Бодлого
Монголын нүүрс далайд хүрэхэд ямар өртөгтэй вэ?
2018-09-10
The Mongolian Mining Journal /2018.007/
Э.Оджаргал
Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд зургадугаар сарын 8-нд хоёр улсын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээрийг үзэглэх ёслол болсон билээ. Хэлэлцээрт Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И. Дитрих нар гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэрлэлтэд ямар хөнгөлөлт авах боломж бүрдэж байгаа нь хамгийн чухал асуудал юм. Тухайн хөнгөлөлттэй нөхцөл Монголын нүүрсийг Алс Дорнодын боотоор гуравдагч оронд экспортлох тээврийн өртгийг хэрхэн бууруулах, түүнчлэн Хятадын нутгаар дамжих тээврийн зардалтай өрсөлдөхүйц байж чадах уу гэсэн асуултад хариулт олохыг зорилоо.
Далайд гарцгүй, газар зүйн хувьд хөрш Орос, Хятад улстай л хиллэдэг Монгол Улсын хувьд экспортын бараа бүтээгдэхүүнээ зөвхөн хөрш хоёр орны нутгаар дамжин гуравдагч зах зээлд хүргэх боломжтой. Хэрвээ Оросын талаас тодорхой хөнгөлөлтийг бодитоор үзүүлэх аваас дан ганц Хятад гэлтгүй Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг гээд гуравдагч орнуудад эрдсийн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсээ экспортлох хоёр дахь гарц нээгдэнэ.
Орос: Якунины саналыг өнөөдөртэй харьцуулах нь
Монгол Улс болон Орос, Хятад нь Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад (ОСЖД) нэгдсэн улсууд юм. ОСЖД-д нэгдсэн улс орнууд төмөр замын транзит тээвэрлэлтдээ тус байгууллагаас 1991 онд баталж, 2018 оны нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулсан “Нэгдсэн нэвтрэх тариф” (ННТ)-ыг мөрдлөг болгодог.
Оросын талтай үзэглээд буй дээр тусгасан хэлэлцээрийн гол нөхцөл нь Монголын дамжин өнгөрөх тээвэрт ННТ-аас 66.4%-ийг нүүрсний тээвэрт, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт үзүүлэх аж. Энэхүү хөнгөлөлттэй тарифыг 25 жил тогтвортой байлгахаар хэлэлцээрт тусгажээ. Хэлэлцээрийн гол ач холбогдлыг Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Дамжин өнгөрөх ачаа тээврийн чиглэлийн тарифын түвшинг бусад чиглэл дэх тарифын түвшин эрс өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тарифтай өрсөлдөхүйц байдлаар тохиролцох боломжтой” гэж тодотгон хэлэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас БНХАУ-аар дамжин тээвэрлэх ачаа тээврийн тариф огцом өөрчлөгдөхөд ОХУ-аас үзүүлэх транзит тээврийн тарифыг мөн бууруулах зохицуулалт бий болж байна гэсэн үг юм.
Оросын талтай есөн жил ярилцаж байж биелэл боллоо гэж албаныхан онцолж буй энэхүү хэлэлцээр нь талууд дотоодын ажиллагааг гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөржих юм.
Эргэн сануулахад, 2010 онд РЖД-ийн Ерөнхийлөгч В.И.Якунинаас тухайн үеийн ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулгад хаягласан захидалд “ОХУ-ын төмөр зам, Монгол Улсын төмөр замын байгууллагууд нь “Нэгдсэн нэвтрэх тариф”-ийн оролцогч нар бөгөөд Орос улсын төмөр зам Монгол Улстай зөвшилцөх байдлаар транзит ачааны зэрэглэл, вагоны ачилт ба бусад үзүүлэлтээс хамаарч нэмэлт коэффициентууд ашигладаг. Тухайн нэмэлт коэффициентуудыг ашиглах дүрэм нь Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн оролцогч улсуудын хооронд 2010 онд ачаа тээвэрлэх Төмөр замын үнийн бодлогод тусгагдсан. 1992 оны аравдугаар сарын 19-ний өдөр Москва хотноо батлагдсан Монгол Улсаас ОХУ-аар дамжин далай руу гарах ба транзит тээвэрлэлт хийх талаарх ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын байгуулсан тогтоолын дагуу ОАО РЖД нь Монголоос Оросын төмөр замаар, мөн Алс Дорнодын зогсоолуудаар дамжих транзит ачаа тээвэрлэлтийн таатай үнийн бодлогыг бүрдүүлж байна. 2010 оны гуравдугаар сарын 10-11-нд зохиогдсон РЖД ба “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн мэргэжилтнүүдийн оролцсон уулзалт дээр Монгол Улсаас Оросын Алс Дорнод зүгийн боомтууд руу нүүрсний транзит тээвэрлэлт хийх боломжтой эсэх талаар яригдсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Наушки ба Соловьевскийн гаалиар дамжин Алс Дорнодын боомтоор гуравдагч орнууд руу хүрэх нүүрс тээвэрлэлтийн бууруулах коэффициент 2010 онд 0.48 хэвээр үлдэхийг Танд мэдэгдэж байна. Тиймээс Соловьевск-Ванино ба Владивосток станцууд руу 68 тонн даацтай вагоноор (хагас вагон) 1 тонн нүүрс тээвэрлэх ханш 26.3 швейцар франк болно. Энэ нь Нэгдсэн нэвтрэх тарифаас 65%-иар бага байна. (0.9 бууруулах коэффициент ба хоёрдугаар зэрэглэлийн ачааг 40 тонноос их даацтай ачихад хэрэглэх 0.8 коэффициентүүдийг тооцоод)” гэсэн хөнгөлөлт бүхий тарифын санал ирүүлж байсан билээ.
Энэхүү бууруулах коэффициентийг мөрдөх тухай хэлэлцээрийн төслийг талууд тохиролцож, тэрхүү баримт бичигт хоёр улсын Зам тээврийн сайд нар (ОХУ-ын Тээврийн сайдын орлогч А.Н.Недосеков, Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот төлөвлөлтийн Дэд сайд А.Гансүх) гарын үсэг зурсан байдаг. Ингэхдээ тухайн хөнгөлөлттэй тарифыг 25 жил ба түүнээс дээд хугацаатай Оросын төмөр замаар Наушки ба Соловьевск гаалиар дамжин Оросын боомтоор гуравдагч орнууд хүрэх Монгол Улсын эрдсийн экспортын тээвэрлэлтэд ашиглах талаар цаашид хэлэлцэхээр тогтоод байсан юм.
Тухайн үед буюу Тавантолгойн орд дахь хөрөнгө оруулагчдын тендер шалгаруулах үйл явц ид өрнөж байсан 2011 онд Оросын нутгаар дамжин тээвэрлэлт хийж Алс Дорнодын боомтоор нүүрс экспортлох туршилтыг “Энержи Ресурс” компани хийсэн бодит тооцоо бий. Тавантолгой ордоос Чойр хүртэл шороон замаар тээвэрлэж, цааш нь төмөр замаар Находка боомт хүргэхэд 1 тонн нүүрсний зөвхөн тээвэр, логистикийн зардал 171 ам.доллар болж байжээ. Гэхдээ энэ нь Оросын талын төмөр замын тарифын ямар ч хөнгөлөлтгүйгээр тээвэрлэсэн үнэ юм.
“Чойр хүртэл 1 тонн нүүрсийг машинаар тээвэрлэхэд 38 ам.доллараар авчирна. Цаашаа тээвэрлэхэд 35 ам.доллар, үүнийг оросууд хөнгөлөөд 31 ам.доллар гэж байгаа. Дээр нь вагоны түрээс нэмэгдэнэ. Оросоос вагон түрээслэхэд өдрийн 100 ам.доллар бөгөөд вагон ирж, очиход 14 хоног явна. Хоосон буцаж байгаа нэг талын вагоны түрээсийг оросууд авахаа больё гэж байгаа. Тэгэхээр 7 хоногийн вагоны төлбөр 700 ам.доллар. Үүнийг ачиж байгаа 60 тонндоо хуваая. Эндээс 170 ам.доллар гэсэн үнэ гарч байгаа юм” гэсэн тойм тооцоог Төмөр замын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар MMJ сэтгүүлийн 2013 оны №003 (053) дугаарт өгсөн ярилцлагадаа задлан тайлбарлаж байв. Тэрээр Оросын талаас үзүүлэх 0.48 коэффициентийн хөнгөлөлтийг Хятадын Тянжин боомт хүртэлх өртөгтэй харьцуулан тайлбарлаж, доорх хүснэгтээр харуулсан юм.
Өнөөдрийн байдлаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Монголоос 1 тонн нүүрсийг Оросын нутгаар дамжин төмөр замаар тээвэрлэхэд 33 орчим ам.долларын тарифтай байгаа бөгөөд Алс Дорнодын боомт дээр усан онгоц руу тонн тутмын ачилт 23 ам.доллар байна. Хэрэв төмөр зам тавигдах юм бол Тавантолгой ордоос хойд хил Наушки хүртэл шороон замаар нүүрс тээвэрлэх өнөөгийн зардал 38 ам.доллараас 26 орчим ам.доллар болж буурна гэсэн тооцоолол төмөр замын мэргэжилтнүүдэд байна. Үүгээр тооцож үзвэл Оросын талын вагоны түрээс, хил гаалийн татвар зэрэг зардлыг тооцохгүйгээр зөвхөн тээврийн өртөг 59 орчим ам.доллар болох ба үүн дээр усан онгоц руу ачих 23 ам.доллар нэмэгдсэнээр нийтдээ 82 ам.доллар болж байна.
Тавантолгойн нүүрсийг Алс Дорнодын Восточная боомтоор экспортлох боломжийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Владивосток хотноо болсон “Дорнын эдийн засгийн форум” дээр мэдэгдсэнтэй холбогдуулан Оросын “Аргус” агентлаг өнгөрсөн жил тойм тооцоо гарган танилцуулж байв. Ингэхдээ Монгол Улстай газар нутгийн байршлын хувьд ойролцоо орших Казахстаны нүүрсийг Оросын нутгаар дамжуулан Алс Дорнодын боомтоор экспортлох зардалтай харьцуулж харуулсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар, Казахстаны Шурбаколь уурхайгаас тээврийн бүх зардал багтаад Восточный боомтоор 1 тонн нүүрс 81.13 ам.доллараар экспортлогдоход 8 ам.долларын ашигтай. Тус улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны хувьд төмөр замын транзит тээврийн хөнгөлөлттэй тариф болох 20 ам.доллараар 1 тонн нүүрсийг Оросын нутгаар тээвэрлэдэг. Харин Монголын нүүрсний тухайд Оросын талаас одоогийн үзүүлж байгаа төмөр замын транзит тээврийн тариф 33 ам.доллараар тээвэрлэх юм бол Алс Дорнодын боомтоор 86-97 ам.доллараар экспортлох боломжтой. Энэ бол өнөөдрийн нөхцөлд Тавантолгой ордоос 1 тонн нүүрсийг Алс Дорнодын боомтоор экспортлох зөвхөн тээврийн зардал юм.
Өнөөгийн байдлаар Оросын талаас өөрийн нутгаар дамжих Монголын ачаа тээвэрлэлтэд тодорхой хөнгөлөлт олгохдоо жил бүр хэлэлцээрийг шинэчлэн баталж байгаа. Төмөр замынхаа ачаалал, зах зээлийн байдлаас хамаарч жил бүр дотооддоо тогтоосон тарифаас тодорхой хөнгөлөлтийг Монголын талд үзүүлдэг гэсэн үг. Өнгөрсөн зургаадугаар сард үзэглээд байгаа Монгол, Орос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан нүүрс тээвэрт 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлтийг тооцох тариф одоогоор хүчин төгөлдөр болоогүй байна.
Тавантолгой орд- Чойр-Наушки Наушки-Восточная Нийт зардал
Чойр өртөө өртөө боомт
40 ам.доллар 13 ам.доллар 33 ам.доллар 86 ам.доллар
Оросууд Монголын нутагт шинээр хэрэгжих төмөр замын төслүүдийг анхааралтай ажиглан, тарифын хөнгөлөлт үзүүлэх хэлэлцээрийг хүчин төгөлдөржих үйл явцыг азнаж байгаа. “Улаанбаатар төмөр зам”-ын хувь эзэмшигчийн хувьд хойд хөрш төмөр замын шинэ төслүүдэд оролцох сонирхолтой төдийгүй аль чиглэлийн төмөр замыг түрүүлж тавих тухайд Монголын Засгийн газрын шийдвэрт нөлөөлөхүйц санал дэвшүүлэх талтай. Нүүрсний асар их нөөцтэй төдийгүй боломжит бүх гарцаар Хятадын зах зээлд хүргэхийг эрмэлзэж буй оросууд Монголын нутгаар дамжин Ар Байгалийн баялгийг Хятадын зах зээлд нийлүүлэх бас нэг гарцыг нээхийг хүсдэг. Тэр нь Монгол, Орос, Хятад улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан төмөр замын хойд коридорын “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” чиглэл юм. Уг чиглэлийн Оросын талд хамаарах “Курагино-Кызыл” чиглэлийн 410 км төмөр замын төсөл бараг 10 жил царцсаны эцэст өдгөө Оросын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр шуурхай хэрэгжиж эхлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын хувьд Тавантолгойн төслийг эрчимжүүлэхийн тулд авто замын төслүүдээс гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ингэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд хилийн гарцуудыг хойд чиглэлд хоёр, урд чиглэлд хоёр нийт 4 боомтыг хөгжүүлэхээр тодорхойлоод байгаа билээ.
Хятад: Тянжины боомт хүртэл зөвхөн тээврийн зардал 64 ам.доллар
Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарах үед буюу 2017 оны арваннэгдүгээр сард Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдэгдэлдээ “Владивосток боомт хүртэл 1 тонн нүүрс 64 ам.доллар харин Хятадын Тянжин боомт хүртэл 65 ам.доллараар хүрнэ” гэсэн харьцуулсан тооцоо хэлж байсан юм. Гэхдээ энэхүү тооцооллыг ямар маршрутад тулгуурлан гаргаж, хэрхэн харьцуулсныг задалж тайлбарлаагүй.
2014 онд БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын Зам тээврийн яам 4 баримт бичгийг үзэглэсэн. Тэр дунд “Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх” тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр багтсан юм. Хэлэлцээрийн хүрээнд “Монгол Улсын ашиглах нэр бүхий далайн боомтын тоог нэмэгдүүлэн Хойд Хятадын бүс нутаг болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жинжоу, Ингкоу, Цин Хуангдао, Хуанхуа, Тянжин зэрэг нийт 7 боомтоор дамжих эрх нээхээ мэдэгдсэн бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутгаар төмөр замаар тээвэрлэх чиглэл, тоо хэмжээ, тарифын хөнгөлөлт, татвар хураамжийн нөхцөлүүд, тэдгээрийн үйлчлэх хугацаа зэргийг Монгол Улсад маш ашигтай байдлаар тохиролцсон” гэж протоколд тэмдэглэсэн байдаг. Тухайн үед Хятадын талаас төмөр замын транзит тээврийн тариф дээр дор хаяж 40%-ийн хөнгөлөлт өгөхөөр тохиролцсон тухай мэдээлэл бий. Гэхдээ дээрх хэлэлцээр өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй.
Хятадын дотоодын төмөр замаар тээвэрлэхэд өнөөдөр Монголын 1 тонн нүүрс 34 ам.доллар байна. Хятадаар дамжин өнгөрөхдөө Тавантолгойн нүүрсний зөвхөн тээврийн зардалд 64.22 орчим ам.доллар зарцуулж байж далайд хүрнэ гэсэн тооцооллыг төмөр замын мэргэжилтнүүд хэлдэг.
Өнгөрсөн оны есдүгээр сард “Coal Mongolia 2017” чуулганаар ӨМӨЗО-ны “Мэнчуан Вухуа Энержи” компани Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж Хятадын зүүн эрэгт Таншан боомт хүргэх тооцоог танилцуулж байсан юм.
Таншан боомт нь Хятадын талаас санал болгож буй Дандонг, Далиен, Жиньжоу, Ингкоу, Цин Хуангдао, Хуанхуа, Тянжин боомттой зэрэгцэн оршдог. Тэр утгаараа Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэн Ганцмод буюу Хятадын хилээр нэвтэрч Тянжин боомтын ойролцоо хүрэх тээврийн тойм тооцоог харуулахын тулд энэхүү тооцооллыг нийтэллээ.
Одоогоор Монгол Улс Замын-Үүдийн боомтын цор ганц төмөр замаар Хятадтай холбогддог. 2017 оны гуравдугаар сараас эхлэн Дорноговь аймаг дахь Олон-Овоот төмөр замын өртөөнөөс Замын-Үүдээр дайран Хятадын Тянжин боомт хүртэл төмөр замаар анх удаа туршилтаар нүүрс тээвэрлэсэн. Энэхүү төмөр замын тээвэр Хятадын зүүн эргийн боомт хүртэл 4-5 хоногийг туулсан юм. Замын-Үүд нь олон улсын боомт тул нүүрсийг буулган, дахин ачих шаардлагагүй. Ингэснээр өртөг, хугацаа хэмнэх давуу тал байгаа билээ.