Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төсөв 2019: Нүүрс “амбиц”


Б.Төгсбилэгт

Ирэх оны төсөвт зарлагыг өмнөх оныхтой харьцуулахад 20%-иар /₮1.9 их наяд-аар/ нэмэгдүүлж, орлогыг ч мөн 35%-иар /₮2.45 их наяд-аар/ өсгөж тооцжээ. Гэхдээ төсвийн алдагдал зорилтот түвшинд /хуулиар 6.9% дотор барих ёстой/ хадгалагдаж байгаа учир бүгд хуулийн хүрээнд буюу сэтгэл зовних шаардлагагүй, зохистой төсөв гэж харагдаж байж мэдэх юм. Харин төсвийн орлогын биелэлт тийм амар биелэх үү гэх асуулт урган гарч ирнэ. Ирэх онд эдийн засгийн өсөлт 8%-тай байна гэж тооцоолсон бөгөөд ДНБ 35.3 их наяд төгрөгтэй тэнцэнэ гэж тооцжээ. Энэ онд эдийн засгийн өсөлт 7.1%-тай байна гэж тооцоолоод байгаа юм. 



Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үнэндээ нэг асуудлыг зохицуулж чадсан. Төсвийн зарлага нэмэгдүүлэхийн сацуу төсвийн алдагдлыг бага харагдуулах зорилтыг тэрбээр давгүй шийдсэн. Сангийн сайд эдийн засаг өсч байна, тэгэхээр зарлага өсөх нь байдаг л зүйл гэж хөнгөхөн тайлбарласан. Хөнгөхөн тайлбарласан хэдий ч түүний хувьд энэ нь шийдэхэд хүндхэн даваа байв. Зарлага өссөн ч алдагдлыг бага харагдуулах зорилгоо тэр нүүрсээр шийдсэн юм. Уг нь их бодитой арга барилтай Сангийн сайд гэдгээ өнгөрсөн онд нүүрсэн дээр харуулсан билээ. Тухайн үед шинэ Засгийн газар байгуулагдаад нүүрсний экспортын хэмжээг 32.2 сая тонн гэж төлөвлөсөн байсныг тэрбээр 28 сая тонн болгож бууруулсан. Энэ ч үүднээсээ эрдсийн экспортод ихэд бодитой хандлаа гэж үнэлэгдэж байлаа. Харин энэ удаад нүүрсний экспортыг 42 сая тонноор тогтоосон нь тэр бүх үнэлэмжийг унагахад хүргэв. 

Асуудлыг гутранги өнцгөөр тайлбарлах нь эдийн засагт улам хортой гэдэг л дээ. Гэхдээ Сангийн сайдын нүүрсэнд тавьсан найдлага, амбиц нь эрдсийн зах зээл, бусад гадаад хүчин зүйлээс үүдэн ганхвал эдийн засагт чамгүй сөрөг үр нөлөө авчрах нь гарцаагүй. Сангийн сайдын хувьд Олон улсын валютын сантай тохиролцсон нөхцөлүүдээ хадгалахын хажуугаар сөрөг хүчнийхний эвийг олох, намынхантайгаа таарамжтай байхын “алтан дундаж”-ийг барих нь ихээхэн төвөгтэй байх нь дамжиггүй. “Бүсээ хэт чангалах” нь сонгуулийн жилээс урьтаж сонгогчдын сэтгэлд нийцэхийг хүсч буй эрх баригч намын тактиктай уялдахгүй нь тодорхой. Харин зарлага нэмэгдэхийн хэрээр төсвийн алдагдал өснө. Алдагдал өсвөл Валютын сан амлалтаа мартаж болохгүйг сануулна. 

Ийм хоёр өөр туйлын дунд зовж буй Сангийн сайд гарах гарцаа нүүрс гэж үзжээ. Нүүрсний салбар өнгөтэй байгаа учир тэрээр нүүр бардам төсвийн зарлагыг нэмж орхив. Сангийн сайдын найдвараа болгосон нүүрсний салбар ирэх онд чинээндээ тултал ажиллах ёстой. Боомтын нэвтрэлт удаашрах, зах зээлийн үнэ ханш мэт элдвийг ярьж шалтаг тоочих эрхгүй. Өөрөөр хэлбэл нүүрсний салбар хэр амбицтай байж чадахаас ирэх оны төсвийн биелэлт хамаарахаар болж байна.
Орлого нэмэгдэж орж ирэх шалтгааныг гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал болон дэлхийн эрдсийн зах зээлийн эерэг уур амьсгал, гааль /гаалийн шинэчлэлд 74.6 тэрбум төг зарцуулна/, татварын шинэчлэл зэрэгтэй холбон Сангийн яам тайлбарлаж байгаа. Төлөвлөсний дагуу үйл явц өрнөвөл ирэх онд уул уурхайн орлого 2011 оноос хойш байгаагүй том хувь нэмрийг төсөвт оруулах юм. (Төсвийн нийт орлогод эзлэх хувиар тооцвол)

Зэс, нүүрс эрдсийн орлогын 87%-ийг эзэлнэ

Ирэх оны төсөвт уул уурхайн салбараас 3 их наяд төгрөг орно гэж тооцоолжээ. Энэ нь 2018 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 1.3 их наяд төгрөгөөр давсан орлогын дүн болж байна. 

Зэсийн баяжмалын орлогоор нийтдээ 1.3 их наяд 4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ. Ингэхдээ ирэх онд “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” нийтдээ 1.4 сая тонн зэсийн баяжмал борлуулна гэж тооцоолжээ. Сангийн сайд зэс дээр харин харьцангуй бодитой хандсан юм. Ирэх онд зэсийн зах зээлийн дундаж үнэ 6272.2 ам.доллар/тонн байна гэж тооцоолоод байна. 




Томоохон зэс үйлдвэрлэгч улс болох Чилийн хувьд зэсийн зах зээлд нэлээд өөдрөг байр суурийг баримталж байгаа. Учир нь нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэл нь зах зээлд ханш буурах магадлалыг бууруулж байгаа ажээ. Бусад хүчин зүйлсийн хувьд ч тэр Хятадын эрэлт өндөр байх төлөв харагдаж байгаа юм. Гэхдээ Чили улсын хувьд АНУ-Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайнтай холбоотойгоор өөр улсуудтай худалдааны гэрээ байгуулах, өргөжүүлэх зэргээр эдийн засгаа хамгаална гэдгээ тус улсын Уул уурхайн сайд Балдо Прокуриса мэдэгдсэн. Эндээс харахад манай улсын хувьд худалдааны дайн болзошгүй эрсдэл үүсгэж мэдэх юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад манай зэсийн баяжмалын экспорт бүхэлдээ Хятад руу гардаг. 

Хятад улс дэлхийн зэсийн эрэлтийн тал хэсгийг дангаараа бүрдүүлж байгаа. АНУ өнгөрсөн долдугаар сард Хятадаас импортолдог 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулахаар болсон юм. Удалгүй есдүгээр сараас эхлэн дахин 200 тэрбум ам.долларын бараанд 10%-ийн татвар ногдуулж эхэлсэн. Хятад улс энэхүү дайралтад хариу бодлого барьж, 110 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулсан. АНУ-ын хувьд сүүлд ногдуулсан бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг ирэх оноос эхлэн 25% болгож өсгөх төлөв харагдаж байна. Сангийн яамны мэдээлж буйгаар АНУ-ын татварын арга хэмжээ нь Хятад улсад байгуулагдсан үйлдвэр, компаниудыг байршлаа өөрчлөхөд хүргэж буй бөгөөд улмаар эдийн засгийн эрчимд муугаар нөлөөлж болзошгүйг тэмдэглэжээ. 

АНУ-ын төв банк болох Холбооны нөөц  бодлогын хүүгээ нэмэгдүүлж, мөнгөний бодлогыг чангаруулснаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын өсөлт 2019 онд саарч болзошгүй байна. Гэхдээ Хөгжлийн банк саяхан 5 жилийн хугацаатай 7.25%-ийн хүүтэй 500 сая ам.долларын бонд босгосноор Монголын санхүүжилтийн зардлыг доогуур хэмжээнд барих боломжийг бүрдүүлж чадлаа гэж омогшиж суугаа байх. 

Нүүрсний экспорт хэзээ ч ийм томоор яригдаж байсангүй. Сангийн сайдад гол нь нүүрснээс өөр найдвар тавьчихаар зүйл байсангүй. Энэ оны сүүлийн улиралд боомтын нэвтрэлт удаашрахгүй бол нүүрсний экспорт 37-38 сая тонн руу дөхөхөөр байна. Ирэх онд сар бүр гаргалт ийм байдлаар жигд явбал үнэхээр 42 сая тоннд хүрэх боломжтой. 

Нүүрсний хувьд авч үзэхэд анх удаагаа зэсийн баяжмалаас илүү их орлогыг энэ салбараас төвлөрүүлэхээр заажээ.  Энэ утгаараа ирэх оны төсөв нь яах аргагүй нүүрсний амбиц гэх тодотголтой төсөв гэж хэлж болохоор харагдана. Орлого нэмэгдэж буй шалтгаан нь ирэх онд экспортлох нүүрсний биет хэмжээг 42 сая тонн болгож төсвийн тайланд тусгасанд байгаа юм. Энэ нь хэр бодитой, боломжтой эсэх тухай асуултад Сангийн сайд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт тааруухан байсан ч У.Хүрэлсүх сайдын айлчлалтай холбоотойгоор сүүлийн саруудад маш сайн гаргалттай яваа. Энэ байдал ирэх онд ч үргэлжлэх болов уу гэж харж байна. Тиймээс энэхүү таамаг боломжтой гэж тайлбарласан. Үнэхээр тийм байх боломж бий. Нүүрсний салбарын зарим мэргэжилтэн ч энэхүү тоог экспортын боломжит тоо хэмжээ гэж харж байна. Гэхдээ эдийн засгийн шинжээчид нүүрсний салбарт ийм их найдвар тавьсанд эргэлзэнгүй хандаж байгаа нь гайхах зүйл биш юм. 

42 сая тонн нүүрс экспортолбол манай улс түүхэн дээд хэмжээгээр нүүрс худалдаад зогсохгүй даруй 1.3 их наяд 11 тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэхээр байна. Энэ нь зэсийн салбараас ялимгүй их мөнгөн дүн болж байна. Нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ ханшийг 75.9 ам.доллар/тонн байна гэж ирэх оны төсөвт тусгаад буй нь мөн л харьцангуй өндөр үнийн дүн болж буйг хэлэх нь зүйтэй. 

Гэхдээ Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээг маш сайн ажиглах ёстой юм. Энэ дүнгээс харахад Хятадын импорт бага зэрэг бууралттай байж мэдэхээр байна. 2017 онд коксжих нүүрсний импорт нь 69 сая тонн байсан ч энэ онд буурч, ирэх онд ч байдал хэвээр  үргэлжлэх хандлагатай байна. Дээр нь хоёр улсын худалдааны дайн түүхий эдийн эрэлт буурах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь нүүрсний экспортын зорилт биелэх магадлалыг эргэлзээтэй болгож байгааг хэлэх нь зүйтэй. Ийм нөхцөлд Хятад улс ерөнхийдөө импортоо нэмэгдүүлэх магадлал бага төдийгүй цаад утгаараа манай улсын нүүрсний экспорт 40 сая тоннын шугамыг давах зорилтыг маш эргэлзээтэй болгож байна. 

“Фэнвэй Энержи” буюу Хятадын нүүрсний мэдээллийн гол суваг болсон байгууллагын тооцоолж буйгаар энэ оны хувьд коксжих нүүрсний импортын хэмжээ 62 сая тонн байх бөгөөд ирэх онд ойролцоогоор 60 сая тонн болж буурах таамаг дэвшүүлжээ. Хятадын дотоодын нийлүүлэлтийн хэмжээ тооцоолсноос буурах аваас Монголоос авах нүүрсний хэмжээ өсч болох юм. Гэхдээ Хятад нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг учир төлөвлөгөөний дагуу ажилладаг улс гэдгийг санах хэрэгтэй. Алсдаа Хятадтай өндөр дүнтэй худалдан авалт хийе гэвэл төмөр замаар тээвэрлэлт хийх шаардлагатай. Учир нь тус улс түүхий эдийн тээвэрлэлтийг машинаар тээвэрлэхийг хязгаарлаж илүү цэвэр ногоон тээвэрлэлт буюу төмөр зам, усан тээврээр зөөвөрлөх бодлого барьж, улам эрчимтэй хэрэгжүүлж байна. 

Зэс, нүүрс гэсэн хоёр эрдэс нийлээд ашигт малтмалын салбараас оруулах орлогын 87%-ийг дангаар бүрдүүлж байна. Үлдсэн 13%-ийг алт болон бусад эрдсийн салбар эзэлж байна. Алтны салбарын хувьд ирэх онд 21 тоннын худалдан авалт хийхээр тооцоолжээ. Ингэснээр төсөвт нийтдээ 83 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ гэж тооцоолсон бол бусад эрдсийн түүхий эдүүд нийлээд 302 тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэхээр харагдаж байна. 



Ирээдүйн өв санд мөнгө хуримтлагдаж эхэлнэ

Норвегийн тэтгэврийн сан болон үүнтэй адил зарчмаар ажилладаг бусад орны баялгийн сан шиг бодитой баялгийн санг бий болгох  зорилгоор Хүний хөгжил санг анх байгуулсан ч тэр нь хэт их улс төржилтийн нөлөөгөөр бэлэн мөнгөний машин болон хувирч адаг сүүлдээ өр болоод дууссан билээ. Тус сангийн халааг залгуулахаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2016 онд батлуулсан ч Хүний хөгжил сангийн 1.1 их наяд төгрөгийн өрийг хүлээж авсан юм. Ингэснээр уг санд ямар л хөрөнгө орж ирнэ, бүгдийг төсөвт шилжүүлж өрөө цайруулах шаардлагатай болсон нь ирэх онд дуусгавар болж мэдэхээр байна. Тодруулбал 2019 онд Ирээдүйн өв санд 1 их наяд 68.5 тэрбум төгрөг (₮767.6 тэрбум нь АМНАТ, ₮300.9 тэрбум нь ногдол ашиг) хуримтлуулж Хүний хөгжил сангийн үлдсэн өр болох 465.4 тэрбум төгрөгийг төлж дуусгаад, 50 тэрбум төгрөгийг төсөвт шилжүүлэг хийсний дараа бодит утгаар хуримтлал бүрдэж эхлэх төлөвтэй байна. Улмаар Ирээдүйн өв санд нийтдээ 550 тэрбум төгрөг хуримтлагдах сайн мэдээтэй байна. Сангийн яамны уламжилж байгаагаар уг санд хуримтлагдах мөнгөнд 2030 он хүртэл гар хүрэхгүй бөгөөд тэр хүртэл Норвегийн сан шиг ажиллах зохих хэмжээний хөрөнгө бүрдэх дүр зураг харагдаж байгаа юм. Энэ нь харин ирэх оны төсвийн нэгэн давуу тал яах аргагүй мөн. 

Тэгвэл Төсвийн тогтворжуулалтын санд ирэх онд нийтдээ 322 тэрбум төгрөгийг зэс, нүүрсний салбараас бүрдүүлэхээр байна. Хуулиараа ДНБ-ийн 3%-иас дээш хэсгийг үйлдвэрлэж буй эрдэс бүтээгдэхүүнд тэнцвэржүүлсэн үнэ тогтоож төлбөр авахаар зохицуулсан байдаг. Ирэх оны зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6222.2 ам.доллар/тонн гэж тогтоосон бол нүүрсний хувьд тонн тутам нь 75.9 ам.доллар байна гэж тооцжээ. Нүүрсний үнийг хэтэрхий тулгаж тогтоосон бол зэсийн хувьд ханшийн таамаглал харьцангуй боломжит харагдаж байгаа юм.  


                                                                                                        
Орон нутагт хуваарилагдах уул уурхайн орлого нэмэгдэнэ

Энэ удаад орон нутгийн орлогын нэмэгдлийг 2019 оны төсөвт суулгасан нь нэлээд шинэлэг зүйл болж байна. Үүнд нүүрсний агаарын бохирдлын татварын 50%, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%, газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөрийн 30%-ийг буюу нийтдээ 33 тэрбум төгрөгийг орон нутагт төвлөрүүлэхээр болж байна. Агаарын бохирдлын болон газрын тосны тусгай зөвшөөрлийн орлогын тодорхой хэсэг орон нутагт хуваарилагдахдаа байгаль орчны хамгаалал, агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулагдах бол хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр нь хөрөнгө оруулалт байдлаар зарцуулагдах юм. 2019 оноос хайгуулын тусгай зөвшөөрөл, улмаар 2020 оноос ашиглалтын тусгай зөвшөөрлийн  орлогын 50%-ийг лиценз байршиж буй аймагт нь олгодог болох хуулийн зохицуулалтыг төсөвт тусгажээ. Энэ тухай Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50%, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100%, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50%-ийг тус тус орон нутагт үлдээхээр тусгажээ.

Геологи судалгааны зардлыг ирэх онд 11.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож байгаа нь геологийн салбарт харьцангуй сайн мэдээлэл юм. Баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлж эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, гео-экологийн тэнцвэрт байдал болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 24.6 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр суулгажээ. 

9.7 сая га талбайд 1585 хайгуулын, 1655 ашиглалтын тусгай зөвшөөрөл нийтдээ 3240 тусгай зөвшөөрөл бий. 2019 онд нийтдээ тусгай зөвшөөрлийн төлбөр болгож 42.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тогтжээ. Энэ нь 2018 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 15.9% буюу 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна. 
Газрын тосны төлбөрийн тухайд ирэх онд баррель нефтийн үнэ дунджаар 69.6 ам.доллар байна гэж тооцжээ. Эндээс 335.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж тооцсон нь энэ оны батлагдсан дүнгээс 112.2 тэрбум төгрөгөөр буюу даруй 50%-иар нэмэгдэх тооцоолол юм. Энэ нь татварын бус орлогын 30 гаруй хувийг эзэлж байна. 

Ирэх онд Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн боомтын төмөр зам барих ажлыг гүйцэтгэж дуусгах, Гашуунсухайтын төмөр замын барилгын ажлыг 80%-д хүргэх зэрэг ажлууд Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын зорилтод багтжээ. Мөн Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км төмөр зам барих ажлын гүйцэтгэлийг 10%-д хүргэх ажил ч багтсан байна. 

Засгийн газрын өр буурах ч тайвшрахад хэтэрхий эрт байна

Ирэх онд Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 55.3%-д хүрч буурна гэж тэмдэглэжээ. Засгийн газар энэ онд 2.6 их наяд төгрөгийг гадаад, дотоодын үнэт цаас, хөнгөлттэй болон арилжааны зээлийн үндсэн төлбөрт, 1.15 их наяд төгрөгийг хүүгийн төлбөрт төлөхөөр харагдаж байна. Харин ирэх онд зээлийн үндсэн төлбөрийн нийт хэмжээ 1.1 их наяд төгрөг, хүүгийн төлбөрийн хэмжээ 865.6 тэрбум төгрөг байна гэж төлөвлөжээ. Гэхдээ манай улс гадаад өрийн хувьд маш эмзэг хэвээр байна. Сангийн яам 2021 онд Мазаалай бонд 500 сая ам.доллар, 2022 онд Чингис бондын 1 тэрбум ам.доллар, 2023 онд 600 сая ам.долларын Хуралдай бонд, 2024 онд 800 сая ам.долларын Гэрэгэ зэрэг агуу том том нэртэй бондын төлбөрүүд шил дараалан хүлээж байгаа нь төсөв болон валютын нөөцөд том дарамт үүсгэж болзошгүйг онцолжээ. 
   



Ирэх оны төсвийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8%-д хүрнэ, үүнийгээ дагаад татварын хэмжээ огцом нэмэгдэнэ гэсэн төсөөллөөр хийсэн нь тодорхой харагдана. Тэр дундаа нүүрсний төсөвт бүрдүүлэх орлогын хэмжээг энэ оны батлагдсан төсвийн дүнгээс 160%-иар нэмэгдүүлж оруулж ирээд байна. Нүүрсний гаргах хэмжээ хэт өндөр байгаа асуудал дээр Салбарын сайд ч тэр, Сангийн сайд ч тэр дуу нэгтэйгээр болноо болно хэмээн өгүүлж байна. 

Энэ онд уул уурхайн салбараас төсөвт орох орлогын төлөвлөгөө 1.7 их наяд төгрөгөөр батлагдсан бол хүлээгдэж буй гүйцэтгэл (ХБГ) 2.1 их наяд төгрөг болж байгаа юм. Тэгэхээр ирэх оны уул уурхайн орлогын төлөвлөгөө нь энэ оны төлөвлөгөөнөөс 59%-иар, ХБГ-ээс 39 орчим хувиар өндөр байгаа нь арай л өндөр дүн болохыг судлаач А.Батпүрэв сануулж байна. Зэсийн хувьд ч мөн ялгаагүй харьцангуй өндөр дүн тавьсан харагдана. Ирэх онд асуудал санаснаас өөрөөр эргэвэл макро эдийн засагт дарамт учирч болзошгүй төсөв батлагдах нь илт байна. Одоо бол төсөв энэ чигээрээ батлагдвал ирэх онд нөхцөл байдал үнэхээр өөдрөг байгаасай гэж найдах л үлдэж байна. 


Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах