Монгол улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард" Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-оо баталж, энэ хүрээнд 2018-2021 онд нэн түрүүнд хэрэгжүүлэх 115 төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр багагүй үйл ажиллагаа явуулаад байгаа билээ. Үүний нэг нь Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж буй "Invest Mongolia" хөрөнгө оруулалтын цуврал хурал юм.Энэ удаагийн ээлжит бизнес уулзалт ХБНГУ-ын Франкфурт хотноо зургаадугаар сарын 14-нд зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсаас Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банкны төлөөллүүд, ХБНГУ-аас томоохон хөрөнгө оруулалтын банк, бизнесийн төлөөллүүд оролцлоо.Хурлыг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, "Дойче банк" хамтран зохион байгуулсан юм.
Гэрэл зургийг Г.Идэрхангай
Монгол улсын Засгийн газраас зарласан "Гурван тулгуурт бодлого"-ын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээс эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 13 тэрбум ам.долларын 61 төсөл, эх үүсвэр нь шийдвэрлэгдээгүй байгаа 3,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 11 төсөл бий. Үүнээс тодорхой өндөр үр ашиг өгөх төслүүдээ Германы хөрөнгө оруулагчдад танилцуулахаар холбогдох албаны хүмүүс Улаанбаатараас зорин ирсэн нь энэ. Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан "Монгол улсад орж ирэх Германы хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон. Үүнийг өөрчлөхийн тулд бид өндөр үр ашиг бүхий төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах саналыг та бүхэнд тавина. Монгол улсад бий болж буй хөрөнгө оруулалтын шинэ боломж, шинэ бизнест хамтран ажиллахыг урьж байна" хэмээн хурлыг нээж хэлсэн үгэндээ онцолсон.
Эдийн засаг хоёр дахь жилдээ дараалан өссөн, гадаад валютын нөөц нэмэгдсэн, төсвийн алдагдал буурч байгаа гэх зэрэг таатай мэдээллүүдээс гадна хөрөнгө оруулагчдад олгож буй хууль эрх зүйн олон давуу тал бий болж байгааг хуралд оролцогчид илэрхийллээ.
Монгол улсын эдийн засаг тодорхой түвшинд өсч байгаа ч эмзэг хэвээр байна. Ийм нөхцөлд Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд зөв менежментээр оруулснаар нийгэм, эдийн засгийн амьдралд үүссэн олон асуудлыг шийдэх боломжтой гэдгийг Үндэсний хөгжлийн газрынхан мэдээлэлдээ дурьдав. Тиймээс "Гурван тулгуурт бодлого", Монгол улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан төслүүдээс хамгийн түрүүнд Тавантолгой орд, тэр дундаа Гашуунсухайтын төмөр замын нүүрс тээвэрлэлтийг блокчейн технологиор шийдвэрлэх боломжтой гэсэн санал ч гарч байна.
Төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтын мэдээллийг хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө нарийн задалж суулгаж өгч байгаа аж. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 30 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт шаардагдах төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн байна.
Хөгжлийн банкны хувьд уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгож удирдах үүрэг чиглэл бүхий охин компани байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй. Тухайлбал, Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр, төмөр зам зэрэг бүтээн байгуулалтад гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар тухайн төслийн эрсдэл багасч, нөгөө талаас Хөгжлийн банкны зүгээс ч санхүүжилт хийхэд боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Ялангуяа тухайн уул уурхайн төслүүдэд банкны зүгээс шалгуур үзүүлэлтүүдээ тавьж, үр ашигтай төслүүдээ сонгоно гэдгийг тус банкны холбогдох албаны хүмүүс дуулгалаа.
Г.Идэрхангай,
ХБНГУ-ын Франкфурт хот, 2018. 06. 14