Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг “Glencore” компани Японы “Tohoku Electric Power”-той 2019 оны есдүгээр сар хүртэл Австралийн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 109.77 ам.долларын үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрсэнийг уг хэлцэлд оролцсон ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Гэхдээ тус хоёр компанийн зүгээс энэхүү яриа хэлцэлийн талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж буйг www.mining.com онцолжээ. Юутай ч энэ удаагийн тохиролцоо нь Ази дахь далайн эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийн салбарт жишиг үнийг тогтоож байгаа бөгөөд 2018 оны есдүгээр сар хүртэлх гэрээний үнэтэй харьцуулахад 16%-иар илүү юм.
“Glencore” компани нь Японы хэрэглэгчидтэй хоёр жилийн нийлүүлэлтийн гэрээтэй ч “Tohoku Electric Power”-д 2018 оны дөрөвдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэл эрчим хүчний нүүрс нийлүүлэх хэлэлцээр энэ оны эхээр зогсонги байдалд орсон юм.
Австралийн эрчим хүчний нүүрс ойрын хэдэн сарын туршид зургаан жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнээ хадгалсаар ирсэн бөгөөд зуны хэт халалт, дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ буурсан зэрэг нь үнийг өсөхөд нөлөөлсөн билээ. Япон улс нь жил бүр 115 сая тонн эрчим хүчний нүүрс импортлодог бөгөөд дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том импортлогч юм.
Г.Идэр