MMJ-10
Хөрөнгө оруулагчдад жавар мэдрүүлсэн 2012 он
2018-06-15
Г.Идэрхангай
Mongolian Mining Journal-ийн эхний дугаар хэвлэгдсэн 2008 онд монголчуудын олонхид сэтгүүлийн маань нэр дасал болоогүй тул нэрийг дахин ахин лавлан асуудаг байж билээ. Харин эдүгээ дотоодын төдийгүй олон улсын уул уурхайн мэдээллийн орон зайд байр сууриа баттай эзэлсэн, салбарынхны амтархан уншдаг сэтгүүл болсондоо баяртай байна. 2008 оноос өнөөг хүртэлх хугацаанд Монголын болон дэлхийн уул уурхайн салбарт ямар үйл явдлууд өрнөж, үүх түүхээ хэрхэн бичиглэн үлдээснийг уншигч Та MMJ-ийн дугаар бүрээс уншиж болно. Өмнөх дугаартаа 2011 оны нэгэн жилийн өнгө төрхийг хачир чимэггүйгээр тоймлон хүргэсэн бол энэ удаад 2012 оны гол үйл явдлуудаас тоймлон хүргэхийг хичээлээ. Уул уурхайн салбарынхны дунд хэдийнэ танил болсон “Miner” булангийн араас “Уурхайн тэмдэглэл”, “Компанийн сонин” гэсэн олон шинэ сонирхолтой булангууд нэмэгдэж, уншигчдынхаа оюуны цар хүрээг тэтгэсэн мэдээллүүдийг MMJ баг бэлтгэж байсныг эргэн харахад таатай.
Улстөрийн сонгуулийн донсолгоонд дэнжигнэсэн уул уурхайн салбар
Хэдийгээр Монголын уул уурхайн салбар 2011 онд өнгөтэй сайхнаар жавхалзан байсан ч энэ хэмнэлээр төдий л удаан явж чадаагүй юм. Австралийн Квийнсланд мужид тохиосон үерийн гамшгийн улмаас коксжих нүүрсний үнэ хаданд гарч, нэг тонн нь 300 ам.долларт хүрч байсан тэрхүү тааламжтай үеийг “Энержи Ресурс” тэргүүтэй үндэсний компаниуд самбаачлан ашиглахыг бүхий л боломж нөөцөө дайчлан хичээж байлаа. Харин бодлого тодорхойлогчид 2012 оноос удаа дараалан будилсан шийдвэрүүд гаргасаар уул уурхайн салбараа доош татсан нэгэн оны зураглал бууж байх юм.
Тухайн үед Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэртэй “хязгаарлах” хуулийг санаачлагчид өнөөдөр “Монголд хөрөнгө оруулалт шиг хэрэгтэй зүйл үгүй” хэмээн ам хуурайгүй сурталчилж явааг харах нэн хоржоонтой.
Монголчууд олон улсын зах зээл дээр хөрөнгө босгохоор зориглон мордсон, араас нь хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль батлагдсан, залгаад дуулиан шуугиантай парламентын сонгууль өрнөж, шинэ Засаг байгуулагдсан, Оюутолгой компани эхний хүдрээ гаргаж авах гэж хоног тоолон хүлээсэн гээд 2012 он уул уурхайн салбарт ихээхэн донсолгоонтой өрнөжээ. Эцсийн дүндээ Монгол улсад Оюутолгойг эс тооцвол бусад салбарт хөрөнгө оруулалт хумигдан, “Алтан загасны үлгэр”-т гардагчлан тэвшээ тэврээд үлддэг эмгэнийг санагдуулам нөхцөл байдалд оров. Олзуурхууштай нь “Эрдэнэс Тавантолгой” компани IPO хийхийг зорьсон их дуулиан дундуур Монголын хөрөнгийн биржид харин сэргэн мандах зурвас азтай үе тохиож, үндэсний компаниуд гадаадын гэхээсээ дотоодын хөрөнгийн биржид эхэлж хувьцаа гаргах оролдлогууд хийж эхэлжээ.
Үндэсний компаниуд Лондонгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхэд эрх зүйн хувьд хаалтгүй болсон нь хөрөнгийн зах зээлийн 2012 оны онцлог үйл явдал юм. Учир юу гэвэл Монголд уул уурхайн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60-аад компани олон улсын бирж дээр хувьцаагаа гаргасан байдаг ч тэд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, хувьцаагаа эх орондоо борлуулах үүд хаалгыг нээж өгөхийг чухалчилсан. Олон жилийн турш нам гүмхэн явж ирсэн Монголын хөрөнгийн биржид урьд байгаагүйгээр техник, технологийн шинэчлэл хийгдэж, бүр Лондон тэргүүтэй 20 гаруй улсад ашигладаг “Millinuim IT” системийг суурилуулсан нь шинэ үзэгдэл болж байлаа. Үүнтэй зэрэгцэн маш олон үндэсний компани олон улсын хөрөнгийн биржид IPО хийх зорилт тавин давлагаалав. Энэ талын PR мэдээллүүд ч хүчтэй явжээ.
Харин оны дундаас байдал арай өөрөөр эргэж эхэлсэн ба Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаа мэдэгдэв. Уул уурхайн салбар дахь зохицуулалтгүй асар олон асуудлыг зохицуулах гэж оролдсон энэхүү хуулийн төсөлд стратегийн орд гэсэн ойлголт үгүй болж, Орд ашиглах гэрээний шинэ зарчмыг суулгаж өгсөн, олон улсын уул уурхайн шинэ хандлагыг Монголд бий болгоно хэмээн төсөл боловсруулагчид тайлбарлаж байсан ч олон нийтийн хэлэлцүүлэгт ороход салбарынхан тийм ч таатай хүлээж авсангүй.
Мөн энэ онд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Уул уурхайн сайдаар томилогдоод удаагүй байхдаа Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна, чадахгүй бол би огцорно гэх зэргээр хаврын салхи шиг гэнэтийн мэдэгдлүүд хийж эхэлсэн юм. Түүнтэй байр суурь нэгтэй УИХ-ын нэр бүхий 23 гишүүн Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцүүлэх ёстой хэмээн шаардаж, Шинэчлэлийн Засгийн тэргүүн Н.Алтанхуягт өргөх бичгээ хүргүүлж байсан нь MMJ-ийн хуудаснаа тодхон үлджээ. Оюутолгой төсөл дэх Монголын талын оролцоог нэмэгдүүлж 51%-д хүргэх, усны менежментийг илүү боловсронгуй болгох зэрэг заалт тэрхүү шаардлагад туссан байв.
Харин “Оюутолгой” компани намрын халуун өдрүүдэд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий Баяжуулах үйлдвэрээс эхний хүдрээ гаргаж авахаар сэтгэл догдлон хүлээх зуураа Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээгээ танилцуулсан ч Хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон элдэв дуулиан шуугиан дунд дарагдан олны анхаарлаас хол үлджээ.
Ийм эгзэгтэй цаг үед “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей MMJ-ийн асуултад ингэж хариулсан байх юм.
Оюутолгойн үйлдвэрлэлийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад нэмэлт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байна вэ?
Манай үйлдвэр ирэх сард /2012 оны аравдугаар сар/ ашиглалтад орно. Эхний ээлжинд үйлдвэрлэл бага түвшинд явагдана. Харин эхний улирлын эцсээр үйлдвэрлэлийн 4 дэх шатанд хүрнэ. Манай бүтээгдэхүүн 12 дугаар сар юм уу, ирэх оны нэгдүгээр сараас экспортод гарч, эхний орлогууд орж ирэх төлөвтэй байна. Энэ бол их сайн мэдээ.
Оюутолгойн 51%-ийг төр эзэмших талаар яригдаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
Оны сүүлээр эхний үе шатны ажил дуусна. Бид үүнийгээ нэгдүгээр үе гэж нэрлэж байна. Энэ нь ерөнхийдөө ил уурхайн орой юм. Бид анхныхаа зэсийг гаргахын тулд 6 орчим тэрбум ам.доллар зарцуулсан. Энд онцолж хэлэх зүйл бол Засгийн газрын 34% нь зөвхөн татварын өмнөх 34%-ийн орлого авна гэсэн үг биш. Одоогоор бидний босгосон уурхай, бидний хийсэн томоохон хөрөнгө оруулалт нийт далайцаараа Монголын эдийн засагт их эерэг нөлөө үзүүлнэ. (2012.№009 (047)
Хэдий ингэж ярьж байсан ч Монголд барьж байгуулсан хамгийн том Баяжуулах үйлдвэрийн нээлт таван сар хүлээгдсэний эцэст буюу 2013 оны хоёрдугаар сарын 1-нд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэн, мөн оны долдугаар сарын 9-нд экспортод гаргаж эхэлсэн билээ.
MMJ сэтгүүл ийнхүү уншигчдадаа салбарын онцлох үйл явдлуудыг цаг алдалгүй, тэнцвэртэй мэдээлэхийн сацуу орчин үеийн уул уурхайн салбарын шинэлэг хандлага, эрдсийн шинэ эрэл хайгуултай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг хүргэсээр байлаа. Чухамдаа Монголд төдийгүй дэлхий даяар ихээхэн сонирхож буй шатдаг занар, нүүрснээс шингэн түлш гаргаж авах СТL зэрэг Монголд шинэлэг технологийн сэдвүүд энэ л үе цагт анхлан сөхөгдөж, мэргэжилтнүүдийн ярилцлага, нийтлэлүүд сэтгүүлийн хуудсыг чимэглэх болов. Нүүрс шингэрүүлэх төслийг бодлогоор дэмжихээ Салбарын яам мэдэгдэж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх 26 төслийн жагсаалтад оруулжээ.
Монгол улс CTL технологийн үйлдвэр байгуулснаар шатахууны импортын хараат байдлаас гарна гэж үзэж, энэ чиглэлд “Монголын Алт” компани тэргүүлэгч байр сууринаас хандан, 2017 онд Нүүрс боловсруулж, шингэн түлш гаргах үйлдвэрээ байгуулна гэж тооцоолж байлаа.
Олон улсад IPO босгох эрмэлзэл ба тэнцвэрээ хайсан Тавантолгой
Өмнөх жилээ Хятадын “Чалко” компанитай нүүрс борлуулах гэрээ байгуулан 250 сая ам.долларын урьдчилгаа авсан “Эрдэнэс Тавантолгой” компани 2012 оны дөрөвдүгээр сар гэхэд Баруун Цанхийн уурхай дээрээ IPO босгоно гэдэгтээ тун ч итгэлтэй байв. Хөрш зэргэлдээ Ухаахудагийн уурхайг ажиллуулж буй “Энержи Ресурс” Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гарган, томоохон бүтээн байгуулалтууд амжилттай өрнүүлж байсан болохоор “Эрдэнэс Тавантолгой” компанид бүх зүйл амар хялбар санагдаж байсан өдрүүд юм. “Эрдэнэс Тавантолгойн төсөл “Энержи Ресурс” компанийнхаас цар хэмжээ, далайцын хувьд том. Тэнд 18 Мвт-ын цахилгаан станц баригдсан бол манайх 300 Mвт-ын цахилгаан станц барина. Ухаахудаг дээр 15 сая тоннын хүчин чадалтай Нүүрс баяжуулах, угаах үйлдвэр ашиглалтад орсон бол бид Зүүн Цанхи дээрээ 20 сая тонн, Баруун Цанхи дээрээ бас 20 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барина” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш 2012 онд MMJ сэтгүүлд ам бардам ярилцлага өгчээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр “Эрдэнэс Тавантолгой” компани Хонконг болон Лондонгийн Хөрөнгийн бирж дээр 2012 ондоо амжиж IPO хийх боломж багассан төдийгүй УИХ-аас тус компанийн хувьцааны эзэмшлийг эцэслэн шийдэхгүй “зовоосоор” байсан юм.
Сүүлдээ Эрдэнэс Тавантолгойн Лондон, Хонконгийн бирж дээр гарах мөрөөдөл шалдаа бууж, Монголын Хөрөнгийн бирж дээр эхэлж IPO хийх нь зүйтэй гэсэн хувилбар дээр тогтов. Засгийн газар ч сонгуулиас урьтан, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хэрхэн гаргах вэ гэдэгт янз бүрийн хувилбар дэвшүүлсээр. Үнэндээ бол энэхүү богино хугацааны хувилбар нь “Depositary Receipt” буюу “Хадгаламжийн гэрчилгээ” ашиглан дотоодын хөрөнгийн бирж дээр эхэлж гараад, дараа нь олон улсад IPO хийх овжин арга байлаа. Гэвч энэ хувилбарыг сонголоо гэхэд хууль эрх зүйн талын гарц гаргалгаагүй тул Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооныхон багагүй сандралдаж, Хадгаламжийн гэрчилгээний тухай, Кастодиан банкны тухай журмыг шинээр боловсруулан батлуулахаар чармайж байв.
Энэ мэтчилэн сонгуулиас урьтаж, “Эрдэнэс Тавантолгой”-гоос мөнгө босгох гэсэн оролдлогууд Монголын хөрөнгийн зах зээлийг идэвхтэй хөдөлгөөнд оруулсан ч хөрөнгийн зах зээлийн талаарх шинэ шинэ ойлголтуудад Монгол улс ямар ч бэлтгэлгүй, бэлэн биш байгаагаа нотлон харуулж байлаа. “Сонгуулийн дараа Хонконгийн бирж дээр давхар бүртгүүлэхэд нээлттэй болно” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан учирласаар тавдугаар сарын нүүрийг үзэв.
Баруун Цанхи 1.2 тэрбум тонн нөөцтэйгээс 65% нь коксжих нүүрс бол Зүүн Цанхи нь 795 сая тоннын нөөцтэй. Тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан тоо энэ. Стратегийн хөрөнгө оруулагчдаа хүлээсээр “Эрдэнэс Тавантолгой” цаг хугацаа алдсаар байсан тул Баруун Цанхийн уурхайгаа 2012 оны аравдугаар сард нээв.
Ийнхүү бужигнаж байх зуны халуун өдрүүдээр Лондонгийн Хөрөнгийн биржид зохиогдсон “Монголын хөрөнгийн захын өдөрлөг”-ийн үеэр Б.Энэбиш захирал “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх хугацааг 2013 он болгож хойшлуулахаас аргагүйд хүрснээ гэнэт зарлаж, тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок ч үүнийг батлав.
Баруун Цанхийн уурхайг яаравчлан нээснээс хэдхэн хоногийн дараа “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ, Гүйцэтгэх захирлуудыг бүхэлд нь сольж, Б.Энэбишийн оронд УИХ-ын гишүүн Я.Батсуурь томилогдсон түүхтэй.
“Эрдэнэс Тавантолгой”-н асуудал 2012 онд цэвэр улс төрөөс шалтгаалан “хүсэхэд хясна” гэгч болж байсан бол Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын Концессын эрхээ тавдугаар сарын 31-нд авснаа зарлажээ. Тус компани уг төмөр замыг барих зөвшөөрлийг 2009 онд авсан ч буцаан өгч, 2012 онд эрхийг дахин аваад, 1520 мм-ийн өргөн царигтай төмөр зам байгуулаад 19 жилийн хугацаагаар бүрэн эзэмшиж, төрд шилжүүлэх үүрэг хүлээсэн ч төдөлгүй Төр дахиад л эргэж буцсанаар үйл явц цааш хэрхэн өрнөснийг уншигч Та мэднэ.
Концессийн гэрээний дагуу ажил өрнөсөн бол энэ төмөр зам 2015 онд ашиглалтад орох байв. Өдийд Монголын коксжих нүүрс авто замаар гэлдрэх биш галт тэргээр сүнгэнэж байх байлаа.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:
Тавантолгой орд бүх талдаа ашиг сонирхол төрөхүйц тэр баланс дээрээ очоогүй байна
Тавантолгой орд эдийн засгийн эргэлтэд орсон. Тэндээс сая гаруй тонн нүүрс ачигдсан. Цанхийн Зүүн хэсгийг бүрэн ашиглаад эхэлсэн. Угаах үйлдвэрээ барих гэж байна. Цахилгаан станцын ТЭЗҮ, зам, төмөр замын асуудлууд яригдаж байна. Бүх ажил хөдөлсөн. Одоо харин Тавантолгой ордын нэг хэсэг болох Баруун Цанхи дээр гадны хөрөнгө оруулагчдыг яаж оруулах вэ гэсэн хэлэлцээр явагдаж байна. Зарим нь асуугаад байдаг л даа. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид ямар хэрэгтэй юм бэ, өөрсдөө хийчихвэл яасан юм гэж. Их хуралд ч гэсэн тэгж ярьдаг хүмүүс бий. Нэг жишээ хэлэхэд, нүүрсээ Япон, БНСУ-д зарж байж манай нүүрсний үнэ зах зээлд өрсөлдөх хэмжээнд очно. Тэгэхгүй бол энүүхэндээ хавчигдаад, нүүрсний үнэд нөлөөлөөд байна.
Транзит тээврийн асуудлыг шийдэхийн тулд Хятад, Орос хоёртой ярихаас өөр арга байхгүй. Дээр нь, Хятад манай хамгийн том зах зээл болж ирж байна. Орос бол төмөр зам дээр хамтарч ажилладаг уламжлалт түнш. Тэгэхээр энэ түншүүдтэйгээ хамтарч ажиллахаас өөр арга алга. Дээр нь Япон, Солонгос гээд түншүүд, Америк гэсэн геополитикийн хамгийн том түнш байна. Эдэнтэй бүгдтэй нь хамтарч ойлголцож ажиллахаас өөр арга байхгүй. Аль аль талдаа ашигтай төсөл болсон цагт хэлэлцээр урагшаа явна.. Одоохондоо бүх талдаа ашиг сонирхол төрөхүйц тэр баланс дээрээ очоогүй байна гэсэн үг. Дүүжин даажин тэнцвэрээ олдог шиг тэр баланс нь одоохондоо тогтож өгөөгүй, тэнцвэр дээрээ очиж тоглох цэгээ хайгаад байна.
2012. №003 (041)
Хөрөнгө оруулагчдыг үргээсэн нь
Эдүгээ Монголд гадаадын хөрөнгө оруулалт нэн хэрэгтэй, “Монголд хөрөнгө оруулалтын хавар ирж байна” гэх зэрэг уран үгсээр хөрөнгө оруулагчдыг даллаж буй хүн бол Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар. Тэрээр 2012 онд мэндэлсэн Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачлагчдын нэг билээ.
2011 онд өргөн барьсан ч буцаагдаад нам жим болсон уг хууль дараа жилээ УИХ-ын хаврын чуулганаар хүч түрэн орж ирсэн нь “Саусгоби Сэндс” компанийн 57.6%-ийг Хятадын төрийн өмчит “Чалко” худалдан авах хэлцлээс үүдэлтэй байв. Өмнөговийн найман сумын нутгийг хамарсан 29 тусгай зөвшөөрөлтэй тус компанийн зарагдах хэлцлийг монголчууд таатай хүлээж аваагүй юм. Баялгаа хянаж чадахгүй байна гэсэн олны дургүйцлээс үүдэлтэй энэхүү хуулийг УИХ хаврын чуулганаараа яаравчлан баталсан нь хөрөнгө оруулагчдад том цохилт болсон билээ.
“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, бизнесийн орчныг хааж хязгаарлалаа гэх агуулга бүхий мэдэгдлүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид төдийгүй Монголын үндэсний компаниуд ч хийж эхэлсэн юм. Австралид уул уурхайн хууль эрх зүйн чиглэлээр суралцсан Д.Мөнхтуяа судлаач “Судлагдаагүй хууль батлагдвал хэрэгжих магадлал бага” хэмээн MMJ-ийн хуудсаар дамжуулан сануулж байж. Уг хуулийг ашигт малтмалын үнэ ханшийн өсөлтийг даган гарч ирсэн 68%-ийн татвартай зүйрлүүлж, улс төрийн шинжтэй хууль хэмээн дүгнэх хүмүүс олон байлаа.
“Шинэчлэлийн” тодотголтой Засгийн газраас хөрөнгө оруулагчдын хүсч байсан цор ганц зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сэргээх байв. Н.Алтанхуягийн засаг огцорсны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхож эхэллээ” хэмээн амны уншлага мэт давтах болсон юм. Гэвч энэ бүхэн “өргөс авахтай адил” амар хялбар байсангүй. Стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль ердөө ганцхан жил насалсан бөгөөд 2013 оны аравдугаар сард УИХ цуцалсан билээ. Харин үлдээсэн уршиг нь хэдэн жилдээ үргэлжилснийг олон нийт мэднэ.
“Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Ерөнхийлөгч Питер Акерли:
Бид Монгол улсад зэс, алт, молибденийн хайгуулын үйл ажиллагаа эрхлээд арваад жил болж байна. Энэ хугацаанд Монгол улсад ойролцоогоор 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Зэс молибдений “Зуунмод” төсөл нь бидний гол хөрөнгө оруулалт хийсэн төсөл юм. Мөн саяхнаас “Зуунмод”-ын ойролцоо алтны “Алтан нар” ордыг илрүүлж, хайгуул хийж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль хөрөнгө оруулагчдыг ихээхэн сандрал, айдаст оруулсан. Хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газраас тодорхой, ойлгомжтой хуулийг хүсч байгаа.
2012.№009 (047)
“Алтан Рио Монгол” компанийн Хайгуул хариуцсан захирал Келли Клуер:
Манай компанийн үндсэн төсөл бол зэс, алтны хайгуулын “Чандмань” төсөл. Сүүлийн 5 жилийн туршид энэ төсөл дээр ажиллаж байна. Ойролцоогоор 7 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Үнэнийг хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль биднийг ихээхэн хүнд байдалд орууллаа. Хайгуулын төсөл рүү олон улсын зах зээлээс гадны хөрөнгө оруулагчдыг татах нь маш хүнд болоод байна.
2012.№009 (047)
“Фронтиер Секьюритис”-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал О.Мендоза:
Монголын Засгийн газар “Саусгоби сэндс”-ийг хамгийн их мөнгө амласан газарт зарахыг хориглож байгаа нь Монголд үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн төслүүдэд муугаар нөлөөлнө. “Саусгоби сэндс”-тэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдал, шинээр гарах гэж байгаа хууль Монголыг ямарч тохиолдолд алдагдалд хүргэнэ. Түрүүн хэлсэнчлэн энэ бол эмзэг асуудал. “Саусгоби сэндс”-ийн эзэмшлийн Овооттолгой орд бол стратегийн ач холбогдолтой орд биш. Хятад өөрсдийн хөрөнгө оруулалтад нь нөлөөлж байхыг хараад магадгүй хөрөнгө оруулалтаа татах байх. Ингэж эрсдэлтэй хөдөлж байгаа нь Монголд маш том гарз болно.
Хөрөнгө оруулагчид нөхцөл байдлыг ийн үнэлж байлаа. Үүнээс хойш хэдхэн сарын дараа Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын ээлжит бус чуулган дээр улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан тухай сандрангуй мэдэгдэж, Тавантолгой ордын Баруун Цанхийг ашиглах хэлэлцээрийг хөрөнгө оруулагчидтай хийж, олон улсын бирж дээр хувьцаагаа заран 800 гаруй тэрбум төгрөгийг төсөвт оруулахаар тооцсон нь бүтэлгүйтсэн, дээрээс нь зургадугаар сараас хойш нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурсан зэрэгтэй холбон тайлбарлаж байлаа.
Сургамж өгүүлсэн 2012 он
Өнөөдрөөс эргэн харахад 2012 онд мөрөөдөж, төлөвлөж байсан олон бүтээн байгуулалтууд, тэр дундаа Тавантолгойн IPO, Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын төслөөс хэрэгжсэн бодитой ажил тун ховор байна. ”Энержи Ресурс” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Концессын эрхээ авахтай зэрэгцэн Үндэсний төмөр замын суурь бүтэц” нэртэй төрийн өмчит компани байгуулах болж тухайн үед багагүй шуугиж байсан бол өнөөдөр энэ компани хэдийнэ сураг тасарчээ. Дараа нь “Гашуунсухайтын төмөр зам” гэдэг компани байгуулсан ч өнөөх нь хоёр гуравхан жил наслахдаа хийж гавьсан зүйлгүй бас л татан буугдсан байна. Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр дөнгөж 52%-ийн гүйцэтгэлтэй байгаа нь бахархаад байх зүйл биш билээ.
Улиран одсон 2012 онд онцлох үйл явдлын нэг нь “Чингис бонд”. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ үлэмж буурсан ч шинэ Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд гаргахаар зориглон мордсон. Харин хожим энэхүү бондын өрийг дарах гэж улсаараа мачийна гэж тухайн үедээ хэн ч төсөөлөөгүй юм.