орны зах зээлд нийлүүлэхээ Монголын тал тодорхой болгохоос хамаарч төмөр замын төв коридорын ач холбогдол яригдана.    

“Эдийн засгийн коридор” байгуу­лах хөтөлбөрийн хүрээн дэх төслүү­дийн хэрэгжилтийг хангаж ажиллах Хөрөнгө оруулалтын судалгааны төвийг байгуулахад ямар асуудлууд хүлээгдэж байна вэ?

Хөтөлбөрийн анхны төслийг хэрэг­жүүлэх хүртэл түр хугацаанд Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн үйл ажиллагааг гурван улсын нийслэл дэх Нарийн бичгийн дарга нар гүйцэтгэхээр талууд зөвшилцөлд хүрсэн байдаг. Эхний төслийг хэрэгжүүлж эхэлсний дараагаар Хөрөнгө оруулалтын судалгааны төвийг бүрэн утгаар нь байгуулахад шаардлагатай мэргэжилтнүүдийн томилгоо, үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудал яригдана. Энэ асуудлаар ирэх зургаадугаар сард БНХАУ-ын Циндао хотноо зохион байгуулагдах ШХАБ-ын Дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр гурван улсын Төрийн тэргүүн эргэн хэлэлцэнэ гэж найдаж байна.

Төмөр замтай холбоотой сүүлийн асуултын тухайд Монгол улсын байгуулахаар төлөвлөж буй Ханги-Мандал чиглэлийн төмөр замын төсөлд Оросын тал оролцох сонирхолтой гэсэн албан бус мэдээлэл байдаг?

Төмөр замын энэ төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Монголын Засгийн газрын бодлого тодорхойгүй байна. Мэдэж байгаа ганц зүйл гэвэл одоо ашиглагдаж байгаа Сайншандаас Зүүнбаян хүртэл өргөн цариг бүхий төмөр зам бий. Энэ нь УБТЗ-ын дэд бүтцэд хамаарах шугам. 2010 оны Монгол улсын төмөр замын тээвэрт баримтлах төрийн бодлогын дагуу Зүүнбаянгаас цаашаа Ханги-Мандал руу явах төмөр зам өргөн царигаар баригдах ёстой. Энэ тохиолдолд УБТЗ-ын хувь нийлүүлэгчийн хувьд Оросын тал оролцоход  нээлттэй.

Монгол орны нутаг дэвсгэрт 1950-1990 оны хооронд гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын тайлан, материалуудын эхний хэсгийг Оросын тал Монголд шилжүүлэн өглөө. Тайланг хэдийгээр бүрэн шилжүүлж дуусах вэ?
Оросын мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн Монголын нутаг дэвсгэр дэх геологийн судалгааны ажлын тайланг Монгол улсад хүлээлгэж өгөх тухай ОХУ-ын Геологийн сан, АМГТГ-ын хооронд санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд эхний шатны ажил амжилттай хэрэгжлээ. Дараагийн шатны шилжүүлэх ажлын явцыг мэргэжилтнүүд тодорхойлно.

Уул уурхайн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ямар боломжийг Та харж байна вэ?
Аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаанд цоо шинэ алхам хийх нь Орос улсын хувьд маш чухал байна. Уул уурхайн чиглэлд, харамсалтай нь бидний хамтын ажиллагааны маш өргөн туршлага өнгөрсөн үеийнх бол­чи­хоод байна. Энэ нь “Эрдэнэт”, “Монгол­росцветмет” хамтарсан үйлдвэрүүд юм. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн түвшин мэдэгдэхүйц дээшилсэн гэж үзэж байна. Тиймээс бидэнд аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах боломж харагдаж байна. Эхний ээлжинд машин үйлдвэрлэлийн чиглэлд хялбар шийдэлтэй угсралтын үйлдвэр бариад, дараагаар нь илүү хүнд төслүүд хэрэгжүүлж болно. Энэ чиглэлд маш сонирхолтой төслийг Оросын талаас санал болгож байгаа. Энэ нь монголчуудын сайн мэдэх “ногоон царцаа” буюу АН-2 онгоц үйлдвэрлэх төсөл юм. Монгол улсын Засгийн газрын боломжит дэмжлэгтэйгээр МИАТ-ын Засвар, үйлчилгээний төвийн газрын хүчин чадалд тулгуурлан Монголын зах зээлд нийлүүлэх зорилтоор АН-2 онгоцны угсралтын цех байгуулах сонирхолтой байна. Асар уудам газар нутагтай Монгол улсын хувьд энэ нь нэн хэрэгцээтэй онгоц юм. Энэ онгоц аэродромын  дэд бүтэц төдийлөн шаардагдахгүй, ямар ч төрлийн зурваст буух, хөөрөх чадвартай. Орон нутагт онцгой тохиолдлын буюу яаралтай авран туслах, эмнэлгийн түргэн тусламж, гал түймэр унтраах үйлчилгээг хүргэх давуу талтай. Цаашлаад онгоцыг үйлдвэрлэн экспортлох боломжтой. Өнөөдөр ч эрэлт хэрэгцээ өндөр байгаа Оросын төдийгүй Ази-Номхон далайн орнуудын зах зээлд ч нийлүүлж болох юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙД ШИЙДВЭРЭЭ ӨӨРЧЛӨХ ЯМАР Ч ШАЛТГААН АЛГА

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой зарим нэг асуудлыг тодруулахыг зөвшөөрнө үү. “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49%-ийг Монголын талд худалдах болсон гол шалтгаан чухам юу байсан юм бэ?
Бололгүй яахав. Юуны өмнө Оросын талаас “Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн хариуцлагад хэзээ ч эргэлзэж байгаагүйг энд тодотгон хэлэхийг хүсч байна.

“Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах үед ойролцоогоор 25 жилийн дараа Монголын тал хувьцааны дийлэнх багцыг эзэмших талаар ЗХУ, Монгол улсын Засгийн газар нэгдсэн ойлголцолд хүрсэн гэж тухайн үед ажиллаж байсан хүмүүс ярьсан байдаг. Энэ нь ч цаг тухайдаа биелсэн. Хоёр үе шаттайгаар 1991, 2003 онд талууд холбогдох баримт бичгийг үзэглэсэн. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдийн Оросын талын хувь эзэмшлийг Монголын талд шилжүүлэх асуудал Зөвлөлтийн үед тодорхой хэмжээнд төлөвлөгдсөн байсан.

2009 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувьцаа төрийн өмчит “Ростех” корпорацийн мэдэлд шилжсэн. Корпорацийн шинэ удирдлагын бодлогоор юуны түрүүнд санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэхээр тооцоолж байлаа. Харамсалтай нь 7 жилийн хугацаанд “Ростех” корпорацийн тооцоолж байсан санхүүгийн үр ашигт хүрч чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай холбогдсон үйл явдал Монголд нэлээд өрнөж байх шиг байна. Миний хэлж чадах зүйл гэвэл, “Эрдэнэт” үйлдвэрт хамтарсан хувь эзэмшиж байхад ч удирдлагуудтай холбоотой ийм асуудлууд мөн л Оросын талд огт төсөөлөөгүй, гэнэтийн зүйл байдаг байсан.

Тухайн үеийн Монголын талын удирдлага зарим үйл хэргийг Оросын хувь эзэмшигчтэй огт зөвшилцөж байгаагүй. Энэ бүгд Оросын талыг “Эрдэнэт” үйлдвэр дэх хувь эзэмшлээ үргэлжлүүлэх эсэхээ эргэцүүлэхэд хүргэж, 2016 онд хувьцаагаа худалдах шийдвэр гарсан юм.

Нөгөөтэйгүүр, Монголын аж үйлдвэрийн чадавхийг ч бид зүй ёсоор үнэлж үзсэн. Орос улсын оролцоогүйгээр үндэснийхээ мэргэжилтнүүдийн мэдлэг чадвараар “Эрдэнэт” үйлдвэрийг цаашид бүрэн авч явж чадна гэж бид үзсэн. Одоо “Эрдэнэт” үйлдвэрт Оросын 100 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Монгол мэргэжилтнүүд хараахан орлож чадахгүй албанд ажиллаж байгаа ч үндэсний мэргэжилтнүүд тун удахгүй орлоно гэж итгэж байгаа. Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ой тохиож байгаа. Өнгөрсөн он жилүүдэд үйлдвэрийн шинэчлэл байнга хийгдсээр ирсэн. Тиймээс үйлдвэр эдийн засгийн хувьд үр ашигтай үргэлжлэн ажиллана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Монгол улс “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-тай холбоотой дотоодын маргаанаа шийдвэрлэж чадахгүй бол Оросын тал хувиа эргүүлээд авна гэж үздэг байр суурь бий. Энэ тал дээр Орос талын албан ёсны байр суурь тун чухал юм?
Оросын тал шийдвэрээ гаргасан. Шийдвэрээ өөрчилж, хувь эзэмшлээ эргүүлэн буцааж авах ямар ч шалтаг, шалтгаан алга гэж үзэж байна.

“Монголросцветмет” компанийн эзэмшлийн уул уурхайн төслүүдийн эдийн засгийн үр ашиг яагаад Оросын талын сонирхлыг татсангүй вэ?
“Монголросцветмет” үйлдвэр дэлхийн зах зээлд эрэлт ихтэй бүтээгдэхүүн нийлүүлдэг. Хайлуур жонш бол хими, төмөрлөгийн үйлдвэрлэлийн нэн чухал түүхий эд.

Энэ үйлдвэр уул уурхайн цөөнгүй төслүүдтэй. Эдийн засгийн өндөр үр ашигтай төслийн нэг бол Баян-Өлгий аймаг дахь мөнгөний баялаг нөөцтэй Асгатын орд юм. Тус ордын нэг онцлог нь газар зүйн хувьд Орос, Монголын хилээр хуваагдсан байршилтай. Хүний хөл барагтайд хүрэхээргүй байгалийн тогтоцтой газарт оршдог учир ордыг ашиглахад асар хүндрэлтэй.

2006 оны арванхоёрдугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Москвад айлчлах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины оролцоотой маш чухал баримт бичигт гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийн хүрээнд хоёр улс “Асгат Полиметал” хамтарсан компани байгуулахаар тохиролцсон юм. Гэвч 2007 оны нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлаас Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтыг баталж, Асгатын ордыг жагсаалтад нөхөж оруулсан гэнэтийн шийдвэр гаргасан. Жагсаалтын 15-д Асгатын орд дугаарлагдсан санагдаж байна. Монгол улсын хуулийн дагуу стратегийн тодотголтой ордыг онцгой дүрэм журмаар ашиглах ёстой. Оросын талын ойлгож буйгаар, хувийн хөрөнгө оруулалтаар ордын хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бол төслийн 34%-ийг Монголын төр, 66%-ийг компани эзэмшинэ. Хэрэв төрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн бол төслийн 51%-ийг Монголын төр өөрийн мэдэлд авна. Энэ хууль дүрмийн дагуу Асгатын ордыг ашиглахад Оросын тал бэлэн байсан. Харамсалтай нь хоёр улсын хамтарсан компанийг  бодитоор байгуулж чадаагүй. Гэхдээ Асгатын ордыг ашиглалтад оруулах талаар бодит   бололцоотой бүхий л саналыг холбогдох нөхцөл хангагдвал авч үзэж судлахад Оросын тал бэлэн байгаа.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ИМПОРТЫН ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭЭС ӨНДӨР БАЙХ ВИЙ ГЭЖ ЭМЭЭЖ БАЙНА

Газрын тосны салбарт хоёр улсын хамтын ажиллагаа хэр ахицтай байна вэ?
Та бүхний мэдэж буйгаар, Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээнийхээ 90%-ийг Орос улсаас импортолж байгаа. Оросын талын гол нийлүүлэгч төрийн өмчит  “Роснефть” компани 73-76%-ийг хангаж байна. “Роснефть” компани 2015 онд тухайн үеийн Монголын Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр өнөөг хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Уг гэрээнд Сингапурын түүхий эдийн бирж дээрх газрын тосны ханштай уялдуулан, урт хугацаанд тогтвортой, басхүү найдвартай нийлүүлэхээр заасан. Оросын “Роснефть” компанийн хувьд Монгол улсын хилээс холгүй газрын тосны хоёр том үйлдвэртэй. Энэ нь Ангарский болон Ачинскийн үйлдвэрүүд юм. Бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд нийлүүлэх тээвэр ложистик бүрэн хангагдсан.

Монгол улсын Засгийн газраас дотооддоо Газрын тосны үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ асуудлаар Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч орон Оросын талын байр суурийг сонирхож болох уу?
Миний хувьд “Роснефть” компанийн нэрийн өмнөөс хариулах боломжгүй юм. Орос улсын албан ёсны байр суурийн тухайд, энэ үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг сайтар тооцоолох хэрэгтэй гэж үзэж байна. Монголын хэвлэлээс авч байгаа мэдээллээр, 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тус үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ нь импортын газрын тосны бүтээгдэхүүний үнээс өндөр байх вий гэж эмээж байна. Энэ тохиолдолд Монгол улс дотоодын зах зээлээ гадаадын нийлүүлэгчдээс хаах аргагүйд хүрнэ. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын үүрэг хариуцлагын хувьд ч тэр Монголын тал ийм нөхцөл байдалд хүрэхгүй байгаасай гэж хүсч байна. Энэ утгаараа Монгол нөхөд маань Газрын тосны үйлдвэр байгуулах төслийг урьдчилан нарийн судалж, бүх нөхцөл байдлыг олон талаас нь сайтар тооцох хэрэгтэй юм. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уг төслийг эхлүүлэх гэж буй мэдээлэл бидэнд бий. Тус улсын мэргэжилтнүүд  төслийг эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзсэн. Төслийн тооцоо, судалгааны үе шатанд Оросын мэргэжилтнүүд туслахад бэлэн. Мэдээж, Монголын тал шаардлагатай гэж үзвэл шүү дээ.

Цаашид хоёр улс хамтын ажиллагаа өргөжин хөгжих боломжтой салбаруудыг Та нэрлэнэ үү?
Ирээдүйд хамтын ажиллагаа өргөжүүлэхээр анхаарч буй салбаруудыг ач холбогдлынх нь дарааллаар нэрлэвэл юуны түрүүнд эрчим хүч, төмөр зам, хөдөө аж ахуй гэж тодорхойлж болох юм. Хоёр улсын хүнсний худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж ч өргөн байна. Орос улсаас сүү, гурил Монголын зах зээлд нийлүүлэхэд квотын асуудал яригдах хэрэгтэй байна л даа. Энэ жил Монгол нөхөд маань бидэнд гурилын нийлүүлэлтэд ямар ч квот олгоогүй байгаа. Миний ойлгож буйгаар, гурилын үйлдвэрлэлийн дотоодын технологийг өндөр түвшинд хүрсэн гэж Монголын тал үзэж байх шиг байна. Тиймээс сайн гурилан бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ бүрэн хангаж байгаа болов уу.

Гэхдээ миний өөрийн туршлагаас хэлэхэд, сүүлийн үед Улаанбаатар хотод худалдагдаж байгаа талхны чанар муудсан. Монгол гурилыг оросынхоор бүрэн солихдоо бус харин технологийн хувьд хооронд нь хольсон зуурмагаар илүү сайн чанарын талх үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Сүүний нийлүүлэлтийн тухайд 2 дахь жилдээ дараалан Монголын зах зээл бидэнд хаалттай байна.

Цаг гарган ярилцсан Танд баярла­лаа.