Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлаг 2018 оны 11-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав. Мөн тус агентлагаас Монгол Улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээг "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгаллаа.
Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна.
Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байгаа ба ОУВС-ын хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтүүдийн тусламжтай төсөв дээр нэгдсэн арга хэмжээ авч, ирэх 3 жилд төсвийн алдагдлыг бууруулан, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээр байна. 2017 оны эцэст ДНБ-ний бодит өсөлт 5.2%-д хүрсэн бол 2018 оны 1-р хагаст 6.3%-д хүрч, цаашид 2021 он хүртэл түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт, Таван толгой болон Оюу Толгой нь (2-р шат) үйлдвэрлэлээс хамаарч жилд дунджаар 5.2%-ийн өсөлттэй байх хүлээлттэй байна.
Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний 10 жилийн жигнэсэн дундаж өсөлт 5.4% байгаа ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ойролцоо улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн гүйцэтгэл ихээхэн илүү байгаа. Гэхдээ эдийн засаг нь түүхий эдийн үнээс хамааралтайгаар эмзэг хэвээр байна. Энэхүү эмзэг байдал нь эдийн засаг болон төсвийн өөрчлөлт, хэлбэлзлийг нэмэгдүүлж байгаа.
Монголд хэрэгжиж буй хоёр мега төслүүдэд ахиц гарлаа. Нэгдүгээрт Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгойн алт, зэсний уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалт юм. Хоёрдугаар төсөл нь Засгийн газрын тооцоогоор 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Таван Толгойн орд бөгөөд 3 байгууллага хамтарч ажиллахаар байгаа.
Түүхий эдийн үнийн өсөлт болон зардал тал дээр сахилга баттай хандсанаас үүдэлтэйгээр төсвийн данснууд 2018 оны туршид сайжирлаа. 2018 оны эхний 9 сарын байдлаар төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 28.6% өссөн бол зардал 5.4% өссөн байна. Засгийн газар 2019 онд төсвийн зардлыг бага зэрэг тэлэх төлөвтэй байгаа ч одоогийн баримталж буй чиглэлд ямар нэг аюул учрахгүй.
ОУВС-аас тэргүүлэн, бусад зээлдүүлэгч нартай хамтран хэрэгжүүлж буй 5.5 тэрбум ам.долларын реформын хөтөлбөр тус улсад санхүүгийн болон техникийн томоохон дэмжлэг үзүүлж байгаа. Монгол Улс хөтөлбөрийн зорилт бүхий тоон үзүүлэлтийг амжилттай хангаад байгаа нь гадаад орчны болон төсвийн дарамтыг бууруулав. 2015-2016 онд макро эдийн засаг болон санхүүгийн огцом стрессийн дараа үүссэн эдгээр ахиц нь уг улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүллээ.
Эх сурвалж: Монголбанк