Монгол улсын худалдааны эргэлт оны эхний таван сарын байдлаар 5.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ дунд экспорт 2.9 тэрбум ам.доллар, импорт 2.2 тэрбум ам.долларыг эзэлж байна. Тодруулбал нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 26.5%, экспорт 15.1%, импорт 45.5%-иар тус тус өссөн дүнтэй гарч байна. Худалдааны ашиг 706.4 сая ам.долларт хүрсэн ч өмнөх оны мөн үеийнхээс 29.9%-иар буурсан байна.
Экспорт эхний таван сард өмнөх оны мөн үеийнхээс ийнхүү өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 371.9 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 15 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
Оны эхний таван сарын байдлаар эрдсийн экспорт 2.88 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15.1%-иар давсан дүнтэй гарлаа.
Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 14.3 сая тоннд хүрсэн бөгөөд орлогын дүнгээр 1 тэрбум 110 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 5.1%-иар буурсан ч орлогын дүн 9.8%-иар өссөн байна. Харин сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард дангаараа 3 сая 979 орчим мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх дөрөвдүгээр сарынхаас 413 мянган тонн буюу 11.6%-иар өссөн байна. Өнгөрсөн оны зургадугаар сард сарын дүнгээр нүүрсний экспортын дээд амжилт (4059.7 мян.тн) тогтоогдсон байдаг. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сарын экспорт энэ дээд үзүүлэлтэд тун дөхөж очсоноороо хоёр дахь дээд амжилт боллоо.
Зэсийн баяжмалын хувьд мөн хугацаанд 601 мянган тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж, орлогын дүнгээр 823.3 сая ам.долларт хүрлээ. Энэ нь орлогын хувьд 30.2%-иар дээшилсэн бол жингийн хувьд адил түвшинд хадгалагдав. Боловсруулсан цэвэр зэсийн хувьд эхний таван сарын байдлаар 5.8 мянган тонныг гадагш нийлүүлж, 39 сая орчим ам.доллар олсон нь жингээр 17.1%-иар буурсан ч орлого ижил түвшинд байна.
Боловсруулаагүй газрын тосны экспорт оны эхний таван сарын байдлаар 2.77 сая баррель буюу 177 сая ам.доллартай тэнцсэн нь жингийн хувьд 10.5%-иар буурсан ч орлогын хувьд 15%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа.
Боловсруулаагүй алтны экспортын хувьд 3.4 тонныг гадагш нийлүүлж 144.5 орчим сая ам.доллар олсон нь жингийн хувьд 3%-иар буурсан ч орлогын хувьд 1.9%-иар дээшилсэн дүнтэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Тэгвэл Монголбанкны мэдээлж буйгаар төв банкны алт худалдан авалтын дүн эхний таван сарын байдлаар 4.95 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5%-иар өсөөд байгаа юм.
Төмрийн хүдрийн тухайд 2.77 сая орчим тонныг гадагш нийлүүлж 131.2 сая ам.доллар олсон нь жингийн хувьд 24.3%-иар өссөн ч орлогын хувьд 5.7%-иар доошилсон дүн үзүүллээ.
Цайрын хүдэр, баяжмалын экспортын тухайд мөн хугацаанд 52.3 мянган тоннд хүрч, орлогын дүн нь 92.8 орчим сая ам.доллар болсон нь биет жингээр 8.8%-иар дээшилж, үнийн дүн 28.3%-иар өссөн болохыг илтгэв.
Жоншны баяжмалын хувьд мөн хугацаанд 153.4 мянган тонн хүдэр, баяжмалыг 50.6 сая ам.доллараар экспортолсон нь жингийн хувьд 37.4%, орлогын дүнгээр даруй 92.5%-иар тус тус дээшилснийг харууллаа.
Хар тугалгын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 7.7 мянган тоннд хүрч, 19.9 сая ам.долларт хүрсэн нь жингээр 23.8%, орлого 22.5%-иар өссөн дүнтэй гарлаа.
Молибденийн баяжмалын экспорт эхний таван сарын байдлаар 2.3 мянган тонн буюу 18.3 сая ам.долларт хүрсэн нь жингээр 8.5%-иар буурсан ч орлого 33.2%-иар өссөн болохыг харууллаа.
Гянтболдын хүдрийн экспортын тухайд эхний таван сарын байдлаар 127.9 тонныг экспортолж, 1.65 сая ам.доллар олсон нь жингээр 5.1%, орлого 33.8%-иар тус тус өссөн үзүүлэлттэй гарав.
Б.Төгс