Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Сентерра гоулд компани (TSX: CG) өнгөрсөн баасан гарагт Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар борлуулж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Монгол дахь бизнесийн нэгжид Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг мэдээнд өгүүлжээ.
Сингапурын компани нь Сентерра голд компанийн Монгол дахь охин компаниуд болох Бороо гоулд ХХК болон Сентерра гоулд Монголия ХХК-ийг бүрэн эзэмшдэг Centerra Netherlands (BVBA) компанийн бүх хувьцаа, өр төлбөрийг худалдан авч байгаа ажээ.
Энэ тухай Сентерра гоулд компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Скотт Перри “Монгол дахь бизнесээ худалдсан явдал нь Сентеррагийн хөрөнгийн багцын суурь чанарыг нэмэгдүүлэхэд дөхөм болох бас нэг алхам юм. Энэ нь компанийн хувьд бусад бүс нутаг болох Канад, Турк дэх ашиглалтын төслүүддээ илүү анхаарах боломж олгоно.” гэж мэдэгджээ.
Сентерра гоулд компанийн хувьд Монгол дахь Алтан цагаан овоо төслөө өнгөрсөн онд Степ голд компанид худалдсаны дараагаар тус компанийн хувьд Монголд үлдэх гол шалтгаан нь Гацуурт төсөл болоод байсан юм. Гацуурт төслийн хувьд одоо хэр нь шүүх дээр маргаан нь эцэслэн шийдэгдээгүй бөгөөд Монголын Засгийн газартай ордын судалгаа төлөвлөгөөн дээр нэгдсэн шийдэлд хүрэх гээд олон ажил хүлээгдэж байсан билээ.
Сингапурт төвтэй OZD ASIA PTE хувийн хэвшил нь шинэ зах зээл дэх ашигт малтмалын ашигтай уурхай, төслүүдийг худалдаж авахад голлон анхаарч ажилладаг байна.
Сентеррагийн хувьд Киргиз дэх Кумторын
алтны уурхай, Канад дахь Маунт Миллиганы зэс, алтны уурхай, Турк дэх 2020 онд
ашиглалтад оруулахаар төлөвлөж буй алтны Оксут төсөлдөө анхаарах үлдэж байна.
Гэхдээ Кумторын ордын хувьд Киргизийн Засгийн газартай асуудлыг хэрхэн шийдэх
нь ирэх сар гэхэд тодорхой болж мэдэхээр байгаа юм.
Б.Төгс