Аливаа салбар дахь төслийг удирдан хэрэгжүүлэх соёл стандартыг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, үндэсний болон дэлхийн туршлагыг таниулах зорилттой “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” бага хурал “Туушин” зочид буудалд зохиогдов. Энэ удаагийн хурал нь АНУ-д төвтэй PMI буюу Олон улсын төслийн удирдлагын хүрээлэнгийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой, салбар “Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ Монголд нээгдсэн 5 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой.
Тэмдэглэлт ойг хүндэтгэж PMI буюу Олон улсын төслийн удирдлагын хүрээлэнгийн АНУ-ын төв болон Азийн орнууд дахь салбарын байгууллагын төлөөлөгчид “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” хуралд хүрэлцэн иржээ. Тав дахь жилийн хурлын Ерөнхий ивээн тэтгэгч болоод хамтран зохион байгуулагчаар Хятадын төдийгүй дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг “Huawei” ажиллалаа.
Хурлыг нээж “Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллагын Ерөнхийлөгч, “IT Zone” компанийн ТУЗ-ийн дарга Н.Баттулга хэлсэн үгэндээ ““Пи Эм Ай Монголиа Чаптер” нь олон ажил зохион байгуулдгийн хамгийн гол арга хэмжээ нь жил бүрийн хурал. Манай байгууллага Монгол Улсын төслийн удирдлагын салбарыг хөгжүүлэн бэхжүүлж, шинэ шатанд гаргах, цаашлаад “Пи Эм Ай Монголиа Чаптер”-ыг институцийн хэмжээнд зохион байгуулах, энэхүү институцийн хүчтэй хөгжил дээр суурилан төслийн удирдлагын салбарт олон улсын стандарт нэвтрүүлэн нутагшуулах, энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэн нэмэгдүүлэх зорилттой. Монгол Улсын хөгжлийн хамгийн эрчтэй энэ цаг үед төслийн удирдлагын менежментийн шаардлага асар өндөр байна. Олон улсын туршлагаас суралцах, шинэ мэдээллийг авах, төслийн менежментийн стандартуудыг эзэмших, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэлхийн түвшинд хүргэх нь нэн чухал” гэдгийг онцлов.
Тус хуралд ач холбогдол өгч, АНУ-ын Төвийн PMI байгууллагын ТУЗ-ийн гишүүн бөгөөд захирал Тежас Сура болоод Зүүн Азийн бүсийн Хятад, Тайван, Хонконг, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнууд дахь салбар байгууллагын удирдлагууд оролцсон юм. Хилийн чанадаас ирсэн төлөөлөгчид төслийн удирдагчийн чадвар, дижитал хувьсал, байгууллагын өөрчлөлт шинэчлэл зэрэг сэдвүүдээр туршлага солилцох сонирхолтой илтгэлүүд тавилаа. Мөн манай улс дахнь төслүүдийн хэрэгжилт, туршлагын талаар Mobicom, “Оюутолгой” төслийн Гүний уурхай, Голомт болон Хас банк, “Номин констракшн” зэрэг компани танилцуулсан юм. Хоёр дахь өдөр зохиогдсон workshop-оор оролцогчид багаар ажиллаж, удирдлага болоод багийн ажиллагааны шинэ аргачлалд суралцав.
1969 онд үүсгэн байгуулагдсан PMI буюу Олон улсын төслийн удирдлагын хүрээлэн нь дэлхий даяар 2.9 сая гаруй мэргэжилтэнд үйлчилдэг. Дэлхий даяар нийт 1.5 сая орчим мэргэжилтэн PMI-ийн сертификат эзэмшдэг. 2013 онд Монгол дахь салбар “Пи Эм Ай Монголиа Чаптер” нь 15 гишүүнтэй байгуулагдсан бол өдгөө төслийн 2000 гаруй менежерийг олон улсын стандарт, төслийн удирдлагын онолд сургаж, 160 гаруй гишүүн, 150 гаруй хамтрагч байгууллагуудтай өргөн цар хүрээтэй мэргэжлийн байгууллага болон хөгжжээ. Манай улсын хувьд төслийн удирдлагын менежментээр мэргэшсэн PMI сертификат бүхий 50 гаруй мэргэжилтэн байдаг.
Э.Од