Австралийн уул уурхайн BHP Billiton компани Баруун Австрали мужид төмрийн хүдрийн South Flank орд газарт уулын баяжуулах үйлдвэр /УБҮ/ байгуулах шинэ төсөл эхлүүлсэн байна. Төсөл нь нийт 3.4 тэрбум ам.долларын өртөгтэй. Ордын 85%-ийг эзэмшдэг BHP Billiton компани уг төслийг Японы “Иточу” корпораци (8%) болон “Мицүй” компаниудтай (7%) хамтран хэрэгжүүлж байна.
Компаниуд хувь эзэмшлээсээ хамааран УБҮ байгуулах төсөлд хөрөнгө оруулна. Хамгийн их хувь эзэмшилтэй BHP Billiton компанийн хувьд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах юм.
South Flank ордын УБҮ-ийг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ордын төмрийн хүдрийн нөөц үйлдвэрийг 25 жил ашиглахад хүрэлцэх тооцоотой. Энэхүү шинэ төслийн үйлдвэрлэл нь одоо жилд 80 сая тонн төмрийн хүдэр олборлож буй Yandi уурхайн үйлдвэрлэлийг нөхөх зорилготой юм. Yandi ордын нөөц 2022 онд бүрэн шавхагдах аж.
BHP Billiton компанийн Ерөнхийлөгч Майк Хенрийн мэдэгдсэнээр, South Flank ордын төмрийн хүдэр маш өндөр чанартай. Yandi ордын төмрийн хүдэр 58%-ийн төмрийн агуулгатай бол шинэ ордын хүдэр төмөр 62-63%-ийн агуулгатай. Бүтээгдэхүүний чанар ийнхүү нэмэгдсэнээр БНХАУ-д нийлүүлж буй компанийн төмрийн хүдрийн экспортын өсөлтөд нөлөөлнө гэж үзжээ.
Төмрийн хүдрийн үйлдвэрлэл явуулдаг бусад томоохон компаниудын тухайд, “Fortescue Metals Group” нь 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй Eliwana төсөлд хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа бол “Рио Тинто” групп ойрын хугацаанд 2.2 тэрбум ам.долларын өртөгтэй Koodaideri төслийг хэрэгжүүлэх талаар тодорхой шийдвэр гаргах хүлээлттэй байна.
Э.Од