Г.Идэрхангай
Газрын тосны үйлдвэрийн төслийн явц урагштай байна. Үйлдвэрийн барилга, дэд бүтэц, шугам татах ажил эрчимтэй өрнөж буйг холбогдох албаныхан мэдээллээ. Өмнө нь хэдэнтээ шав тавьсан ч ажил хэрэг болж чадаагүй уг үйлдвэрийг Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр барихаар тохиролцсон тул Монголын тал газар шороо, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм. Зургаадугаар сарын 22-ны өдрийн шав тавих ёслолоос хойш ямар ажлууд хийгдээд байгааг “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийнхнээс тодрууллаа. Есдүгээр сарын сүүлээр Энэтхэгийн талаас төлөөлөгчид ирж уулзалт хийхээс наана тодорхой зүйл хэлэх боломжгүй байна гэсэн ч газар шорооны ажилтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм.
Дорноговь аймгийн Сайншандаас Алтанширээ сум хүртэлх 20 орчим км зайд 150 га гаруй талбайд одоогоор авто зам, төмөр замын далан, цахилгаан дамжуулах шугамын ажил зэрэгцэн явж буй бөгөөд Батлан хамгаалах яамны 220 ажилтан, 50 гаруй машин, механизмын хүчээр засмал замын ажлыг шуурхай гүйцэтгэж байна. Аймгийн төвөөс сум хүртэлх 18 км автозамын ажлын 11.5 км газарт хөрс хуулалтын ажлыг хийгээд байгаа аж. Автозамын барилгын ажлын дуусах хугацаа аравдугаар сарын 1-ний өдөр.
Харин төмөр замын хувьд 27 км байхаар тооцоолжээ. Тодруулбал, үйлдвэр нь Сайншанд өртөөтэй 18.813 км урт, 1520 мм-ийн өргөн царигийн салбар төмөр замаар холбогдоно. Төмөр замын дагууд 3 шилжүүлэгтэй, 14 цэгт ус болон тээврийн хэрэгсэл, ан амьтан гарах зориулалтын дөрвөлжин хоолой бүхий байгууламжтай байх аж. Зам тээвэр хөгжлийн төв, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй хамтран төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа юм. Төмөр замын хөрс хуулалтын ажил 90 орчим хувьтай явж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-ны дотор дуусгах ажээ. Одоогоор далангийн хоёр, гурав, дөрөвдүгээр үеийн нягтруулалт хийгдэж, тэгшилгээндээ ороод байна.
Түүнчлэн аймгийн төвийн өргөтгөсөн цахилгаан станцаас үйлдвэр баригдах талбай руу 110 кВт-ын шугам татаж, цахилгаанаар хангаж эхэлжээ. Эрчим хүчний энэ шугамыг үйлдвэрийг барих үед ашиглах бөгөөд Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсны дараа өөрийн цахилгаан хүчдлээр давхар хангахаар тооцоолж байна. Өөрийн цахилгаан хүчдэл гэдэг нь үйлдвэрийн дэргэд баригдах 66 МВт-ын хүчин чадалтай Цахилгаан станц юм. Эрчим хүчний шугам болон дэд станцыг барьж байгуулах ажил мөн аравдугаар сарын 1 гэхэд дуусах төлөвлөгөөтэй байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь найдвартай хамгаалалттай байхын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, эко орчныг бүрдүүлсэн байх ёстой. Энэ ч утгаар үйлдвэрийн талбай тэгшлэх, хашаажуулах, эко орчныг бүрдүүлэх ажил өрнөж байна.
3.5 метрийн өндөртэй төмөр бетон хашаа, усжуулалтын систем бүхий ойн ногоон зурвас, хяналтын камер, байгууламж бүхий харуулын цамхгийн 8 цэг байгуулах ажлууд эрчимтэй хийгдэж байгаа ажээ.
Энэтхэгийн 1 тэрбум ам.доллар үйлдвэр байгуулахад зарцуулагдах бол Монголын талаас шугам хоолой, дэд бүтцийн ажилд хөрөнгө мөнгө гаргахаар тохиролцоод байгаа юм. Энэ дагуу Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 250 орчим тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэгдсэн. Дорнын говьд ийнхүү шороо тоос бужигнасан их бүтээн байгуулалт эрчимтэй явж байгаа ч үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ хараахан эцэслэгдээгүй байна.
Уул уурхай хүнд, үйлдвэрийн яамны Метал бус ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяр The Mongolian Mining Journal-д долдугаар сард өгсөн ярилцлагадаа нарийвчилсан ТЭЗҮ-д Италийн “Кинетик Технологи” компани хяналт, шүүмж хийх тухай дурдаж байсан билээ. Уг шүүмжийг УУХҮЯ саяхан хүлээж авсан бөгөөд Энэтхэгийн тал руу мөн хүргүүлээд байгаа юм. Шүүмжийн дагуу Энэтхэгийн талаас үйлдвэрийн технологитой холбоотой зарим шийдлүүдэд ялимгүй засвар хийсэн байна. Тиймээс есдүгээр сардаа багтан нарийвчилсан ТЭЗҮ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Хүнд үйлдвэрийн өргөтгөсөн салбар хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж байна. Энэтхэгийн тал үйлдвэрийн ТЭЗҮ дээр нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг өндөр тавьсныг бага зэрэг буулгах шаардлага үүссэнийг УУХҮЯ-ны холбогдох албаны хүмүүс хэлж байна.
Үйлдвэрийн технологийн хувьд Энэтхэгээс бус Итали, Герман, Америкийн аль нэгийг сонгох хувилбарууд дэвшүүлж байгаа бөгөөд эцсийн шийд гараагүй байна. “Технологийн сонголт дээр ингэж их анхаарч байгаагийн учир нь үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүнүүдтэй шууд холбоотой. Монгол Улсын эрэлт хэрэгцээ, онцлогт тохирсон тэдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байж л үйлдвэр үр ашгаа гаргана. АИ92, AИ95 бензинээс гадна ихэвчлэн дизель түлш үйлдвэрлэх технологийн процессыг чухалчилж байгаа” хэмээн УУХҮЯ-ны Метал бус ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяр хэллээ.
Нарийвчилсан ТЭЗҮ-ийг баталсны дараа Газрын тосны үйлдвэрийн төслийн менежментийн зөвлөх компанийг сонгох ажил хийгдэх ба энэ компани төслийн бүтээн байгуулалтаас ашиглалт хүртэлх үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах юм. Нэгэнт Энэтхэг улсаас зээл авч үйлдвэр барихаар тохиролцсон тул төслийн менежментийн компанийг тус улсаас сонгох байх гэж албаны хүмүүс хэлж байгаа. Гэхдээ Энэтхэгийн “Эксим” банкнаас тавьдаг өндөр шаардлагууд төслийн менежментийн зөвлөхийг сонгох гол шалгуур байх юм. Сонгох эрх Монголын талд байгаа ч тус улсын “Эксим” банкнаас short list танилцуулах бөгөөд тэрхүү санал болгосон компаниудаас тендерийн зарчмаар сонгох эрх Монголын талд үлдэж байгаа юм. Төслийн менежментийн компанийг ирэх аравдугаар сард багтаан сонгосны дараа үйлдвэрийн зураг төслийн ажил хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ дээр тулгуурлан үйлдвэрийн барилга, байгууламжийн зураг төслийн ажлыг хэр хугацаанд хийхээс үйлдвэрийн бүтээн байгуулалтын хугацаа шалтгаалж байна.
Нарийвчилсан ТЭЗҮ-д тусгаснаар Дорнодын газрын тосны XIX, XXI дүгээр талбайгаас 650 км түүхий газрын тос дамжуулах шугам хоолойг Газрын тосны үйлдвэртэй холбож байгуулна. Одоогоор шугам хоолойг аль улсын, ямар компани барьж байгуулах нь тодорхойгүй ч Монголын цаг агаар, байгаль орчны нөхцөл байдлыг харгалзан Орос, Хятадын технологиос сонголт хийх юм байна. Шугам хоолойн төсөвт өртөг ойролцоогоор 300 гаруй сая ам.доллар гэж яригдаж байна.