Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

“Эрдэнэ Ресурс” нутгийн иргэдтэй нээлттэй харилцаа бий болгож чаджээ


Баянхонгор аймагт Баянхөндий алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (Эрдэнэ Ресурс) төсөл хэрэгжүүлж буй орон нутагтаа хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар судалгаа гарчээ. Судалгааг Канадын Бритиш Колумбийн Уул уурхайн сургуулийн судалгааны баг хийсэн бөгөөд энэ удаад хайгуулын шатандаа яваа компанийн орон нутаг дахь сайн туршлагыг судлахыг урьтал болгосон нь онцлог байсныг судлаачид онцоллоо. Ахлах судлаач, доктор Жоселин Фрэйзертэй компанийн орон нутагтай байгуулсан харилцаа холбооны талаар ярилцлаа. 

Ярилцсан Б.Төгсбилэгт


Анх хэрхэн энэ судалгааг хийхээр болсон бэ?
Бритиш Колумбийн их сургуулийн баг уул уурхайд илүү тогтвортой хөгжлийг бий болгох хүрээнд компаниуд хайгуулын шатандаа орон нутагт хэрхэн үнэ цэнийг бий болгох талаар анхаарч судалсаар ирсэн. Монгол Улсын хувьд байгалийн баялаг ихтэй, компани болон орон нутгийнхны хооронд зөрчилдөх тохиолдол цөөнгүй байдгийн хувьд, ялангуяа усны нөөц багатай хэсэгт ийм судалгаа хийх нь ихээхэн тохиромжтой гэж үзсэн юм. 

Миний хамтрагч Надиа Кунз тус компанийн удирдах ажилтан Жон Лёнстой ОУСК-ийн усны талаарх сайн дурын кодекст өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд нэгдэж, гарын үсэг зурах үеэр уулзсан. Тэгээд тус компанийн Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баянхөндий төслийн талаар мэдсэн юм. Манай судалгааны багийн гурав дахь гишүүн бол Б.Булган. Тэрбээр дөнгөж сая Бритиш Колумбийн их сургуулийн магистрийн зэргийг дүүргэсэн. Би Булганы хамтаар 2016 онд Монголд ирж байсан бөгөөд төсөлд бид маш сайн гар нийлж ажилласан.

Улмаар судалгааны ажлыг Mitacs байгууллагаас санхүүжүүлэхээр болж, “Эрдэнэ Ресурс” компани ч өөрсдийнхөө үйл ажиллагааг судлах боломжийг олгосон. 

Судалгаа орон нутагт очих өгөөж, үнэ цэнийн тухай байсан нь ихээхэн сонирхолтой санагдсан. Яг ямар сэдэвт асуудалд илүүтэй чиглэснийг дэлгэрүүлэхгүй юу?
Гол асуулт гэвэл үр өгөөжийг хүртээх, хуваарилах тухай ойлголт юм. Үүнийг компани, орон нутаг, Засгийн газар хэрхэн ойлгох вэ? Уул уурхайн мөчлөгийн эхний үе болох хайгуулын шатанд уул уурхайн компани орон нутагт ямар өгөөжтэй ажиллаж болох, энэ нь үнэхээр боломжтой эсэхийг судлах явдал байлаа. Энэхүү концепцийн гол цөм нь тухайн уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутагт орж ирж буй ашгийн зарим хэсэг нь нутагтаа үлдэж чадаж буйг баталгаажуулах явдал байсан. Энэ нь олон янз байдлаар илэрхийлэгдэж болно. 

Судалгаа маань орон нутагт үлдэх үнэ цэнийг бий болгох тохиромжтой арга нь компани болон орон нутгийн аль аль нь амжилттай байж чадах зүйл дээр хамтрах явдал гэж харсан. Тухайлбал ундны цэвэр усны хүртээмжийг дээшлүүлэх үйл явц. “Эрдэнэ Ресурс”-ын төслийн тухайд усны хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр социализмын үеийн хуучин худгийг сэргээх, хайгуулын ажилд зориулж шинэ худаг гаргах, мөн түүнийгээ малчдад давхар хэрэглүүлэх ажлууд багтсан. Компанийн гидрогеологийн хайгуулын ажлын цар хүрээг өргөтгөж Шинэжинст сумын төвтэй ойролцоо газарт буюу сумын төвөөс гурван км-ийн зайтай ундны усны шинэ эх үүсвэр олж, орон нутгийн захиргаатай хамтран шинэ худаг байгуулсан. 

Орон нутгийг дэмжих бас нэг арга зам нь тухайн нутгийн аж ахуйн нэгжээс бараа үйлчилгээ авах гэж ойлгодог, энэ тал дээр?
Тийм ээ, гэхдээ “Эрдэнэ Ресурс” шиг зөвхөн хайгуулын шатандаа яваа компани орон нутгаас бараа үйлчилгээ авах болон нутгийн иргэдийг ажлын байраар хангах хэрэгцээ боломж тийм ч их биш байдаг. Хэрвээ хайгуулын шатнаас ашиглалтын шат руу шилжвэл энэ бүхэн өөрчлөгдөнө. Бидний судалснаар орон нутгийн иргэд болон компани хооронд итгэлцэл дээр суурилсан харилцаа холбоо тогтсоныг олж мэдсэн. “Эрдэнэ Ресурс” нь орон нутгийн иргэдтэй харилцаа холбоо тогтоож, тодорхой боломжийг санал болгохын сацуу тэдний санал, гомдлыг сонсдог болсон явдал юм. Энэ нь тухайн төслийг уурхай ашиглалтын шат руу шилжүүлэх шийдвэр гаргахад чухал суурь нөхцөл байх болно. 

“Эрдэнэ Ресурс” саяхан Мон­голын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийж, хувьцаагаа гаргасан. Тодорхой хувьцааг орон нутгийн иргэдэд нэр заан эзэмшүүлсэн. Энэ нь үнэ цэнийг хүртээх нэг арга зам гэж ойлгож болох уу?
Орон нутгийн иргэдтэй ярилцаж байхад тэд энэ алхмыг сайшааж хүлээж авсан нь ажиглагдсан. Тэд үүнийг нутагт нь үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйл ажиллагаанаас ашиг тус хүртэж буй үнэлэхүйц арга зам гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Орон нутгийн иргэдэд хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг бүрдүүлсэн нь шинэлэг алхам. Дэлхийн уул уурхайн салбарын нийгмийн хариуцлагын стратегийн хувьд нэлээд сайн, урьд өмнө нь байгаагүй алхам болсон гэж бодож байна. 

“Эрдэнэ Ресурс”-ын хувьд Мон­голд нэлээд удаан хугацаанд ажиллаж байгаагаас гадна орон нутагтай хамтран ажиллах тал дээр багагүй амжилттай яваагаараа сал­ба­рынханд танигдсан. Танай судал­гааны үр дүн, гол дүгнэлт юу гэж гарсан тухай танилцуулахгүй юу? 
Судалгааны гол дүгнэлтэд багтсан нэг зүйлээс эхэлье л дээ. Тус компани нь уурхайг хэрхэн тогтвортой зарчмаар хөгжүүлэхийг зорьж буй тухай маш тодорхой алсын хараатай байсан. Тогтвортой хөгжлийн үзэл санаа нь зөвхөн удирдах ажилтнуудаар хязгаарлагдалгүй компанийн бүх л ажилтанд төлөвшсөн. Компанийн энэ алсын хараа нь тухайн орон нутагт бодит үр өгөөж авчрах байдлаар төслүүдээ хэрхэн хөгжүүлэх тухай бизнесийн стратегийнх нь нотолгоо юм. 

Бид зөвхөн хайгуулын шатандаа яваа, хөрөнгийн зах зээлээс санхүүгийн ихээхэн хараат компани хэрхэн орон нутагт үнэ цэн бий болгож болох тухай судалсан. “Эрдэнэ Ресурс”-ын ажилчид болон хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцсаны дараа, манай судалгаанаас дараах дүгнэлт гарсан. Тэр нь юу вэ гэхээр хайгуулын компаниуд орон нутагт үр өгөөж бий болгоход тодорхой үүрэг гүйцэтгэж чадах юм байна. Хэдийгээр хязгаарлагдмал хөрөнгө санхүүтэй ч гэсэн үүнийг хийх боломжтой. Үүнд юу шаардлагатай вэ гэхээр тодорхой алсын хараа, зөв зохистой бизнес стратеги, харилцаа холбоо байгуулах сайн боловсон хүчин. Мэдээж “Эрдэнэ Ресурс”-ын хувьд Монголд бараг хорин жил ажилласан нь тус дөхөм болсон нь лавтай. 
Зарим компанийн тухайд компанийн нийгмийн хариуцлагыг худалдан авах ажиллагаа мэтээр харах нь бий. Гэхдээ харилцаа холбоо тогтоож, “Эрдэнэ Ресурс” шиг ажиллах нь үр өгөөж бий болгох, амжилттай үйл ажиллагаанд маш чухал нөлөөтэй. 

Судалгааны үр дүнд тус компанийг цаашид орон нутагтай ажиллахдаа юун дээр анхаарах талаар зөвлөмж гаргасан болов уу?
Ямар ч асуудал цаашид илүү сайжраад явах ёстой. Хэдийгээр “Эрдэнэ Ресурс”-ын хувьд орон нутгийн иргэдтэй сайн харилцаа тогтоон ажиллаж байгаа ч малчдын асуудал, тэр дундаа ус, бэлчээр, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд үргэлжлүүлэн анхаарч ажиллах нь чухал. Үргэлжлүүлэн оролцоог хангах нь ганцхан “Эрдэнэ Ресурс” биш бүхий л уул уурхайн салбарт хамаатай асуудал гэдэг нь дамжиггүй. Цаашид үргэлжлүүлэн ахиж дэвшсээр байх хэрэгтэй. Ингэснээр компани эдгээр чухал асуудлыг хэзээ ч хараанаасаа алдахгүй бөгөөд хүмүүс чухал асуудлаар ярилцаж зөвшилцөж, шийдвэрлэх тал дээр ажиллах болно. 

Бидний хоёр дахь зөвлөмж гэвэл компанийн хувьд ус болон цахилгаан хангамжийн асуудал дээр өөр бусад хамтын ажиллагааны боломж бий эсэхийг сайтар судалж, орон нутгийн иргэдэд илүү их туслах боломжийг эрэлхийлэх явдал багтсан. Энэ нь компани болон иргэдийн хооронд тогтоод буй одоогийн харилцаа холбоог үргэлжлүүлэн авч явахад дөхөм болно. Энэ амжилтаа хадгалахад, орон нутгийн иргэд энгийн, ойлгомжтой мэдээллээр хангагдах боломжтой байх ёстой. 

Зөв зохистой усны менежмент бол маш чухал. Түүнээс гадна өөр чухал ажилд жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих явдал багтана. Энэ нь орон нутгийн ханган нийлүүлэлтийг боломжтой хэмжээгээр дэмжихэд чухал хөшүүрэг болно. Үүний тулд тухайн компани нь орон нутагтай хамтран бизнес стратеги болон хяналт мониторингийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хайгуулын төсөл ахиж урагшлахын хэрээр шинэ ажилтнуудаар төсөл бүл нэмнэ. Энэ явцдаа компани орон нутгийн иргэдтэй байгуулсан харилцаагаа цаа­шид хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг хадгалах хэрэгтэй. Ингэснээр үл ойлгол­цол гарахаас сэргийлнэ. Хэрэв тэнд юу болоод байгаа талаар зөв мэдээлэл байхгүй бол хүмүүс дор бүрнээ өөр өөр дүгнэлт хийх болно. Тэгээд төслийг өөр өөр өнцгөөс харж эхлэх болно. Ялангуяа уурхайн талбайд болж буй зүйлсийн талаар. Ажлын байр, ус, байгаль орчны нөлөөллийн асуудлыг хүмүүс хамгийн чухалд авч үздэг шүү дээ. 

Монголын уул уурхайн салбарт “Эрдэнэ Ресурс”-ын жишээнээс авах зүйл гэвэл та юуг онцолж хэлэх вэ?
Хэд хэдэн чухал зүйлс бий. Хэрэв бид уул уурхайн компани болон орон нутгийн иргэдийн хооронд гардаг зөрчлөөс сэргийлэхийг хүсвэл, эхлээд байгаль орчны асуудлуудыг маш сайн таньж мэдэж, хэлэлцэн зөвшилцөх хэрэгтэй. Хоёрдугаарт хайгуулаас ашиглалт, ашиглалтаас бүтээн байгуулалт руу шилжих үед иргэд болон компани хооронд найдвартай сайн харилцаа холбоо тогтооход анхаарах хэрэгтэй. Хүмүүс ямар асуудалд санаа зовниж буйг сонсож ойлгох, орон нутагт тогтвортой хөгжлийг цогцлооход илүү ихээр хувь нэмэр оруулахын тулд компани юунд анхаарах нь зүйтэйг олж тогтоох явдал юм. 

Орон нутгийн хөгжил, орон нутгийн харилцаа нь уул уурхайн салбарт маш чухал асуудал. Таныг энэ чиглэлээр багагүй туршлагатай гэж сонссон. 
Миний хувьд тогтвортой уул уурхай гэдгийг тогтвортой хөгжлийн зарчмаар уул уурхайн үйл ажиллагааг эрхлэх, тухайн уурхайн эрхэлж буй нутагт тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах явдал гэж ойлгодог. Тогтвортой хөгжилтэй холбоотой томоохон асуудлыг харахад хувийн хэвшил дангаар шийдвэрлэх боломжгүй нь ойлгомжтой байдаг. Тиймээс уул уурхайн салбарт түншлэлийг заавал байгуулах шаардлагатай. “Эрдэнэ Ресурс”-ын хувьд ийм төрлийн түншлэл байгуулж, уурхайн үйл ажиллагааны эхэн үе болох хайгуулын шатанд тогтвортой хөгжлийн зарчмыг илүү дэмжин ажиллаж байгаа нь харагдлаа. Энэхүү суурийг хайгуулын үе шатанд байгуулж чадах юм бол уул уурхайн салбар бүхэлдээ энэхүү суурин дээр хөгжиж, тухайн төсөл ахиж урагшлахын хэрээр орон нутгийн иргэдэд уул уурхайгаас ашиг тус хүртэх боломж нэмэгдэж, байгаль орчны хяналт мониторингийн үйл ажиллагаанд иргэд биечлэн оролцох боломжийг олгох юм. 

Дэлхийн бусад уул уурхайн бүс нутагт ч усны хяналтын сайн жишээнүүд бий. Би Монголд малчид сургалтад хамрагдан, усны мониторинг хяналтад идэвхтэй орол­цож байгаа жишээнүүд байгаа гэдэгт итгэлтэй байна. Ийм маягийн хамтын ажиллагааны түншлэл нь илүү тогтвортойгоор замнахын нэг нууц гэж хэлж болно. 

Цаашдаа бүх юм дардан байна гэж үгүй. Асуудал, сорилт тулгарах болно. Гэхдээ харилцаа холбоотой байсан цагт иргэд компани хоорондоо асуудлаа ярилцаж, харилцан бие биенээ сонсож чадна. Асуудлаа ч шийдвэрлэх боломжтой гэж бодож байна. Бидний судалгаа нь бусад компанийг уурхайн мөчлөгийн эхэн үе шатанд бусад оролцогч талтай харилцаа холбоо байгуулах сэдэл төрүүлнэ гэж бодож байна. Энэ нь асуудал бэрхшээлийг тодруулж, шийдлийг олоход хамтран ажил­ла­даг тийм харилцааг компани, иргэдийн хооронд тогтоох боломжийг бүрдүүлэх болно. Энэ бол танд асуудал байхгүй гэж бодох, эсвэл тэдгээрийг үл тоон байдлыг бүр дордуулахаас илүү дээр арга зам юм.