УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2018 ОНЫ 5 САРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ
2018 оны эхний 5 сарын байдлаар 6.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.1 (23.3%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 827.1 (23.7%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 511.2 (48.0%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 252.0 (12.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.2%-ийг эзэлж байна.
Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:
- Нүүрс 19.1 сая тн,
- Зэсийн баяжмал 549.6 мян.тн,
- Алт 4.8 тн,
- Молибдений баяжмал 2.2 мян.тн,
- Төмрийн хүдрийн баяжмал 1.2 сая тн
- Хайлуур жоншны баяжмал 22.6 мян.тн,
- Цайрын баяжмал 36.2 мян.тн,
- Газрын тос 2.8 сая бар,
- Катодын зэс 6.0 мян.тн
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 15.8 (3.0%) мян.тн, алт 115.1 (2.5%) кг, төмрийн хүдрийн баяжмал 57.3 (5.0%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 6.4 (39.5%) мян.тн, цайрын баяжмал 1.5 (4.3%) мян.тн-оор тус тус өссөн байна.Харин нүүрс 1.4 (7.0%) сая тн, молибдены баяжмал 226.7 (9.4%) тн, газрын тос 279.6 (9.0%) мян.бар, катодын зэс 209.9 (3.4%) тн-оор тус тус буурсан байна.
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН
2018 оны эхний 5 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 6.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.1 (18.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 4.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 807.6 (20.1%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.7 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 369.4 (27.2%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 2.6 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 374.0 (16.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний 5 сард 4.9 их наяд төгрөг буюу 72.0%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 4.3 их наяд төгрөг буюу 61.9%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.
УУЛ УУРХАЙН САЛБАРААС УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛСАН ТАТВАР, ХУРААМЖ
2018 оны эхний 5 сарын улирлын байдлаар улсын төсөвт 851.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- Алт 20.8 тэрбум төгрөг,
- Нүүрс 318.2 тэрбум төгрөг,
- Цайр 43.4 тэрбум төгрөг,
- Зэс 425.2 тэрбум төгрөг,
- Төмөр 8.6 тэрбум төгрөг,
- Жонш 6.4 тэрбум төгрөг,
- Бусад 29.1 тэрбум төгрөг,
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 245.5 (40.5%) тэрбум төгрөгөөр өссөн. Үүнээс:
- Алт 10.0 тэрбум төгрөг буюу 93.4 хувь,
- Нүүрс 90.6 тэрбум төгрөг буюу 39.8 хувь,
- Цайр 16.8 тэрбум төгрөг буюу 63.2 хувь,
- Зэс 110.0 тэрбум төгрөг буюу 34.9 хувь,
- Төмөр 4.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,
- Жонш 4.1 тэрбум төгрөг буюу 2.8 дахин,
ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ
2018 оны эхний 5 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 5,064.0 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 1,047.7 сая ам.доллар буюу 26.1 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 706.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспорт
2018 оны эхний 5 сарын байдлаар экспортод 2,885.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 366.6 сая ам.доллар буюу 14.6 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбар экспортод 1,947.7 сая ам.доллар буюу 89.3 хувийг эзэлж байна.
Импорт
Импортоор нийт 2,179.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 681.1 сая ам.доллар буюу 45.5 хувиар тус тус өссөн байна.
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАЛААР
Газрын тосны олборлолтын чиглэлээр:
Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй.
2018 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 3,196,705 баррель буюу 433,311 тонн түүхий тос олборлож, 3,127,791 баррель буюу 424,631 тонн түүхий тос БНХАУ-д экспортолсон. Олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл 39.4 хувь, экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 38.6 хувьтай байна.
Монгол Улсын Их Хурлаар “2018 оны Төсвийн тухай хууль”-ийг хэлэлцэн газрын тосны орлогоос улсын төсөвт 223,45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан. 2018 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар нийт 94.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн буюу төсвийн орлогын гүйцэтгэл 42.2 хувьтай байна.
Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:
2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 576.99 ам.долл /баррель 75.94 ($)/, “WTI” төрлийнх 520.38 ам.долл /баррель 66.69 ($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 0.62 хувиар буурч, “WTI” төрлийн түүхий тос 1.52 хувиар өссөн байна.
2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 42, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 36 хоногийн нөөцтэй байна.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВИЛАА.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос
дамжуулах хоолойн хамт барих төслийн талаар
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр манай Засгийн газарт олгохоор болсон хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.
Төслийн зорилго нь дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, Монгол улсын эдийн засгийг түлш шатахуунаар ханган, цаашилбал аж үйлдвэрийн цогцолборын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть-химийн үйлдвэрийн суурийг бий болгоход оршино. Үйлдвэрийг газрын тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байна.
Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлж Зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг 2017 оны 02 дугаар сараас 08 дугаар сарын хооронд Энэтхэг Улсын Эксим банктай хамтран зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтад БНЭУ-ын “Инженерс индиа лимитед” компани шалгарч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гурвалсан гэрээг 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Яамны зүгээс нарийвчилсан ТЭЗҮ-ний ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ-ийн төслийг 2018 оны 02 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авсан.
Төслийн нарийвчилсан ТЭЗҮ-д хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах ЗГ-ын “Захиалагчийн инженер”-ээр шалгарсан Итали Улсын “КТ-Кинетикс техноложи” компани судалгааны ажлын шат бүрийн тайланд үнэлэлт, дүгнэлт хийж Монголын талд техник, технологи, эдийн засгийн хувьд Зөвлөх үйлчилгээ үзүүлэн Энэтхэгийн талд санал, зөвлөмжийг тухай бүр хүргүүлэн ажиллаж байна.
Төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийн дундын буюу явцын тайланг ирүүлсэнтэй холбогдуулан БНЭУ-ын Зөвлөх түүнд хөндлөнгийн хяналт тавьж буй Итали Улсын “КТ-Кинетикс” компаниуд Монгол Улсад албан айлчлалыг 2018 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд хийж гурван талт техникийн зөвлөлдөх уулзалтуудыг хийсэн.
Үйлдвэрийн технологийн хувьд энэтхэгийн компанийн сонгож авсан технологи нь зарим талаараа манай улсын хэтийн хэрэгцээ, шаардлагад тохиромжгүй байсан юм.
Улсын хэмжээнд ганцхан байх үйлдвэрийн хувьд гүн боловсруулалтын технологийг олон талаас нь харж, тэр дундаа ирээдүйд бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өөрчлөгдөхөд нийцэх чадамжтай, цаашид нефь-химийн үйлдвэр болгон өргөтгөхөд тохиромжтой, орчин үеийн шаардлага хангасан өндөр чанарын бүтээгдэхүүн гаргадаг технологийг бид сонгох шаардлагатай.
Үүнтэй холбогдуулан УУХҮСайд, Сангийн яам, Гадаад харилцааны яам болон Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийн хамт БНЭУ-д 2018 оны 06 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд албан айлчлал хийж Энэтхэгийн Гадаад хэргийн яам, Экспорт-Импорт банк болон Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Инженерс Индиа Лимитед компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, нарийвчилсан ТЭЗҮ-ийн ажлын явц, үйлдвэрийн технологийн сонголт болон төсөвт өртгийн талаар тус тус санал солилцсон.
Айлчлалын үр дүнд Энэтхэгийн тал Монголын талын санал болгосон технологийг сонгохоор болж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хоёр улсын ЗГ-р хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд багтаан дахин тооцолол хийхээр нэгдсэн ойлголцол, тохиролцоонд хүрсэн бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ-ийн эцсийн тайланг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Нарийвчилсан ТЭЗҮ-ийн гол өгөгдөл:
• Хүчин чадал: жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах
• Үйлдвэрийн байршил: Дорноговь аймгийн Алтанширээ сум
• Боловсруулах тос: Тосон Уул XIX, Тамсаг XXI тос, Цагаан элс
• Жилд ажиллах хугацаа: 8000 цаг
• Эрчим хүчний хангамж: Үйлдвэр өөрийн цахилгаан станцтай байх
(33 MB)
• Усны хэрэглээ 2,5 сая м3, (70%-ийг цэвэршүүлэн дахин
ашиглана.)
• Үйлдвэрийн бүтээгдэхүүн: автобензин, дизель, онгоцны шатахуун,
шингэрүүлсэн шатдаг хий (Монголын зах зээлийн хэрэглээний бүтцэт нийцүүлэх)
• Түүхий тосны тээвэрлэлт: Дамжуулах хоолой
(БОНХЯ-ны Усны нөөцийн зөвлөлөөс 2014.10.01-ний тогтоолоор Бор Хөөвөрийн говийн гүнийн усны ордоос аж үйлдвэрийн зориулалтаар ашиглаж болохыг зөвшөөрсөн.)
Төслийн дараагийн үе шат бол ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх бөгөөд Төслийн менежментийн зөвлөх компанийг сонгон шалгаруулж, үйлдвэрийн ерөнхий зураг төслийн ажлыг эхлүүлнэ.
Мөн ЗГ-ын зүгээс үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх тогтоол, шийдвэрүүд гарч Сайншандыг ГТБҮ-тэй холбох 27 км урт төмөр зам, 18,2 км урт цахилгаан хангамжийн 110 Кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 110/10 Кв-ын 6.3 МВА-ын суурилагдсан хүчин чадал бүхий дэд станц болон 16,63 км урт хатуу хучилттай авто зам барих төслүүдийн барилгын ажлыг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд эхлүүлээд байна.
Стратегийн
ач холбогдол бүхий энэ үйлдвэр байгуулагдсанаар манай эдийн засаг эрчим хүчний
нэг гол эх үүсвэрийн импортын хамаарлаас гарч, түлш шатахуун болон бараа
бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, манай улсын хувьд аж үйлдвэрийн нэгэн шинэ
салбар, эдийн засагт маань нэгэн шинэ тулгуур бий болох юм.
Эх сурвалж: УУХҮЯам