Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Зөөвч-Овоогийн туршилтын үйлдвэрлэл эхэлнэ

Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо ордын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” компани туршилтын үйлдвэрлэлээ /олборлолт/ ирэх аравдугаар сард эхлүүлнэ гэж тус компанийн Ерөнхий захирал Тьерри Плзант мэдээлэв. “Арева Майнс” компани нь 2018 оны нэгдүгээр сараас “Бадрах Энержи” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

“Зөөвч-Овоо” төслийн туршилтын үйлдвэрлэлийн барилгын ажил 2017 онд эхэлсэн бөгөөд ирэх зургаадугаар сард багтаан бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Үлдсэн гурван сард буюу аравдугаар сар хүртэл туршилтын үйлдвэрлэлийг эхлүүлэх бэлтгэлийг хангах аж. Үүнд, Туршилтын үйлдвэрлэлд хамаарах цацрагийн хамгаалалтын төлөвлөгөөг МХЕГ-аар баталгаажуулах, Химийн бодис тээвэрлэх, хадгалах, ашиглах зөвшөөрлийг БОАЖЯ-аас авах, Барьцаа хөрөнгийг байршуулах, Хамтарсан Комисс байгуулах зэрэг ажлууд орж байгаа юм. Уг Комисс туршилтын үйлдвэрлэлийг эхлүүлэх ажлыг хүлээн авах, зөвшөөрлийг олгох эрх бүхий талуудын төлөөллөөс бүрдэх ажээ. Барьцаа хөрөнгийн хувьд Монгол улсын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу компани байршуулах ёстой бөгөөд хөрөнгийн хэмжээг   Засгийн газраас тогтооно. Энэ асуудлаар одоо Засгийн газартай одоо ид хэлэлцээр явуулж байна. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулиар орон нутаг буюу Дорноговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах үүрэгтэй. Гэрээний төслийг орон нутагт хүргүүлсэн ч аймгийн удирдлагын зүгээс гэрээний нөхцөлийг сайжруулах шаардлага тавьсан байна. Үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын хүрээнд ирэх 6-8 дугаар сард “Зөөвч-Овоо” төслийн талбайгаас Зүүнбаян баг дахь төмөр замын өртөө хүртэлх замыг сайжруулах ажил хийх юм. Компанийн зүгээс бэлтгэл ажлуудтай холбогдуулан яамд, байгууллагуудтай яриа хэлэлцээр эхлүүлээд байгаа аж.

Туршилтын үйлдвэрлэл эхлүүлснээс хойш 20 сарын хугацаанд нийт 20 тонн цацраг идэвхт ашигт малтмал буюу ураны шар нунтаг үйлдвэрлэх бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадал бус туршилтын хугацаанд гаргах хэмжээ гэдгийг Тьерри Плзант онцолсон. Туршилтын үйлдвэрлэл эхлэхээс өмнө байгаль орчны хяналтын мониторинг хийгдэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн явцад болон дууссаны дараа ч үргэлжлэн хийгдэх юм.

“Бадрах Энержи” нь Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-ийн нарийвчилсан нэмэлт тодотголыг 2021 онд дуусгахаар төлөвлөжээ. Туршилтын үйлдвэрлэл явагдсаны дараа төслийн эдийн засаг, техникийн үзүүлэлтийг нарийвчлан гаргах төдийгүй Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан судалгааг ч хийх аж.

Францын төрийн өмчит “Арева” групп нь 1997 оноос Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Монгол дахь “Арева Монгол”, “Кожеговь” зэрэг охин компаниудаар дамжуулан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул болоод ашиглалтын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг. Хайгуулын ажлын үр дүнд Улаанбадрах суманд 2005-2009 онд Дулаан-Уул ордыг нээн илрүүлж, 2011 онд 6270 тонн ураны нөөц бүртгүүлсэн.

Ордын суналтын талбайд шинэ нөөц илрүүлсэн бөгөөд Дулаан хэмээн нэрийдсэн уг талбайд 4700 тонн ураны нөөц бүртгүүлжээ. Ойрын саруудад Дулаан төслийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхээр бэлтгэж байна. Мөн аймгийн Зүүнбаян багт 2007-2010 онд Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлсэн. 2013 онд ордын 54639 тонн ураны нөөцийг бүртгүүлсэн бол нэмэлт хайгуулаар 10 мянган тонн нөөцийг 2019 онд бүртгүүлэхээр тооцоолжээ.

Дулаан-Уул болон Зөөвч-Овоо нь стратегийн ордод тооцогддог. Хоёр ордын ураны нийт нөөц 75 орчим мянган тонн буюу Монгол улсын ураны бүртгэгдсэн нийт нөөцийн 50 гаруй хувийг эзэлдэг. Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлэхээр Монголын төрийн өмчит “Мон Атом” компанийн 34%-ийн эзэмшилтэй, “Арева Монгол” охин компанийн 66%-ийн оролцоотой хамтарсан “Арева Майнс” компанийг 2013 онд байгуулсан. Мөн үеэр “Мон Атом” компани нь Японы “Мицубиши” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд Монголын талын 34%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг Японы компани төсөлд оруулах юм.

2015 оны зургаадугаар сард АМГТГ-аас Францын “Арева” группын Монгол дахь охин компани “Кожеговь”-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. 2016 оны гуравдугаар сард “Кожеговь” компани ашиглалтын тусгай зөвшөөрлөө “Арева Майнс” компанид шилжүүлсэн юм. “Арева Майнс” нь өнгөрсөн онд “Зөөвч-Овоо” төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 2018 онд нэрээ “Бадрах Энержи” болгон өөрчилжээ.

Өнөөдрийн байдлаар “Бадрах Энержи” компани Дорноговь аймгийн нутагт ураны 2 орд газарт ашиглалтын 3 тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

Э.Од