Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Уул уурхайн технологийн ирээдүйг тольдсон Mining Forum-2018

Дэлхийн эрдсийн зах зээл сэргэж буйн нөлөөгөөр Монголын уул уурхайн салбарт сүүлийн үед эерэг нааштай олон үйл явдал өрнөж, гадаадын хөрөнгө оруулагчид нарлаг эх орныг маань дахин зорих болсныг сүүлийн үеийн томоохон хурал чуулгануудаас харж болохоор байна. Нэг хэсэг зогсонги байсан хөрөнгө оруулагчдын урсгал ийнхүү идэвхжиж буйн жишээг “Mining Forum-2018” олон улсын чуулган харууллаа. 

Есдүгээр сарын 14-ний өдөр “Корпорэйт Конвеншн центр”-т зохиогдсон тус хуралд дэлхийд алдартай “Катерпиллар” корпорацийн Австрали, АНУ, Индонези, Канад, ОХУ дахь салбарын шилдэг мэргэжилтнүүд уригдан ирж, хамгийн сүүлийн, цоо шинэ мэдээллүүдийг шингээсэн 12 сэдвээр технологийн сургалт явууллаа. 

Форумыг санаачилж ерөнхий зохион байгуулагчаар ажилласан “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийг  “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер гэдгийг уул уурхайн салбарынхан бүгд мэднэ. Монголын уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүч гээд олон салбарт дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг 22 дахь жилдээ нийлүүлж байгаагаараа хэдийнэ танил, дотно болсон компани билээ. 

Анх удаа зохиогдсон “Mining Forum-2018” нь “Хамтдаа хөгжье” уриаг дэвшүүлжээ. Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалтын салбарын гол тоглогчдын дунд шинэ технологи нэвтрүүлэх, эрчимжсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах үйл хэргийг улам идэвхжүүлэх зорилгоор чуулганыг санаачилснаа “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн хамт олон онцолж байв. 

Форумд гадаад, дотоодын 50 гаруй байгууллагын 150 орчим зочид хүрэлцэн ирсэн юм. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн форумыг нээж хэлсэн үгэндээ “Бид тоног төхөөрөмжийн байнгын бэлэн байдал, бүтээгдэхүүн засвар үйлчилгээтэй холбоотой асуудал болгоныг шийдэх зорилгоор ажиллаж байна. Одоогоор манай компани 124 сая ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүний сэлбэгийн нөөцтэй нь Монголын бүх компанийн сэлбэгийн нөөцөөс ч илүү юм” хэмээн тодотгосон. Тэрээр мөн “Олон улсад түүхий эдийн үнэ өндөр байна. Хятад руу их хэмжээгээр нүүрс нийлүүлдэг Монгол Улсад түүхий эдийн үнийн өсөлт эерэгээр нөлөөлнө. Энэ нь мэдээж Монголын уул уурхайн олборлогчдын хувьд том боломж төдийгүй уул уурхайн тоног төхөөрөмжийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Манай компани энэ бүхэнтэй үйл ажиллагаагаа уялдуулан, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахыг эрмэлзэн ажилладаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

 “Mining Forum-2018”-ын хүндтэй зочдын нэг нь “Катерпиллар” группын Ази-Номхон далайн зах зээл хариуцсан менежер Шейн О.Брайн. “Вагнер Ази бол дэлхийн хэмжээний чанарыг эрхэмлэдэг компани. Монголын маш олон харилцагчдад энэхүү чанар, стандартыг хүргэхийн тулд олон удаагийн сургалт явуулж байна. Бид энэ жил техникийн бэлэн байдалд илүүтэй анхаарал хандуулан ажиллаж байна. 

Техникийн бэлэн байдал гэдэг нь хамгийн чухал бөгөөд жил, сар, улирлаар үргэлжлэн хийгддэг. Тээвэрлэлт, ложистикийн тал дээр бидэнд Засгийн газрын дэмжлэг нэн чухал. Мөн дэлхийн хэмжээний уул уурхайн хууль, дүрэм журам хэрэгтэй байна” хэмээн форум дээр хэлсэн үгэндээ онцолж байв. 

Форумын хөтөлбөр ёсоор “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдаа ба Түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр тус компанийн өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар  товч мэдээлэл хийсэн юм. 

1993 онд Монгол Улсад Катерпилларын анхны тоног төхөөрөмжүүд орж ирсэн бөгөөд “Шивээ Овоо”-гийн уурхайд нийлүүлэгджээ. Бараг 25 жил ажилласан энэхүү техник саяхан “жагсаалаас гарсан” гэхээр САТ брэндийн ашиглалтын хугацаа ямар урт, үр бүтээмжтэй нь тод харагдана. Багануурын уурхайд мөн дугуйт бульдозер, дугуйт ачигч анх ирж байж. Оюутолгой ордод хайгуулын ажил идэвхтэй хийгдэж байсан үед Монголын уул уурхай үндсэндээ дэлхийн тавцанд гарч ирсэн гэж хэлж болно. Хайгуулын ажилд “Вагнер Ази”-ийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байсан түүхтэй. Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалтад CAT-ын техникүүд ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирснийг дурдахгүй өнгөрч болохгүй. 2005 онд “Бороо гоулд”-ын алтны  уурхайд олборлолт явуулж эхэлсэн цагаас барууны орчин үеийн техникүүдийн хүчин чадал гайхагдаж, үндэсний шилдэг инженерүүд ч бэлтгэгдэн гарсан билээ. 

Өнөөдөр тэдгээр боловсон хүчнүүд Монголын олон олон томоохон уул уурхайн компаниудад удирдах түвшинд ажиллаж байгаа нь яах аргагүй барууны уул уурхайн боловсрол, хүчирхэг техникүүдийг эзэмшсэний үр нөлөө юм. Энэ мэтчилэн  Кат брэндийн тоног төхөөрөмж, түүнийг дагалдах сургалт үйлчилгээний хувь нэмрийн талаар олон жишээ дурдаж болно. 
2011 онд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани Агрегат засварын төвөө ашиглалтад оруулсан нь тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын зардлыг хэд дахин бууруулсан томоохон дэвшилтэт алхам болсон юм. Өөрөөр хэлбэл, агрегат эд анги Монголд сэргээн үйлдвэрлэгдэж эхэлсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээсэн маш чухал үйл явдал гэдгийг тодотгох учиртай. 

Форумын нэг онцлох үйл явдал нь Уул  уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас форумын оролцогчдод хандан, уул уурхайн зах зээлийн нөхцөл байдал, цаашид хийгдэх ажлуудын талаар илтгэсэн бол “Голомт” банк уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авагчдад зориулан 6%-ийн хүүтэй лизингийн зээлийн тусгай хөтөлбөр зарлаж буйгаа мэдээлсэн юм. Бүтэн жил гаруй хугацаанд “Вагнер Ази” компанитай хамтран ажиллаж, бэлтгэсэн энэхүү  “сюрприз”  форумын оролцогчдод тун таатай мэдээлэл байсан нь ойлгомжтой. 

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани харилцагчдадаа зориулан, хурал, семинар, сургалт, зөвлөгөөг олон жилийн турш давтамжтайгаар, үр дүнтэй явуулж ирсэн бөгөөд энэ удаагийн  форумаар 4 үндсэн салбар хуралдааны хүрээнд технологийн нарийвчилсан мэдээлэл бүхий сургалт явуулснаараа ихээхэн онцлог болов. Форумд оролцогчид дөрвөн хэсэгт хуваагдан, Катерпилларын шилдэг мэргэжилтнүүдээс номын дуу сонслоо. 
Тухайлбал, нэг танхимд нь CAT автосамосвал, том оврын авто грейдер ба ашиглалт, засвар үйлчилгээний шилдэг жишээг тайлбарлан таниулж байхад нөгөө танхимд CAT гидравлик экскаватор болон цахилгаан эрчим хүчний сонголтуудын талаар маш сонирхолтой сургалт явагдсан юм. 
Энэ удаагийн форумаас оролцогчид салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн тухай мэдээлэл авч, ирээдүйд бий болох сорилтуудыг хэрхэн гэтлэх менежментийн арга барил эзэмшин, өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг яаж үр ашигтай ашиглах, хугарлын цэгийг богиносгох, бүтээмжийг  нэмэгдүүлэх хувилбарууд, технологийн хөрөнгө оруулалтаар бий болох цаг хугацаа, зардлыг бууруулах талаар өргөн дэлгэр мэдээлэл авсан. Харилцагчид өөрсдийн сонголтоор хэрэгцээт сэдвээр богино хугацаанд ихийг сурч мэдэх нөхцөл бололцоог “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани хангажээ. 


“Ulaanbaatar room”: Германы Дортмундын Катерпилларын уул уурхайн гидравлик экскаваторын  үйлдвэрийн инженер мэргэжилтэн Маркус Бүрхардт хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн болох цахилгаан хөдөлгүүрт экскаваторын талаар танилцуулав. 

Бүтээгдэхүүний бэлэн байдал, бүтээмжийг дээшлүүлэх, машины зөв сонголтыг хийх тал дээр сайтар анхаарч ажиллахыг тэрээр сануулж байлаа. Түүний  илтгэлд 6015B, 6020В, 6030ACFS, 6040ACFS, 6050 FS, 6060 FS, 6090 FS гэх зэрэг хүчирхэг гидравлик экскаваторуудын техникийн хүчин чадал, ашиглалтын талаар дурдагдсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологи болох 6015B, 6020В-ийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарласан юм. Хэдийгээр Монголын зах зээл дээр 6090 FS байдаггүй ч 2000 оны эхээр үйлдвэрлэгдсэн энэ техник Хойд Америкийн бүсэд ихээр ашиглагддаг байна.  
6020В гидравлик экскаватор нь бусад техниктэй харьцуулахад түлшний хэмнэлттэй, маш онцгой гидравликийн системтэй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Эрэлтэд тулгуурласан гидр системтэй, дулаан алдалт багассан, өндөр үр ашиг, бүтээмжид чиглэгдсэн хүчирхэг насос, маш онцгой кабины нөхцөл байдал, харагдах орчин сайн, тогтвортой, хэрэглэхэд хялбар гээд энэ экскаваторын давуу тал олон. Хүртээмжтэй бэлэн байдлаараа гайхагддаг. Энэ экскаватор 100 тоннын жинтэй CAT777-той хосолж ажиллахад илүү тохиромжтойг илтгэгч дурдаж байлаа. 

“Seoul Room”: Энэ хэсэгт CAT дугуйт ачигч, дугуйт түрэгч, засвар үйлчилгээний сонголтууд болон явах анги, газартай харьцах эд ангийн талаар түлхүү яригдлаа. 

Уурхайн машин, тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагаа, бүтээмж, бэлэн байдал болон ашигт ажиллагааг хэрхэн удирдах тухай сонирхолтой мэдээллийг оролцогчид авсан юм. Уул уурхайн тоног төхөөрөмжийн олон үе шаттай менежментийг хэрэглэгч зөв хийж чадсанаар тухайн машиныг хамгийн удаан хугацаанд бэлэн байдалд байлгаж, сул зогсолгүй, үр ашигтай ажиллуулах боломжийг бүрдүүлэх аж. CAT-ын газартай харьцах эд ангийн үйлдвэрлэлийн зарчмуудын талаар дурдахдаа дэлхийн жишигт нийцэх уул уурхайн шаардлагуудыг хангахаар бүтээгдсэнийг илтгэгч онцолж байв. Өөрөөр хэлбэл, газартай харьцах эд анги нь тоног төхөөрөмжийн чухал хэсэг нь. Зөвхөн газартай харьцах эд анги тоног төхөөрөмжийн бүтээмжид 5%, цаашилбал 20% хүртэл нөлөөлдөг гэнэ. Тоног төхөөрөмжөө хүссэн үр дүндээ хүртэл ажиллуулахад ажлын онцлогтоо тохирсон шанага, шанаганы хамгаалалт, газартай харьцах эд ангиа зөв сонгох нь чухлыг мэргэжилтнүүд торхой жишээн дээр тайлбарлан өгүүлсэн.

Тухайн уул уурхайн компанийн хувьд агрегат засварыг хэдийд хийх, хэрхэн үр ашигтай ажиллуулах вэ гэдэгт шийдвэр гаргах, зөв сонголт хийх ур чадваруудыг ч эзэмшсэн байх ёстойг энэ үеэр ярьсан юм. 

“Hong Kong room”: Кат  брэндийн том оврын автосамосвалуудын ашиглалт, аюулгүй ажиллагаа тойрсон сэдвийг энэ сургалтаар хөндлөө. Дэлхий даяарх нийт автосамосвалуудын 46% нь Катерпиллар брэндийнх. Аюулгүй загвар, өндөр бүтээмж, CAT хөдөлгүүрийн систем, дилерийн найдвартай сүлжээ, дахин ашиглах боломж, тонн тутам дахь хамгийн бага зардал гээд Монголд нийлүүлэгдсэн CAT-ийн техникүүд давуу чанар ихтэй. Тиймээс ч энэ удаагийн сургалтын үеэр ажлаа явуулахад хэрэглэгчийн санааг зовоосон ямар асуудлууд байна вэ, шийдвэрлэж чадахгүй ямар зүйлүүд тулгарч байгаа вэ, төсөвлөснөөс давсан зардлууд бий юу, засварт орсон машины тоо яагаад ихсээд байна вэ зэрэг олон асуултад мэргэжлийн хариулт өгснөөрөө онцлог болов.
 
Түүнчлэн энэхүү сургалтаар уурхайн тоног төхөөрөмжийн менежментийн таван циклийн нэг болох засвар үйлчилгээний хэсэг дээр илүү төвлөрч ярилцсан. Өөрөөр хэлбэл, агрегатуудыг хэрхэн төлөвлөж менежмент хийх, үүн дотроо техник үйлчилгээ, техникийн хяналт, төлөвлөлт, үргэлжилсэн сайжруулалтын талаар тодорхой асуулт, хариулт өрнөсөн юм. Техник үйлчилгээнд давтамжит үндсэн ажил үйлчилгээний алхам нэг бүрийг аль болох үр ашигтайгаар цаг тухай бүрт гүйцэтгэхийг, техникийн хяналтад эвдрэлийн өмнөх засварыг чухалчлан асуудлыг эрт илрүүлэх үйл ажиллагаа багтдаг аж.

Харин бүртгэгдсэн засварын менежмент гэдэгт хүлээгдэж буй засварын ажлуудыг боломж нөхцөлүүдээ ашиглан аль болох үр бүтээлтэйгээр хийж дуусгах процесс явагддаг байна.  Техникийн бэлэн байдал гэж засвар, сэлбэгийн нөөц, хүчний бэлэн байдлыг хангахыг хэлдэг бол үргэлжлэн сайжруулалт гэдэгт засвар үйлчилгээний үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон аль хэсэгт сайжруулах шаардлага байгааг тодорхойлох зорилгоор тогтмол эргэн харахыг хэлдэг байна. 

Tokyo Room: Энэ хэсэгт том оврын гинжит тракторын боломжууд болон тоног төхөөрөмжийн менежментийн шийдэл болон бохирдлын хяналтын талаар хөндөж ярилцлаа. 

Харилцагчид D9T, D10T2, D11T загварын гинжит тракторуудаас хэрхэн сонгох талаар маш үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг эндээс сонссон юм. Эхлээд сонголтын стратеги, худалдан авалтын стратеги,  ашиглалтын стратеги, засвар ба техник үйлчилгээний стратеги, сэргээн засварлах солих стратеги гэсэн үндсэн таван циклээр үйл явц өрнөдөг. Энэ таван стратегийг зөв хийснээр бэлэн байдал ямар байх нь хамаардаг гэсэн үг. Гинжит тракторыг сонгож ашиглахдаа хоёр зүйлийг чухалчилна. Нэг нь бүтээл-хутаг бүрэн ачаалагдсан, ачааллын үзүүлэлт өндөр, нөгөө нь ердийн хэрэглээ-хутга бүрэн ачаалагдахгүй, ачааллын үзүүлэлт дунд ба бага байх боломжтой. Гинжит тракторын бүтээмжийг ямагт тооцоолж байх ёстой аж. Ердийн хэрэглээний үед оператор газар тэгшлэх, эсвэл автомашины асгасан шороог хусаж тэгшлэх гэх мэт ажил гүйцэтгэдэг ба ийм нөхцөлд хутгыг ерөнхийдөө бүрэн ачаалдаггүй. Энэ нь дугуйт ачигчтай хослон ажиллах, хаягдлын далан дээр ажиллах, зам барих, овоолго тэгшлэх, экскаваторуудын ул цэвэрлэх гэх мэт үйл ажиллагаанд зориулагдана. Монголд гинжит тракторуудыг ердийн хэрэглээнд ашиглах нь элбэг. Тоног төхөөрөмжийн бэлэн байдал 88-95%-тай байхыг олон улсын жишигт маш сайн гэж үздэг. Бэлэн байдлын энэ үзүүлэлтийг хэрхэн хангах вэ гэдэгт энэ хэсгийн сургалт түлхүү чиглэлээ. Техникийн бэлэн байдал тоног төхөөрөмжийг байнгын ажиллагаатай байх үндсэн нөхцөл нь болж өгдөг байна.