Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Цэнгэл: Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн хилийн холболтын цэгийг яаралтай шийдэх ёстой



The Mongolian Mining Journal /2018.005/

“Монголын төмөр зам” (МТЗ) ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэлтэй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт болон Монгол, Орос, Хятад гурван улсыг холбох “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хүрээнд  хийгдэж буй Зүүн коридорын төмөр замын төслийн ажлын явц байдал болон бусад асуудлаар ММJ-ийн Г.Идэрхангай  ярилцлаа.


Төмөр зам ашиглалтад ороогүйн улмаас алдсан боломж, барих өртгөөсөө үнэтэй тусч байна


“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай яригдаж байна. Бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах шинэчилсэн хувилбарын талаар “Монголын төмөр зам”-ын удирдлага  ямар байр суурьтай байна вэ?
Юуны өмнө компанийнхаа чиг үүргийг товч танилцуулъя. “Монголын төмөр зам“ ТӨХК нь төмөр замын салбарт улсын төсвийн ба гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, “Шинэ төмөр зам” төсөл буюу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын нэг, хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажиллахаар 2008 онд байгуулагдсан.

Бодлогын баримт бичгийг шинэчлэх төсөлд МТЗ өөрийн саналаа тусгасан. Зарчмын хувьд баримтлах ёстой гол үзэл баримтлал бол улс орон уул уурхайн экспортоос хамааралтай, эдийн засгийн чадавх хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд үнийн ба үнийн бус өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүхий нийгэм, эдийн засгийн ач холбогдол өндөртэй төслүүдийг ач холбогдлыг нь харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

Өнөөдөр уул уурхайн салбар Монголын эдийн засагт тэргүүлж, экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг эзэлж байна. Уул уурхайн салбарын цаашдын өсөлт, хөгжлийг дэд бүтцийн тэр дундаа төмөр замын дэд бүтцийг хөгжүүлснээр хангах учиртай. Бид эхний ээлжинд төмөр замын дэд бүтцийг уул уурхайн томоохон ордуудын бүтээгдэхүүнийг тээвэрлэн экспортод гаргах чиглэлүүдийг сонгож барих хэрэгтэй гэж үздэг. Ингэснээр манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.

Төмөр замын шинэ бүтээн байгуулалтын хувьд хамгийн гол нь улс төрийн орчноос хамааралгүй урт хугацааны бодлого зохицуулалтын тогтвортой орчин бүрдүүлэх, мөн төслийн бэлтгэл ажлын санхүүжилт болон улс өөрийн хувь эзэмшилд ногдох хэмжээний хөрөнгийн санхүүжилтийг төсвийн тусгай сан байгуулах хүрээнд шийдвэрлэн санхүүжүүлдэг байх шаардлагатай байна.

МТЗ компанийн өмнөх удирдлага “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд баригдах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2017 оны хавраас эхлүүлж, 2019 онд ашиглалтад оруулна гэж байсан. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын санхүүжилтийг ямар арга замаар шийдвэрлэх гэж байна вэ?
Энэ төслийн хувьд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх, холбогдох бэлтгэл ажлыг хангах талаар онцгой анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдүүлэхээр ажиллаж бай­сан ч амжилтгүй болсон. Өнөөгийн байд­лаар бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран төслийн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

Төмөр замын далангийн ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй хийсэн ч 208 км яваад зогссон. Үүнийг төмөр замын холболтын цэгээ хоёр тал сайтар тохироогүйтэй холбож тайлбарладаг. Хил холболтын цэгийг тохирсон уу?
Нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал бол төмөр замын хил холболтын цэгийг тогтоох явдал.
Хил холболтын цэгийг тогтоосноор бид хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэлэлцээгээ байгуулах, холбогдох бэлтгэл ажлыг гүйцээх боломжтой болно. Хөрш орнуудыг холбох дэд бүтцийн төсөл болохын хувьд Монгол-Хятад хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, итгэлцэл, түншлэлийн асуудал маш чухал  гэдгийг хэлье.

Хил холболтын цэгийг Монгол, Хятад хоёр улсын хилийн хэлэлцээгээр тогтоох ёстой байдаг. Монгол улсын санал бол хилийн 699-700 дугаар баганын хооронд буюу өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил хүрсэн 208.5 км дэх цэгээс цааш улсын хил хүртэл 12.1 км үргэлжлэх трасстай хувилбар байгаа.

Манай компани төмөр замын хил холбох цэгийн асуудлаар шаардлагатай судалгааны ажлуудыг хувилбарт байдлаар гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд Хятадын талын хил холболтын саналын хувилбараар   төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Энэ судалгаагаар Хятадын талын санал болгож буй хил холбох цэг хүртэлх трассын уртыг 37.8 км-ээс 30 км болгон богиносгох боломжтойг тогтоосон.

Хятадын талын санал болгож буй хувилбараар манай төслийн барилга угсралтын зардал 75 сая ам.доллараар нэмэгдэх боловч нүүрс тээвэрлэх зай Монгол улсын нутагт 22.8 км-ээр нэмэгдэж буйгаас үүдэн тээвэрлэлтээс олох орлого 10 орчим хувиар өсөх боломжтой. Энэ тохиолдолд төслийн хөрөнгө оруулалтын өгөөж, зээлийн санхүүжилтийг эргэн төлөх хугацаа нөгөө хувилбартайгаа ойролцоо болохоор байгаа нь санхүүгийн үр дүнгийн хувьд  ч ашигтай юм.

Одоогийн авто замаар хийгдэж байгаа нүүрс тээвэрлэлтийн зардалтай харьцуулахад төмөр замын тээврийн зардал хэр ашигтай байх бол?
Бидний байнга санах ёстой нэг зүйл бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг ашиглалтад оруулж чадахгүй, өртөг өндөртэй авто тээвэр хийж буйн улмаас төмөр замын тээвэрлэлттэй харьцуулахад одоогоор тонн тутамд 20 гаруй ам.долларын илүү зардал  (өнөөгийн экспортын түвшин болох жилийн 12 сая тонноор тооцоход) гарч байна. Энэ нь жил тутам 200 орчим сая ам.долларын хэмнэлт хийх боломжийг алдаж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр энэхүү хэмнэлтийн дүнгээр цааш тээвэрлэх зай сунана гэж үзвэл БНХАУ-ын нутгийн гүн рүү 500-1000 орчим км-ээр илүү зайд төмөр замын тээвэрлэлт хийж, нүүрс борлуулалтын зах зээл тэлэгдсэнээр экспортын орлого жил тутам 0.5-1 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой байлаа. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг хэрэгжүүлж чадахгүй хугацаа алдаж буйгаас шалтгаалсан эдийн засгийн алдсан боломж нь бидний хэмнэх гээд байгаа 75 сая ам.доллараас хамаагүй өндөр дүнтэй байгаа юм.

Сүүлийн үед Зам тээврийн сал­бар хариуцсан сайд Тавантолгой-Гашуун­сухайтын төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулагдах 1.5 тэрбум ам.долларыг төрөөс гаргах боломжгүй. “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ре­сурс” зэрэг  Тавантолгой ордын ол­бор­­­логч компаниуд нэгдэх байдлаар төмөр замын санхүүжилтээ өөрсдөө бос­гох асуудлыг хөндөх болсон. Энэ та­лаар танай байр суурийг сонирхмоор байна?
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөл  хэрэгжсэнээр хамгийн их ашиг тус хүртэх салбар нь уул уурхай. Үүнийгээ ч “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниуд ухамсарлан эрчимтэй, санаачилгатай ажиллаж байна. МТЗ-ын хувьд хамтарсан төслийн компанийн дор хаяж 51%-ийг эзэмших төдийгүй тээвэрлэлтийг хариуцан явуулах нь ойлгомжтой юм.

Тавантолгой-Сайншанд болон Ши­вээ­хүрэн­гийн боомтын төмөр замыг эхлүүлэхээр хөрөнгө босгох ажлыг холбогдох газрууд эрчимтэй хөөцөлдөж байна.  Хөөт-Нөмрөгийн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг ч  боловсруулж  байгаа гэсэн?
Тавантолгой-Сайншанд, Хөөт-Нөмрө­гийн чиглэлийн төмөр замын төслүүдийн хувьд  техник, эдийн засгийн үндэслэл зэрэг суурь судалгааг хийж байгаа. Шивээхүрэнгийн боомтын төмөр замыг боомтын хэмжээнд буюу 13 орчим км хувилбараар биш харин Нарийнсухайт-Шивээхүрэн-Сэхэ чиглэлээр буюу уурхай хүртэлх 46 орчим км-ийн хувилбараар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Учир нь эдийн засгийн тооцооллоор авто тээвэр-буулгалт-ачилт-боомтын төмөр зам гэсэн хувилбар нь шууд уурхай­гаас төмөр замаар тээвэрлэх хувилбартай харьцуулахад өртөг өндөртэй, одоогийн явагдаж буй авто тээврээс ч үнэтэй туса­хаар байгаа юм. Бид Нарийнсухайт-Шивээ­хүрэнгийн төслийг бүс нутаг дахь уул уурхайн компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.

Шинээр төмөр зам барих төсөл хөтөлбөрүүдээс гадна Богдхан төмөр замын ТЭЗҮ боловсруулах, “Аспайр майнинг”-ийн  “Эрдэнэт Овоот”-ын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлууд эрчимтэй яригдаж байна. “Эрдэнэт Овоот” чиглэлийн төмөр замыг 2019 оны хавраас эхлүүлэхээр яригдаж байна. МТЗ  компани эдгээр төмөр замын төсөлд ямар оролцоотой байх вэ?
Эдгээр төсөл нь Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээний хөгжилд чухал ач холбогдолтой. Манай компанийн хувьд “Эрдэнэт-Овоот”, “Богдхан” төмөр замыг ашиглах, шилжүүлэх шатанд хүлээн авах боломжтой.

ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд И.К.Азизов манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн өргөн царигтай төмөр зам баригдвал “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлэгчийн хувьд Оросын тал төсөлд хамтран оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нарийн царигтай төмөр зам, Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн өргөн царигтай төмөр замын алиныг түрүүлж барих  Монголын талын байр суурь тодорхойгүй байна гэж ярьсан. Энэ талаар MТЗ компани  байр сууриа  илэрхийлнэ үү?
Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн санхүүгийн үр ашиг, эдийн засгийн ач холбогдол өндөр, амьдрах чадвар сайтай, эрсдэл багатай төслөө түрүүлэн ашиглалтад оруулахыг чухалчилж байна.

Энэ утгаараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг эхний ээлжинд бүтээн байгуулах нь чухал. Тэгээд ч уг төмөр замын бүтээн байгуулалтын ажлын 52 орчим хувийг гүйцэтгээд байгаа шүү дээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам өргөн царигаар баригдвал бүтээн байгуулалтад мөн Оросын тал оролцоход нээлттэй байна. Тус төмөр зам хэдийд баригдах вэ? Хөрөнгө оруулалт нь хэрхэн шийдвэрлэгдэх бол?  
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл манай хөрш хоёр орны аль алиных нь сонирхлыг маш ихээр татаж байгаа нь үнэн. Манай компани тус төслийн техник, эдийн засгийн суурь судалгааг 2016 онд гүйцэтгэсэн. Тиймдээ ч  өнөөг хүртэл ЗТХЯ-ыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байгаа.

Түүнчлэн бид БНХАУ-ын CREC буюу Хятадын төмөр замын зураг төслийн зөвлөх групп компанитай байгуулсан санамж бичгийн хүрээнд тус чиглэлийн ТЭЗҮ-ийн судалгааг гүйцэтгүүлж, одоо хяналтын шатандаа шүүмж саналаа өгөөд явж байна. Төслийг хэн хэрэгжүүлэхийг Засгийн газар шийднэ.Түүнчлэн царигийн асуудлыг УИХ-аас шийдвэрлэнэ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих өртгийг Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын өртгийг жишиг болгон тооцоход ойролцоогоор 1 тэрбум гаруй ам.доллар шаардагдана гэдэг.  Энэ тооцоолол хэвээр байгаа юу, өөрчлөгдсөн үү?
Тиймээ. Энэ бол MТЗ компанийн урьдчилсан судалгаагаар тодорхойлогдсон дүн. Хятадын төмөр замын зураг төслийн зөвлөх групп компанийн гүйцэтгэж буй ТЭЗҮ эцсийн байдлаар батлагдахад төслийн хөрөнгө оруулалтын зардал илүү тодорхой болно. Ерөнхийдөө бидний дотоод судалгааны дүнтэй ойролцоо гарах төлөвтэй байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар жилд дунджаар хэчнээн тонн ачаа тээвэрлэгдэнэ гэж тооцож байгаа вэ?
МТЗ-ын судалгаагаар 15-21 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэсэн тооцоо бий.

Тавантолгой-Гашуунсухайтын гол төмөр замаас Оюутолгойн баяжуулах үйлдвэр хүрэх салаа төмөр замд МТЗ хэр ач холбогдол өгч ажиллаж байгаа вэ?
“Оюутолгой”-н ТЭЗҮ-ийн судалгаанаас үзэхэд далд уурхай ашиглалтад орсны дараа нийтдээ 2 сая гаруй тонн зэсийн баяжмал жилдээ үйлдвэрлэх төлөвлөгөөтэй юм билээ. Зэсийн баяжмалын тээврийн тариф харьцангуй өндөр байх боломжтой тул Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлд тус чиглэлээс ирэх ачаа өндөр ач холбогдолтой.

Монголын нүүрс, бараа бүтээгдэхүүнийг Алс Дорнодын боомтууд руу транзит тээвэр хийх тохиолдолд Оросын талаас төмөр замын транзит тээврийн 93%-ийн хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ талаар илүү нарийвчилсан мэдээлэл өгч болох уу?
Энэ хэлэлцээ амжилттай болж, бидний хүсч буй хувь хэмжээгээр тохиролцож байгаа гэсэн ойлголттой л байна.


Төмөр замын зүүн коридор Монгол Улсын зүүн бүс төдийгүй зүүн хойд азийн хэмжээнд ач холбогдолтой

Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд судлан хэрэгжүүлэхээр тогтсон 32 төслийн жагсаалтад Зүүн коридор буюу “Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр зам багтсан. Коридор байгуулах асуудал, эдийн засаг, техникийн судалгааны түвшинд явагдаж байна.  Энэхүү бүтээн байгуулалтын ажлын явц байдлын талаар мэдээлэл өгнө үү?
Узбекистаны нийслэл Ташкент хотноо 2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр болсон Монгол улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтаар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт багтаж буй “Төмөр замын зүүн коридор” буюу Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян-Жиньжоу/Паньзинь чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Зүүн коридорын Монгол улсын нутаг дэвсгэрт хамрах хэсэгт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслүүд орж байгаа. Энэ төмөр зам баригдсанаар Транс-Сибирийн төмөр зам ба БНХАУ-ын зүүн хойд бүсийн төмөр замын сүлжээтэй холбогдон Европ-Азийг холбосон транзит тээврийн шинэ гарц бий болно.

Урьдчилсан төсөөллөөр Зүүн босоо коридор байгуулагдсанаар Забайкальск-Манжуур боомтоор дамждаг төмөр замын тээвэртэй харьцуулахад тээврийн өртгийг 4-6 ам.доллар (үндсэн тарифаар) хүртэл бууруулж, аялах замыг 200-300 орчим км-ээр богиносгох боломжтой.

Манай компани Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийн судалгааг Хятадын төмөр замын инженер консалтинг (CREC) компаниар, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийн судалгааг Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэн компаниар хийлгэн урьдчилсан байдлаар хүлээж аваад байна. 

МТЗ компани 2018 оны нэгдүгээр сарын 22-23-нд “Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтыг Монгол улсын зүүн бүс нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, гурван улсын төрийн ба төрийн бус байгууллагуудын 200 гаруй төлөөллийг хамруулан зохион байгуулсан.

Зөвлөгөөний хэлэлцүүлгийн үр дүнд Монгол улсын нутаг дэвсгэр дэх Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьснаар ОХУ, БНХАУ-ын сүлжээтэй холбогдох транзит тээврийн гарцыг нээж гурван улсын бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах Ази-Европыг холбосон тээврийн коридор бий болох, улмаар гурван улсын бүс нутгуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол улсын зүүн бүсийн ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон талын ач холбогдолтойг цохон тэмдэглэж Зөвлөмж гаргасан.

“Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсны үр дүнд ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болсон тул холбогдох ТЭЗҮ-ийн судалгаануудыг шинэч­лэх чиглэлээр манай компани  ажиллаж байна.

Төмөр замын зүүн коридорыг хөгжүүлэхийн тулд манай улс ихээхэн идэвх гаргаж байгаа нь сүүлийн үеийн улс төрийн айлчлалууд, Санамж бичгүүдийн агуулгаас харагдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хятадад айлчлах үеэр танай компани “Башинь төмөр зам”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулахаар Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт тусгасан.

Энэ хүрээнд “Башинь төмөр зам” ХХК-тай 2015 онд байгуулсан Санамж бичгээ шинэчлэн байгуулахаар тохирсны дагуу 4 дүгээр сарын 11-нд шинэчлэн байгууллаа.

Санамж бичигт тусгасан ёсоор Хөөт-Бичигтийн төмөр замын Төслийн хамтарсан компани байгуулах юм.  Хамтарсан  компанийн 51%-ийг “МТЗ” ТӨХК, 49%-ийг Хятадын “Башинь төмөр зам” ХХК эзэмшиж хамтран хэрэгжүүлнэ. Төмөр замын барилгын ажилд талууд өөрсдийн оролцооны хувь хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх ба шаардлагатай бол санхүүжилтыг Хятадын талаас 100% шийдэх боломжийг ч бас тусгасан.

“Башинь төмөр зам” ХХК нь Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэн компанийн гүйцэтгэж буй Хөөт-Бичигтийн төмөр замын ТЭЗҮ-ийг олон улсын банк санхүүгийн байгууллагын шаардлага хангасан түвшинд боловсруулж өгөх үүрэг хүлээсэн. Мөн хоёр тал Хөөт орчимд аж үйлдвэрийн парк барих, Хятад улсын Паньзинь, Жинжоу боомтуудад Тээвэр логистикийн төв байгуулах төслүүдийг хамтран судлах зэрэг хамтын ажиллагааны бусад хэлбэрүүдээ тодорхойлоод ажиллаж байна.

Саяхан болсон “Транзит Монгол-2018” форумын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК, ОХУ-ын “Мосгипротранс” ХК-тай Зүүн төмөр замын асуудлаар харилцан ойлголцлын санамж бичгийг бас  байгууллаа. Хоёр хөршийн төмөр замын холбогдох байгууллагатай хамтран ажиллах гарцаа бий болгосноор Зүүн коридорын бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байна гэж ойлгож болох уу?
Москва хотноо болсон “Транзит Монгол-2018” олон улсын форумд манай компани оролцож “Төмөр замын зүүн коридор” сэдвээр илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг явуулсан. Энэ үеэр ОХУ-ын “Мосгипротранс” ХК-тай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь дэвшилттэй алхам болсон. “Мосгипротранс” бол дэд бүтэц, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, хайгуул, судалгаа шинжилгээний чиглэлээр олон улсад тэр дундаа Монгол улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн арвин туршлагатай хүрээлэн.

Манай компани энэхүү хүрээлэнтэй Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан Төмөр замын зүүн коридорын Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахаа Санамж бичигтээ тодорхойлон тусгасан.

Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нь Зүүн коридорын нэг хэсэг болох бөгөөд энэ утгаар бид зүүн бүсийн төмөр замыг ОХУ, улмаар Европ, Хятад улсаар дамжин далайн боомтуудад хүрэх хамгийн дөт гарц гэж үзээд коридорын хэмжээнд цогцоор нь тооцоо судалгаа хийх, зураг төсөл боловсруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай  байгаа.
Миний хувьд Орос, Хятадын түншүүдтэйгээ Зүүн коридорын хэмжээнд хамтран ажиллах эхний алхмаа хийлээ гэж үзэж байна. Монголын зүүн бүсийн төмөр замыг Европ, Азийг холбосон олон улсын төмөр замын транзит тээврийн томоохон гарц болгох тал дээр анхааран ажиллаж байна.

БНХАУ-ын Засгийн  газраас манай улсад 50 жилийн хугацаатай, хөнгөлттэй нөхцөлөөр Тяньжины чөлөөт бүсэд олгосон 10 га газарт Хятадын талтай хамтран Ложистик төв байгуулах төслийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх эрхийг МТЗ компанид даалгасан. Энэ чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ? 
Энд нэг зүйлийг тайлбарлахад Тянжины чөлөөт худалдааны бүсийн 10 га газарт Тээвэр логистикийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэх боломжийг Монгол Улсад олгосон хэдий ч энэ нь Хятадын талтай хамтарсан төслийн компани байгуулснаар тус газрыг эзэмших, ашиглах эрхтэй болох юм.

Өнөөгийн байдлаар Монгол улсын Шадар сайдын тушаалаар төслийг эрчимжүүлэх үүрэг бүхий Зам, тээврийн хөгжлийн Дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Бидний эхний зорилт БНХАУ-ын Тянжин хотын Ардын Засгийн газар болон Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /хуучин нэрээр/-ны хооронд 2009 онд байгуулсан хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичгийг шинэчлэх, үүний дараа төсөлд МТЗ-тай хамтран ажиллах дотоодын хувийн хэвшлийн байгууллагыг сонгон шалгаруулна. Энэхүү Монголын талын хамтарсан компани нь Хятадын талтай төслийн компаниа байгуулах юм.

төмөр замын төслүүд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологитой байх болно

“Монголын төмөр зам” компани нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ? Хоёр байгууллагын хооронд сүүлийн үед хийж, хэрэгжүүлж байгаа, цаашид хийгдэх томоохон  ажлуудын талаар мэдээлэл өгнө үү?

Манай компани 2008 онд байгуулагдсан цагаас эхлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран ажиллаж ирлээ. Өнөөгийн байдлаар томоохон хамтын ажиллагаанд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1995 онд баригдсан Замын-Үүд дэх шилжүүлэн ачих цогцолборын ашиглалт, мөн 2016 оноос үйл ажиллагаа явуулж буй Төмөртэйн төмөр замын ажлыг тээвэр зохион байгуулалтын хувьд уялдуулах зэргээр УБТЗ ХНН-тай хамтарсан үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн ачааны 10 битүү, 50 тавцант вагоныг УБТЗ-д түрээслүүлж, 3 зүтгүүр Замын-Үүд хэсэгт зөөврийн ажилд түрээслэн ажиллаж байна. Ойрын үед эдгээр зүтгүүрийг УБТЗ-ын гол замд явуулахаар яриа хэлэлцээ хийж байна. Түүнчлэн тээврийн бүтээмжийг нэмэгдүүлж үр ашигтай ажиллах, галт тэрэгний сул зогсолтыг багасгах, сургалт гэх мэт олон чиглэлээр хамтарч ажиллаж байна.

МТЗ  компани өнөөдөр хэдий хэмжээний хөдлөх бүрэлдэхүүний парктайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ? Хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлаа нэмэх талаар ямар стратеги бодлоготой ажиллаж байгааг сонирхъё?
“Монголын төмөр зам” компанийн хөдлөх бүрэлдэхүүнд АНУ, БНХАУ, ОХУ зэрэг  улсад үйлдвэрлэсэн 9 зүтгүүр, БНХАУ-д үйлдвэрлэсэн 245 ачааны вагон байдаг. Цаашид шинэ төмөр замын төслүүд хэрэгжсэн тохиолдолд орчин үеийн, хамгийн өндөр чадал, сүүлийн үеийн технологитой хөдлөх бүрэлдэхүүнүүдийг шинэ төмөр замуудад хэрэглэхээр төлөвлөж байна.

Танай компани дотооддоо вагон үйлдвэрлэх томоохон төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлэл гарч байсан. Өнөөдрийн төмөр замын эрэлт хэрэгцээг хангах хэмжээний ачааны вагон үйлдвэрлэх боломж бий юу?
Ачааны вагоны үйлдвэр нь жилд 1000 ширхэг вагон үйлдвэрлэх хүчин чадалтай байх  бөгөөд “Шинэ төмөр зам”, “Эрдэнэт-Овоот”, “Зүүнбаян-Ханги” зэрэг төмөр замын төслүүд болон бусад уул уурхайн төслүүдэд нийтдээ 14000 гаруй вагоныг нийлүүлэх боломжтой. “Ачааны вагоны үйлдвэр”-ийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулахад нийтдээ 60.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тус төслийг хэрэгжүүлэх гол урьдач нөхцөл нь “Шинэ төмөр зам” төсөл тул одоогоор судалгаа, бэлтгэл ажлын түвшинд явагдаж байна. Үйлдвэрийн ТЭЗҮ яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр дэмжигдсэн.

Ярилцсанд баярлалаа.