Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Wood Mackenzie: Монголын хувьд Хятадаас өөр зах зээлд хүрэхэд хүндрэлтэй



The Mongolian Mining Journal /2018.009/

Эрдсийн зах зээлийн судалгааны байгууллага Вүүд Маккензийн Ази Номхон далайн бүс нутгийн Нүүрсний зах зээл хариуцсан Ахлах шинжээч Пралаб Бхаргавагаас Coal Mongolia олон улсын нүүрсний салбарынхны хурлын үеэр MMJ зарим асуултад хариулт авлаа.

Монголын хувьд Хятадын коксжих нүүрсний зах зээлд эзлэх хувиа ахиулах боломж бий юу?
Боломжтой гэж харж байна. Хятадын хувьд хайлуулах зуухны хэмжээг илүү томруулж байгаагаас гадна дотоодын олборлолтоо бууруулж байна. Чанар нь ч гэсэн асуудалтай байгаа шүү дээ. Тиймээс Монголын хүхэрлэг багатай, бөсөх индекс өндөртэй нүүрсийг импортолж, дотоодын нүүрстэй хольж хэрэглэх нь тэдэнд ашигтай. Хятадын хувьд дотоодын нүүрсээ Австралийн сайн чанарын коксжих нүүрстэй холих боломжтой ч Өвөрмонголын гангийн гол бүс нутагтай хамгийн ойр нь Монгол. Энэ нь Монголын нүүрс тухайн бүс нутагт Австралийн нүүрснээс илүү их өрсөлдөх давуу талыг олгож буй юм. Чухам иймээс Монголын нүүрс Хятадын зах зээлд ирэх жилүүдэд ихээхэн боломжтой байх болно. 

Та илтгэлдээ 2023 он гэхэд олон улсын зах зээлд нүүрсний үнэ тонн тутамдаа 123 ам.доллар болж буурна гэж хэлсэн. Энэ нь Монголын нүүрсний компаниудад хэрхэн нөлөөлөх вэ?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд авч үзье л дээ. Одоогийн байдлаар боловсруулсан нүүрсний үнэ олон улсын зах зээлд 180 ам.доллар/тонн байна гээд авч үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” өөрсдийн түүхий нүүрсийг 70 ам.доллараар борлуулж байгаа. Хэрэв дэлхийн зах зээлд үнэ буураад 120 ам.доллар/тонн-ын түвшин рүү очвол тэдний борлуулалтын үнэ 50 ам.доллар боллоо гэж тооцоход тонн тутамд 15-17 ам.долларын ашиг хийсэн хэвээр байх болно. Гэхдээ 120 ам.доллар гэдэг Хятадын коксжих нүүрс олборлогчдын хувьд хүлээж авч болох хамгийн бага үнэ. Хэрэв үнэ үүнээс бага түвшинд очвол Хятадын Засгийн газраас дэмжлэг олгох арга хэмжээ авна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл олон улсын зах зээлд нүүрсний үнэ 2015-2016 оных шиг доод түвшинд очихгүй болов уу. Тиймээс Монголын нүүрс олборлогчид ерөнхийдөө ашигтай ажилласан хэвээр байх болно гэж бодож байна. Гэхдээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл орлого илүү өснө гэдэг нь яриангүй.

Зах зээлийн өрсөлдөх чадварын хувьд авч үзвэл Монгол Улс боловсруулсан нүүрс экспортлох шаардлагатай юу, магадгүй хольж бэлтгэсэн нүүрс гаргах нь илүү ашигтай гэж Та бодож байна уу?
Монголын компаниуд нүүрсээ боловсруулж эсвэл хольж бэлтгэн экспортлох хэрэгтэй гэдгийг илтгэлдээ тэмдэглэсэн. Одоогийн байдлаар MMC холих шаардлагагүй сайн чанарын нүүрс гаргаж байна. Учир нь тэдний нүүрсний чанар Австралийнхтай өрсөлдөхүйц байдаг. MMC нэмүү өртөг шингэсэн сайн чанарын бүтээгдэхүүн зах зээлд гаргаж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ түүхийгээр нь гаргаж байгаа. Тиймээс хувийн хэвшлийн туршлагыг дагах хэрэгтэй. Гэхдээ яг одоогийн байдлаар тус компанийн хувьд түүхий нүүрс гарган хангалттай ашиг олж байгаа учир бүх зүйлд сэтгэл хангалуун байх шиг байна. Мэдээж бусад уурхайн хувьд асуудлыг өөрөөр харж болно шүү дээ. Тухайлбал “Аспайр Майнинг” компанийн хувьд нүүрсээ өөр нүүрстэй хольж сайжруулан дээд ангиллын нүүрс үйлдвэрлэн гаргах хувилбарыг бодолцож байна. 

Бүх төсөл дэх уурхай нь өөрийн нүүрсний чанарт уялдуулан тус бүрнээ стратеги боловсруулан ажиллах хэрэгтэй. Дэгдэмхий арай өндөртэй хагас коксжих нүүрс олборлож буй уурхай нь дэгдэмхий арай багатай нүүрстэй хольж, илүү сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Тэгснээр  бөсөх индекс нь илүү сайн болж, илүү өндөр үнэд хүргэн бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой. Хольц бэлтгэхэд шаардлагатай түүхий эд нь магадгүй яг бэлэн биш бол ойролцоох бүсүүдэд хайгуул хийх шаардлагатай болно. Одоогийн байдлаар би орон зайн хүчин зүйл гол асуудал болж байна гэж бодож байна. Ялангуяа дэд бүтэц дутмаг байна. Гэхдээ эдгээр нь богино хугацааны асуудал. Дунд болон урт хугацаандаа хольж бэлтгэсэн нүүрсийг экспортлох боломж хавьгүй өргөн болно гэж найдаж байна. 

Хятадын агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ дэлхийн коксжих нүүрсний зах зээлд хэрхэн нөлөөлнө гэж Та харж байна вэ? Ялангуяа Монголын нүүрсний экспортлогчдод?
Тийм ээ, Хятадад үр ашиггүй, хуучин уурхайнууд хаагдаж, бүтээгдэхүүний гарцаа танаж байна. Дотоодын нийлүүлэлтийн бууралтыг импорт нэмэгдэж байж нөхөж таарна. Гэхдээ үүнээс хэр ихийг нь Монголоос нийлүүлэх нь танай улсын дэд бүтцийн боломж болон боомтын нэвтрэлт чадамж хэр сайн байхаас хамаарна. Бид Хятадад коксын үйлдвэрүүд үйлдвэрлэлээ танах эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Хэрэв тийм зүйл болвол энэ нь Хятад руу коксжих нүүрс экспортлогчдод хүндхэн тусна. Гэхдээ Хятадаас өөр коксжих нүүрс импортлогч  гарч ирж байна. Тухайлбал Энэтхэг улс. Хятад гангийн үйлдвэрлэлээ бууруулах нь гарцаагүй. Учир нь дотоодын эрэлт нь буурч байна. Өнгөрсөн оны өсөлт бол хөөс байсан. Хятадын гангийн экспорт цаашид үргэлжлэх ч АНУ болон тус улсын хооронд үүсээд буй асуудал нь өсөлтийг хязгаарлах болно. Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл гангийн үйлдвэрлэл эрчмээ хадгалах төлөвтэй. Хятадаас илүү их хэмжээний ган импортолж байсан улс орнууд өөрсдөө ган үйлдвэрлэх эсвэл өөр эх үүсвэр хайх болно. Энэ бүхэн нь коксжих нүүрсний зах зээлд сайн нөлөөтэй бөгөөд үнэ өндөр хэвээр хадгалагдах нөхцөл болно. Монголын нүүрсний салбарт энэ нөхцөл байдал нь сайнаар нөлөөлөх бөгөөд далайн тээврээр худалдаалагддаг нүүрсний худалдаанд бүр ч илүү байх болно гэж харж байна. 

АНУ-Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайн коксжих нүүрсний зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ? Магадгүй сайн нөлөөтэй байх уу?
Тийм ээ, би тэгж бодож байна. АНУ нь Хятадаас бага импортолно гэдэг нь хамгийн том эдийн засгийн дотоод хэрэглээ багасна гэсэн үг биш. Тэгэхээр дотооддоо илүү ихийг үйлдвэрлэх эсвэл өөр улсаас импортолж таарна. Одоо дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал нь тийм ч өндөр биш байна. Учир нь цөөнгүй гангийн үйлдвэрүүд хаалгаа барьсан. Одоогийн ажиллаж буй үйлдвэрүүдийн дийлэнх нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тул өргөжүүлэх боломжгүй. Энэ нь өөр бусад улс орнуудыг үйлдвэрлэлээ тэлэхэд хүргэнэ. Коксжих нүүрсний тухайд ч ялгаагүй. Эрэлтийн тухайд нэг улсаас нөгөөд шилжих үйл явц өрнөнө гэж харж байна. Нийт эрэлт буурсан ч, цөөн хэдэн сая тонноор хэмжигдэх бөгөөд ашигтай ажиллагаа хэвээр хадгалагдана. Зарим улс орны хувьд нөлөөлөл нь мэдэгдэхүйц байж мэдэх ч дэлхийн хэмжээнд авч үзвэл нөлөөлөл нь тийм ч их байхгүй. 

Одоогийн байдлаар Австрали, Оросын нүүрс экспортлогчид Хятадын зах зээлд байр сууриа өргөжүүлж байна. Харин Монголын хувьд боломжоо алдаад байх шиг. Та энэ тухайд ямар бодолтой байна вэ?
Монголын хувьд ганцхан MMC л Хятадын Австралиас импортолдог шиг нүүрсийг үйлдвэрлэж байна. Австралийн нүүрс өндөр чанартай тул түүнийг орлуулахад төвөгтэй. Орос 100 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Хэрэв тус улс төмөр замын дэд бүтцээ сайжруулбал энэ хэмжээг өсгөх боломжтой. Гэхдээ одоохондоо энэ үйл явц тийм ч хурдан өрнөчихгүй. Нэг үгээр Орос экспортоо чинээндээ тулгачихаад байна. Монголын хувьд энэ хугацаанд атгаж болох тодорхой хэсэг бас байна. Гэхдээ ирээдүйд боломж байна гэж харж байна. Австралийн тухайд коксжих нүүрсний цөөн төсөл ашиглалтад орохоор байгаа юм. Хэрэв Хятад импортоо өсгөвөл, Монголын нүүрс экспортлогчдод маш том боломж бүрдэнэ. Гэхдээ дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн байвал шүү дээ. 

Монголын хувьд коксжих нүүрсний томоохон импортлогч Энэтхэгийн зах зээлд нүүрсээ хүргэх боломжтой гэж Та бодож байна уу?
Монголын тухайд Хятадын хамгийн боломжтой Цинхуандао гээд боомт руу нүүрсээ хүргэж, тэндээс цааш экспорт хийж болно. Гэхдээ тээврийн зардал өндөр байх болно. Тиймээс Монголын нүүрс нь Хятадаас өөр зах зээлд хүрэхэд эдийн засгийн хувьд үр ашиггүй байж мэднэ. Танай улсын нүүрс Оросын боомтуудаар цааш гуравдагч зах зээлд хүрэхэд мөн л транзит тээврийн гэрээний нөхцөлөөс хамаарна. Тиймээс боломж хязгаарлагдмал. Оросоор дамжуулан нүүрсээ гаргах нь Монголын хойд хэсэгт орших уурхайнуудад ашигтай байж болно. Харин Тавантолгойн хувьд Орос руу гарах хүртлээ хойд хэсгийн уурхайтай харьцуулахад дахиад нэмж 500 км тээвэрлэгдэнэ. Яг одоогийн нөхцөлд харахад Монголын хувьд энэ хувилбар нь хүндхэн харагдаж байна.