Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 9.6 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 5.3 орчим тэрбум ам.доллар, импорт 4.35 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны нийт бараа эргэлт 25%, экспорт 15.3%, импорт 39.2%-иар тус тус өссөнийг илтгэлээ. Гадаад худалдааны тэнцэл эхний есөн сард 931.7 сая ам.долларын ашигтай гарсан ч уг үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 36.1%-иар буурчээ.
Эрдсийн экспорт оны эхний есөн сарын байдлаар мөнгөн дүнгээр 4.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 24.3%-иар өссөн дүнтэй гарлаа. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр 2.13 тэрбум ам.долларт хүрсэн нь 23.3%-ийн өсөлтийг харуулж байгаа юм. Эрдсийн экспорт дотроо орлогын дүнгээр тэргүүлж буй нүүрс улсын нийт экспортын 40%-ийг дангаараа бүрдүүлсэн дүнтэй байна.
Нүүрсний экспортын биет хэмжээ эхний есөн сарын байдлаар 27.4 орчим сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 6.2%-иар өссөн дүнтэй гарлаа. Сарын дүнгээр өнгөрсөн есдүгээр сард 3.58 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх наймдугаар сарынхтай харьцуулахад 20%-иар өссөн дүн боллоо.
Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний есөн сард 1 сая 73 мянган тонныг гадагш нийлүүлж, 1.5 орчим тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь зэсийн баяжмалын экспорт биет жингээр 1.1%-иар буурсан бол орлогын түвшин 28.7%-иар дээшиллээ. Харин боловсруулсан цэвэр зэсийн экспортын хувьд мөн хугацаанд жингээр 10.05 орчим мянган тонн, мөнгөн дүнгээр 65 сая ам.долларт хүрсэн нь биет жингийн хувьд 17.2%-иар, орлогын дүн 6.4%-иар тус тус буурсан дүнтэй гарав.
Боловсруулаагүй газрын тосны экспорт 4.8 сая баррельд хүрч, 316 сая ам.долларын орлоготой ажилласан дүнтэйгээр оны эхний есөн сарыг давлаа. Энэ дүн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 14.6%-иар буурсан боловч орлогын дүн нь 16.1%-иар өссөнийг илтгэв.
Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны тухайд мөн хугацаанд 3.4 тонныг экспортолж, 144.5 сая ам.долларын орлогын дүнгийн биелэлттэй гарлаа. Энэ нь жин болон орлогын хувьд бараг 64%-иар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 14.3 тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 377.7 кг-аар буюу ялимгүй багассан тухай тус банк мэдээлээд байгаа юм.
Төмрийн хүдрийн экспортын тухайд оны эхний есөн сард 5.3 сая тоннд хүрч, 240.4 сая ам.долларт хүрсэн нь биет жингээр 21.9%-иар, орлогын дүн нь 3.8%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Цайрын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 92.2 мянган тонн болж, орлогын дүн нь 153.46 орчим сая долларт хүрчээ. Цайрын экспорт ийнхүү жингээр 1.6%-иар, орлогын дүн нь 14.9%-иар тус тус өсөв.
Жоншны хүдэр, баяжмалын экспортын тухайд оны эхний есөн сарын байдлаар 344.7 мянган тонныг гадагш нийлүүлж, 115.7 сая ам.доллар олсон нь биет жингээр 59.8%, орлогын дүнгээр 2.1 дахин өссөн дүнтэй гарлаа.
Молибденийн баяжмалын экспорт эхний есөн сарын байдлаар 4.4 мянган тоннд хүрч, 36 сая ам.доллартай тэнцсэн нь биет жингээр 10.1%-иар буурсан ч, үнийн дүнгийн хувьд 30.8%-иар нэмэгдсэн дүнг илтгэлээ.
Хар тугалгын хүдэр баяжмалын экспортын тухайд 15 мянган тоннд хүрч, 38 орчим сая ам.доллартай тэнцсэн нь жингээр 27.1%-иар, орлогын хувьд 26.6%-иар тус тус нэмэгдсэн дүнтэй гарлаа.
Гянтболдын экспорт оны эхний есөн сард 458.4 тоннд хүрч, 5.06 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс жингийн хувьд 37.8%-иар, орлогын дүн 4.4%-иар тус тус буурсан байна.
Б.Төгс