Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлсэнээс хойш өнөөдөр 72 дахь өдөр болж буй. Энэ хүрээнд 8 үе шаттай ажлын 5 дахь дээрээ явж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо. Одоогоор олон улсын зөвлөх авах олон улсын тендерүүд зарлагджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилийн байдлаар 952 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6.9 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар, улсад 290,3 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа бөгөөд компанийн санхүүгийн үзүүлэлтүүд өссөөр буйг тэрээр тодотгож байсан. Түүнчлэн компанийн цэвэр ашиг 337 тэрбум төгрөг болжээ. 2018 онд 373 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай буюу 110%-ийн гүйцэтгэлтэй ажиллахаар төлөвлөсөн ч хагас жилийн байдлаар ийнхүү 131%-ийн гүйцэтгэлтэй буюу 483 тэрбум төгрөгт хүрчээ. Цэвэр ашиг өсөхийн хэмжээгээр ногдол ашиг, IPO, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нь нэмэгдэнэ гэдгийг тэрээр мөн дурьдсан. 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр ЭТТ нь 1072 хувьцааг амь оруулж, иргэн бүртээ ногдол ашиг тараах аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ жил 10,5 сая тонн нүүрсийг олборлохоор хүчин чадлаа тооцож ажиллаж байгаа ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын өгсөн чиглэлийн дагуу 2018 онд 13 сая, 2019 онд 15 сая, 2020 онд 20 сая, 2021 болон 2022 оноос бүрэн хүчин чадал буюу 35 сая тонныг олборлохоор төлөвлөөд буйг дурьдлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд IPO хариуцсан нэгж байгуулагдан ажиллаж эхлээд байгаа аж. Одоогоор тус нэгжийн удирдлага ажлаа аваад удаагүй тул үйл ажиллагаатайгаа танилцах эхний алхам хийгдэж байгаагаа нуусангүй. Тус компанийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал болохоос өмнө ажлын төлөвлөгөөгөө гаргаад ТУЗ-даа танилцуулах юм байна. Тиймээс одоогоор бэлтгэл ажил дөнгөж хийгдэж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй аж. Есдүгээр сардаа багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын хөрөнгийн бирж дээр гарахаар төлөвлөжээ.
Есдүгээр сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох бөгөөд энэ хурлаар ТУЗ-ын хараат бус байдлыг бий болгох асуудлыг шийдвэрлэх аж. ТУЗ-ын хараат бус гишүүдэд нэр дэвшүүлэх ажил эхэлсэн бөгөөд шаардлага хангасан гэж үзвэл хэн ч нэрээ дэвшүүлж болно гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК дэргэдээ орон тооны бус “Олон нийтийн зөвлөл” байгуулахаар шийдвэрлэжээ. Анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг тус компаниас мэдээллээ. Зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 3 чиглэлээр ажиллах аж. Тус зөвлөл нь 9 гишүүнтэй байж, гишүүдийг олон нийтийн оролцоог хангасан байдлаар иргэдийн дундаас нэр дэвшүүлэх, санал асуулга явуулах хэлбэрээр шалгаруулах юм байна. Нэр дэвшүүлэх үйл явц өндөөрөөс эхлэн 14 хоног, сонгон шалгаруулах үйл явц мөн 14 хоногийн хугацаанд үргэлжлэх ажээ.
Компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй, ил тод байдлыг хангах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК шинээр гарч буй ажлын байрны талаарх мэдээллийг компанийн цахим хуудсанд тогтмол байршуулж, тухай бүр нь нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байхаар болжээ.
Түүнчлэн тус компани байгуулагдсанаас хойш нийт хугацаанд нүүрс худалдах 173 гэрээ байгуулж байснаас 2018 онд Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хамгийн сайн үнэ өгсөн, санхүүгийн өндөр чадамж бүхий компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийг нийтэд анх удаа, хэдий хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаарх мэдээллийг цахим хуудсандаа байршуулжээ.
Г.Идэр