Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  “Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг анх удаа  боловсруулж эхлээд байна. 2015 онд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг үйлдвэрлэлийг дэмжих хуультай хамтад нь баталсанаар  Монгол Улс ойрын 15 жилд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ерөнхий зураглалаа гаргасан юм. 

Засгийн газар хүнд үйлдвэрийн салбарт 4 томоохон төсөл буюу Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа ба эндээс Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажил нэлээд урагштай яваа юм.

Тэгвэл “Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан баталснаар тус салбарын үйл ажиллагааг тодорхой чиг баримжаатай болгож, хөгжлийн явцыг хурдасгах боломжтой болох юм. Тус хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсэг эхний хуралдаанаа хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад хөтөлбөр тусгагдсан асуудлуудыг тодотгох шаардлага гарна хэмээн УУХҮЯ-ныхан мэдээллээ. 

Уг хөтөлбөрийг  2018-2022 онд хэрэгжүүлэх урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа аж. Хөтөлбөрийн зорилго нь томоохон хүнд аж үйлдвэрүүдийг барьж байгуулах болон үйл ажиллагааг эрхлэхэд хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгох, өнгөт болон хар төмөрлөг, боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, нэмүү  өртөг шингэсэн  үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгажээ. 

Г.Идэр