Ярилцсан Э.Од
Нүүрсний үнэ цэнийг өсгөх, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Чех улсын технологи, шийдэл болоод туршлагын талаар тус улсын “Т Машинери” компанийн Уул уурхайн тусгай мэргэжилтэн Карол Шмэхилтэй ярилцлаа.
Та компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
“Т Машинери” компани нь 2003 онд байгуулагдсан. Нүүрс технологийн салбарт үйлдвэрлэл болон инженерчлэлийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Далд болон гүний уурхайн тоног төхөөрөмжийн БНЧУ-ын цорын ганц үйлдвэрлэгч. Манай компани Монголын гүний уурхайн олборлолт болон үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах сонирхолтой.
Танай компани Монголын нүүрсний зах зээлээс ямар боломжийг харж байна вэ?
Чех улсын нүүрсний салбарын хөгжил 300 гаруй жилийн түүхтэй. 1750 оноос нүүрс олборлож эхэлсэн туршлагатай. Өнөөдөр манай улсад технологийн аргаар 1500 метрийн гүнээс нүүрс олборлож байна. Энэ утгаараа Чех улсын нүүрсний олборлолт, боловсруулалтын технологи болоод Европ чанарын тоног төхөөрөмж нь олон улсад хамгийн дэвшилтэт, орчин үеийн шаардлага хангасан, боловсронгуй болж хөгжсөн гэж хэлж болно.
Түүнчлэн Чех улсад уул уурхайн мэргэжил эзэмшсэн Монголын олон мэргэжилтнүүд бий. Цаг уурын хувьд ч манай хоёр улс адил төстэй. Тиймээс Чехийн нүүрсний салбарт ашиглагдаж буй тоног төхөөрөмж, технологийн чадавхийг Монголын нүүрсний салбарт нэвтрүүлэх нь хэрэгтэй болов уу гэж үзэж байна. Байгалийн баялаг нөөцтэй Монгол Улс өнөөдөр гайхалтай хурдан хөгжиж байна. Нүүрсийг их хэмжээгээр олборлох, үйлдвэрлэх чиг хандлагатай байна. Тиймээс нүүрсний чанар, технологид анхаарах хэрэгтэй үе ирж байна гэж харж байгаа.
Манай компанийн санал болгож буй “Нүүрсний чанарын удирдлагын хяналтын систем”-ийн технологи нь нүүрсний олборлолт, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг илүү сайжруулах чухал ач холбогдолтой юм. Европт уул уурхайн үйлдвэрлэл явуулахад байгаль орчин, экологийн асуудлыг чухалчилдаг. Чех улсын нүүрсний олборлолт, боловсруулалтын технологи ч энэ шаардлагыг хангадаг. Энэ нь Монгол Улсад чухал байх болов уу.
“Нүүрсний чанарын удирдлагын хяналтын систем”-ийн технологийн шийдэл, давуу талыг Та тайлбарлаж өгнө үү?
Нүүрс худалдан авагчид нийлүүлэгчдээс нэг ижил чанарын нүүрс худалдан авах сонирхолтой байдаг. Хэрэглэгчдийн шаардлагын дагуу зөвхөн сайн чанарын нүүрсээ худалдах болно. Цаана нь муу чанарын нүүрс үлддэг. Уурхай бүр янз бүрийн чанартай нүүрсний олон давхаргаас тогтдог. Орд болгоны нүүрс хоорондоо харилцан адилгүй чанартай. Тэгэхээр сайн, муу чанарын нүүрсийг хооронд нь хольж, жигд нэгэн чанартай нүүрсний хольц үүсгэх боломжийг “Нүүрсний чанарын хяналтын удирдлагын систем”-ийн технологи олгодог.
Нийлүүлэх нүүрсний чанар жигд байвал орлого ч мөн тогтвортой байна гэсэн үг. Худалдан авагч тал ч гэсэн ямар түвшний чанартай нүүрс худалдан авч буйгаа тодорхой мэднэ. Ингэж хольсноор нүүрсний утаа ялгаруулалтыг ч бууруулна. Ийм технологийн аргачлал ДЦС-уудын түлшийг боловсруулахад маш хэрэгтэй бөгөөд эрчим хүчний нүүрсийг үнэ цэнд хүргэх бас нэг шийдэл юм.
Монгол Улсын нүүрсний хамгийн том орд Тавантолгойгоос сайн чанарын нүүрстэй давхаргаас олборлолт хийж, муу чанартай нүүрсний давхарга үлдэж байна гэсэн мэдээлэл сонсож байсан л даа. Яг ийм асуудалд “Нүүрсний чанарын хяналтын удирдлагын систем”-ийн технологийг ашиглах боломжтой. Чех улсын нэгэн уурхайг жишээ болгон ярья л даа. Тус уурхай нь жилд 15 сая тонн нүүрс олборлодог байсан юм. Гэтэл 15 сая тонноос 3 сая нь маш муу чанарын нүүрс тул хаяхад хүрсэн. Гэхдээ “Нүүрсний чанарын хяналтын удирдлагын систем”-ийн технологийг нэвтрүүлэн муу чанарын 3 сая тонн нүүрсийг чанар сайтай нүүрстэй хольж худалдах болсон. Тэгснээр 3 сая тонн нүүрснээ ашиг, орлого болгосон.
Өнөөдөр ямар улс орнууд энэ технологийг ашиглаж байгааг сонирхуулахгүй юу?
ОХУ, Украин, Казахстан, Чех, Словак, Өмнөд Африкийн орнуудад амжилттай ашиглаж байна. Сүүлд Энэтхэгийн нүүрсний салбарт нэвтрээд байгаа. Одоо Монголын нүүрсний зах зээлд нэвтрүүлэхээр судалж байна.
Монголд нэвтрүүлэх боломжийг Та хэрхэн харж байна вэ?
Би Монголд 5 дахь удаагаа ирж байна. Миний хувьд Монголын нүүрсний салбарын уналт, өсөлтийн аль аль үед нь ирэх боломж тохиосон юм. Монгол Улс нүүрсний уурхайн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ технологи их судалж байгаа нь анзаарагдсан. Өнөөгийн байдлаар зах зээлд нүүрсний үнэ харьцангуй өндөр, тогтвортой байна. Нүүрсний үнэ өндөр байх үед дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Чех улсад нүүрсний үнэ өндөр үед ийм төрлийн хөрөнгө оруулалт нэмэгддэг.
Түүхий эдийн үнэ нь тодорхой мөчлөгтэй учир дараа нь буурах магадлалтай. Тиймээс нүүрсний үнэ эргээд буурахад технологийн шийдэл нь уурхайн үйл ажиллагааны алдагдлын зөрүүг нөхөж өгдөг давуу талтай. Нөгөөтэйгүүр, Монгол Улс чанар сайтай коксжих нүүрсийг боловсруулахгүйгээр шууд худалддаг. Боловсруулахгүйгээр шууд худалдах нь нэг талаараа ашгийг бууруулж байгаа юм. Технологи шингээж боловсруулбал илүү үр ашигтай. Одоо Налайхын уурхайд нүүрсний маш их овоолго орхигдоод байна. Тэрхүү овоолгоос гар аргаар ашигт малтмал олборлогч буюу нинжа нар л нүүрс олборлож байна гэж ойлгож байгаа. Харин “Нүүрсний чанарын хяналтын удирдлагын систем”-ийн технологийг ашиглах орхигдсон овоолгын муу чанартай нүүрсийг үнэ цэнд хүргэх боломжтой.
Тэгвэл энэ технологийг ашиглаад хоёр өөр ордын нүүрсийг холих боломж ямар байдаг вэ?
Их зөв асуулт байна. Налайхын далд уурхайн олборлох зардал асар их, олборлолт явуулах үр ашигтай технологи байхгүй гэж ярих хүмүүстэй таарч байлаа. Налайхын уурхайн нүүрс хүхрийн агууламж багатай. Харин Багануурын уурхайн нүүрс хүхэр ихтэй. Нүүрсний чанарын удирдлагын хяналтын системийн технологийн тусламжтайгаар Налайх, Багануурын уурхайн нүүрсийг хооронд нь хольж, жигд чанарын нүүрсний хольцыг гаргаж түлш болгох бололцоотой. Үүнийг дагаад уурхайнуудад ажлын байр ч нэмэгдэнэ. Хоёр уурхай хоорондоо зай багатай. Улаанбаатар хотоос ч холгүй оршдог давуу талтай учир төвийн ДЦС-уудыг сайн чанарын түлшээр хангахуйц юм. Хүрэн нүүрсийг үнэд оруулах, агаарын бохирдлыг бууруулахад нүүрсний чанарын хяналтын удирдлагын системд Чех улсын технологи чухал үүрэг гүйцэтгэнэ гэж манай компани харсан хэрэг л дээ. Эрэлт хэрэгцээ нь ч байна.
Манай компанийн хувьд Налайхын уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хамтран тус уурхайн нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх төсөл дээр ажиллаж байна. Одоогоор зөвхөн судалгааны шатандаа явж байгаа.