Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Оюутолгой буюу бидний суралцсан хичээл



Б.Төгсбилэгт

Оюутолгойг нээв. Олборлолт эхлэв. Экспорт эхлэв. Энэ бүх үйл явдал нь Оюутолгойн төдийгүй Монголын хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал байсан. Гэхдээ Оюутолгой уурхайн үйл явц ийм амар хялбар өрнөсөн үү гэвэл үгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэх нөхрөөс болж асар их маргаан өрнөсөн, одоо ч өрнөж байна. Фридланд энэ зовлонг сайн ойлгож байгаа. Тэрээр энэ зуур төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтыг босгож, стратегийн түншээр “Рио Тинто”-г “элсүүлсэн”.  Гэвч яваандаа “Рио Тинто” түүний орыг залгах болж, 2015 онд төслийн далд уурхайн санхүүжилтийг ч амжилттай босгож чадсан юм.  Ингэхдээ төслийн бүх санхүүжилтийг “Рио Тинто” өөрийн эх үүсвэр болон санхүүгийн бусад арга хэрэгслээр дамжуулан бүрдүүлсэн. Одоо тус компанийн хувьд төслийн тогтвортой ажиллагааг хангах нь юу юунаас илүү чухал байгаа нь дамжиггүй. Энэ зуур Монголын Засгийн газар Монголын талд оногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр чармайж байна.

Бидний хувьд Оюутолгой бол цоо шинэ туршлага. Ил уурхайгаас баяжмал экспортолж эхэлснээс хойш даруй таван жилийн нүүрийг үзэх гэж байна. Удахгүй 2021 оноос далд уурхай ашиглалтад орох,  2025 оноос уурхайн олборлолтын хүчин чадал оргилдоо хүрнэ гээд ажил урамтай өрнөж байгаа. Басхүү зэсийн зах зээлд үнийн өсөлтийн төлөв тодрон буй зэрэг нэлээд сайн нөхцөл бүрдсэн харагдана. Гэхдээ олон улсын хэвлэлүүдээр “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгой төслийн хоёрдугаар шатыг эхлүүлж чадах уу гэсэн асуулт дахин тавигдах болов гэсэн агуулгатай мэдээллүүд он гарсаар  хөврөх болсон.

Оны эхэнд тавигдсан татварын акт, хөрөнгө оруулалтын гэрээг дахин шалгах болсноос энэ асуулт ургасан билээ. Ийнхүү “Рио Тинто”-гийн хувьд хүндхэн шалгалтын дунд оны эхний хагасыг үдэх нь байна. Оны хоёрдугаар хагаст “Рио Тинто”-г ямар бэлэг хүлээж байгаа нь, мөн Монголын төрд барих тус компанийн хариулт ямар байх нь сонин. УИХ-аас Засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээг өөрчил хэмээн үүрэг өгөөд буй нь ч одоо нэгэнт тодорхой болов.

Он гарсаар байгуулагдаад буй Оюутолгой төсөлд холбогдох төрийн ажлын хэсэг

Засгийн газрын түвшинд гурван Ажлын хэсэг гарсан байгаа.
1.
Зээлийн хүү, санхүүжилтийн хүүг бууруулах чиглэлийн Ажлын хэсэг.
2.  
Эрчим хүчний чиглэлээр ажиллаж буй Ажлын хэсэг.
3.  
Өмнөговь аймгийн хөгжилтэй холбоотой буюу орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудлаар ажиллах Ажлын хэсэг.

Үүн дээр нэмэх нь татвартай холбоотой асуудал дээр хэлэлцээрийн Ажлын хэсэг байгуулагдсан.

УИХ-ын дэргэд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ нь дотроо таван дэд Ажлын хэсэгтэй.

Үндэсний аудитын газраас “Оюу­толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд аудит хийхээр болсон. Үүнд:

  •  “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”               
  •   “Оюутолгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал” гэсэн 2 бүлэг сэдвээр 2018-2019 оныг дамжин хийх аудит багтаж байна.

2009 оны сүүлээр зурсан Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах гэж манай улсын зүгээс хэдэнтээ оролдоод бүтэлгүйтсэн удаатай. Харин энэ удаад МАН гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэгт нэлээд хүчтэй бригад оруулж, “Рио Тинто”-той ул суурьтай уулзахаар бэлтгэж буй нь олны дунд ихээхэн хүлээлт үүсгээд амжив. Ямар үр дүнд хүрэх нь харин  нэн их сонирхол татаж байна.

Аливаа төслийг эхлүүлэхэд хамгийн ээдрээтэй, илүү хэцүү нарийн түвэгтэй асуудал бол гэрээ хэлэлцээрийн ажил. Гэрээ хэлэлцээргүйгээр ямар ч ажил урагшлахгүй байсан. Оюутолгой яах аргагүй Монголд ээлтэй төсөл мөн. Тиймээс УИХ гэрээг цуцална гэж огт ярихгүй гэдгээ илэрхийлсэн.

Мэдээж гэрээг сайжруулна гэдэг хэвийн үзэгдэл. Гагцхүү жорыг хэрхэн тааруулах вэ гэдэг нь гол асуудал юм. Засгийн газрын тэргүүн ч өнгөрсөн нэгдүгээр сард Себастьян захиралтай уулзаж, энэхүү санаа оноогоо хуваалцсан. Себастьян ч уриалгахан зөвшөөрсөн. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд шүү гэдгийг тодотгоод амжсан. Энэ зуур Монголын төр засаг “Рио Тинто”-д барих “бэлгээ” задлахаар сэтгэл догдлон байна. Хэлэлцээр амжилттай болох эсэх нь хэн нь илүү ухаантай вэ гэдгээс илүүтэй харилцан бие биенээ ойлгосон ойлголцол дээр тулгуурлана.

Хөрөнгө оруулалтын гэрээ зурснаас хойшхи ес дэх жил

2009 оноос хойш монголчууд Оюутолгой гэх хичээлд суралцсаар байна. Есөн жил гэдэг багагүй хугацаа. Анхны гэрээ муу байсан уу, сайн байсан уу гэх асуултын хариулт дээр одоог хүртэл маргалдаж мэтгэлцэн, нэгдсэн байр суурьт хүрээгүй явж ирлээ.

Энэ зуур зарим улстөрч  Оюутолгойг “мөнгөний машин” гэж ойлгуулахыг оролдсоор ирлээ. Ингэхдээ тэд газрын доорх баялгийг зах зээлийн үнээр шууд үржүүлэх аргыг ихэвчлэн ашиглаж ард иргэдийг төөрөгдөлд оруулсаар байгаа. Энэ дунд олборлолтын зардал, хөрөнгө оруулалтын зардал болон бусад олон зардлыг зориуд орхигдуулдаг.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан 2009 он бол Монголын эдийн засгийн хэмжээ 5 тэрбум ам.долларт ч хүрэхгүй болтлоо буурч, өсөлт хасах хувьтай гарсан үе. Засгийн газар үүссэн нөхцөл байдлын улмаас ОУВС-гаас тусламж хүсч, тус сангийн 18 сарын хугацаатай хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж эхэлсэн юм. Хэдийгээр 2009 оны сүүлээс зэсийн үнэ өсч эхэлсэн ч оны эхэнд ханш нь 4000 ам.доллар/тонн хүрэхгүй болтлоо буурч айлгаж байсан цаг. Тухайн үед Монголын нөхцөл байдал ийм байхад Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж байжээ. Харин одоо бүх зүйл өөрчлөгдөж байна. Монголын эдийн засаг 10 тэрбум ам.доллараас давахуйц хэмжээнд хүрч, нэг үеэ бодвол олон уурхай, үйлдвэртэй өрх айл болсон гэж хэлж болох юм.



Гэхдээ нэг тодорхой зүйл гэвэл 2009 оны адилаар бас л ОУВС-гийн тусламжийг аваад, урьд хожид байгаагүй том зээл буюу 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг үе шаттайгаар авахаар дуулгавартай нь аргагүй сууж буй нь үнэн. Засгийн газрын гадаад өрийн дарамт биднийг айлгасан хэвээр. Морьтон Монголын хийморь заяа түшиж эрдсийн үнэ өссөнийг эс тооцвол бидэнд эдийн засаг өсч байна гэж хөөрөөд суух шалтгаан огтхон ч үгүй ажээ. Гагцхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, түүнд үйлчилгээ үзүүлж буй салбарын өсөлтөөр л эдийн засгийн тогтвортой байдал хангагдаж байна гэж хэлж болно. ОУВС-гийн хөтөлбөрийг батлах суурь нөхцөл нь Монголд Оюутолгой төсөл хэрэгжиж буйтай холбоотой гэж хэлж болно. Яг ийм нөхцөл байдлыг улстөрчид эрх биш мэдэж байгаа байх. Нөгөөтэйгүүр “Рио Тинто” ч Монголын нөхцөл байдлыг бас мэдэж тунгааж байгаа нь лавтай.

Ийм цаг үед төр засаг, улстөрчид төслийг Монголд илүү их ээлтэй байлгах тухайд, тодруулбал Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар чармайж байна. Товчхондоо Оюутолгойгоор оролдоход өнөөдрийн эдийн засаг маань хэтэрхий эмзэг байгааг сануулах нь зүйтэй. Зарим шинжээч “Оюутолгой” тогтворгүйтвэл цор ганц хохирогч нь Монгол улс байх болно гэж хэлдэг бол нөгөө хэсэг нь далд уурхайн бүтээн байгуулалт дуусахыг ядаж хүлээх хэрэгтэй гэж сануулдаг. Монголын засаг төрийн хүчин чармайлт буруугаар эргэвэл “Оюутолгой” төслийн тогтвортой үйл ажиллагаанд саад учруулж, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй байгааг ч судлаачид сануулж байгаа. Үүний хариулт болгож УИХ-ын Ажлын хэсгийн зүгээс гэрээг цуцлахгүй, зөвхөн сайжруулна гэж уйгагүй мэдэгдсээр байна. 

Оюутолгой бол 13 тэрбум ам.долларын мега төсөл, мөн хөрөнгө оруулагчаар дэлхийн хоёр дахь том акул ажиллаж буй төсөл гэдгээрээ ихээхэн онцлогтой, давуу талтай   гэж хэлж болно. Гэхдээ энэ нь “Монголын боломж төдийгүй бас эрсдэл” болж хувирах дүр зургийг ямар ч эдийн засагч анхнаасаа төсөөлж мэдэж байсан нь лавтай. Өөрөөр хэлбэл, нэг талаасаа Оюутолгой бол монголчуудын өсч хөгжих боломж, түүнийг ашиглах ёстой. Гэвч нөгөө талаас   зогсоовол  асуудал Оюутолгойгоор хязгаарлагдахгүй. Монголын эдийн засгийг хялбархан самарч мэдэх нөхцөл байдал бүрдэнэ гэсэн үг. “Оюутолгой сандрахад Монголын эдийн засаг дагаад эвгүйцэнэ” гэсэн афоризм зохиоход ч болмоор. Тиймээс улстөрчид популизм, өөрсдийн хувийн оноо авах үйлдлийг азнаад “Оюутолгой” төсөл дээр үндэслэл сайтайгаар хэлэлцээрт орохгүй бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болох юм бол үр дагаврыг нь улсын эдийн засаг дааж хүчрэхэд бэрх болно. Иргэдэд эдийн засгийн тогтвортой байдал юу юунаас чухал. Сүүлийн таван жилийн хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш бараг 80%-иар буурсныг мартаж болохгүй.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ



2009 онд хөрөнгө оруулалтын гэрээг зурснаар “Оюутолгой” Монголын эдийн засгийн баталгаа болсон нэгэн төсөл болж мэндлэв. Хөрөнгө оруулалтын гэрээг зурахын өмнө Усны тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Авто замын тухай хууль болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.  Энэ гэрээг тогтвортой байдлын гэрээ гэж ойлгож болно. Татвар, төлбөр зэргийг гэрээ зурах үеийн түвшинд царцаасныг бүгд мэднэ. Монгол мэтийн төр засаг нь тогтворгүй, бодлого шийдвэр нь байнга өөрчлөгддөг улсад гадаадын томоохон компаниуд хөрөнгө оруулахдаа ийм гэрээ байгуулдаг нь хэвийн үзэгдэл. Сүүлдээ тогтворгүй байдлаас хаширсан дотоодын аж ахуйн нэгжүүд ч Тогтвортой байдлын гэрээ байгуулахыг эрмэлзэх болсон билээ.

2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Оюутолгой” төсөлд холбогдох хөрөнгө оруулалт болон хувь нийлүүлэгчдийн хоёр ч түүхэн гэрээнд гарын үсэг зурсан (ХөОГ-нд Монголын Засгийн газар, Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед). Гэрээ ёсоор төсөлд Монголын тал 34%-ийг, үлдсэнийг “Айвенхоу Майнз” (одоогийн Туркойз Хилл Ресурс) компани эзэмшихээр болсон. Харин “Айвенхоу Майнз”-ын тэргүүн “Рио Тинто”-гийн дэмжлэгээр Оюутолгой уурхайн үйлдвэр, дэд бүтцийг байгуулах нь тухайн үед тодорхой болоод байсан юм.

Одоогийн байдлаар дэлхийн уул уурхайн хоёр дахь үлэмж том компани болох “Рио Тинто” “Оюутолгой” төслийн 33.5%-ийг “Туркойз Хилл” компани дахь хяналтын багц (50.8%)-аараа дамжуулан эзэмшдэг. 2012 онд “Оюутолгой” төслийн удирдлагыг Роберт Фридландын тэргүүлж байсан “Айвенхоу Майнз” бус “Рио Тинто” гартаа авч буйгаа зарласан. “Хуучин найз” Роберт Фридландаа монголчууд ийнхүү үдэж харин оронд нь шинэ найз “Рио Тинто”-г сэтгэл хангалуун угтаж авсан. 1873 онд байгуулагдсан дэлхийн уул уурхайн хоёр дахь үлэмж компани болох “Рио Тинто”-г дагаж, дэлхийн стандарт ажиллагаа Монголд хэрэгжиж эхэлсэн. “Рио Тинто”-гийн тухайд цаг үргэлж монголчуудыг төсөлд ажиллуулах ёстой гэсэн үүрэг даалгаврыг Монголын төрөөс авч байв. Эдүгээ монгол ажилчид уг Төслийн нийт ажилчдын 85%-ийг бүрдүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэгжиж эхэлсэн цагаас   “Оюутолгой” төслийг дагасан томоохон хэмжээний хөрөнгө оруулалт Монгол руу орж ирснийг бүгд мэдэж байгаа. Гэвч хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаан өрнөсөн хэвээр.

Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд зурахаас өмнө Монголын Засгийн газар хэд хэдэн асуудал дээр харилцан тохиролцох шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал төсөлд 34%-ийг үнэгүйгээр эзэмших, цаашлаад төслийн хөрөнгө оруулалтыг нөхөж дуусмагц төрийн эзэмшлийн хувийг даруй 50%-д хүргэх саналыг харгалзаж үзэх тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос санал боловсруулсан байдаг.

Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд харилцан зурцгааж бөөн баяр хөөр болов. Харин энэ дунд өнөөх хүсээд байсан зүйл заалтууд ороогүй юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд байдаг олон улсын зүйл заалт талаасаа үнэгүйгээр хувь эзэмшинэ гэдэг утгагүй байж болох ч “Оюутолгой” шиг дэлхийд гуравт бичигдэх томоохон ордын хувьд төсөлд үнэгүйгээр хувь эзэмших боломж  байсан. Гэхдээ 2009 оны үед зэсийн үнэ түүхэнд байгаагүйгээр унасан төдийгүй 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын шуурга бүрэн арилаагүй байсан үе тул Оюутолгойн гэрээг зурж, хямарсан эдийн засгаа өндийлгөхийг төр, засаг  илүү чухалчилжээ.
Үүнээс хойш Монголын төр засаг Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөөр хэд хэдэн удаа оролдсон ч ер чадаагүй, харин хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан юм. 

Хувь нийлүүлэгчдийн гэрээ

Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамтаар хувь нийлүүлэгчдийн гэрээнд гарын үсэг зурцгаасан ( гэрээнд Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Айвенхоу Майнз Монголия Инк XXK). Энэхүү гэрээнд санхүүжилтийн зардал, хувьцааны шилжүүлэг зэрэг чухал асуудлыг тусгасан бөгөөд 2011 оны зургадугаар сарын 8-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон байдаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалт дээр долоон жилд нэг удаа хувь нийлүүлэгчид санхүүжилтийн хүүний талаар дахин зөвшилцөж өөрчлөлт оруулах боломжтой байхаар тусгасан. 2009 оны гэрээн дээр Монголын талд оногдох төслийн хувь эзэмшлийн санхүүжилт буюу зээлийн хүү аймшигтай өндөр зардалтай тусч байгаа талаар асар их шүүмжлэл гарсан. АНУ-ын хэрэглээний үнийн индекс дээр нэмэх нь 9.9% байсан бөгөөд үүнийг Лондонгийн банк хоорондын хүү буюу LIBOR дээр нэмэх 6.5% болгож бууруулахаар тогтож баталсан билээ. Бас “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийг Монголын Засгийн газарт мэдэгдэлгүйгээр зарах эрхийг бүрэн хазаарласан гэрээг ч энэ үеэр байгуулсан. Тухайн үед LIBOR-ийн хэмжээ харьцангуй бага хэмжээтэй байсан бол одоо  “хөөрхөн” өсөлттэй явж байна.

2015 оны сүүлээр далд уурхайд шаардлагатай  4.4 тэрбум ам.долларын санхүүжилт босгохдоо “Рио Тинто” олон улсын томоохон банк санхүүгийн байгууллагуудаас ойролцоогоор 2.65%+LIBOR-4.4%+LIBOR-ийн хүүтэйгээр мөнгө зээлж авсан. Тиймээс “Рио Тинто”-д Монголын Засгийн газрын санхүүжилтийн хүүг бууруулахад 1-2%-ийн нөөц орон зай байж болох юм. Энэ удаа хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах гэхээсээ  санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлд ахиц гаргах боломж илүүтэй харагдана.  

Нэмэлт роялтийн хувилбар хана мөргөж болзошгүй

Нөгөөтэйгүүр Монголын Засгийн газар одоо моргейжийн зээлтэй хүн шиг явахын оронд хувь эзэмшлээсээ бүрэн татгалзаад оронд нь ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр авах хувилбарыг бодож байгаагаа илэрхийлээд амжсан. Гэхдээ энэ санаачилга нь бас л хад мөргөсөн туршлага ердөө саяхных. 2015 онд Засгийн газар уул уурхайн хоёр дахь том компаниас хувь эзэмшлээ нэмэгдүүлээч гэсэн асуудлыг хөндөхөд тухайн үеийн захирал Сэм Уолш “бид байгаадаа сэтгэл хангалуун байгаа” гэсэн агуулгатай хариултыг инээмсэглэн өгсөн билээ. Энэ хариултыг түүний халааг залгамжлан авсан эрхэм Жан Себастьян Жак давтан хариулахад бэлэн яваа байж мэдэх юм.

Хөрөнгө оруулалтын гэрээг зурснаас хойш ердөө жил гаруйн дараа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж нэмэлт роялти төлбөрийг хэрхэн авах тухай тооцооллыг оруулсан байдаг. Ингээд 2011 оны есдүгээр сард “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто”-гийн удирдлага нарт нэмэлт роялти төлбөр авах хуулийн үйлчлэлийг “Оюутолгой” компанид хамруулах тухай хэлэлцээр хийх хүсэлтийг уламжилсан. Нэг их удалгүй Монголын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ бараг өчигдөрхөн батлагдсан төдийгүй сайтар хэлэлцэж байж гарын үсэг зурцгааснаа мартуузай гэсэн эелдэгхэн хариу аваад хоцорсон. Тухайн үед олон улсын хэвлэлүүдээр Монголын Засгийн газрын ааш зан хувирч орхив гэсэн агуулгатай нийтлэлүүд гарч амжсан билээ.

Эндээс нэг зүйл тодорхой харагдана. Хөрөнгө оруулалтын гэрээ бол “Рио Тинто”-гийн гол хөзөр. “Рио Тинто” Оюутолгой төслийн дотоод өгөөжийн хувийг 20% ба түүнээс дээш гэж үздэг бол “Туркойз Хилл Ресурс” 29% гэж мэдээлдэг. Гэхдээ энэхүү өгөөжийн хувийг доошлуулах аливаа оролдлогыг хувийн хэвшил тийм ч амар зөвшөөрөхгүй болов уу гэж харагдана.

Төрийн “зуршил”

Монголын Засгийн газар “Оюутолгой” төсөлд оногдох ашгаа нэмэгдүүлэхээр ажиллах нь угтаа зөв. Гэвч “Рио Тинто” гэх туршлагатай компанитай гэрээ зөвшилцөхдөө улстөржсөн хандлагатай оролцдог зантай. Зэсийн зах зээлийн үнэ өсөхтэй зэрэгцэн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж эхэлдэг. Тэр уламжлал энэ удаад давтагдаж байна. Энэ нь зах зээлийн өсөлтийн төлөвийг угтаж харсан алхам байж болох ч эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах талаасаа цагаа олоогүй алхам болон харагдана. Гэхдээ нөгөө талаас сонгуулийн оноо авах тоглолт болгон ашиглах явдал ч улс төрийн намуудын хувьд бий. Төслийн гэрээг өөрчлөх тохиолдолд эдийн засгийн агуулгаар нь зөв харж “Рио Тинто”-той харилцах нь юу юунаас илүү чухал. Одоо Монгол улсын хувьд илүү баталгаатай зүйл нь Тавантолгойн цахилгаан станцыг урагшлуулах, ирээдүйд говийн бүсэд хэрэгжих төслүүдийн усны асууд­лыг шийдвэрлэх, “Оюутолгой” төслийн санхүүжилтийн зардлыг бууруулах алхам нэн чухлаар тавигдаж байна.

Түүнээс биш гэрээг өөрчлөх гэж хэт яаравчлах энэхүү оролдлого нь эдийн засагт тогтворгүй байдал авчирвал хөрөнгө оруулалтын уур амьсгалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үр дүнд нь иргэд л хохирно. 

Салбарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зэсийн өсөн нэмэгдэх роялтийн хувийг овоо өндрөөр тогтоож өгсөн. Үүгээр “Эрдэнэт үйлдвэр”-ээс төсөвт хураах орлогыг нэмсэн. Улсын өмчит компани учир татварыг тултал нь төлөх уриатайгаар ажиллаж эхэлсэн. Энэхүү шийдвэрт тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг эзэмшиж байсан Оросын тал буурь зааж нэг их юм ярилгүй үлдсэн. Мэдээж Орос их гүрний хувьд ялих шалихгүй жижиг асуудалд тэр бүр ам ангайгаад байх нь зохисгүй санагдсан байж болох юм. Сүүлд ОХУ-ын төрийн эзэмш­лийн “Ростех” корпорацид Эрдэнэт үйлдвэ­рийн хувь эзэмшлийг шилжүүлсэн ч ердөө саяхан үр ашиг багатай гэсэн үндэслэлээр Монголын талд худалдсан. Харин “Рио Тинто” ашгийн төлөө хувийн компани учир “Оюутолгой” дээр Эрдэнэтийн жишгийг дагахгүй нь тодорхой. 

Хамгийн сүүлд тавдугаар сарын дундуур Миами хотноо болсон  Bank of America Merrill Lynch-ээс зохион байгуулсан хурал дээр тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас авахуулаад Өмнөд Африк, Монгол, Австрали зэрэг улсад эрдэс баялгийн үндсэрхэг үзэл эрчээ авч эхэлж байна. Гэхдээ эдгээр асуудалд эрүүл саруул байр суурь зонхилно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.  “Рио Тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группын Гүйцэтгэх захирал Арнауд Суарат тавдугаар сард болсон Монголын эдийн засгийн чуулганд хийсэн илтгэлдээ Монгол руу ирээдүйд хөрөнгө оруулалт хийх болбол гадаадын хөрөнгө оруулагчид “Оюутолгой” төслийг шалгуур кэйс болгон харах болно гэдгийг мөн уламжилжээ.