Транспэрэнси Интернэшл (ТИ) байгууллагаас санаачлан BICА (Business Integrity Сountry Agenda) буюу бизнесийн салбар дахь шударга байдлын үнэлгээг хэд хэдэн улсад амжилттай хэрэгжүүлж байна.
“Транспэрэнси Интернэшл Монгол” ТББ-ын зүгээс Монгол улсад хийсэн шударга бизнес хөтөлбөрийн үнэлгээний тайланг зургаадугаар сарын 21-нд танилцууллаа. Энэхүү санаачилга нь тухайн улсын бизнесийн орчны шударга байдлыг үнэлэх, үнэлгээний гол үр дүнд тулгуурлан боловсруулсан, хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэчлэлийн хөтөлбөр боловсруулах гэсэн хоёр үе шаттай явж байгааг тус байгууллагын удирдлагууд онцоллоо.
“Транспэрэнси Интернэшл Монгол” ТББ-ын ТУЗ-ийн дарга Л.Төр-Од шударга бизнес хөтөлбөрийн үнэлгээний тайланг танилцуулах уулзалтын эхэнд хувийн хэвшлийнхэн шударга бизнесийг бий болгох чиглэлээр өмнө нь ажиллаж байсан арвин туршлагатайг тодотгоод “Монгол улс нээлттэй засаглалын түншлэлийг бий болгож ирсэн. Энэ түншлэлийн хамгийн чухал оролцогч нь хувийн хэвшил байх болно” гэлээ.
Мөн УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Ундраа энэхүү тайлан бодлогын шийдвэр гаргагчид, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийнхэн гээд олон талын хүмүүст ихээхэн хэрэгцээтэй мэдээлэл болох нь эргэлзээгүй. Цаашид авлигатай тэмцэхдээ мэдээлэгчийг хамгаалах асуудал чухлаар тавигдаж байгаа гэв.
ВIСA нь бизнесийн салбар дахь шударга байдлыг үнэлсэн анхны томоохон хэмжээний боловсронгуй үнэлгээ юм. Үнэлгээг хийхдээ төрийн байгууллагуудыг 9 үндсэн индикатор ба 15 дэд индикатор, хувийн салбарыг 5 үндсэн индикатор, 17 дэд индикатор, иргэний нийгмийг 1 үндсэн ба 3 дэд индикатороор үнэлжээ.
Төрийн байгууллагуудад хийсэн үнэлгээгээр бол төрийн, бизнесийн салбарт авлига, хуйвалдаан, зохисгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, шалгалт хийх үүрэг бүхий байгууллагууд (Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Үндэсний аудитын газар)-ын бие даасан байдал хангалтгүй, улс төрийн нөлөөнд өртөмтгий байдал нь бизнест хэрхэн нөлөөлж байгааг хэд хэдэн үзүүлэлтээр гаргаж ирсэн байна. Тухайлбал, эдгээр байгууллагын даргыг томилоход эрх барьж буй улс төрийн хүчин ихээхэн нөлөөлдөг нь тухайн байгууллагын зохион байгуулалт, хүний нөөцийг тогтворгүйжүүлж, улмаар төрөөс бизнесийн шударга байдалд сөргөөр нөлөөлөх явдал байгааг харуулж буй.
Харин хувийн хэвшлийн салбарт хийсэн шударга байдлын үнэлгээг харахад төрийн оролцоо нь компаниуд, бизнесийн холбоодын бизнесийн үйл ажиллагаан дахь шударга бус байдлын эрсдэл, авлигаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг болдог эсэх, компаниуд авлигын эсрэг хөтөлбөр, бодлоготой эсэхийг тодруулж гаргаж ирсэн байна. Цөөн компани холбогдох хууль, тогтоомжийг дагаж мөрдөх амлалтаа өгчээ.
Гэхдээ хэрэгжиж буй хөтөлбөрүүд авлигын боломжит эрсдэлийг бүх талаас нь авч үзэхэд учир дутагдалтай, бизнесийн онцлогийг тусгаагүй байдаг аж. Энэ чиглэлээр идэвхтэй, нөлөө бүхий холбоодын тоо хангалтгүй байна. Авлигын эсрэг тэмцэх хамтарсан төсөл, санаачилгууд ч тодорхой биш байгааг үнэлгээнээс харж болно. Тухайлбал, МҮХАҮТ, Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн зохицуулах хороо болон Мэргэжлийн бизнесийн холбоодын гишүүдэд тавих авлигын эсрэг хөтөлбөр, бодлого, журмын шаардлагууд сул байгаа нь ч мөн харагджээ.
Тэгвэл судалгаанд оролцсон дийлэнх компаниуд төрийн худалдан авалтын гэрээ, тендерийн үйл ажиллагаанд оролцох явцдаа авлигын нөхцөл байдалтай тулгарч байсан тухайгаа мэдэгдсэн байна.
Төрийн өмчийн худалдан авалт хийх гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл, лиценз авах зэрэг явц дунд хахууль, зүй ёсны бус төлбөрүүд хийгдэх явдал түгээмэл гардаг аж. Авлигын хэргүүдийг амжилттай шийдэж буй баримт хангалтгүй гэж үзэхийн зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тендерийг авлигаар шийдэх асуудлыг зогсооход чиглэсэн үйл ажиллагааны хүчин чармайлт хангалтгүй байгаа нь иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо үр дүн муутай байгааг илтгэж буй.
Иймд цаашид хувийн хэвшлийн салбарт бизнес эрхлэгчдийн ёс зүйд тавих хяналтыг дээшлүүлэх, ажиллах хүчний эрхийг хамгаалах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нь чухал гэдгийг тайлан илтэж байгаа юм.
Г.Идэр