Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-10

Эрдсийн эскпорт, эдийн засаг, итгэл найдвар сэргэсэн жил




Н.Ариунтуяа 

MMJ сэтгүүлийн хуудаснаа 2017 он хэрхэн бичигдэж үлдэж вэ? Жилийн өмнөх хуудсыг хамтдаа сөхье, эргэн зочилно уу. 2017 оны топ сэдэв мөн л уул уурхай байжээ. Эдийн засаг хүнд, түүний сэргэлтийг баталгаажуулах учиртай уул уурхайн салбар, эрдсийн экспорт, тэр дундаа гадаад орлогын нэг томоохон хэсэг болсон нүүрсний экспорт, тойрсон бэрхшээл, түүнчлэн уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны шинэтгэл, хөрөнгө оруулалт, эрдсийн хайгуул, орон нутгийн харилцааны асуудал сэтгүүлийн хуудаснаа хамгийн олон удаа давтан хөндөгджээ. Түүний зэрэгцээ Монголын улс төрийн ороо бусгаа, бодлогын тогтворгүй байдал уул уурхайн салбарт үр нөлөөгөө тусгаж, жамаараа яваа салбарыг тал тал тийш савлуулсаар ирснийг дугаар бүрт тодорхой өгүүлжээ.   

Арвандолоон он Монгол Улсын хувьд тун ч баргар эхэлсэн юм. Эрдсийн салбарын уналт дээр төсвийн “сахилгагүй” байдал нэрмэж орхисноор эдийн засаг хялбархан туйлдаж, гаднаас зээл тусламж гуйхаас аргагүйд хүрсэн билээ. 10 сар үргэлжилсэн хэлэлцээрийн дүнд Засгийн газар өрийн хямралаас гарах бодлогын сонголтоо хоёрдугаар сард зарласан хэдий ч ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг (Extended Fund Facility) Монгол Улсад хэрэгжүүлэх албан ёсны шийдвэрээ тавдугаар сарын 24-нд л гаргасан юм. Ингэснээр 2020 оны мөн үе хүртэл манай улс ОУВС-гийн удирдлага дор эдийн засгаа сэргээхээр ажиллах болов. EFF нь УИХ-ын суудлын 85%-ийг эзэлсэн МАН-ын эрх барих үлдсэн хугацаатай давхцан хэрэгжих юм.   
Хөтөлбөр батлагдсанаар Монгол Улс нийт 5.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийг үе шаттайгаар авах болсон нь улсын түүхэнд байгаагүй том зээлийн багц. ОУВС-гийн түүхэнд ч тухайн улсын ДНБ-тэй харьцуулахад хамгийн том хэмжээний хөтөлбөр болжээ.   

...”Илүү том зээл төлөх үүрэг даалгавар Монголд тохоогдож байна. Энэ зээлийн бараг 40% нь Хятадын Ардын банкны своп хэлцлийн өрийн хугацааг хойшлуулахад, үлдсэн нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулагдана. Цаашид төсвийн зарцуулалт үр ашиггүй байх аваас зээл төлөлтийн өдөр ирэх үед төлбөр хийхэд илүү хэцүү байх болно. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн шийдэл араасаа илүү том эрсдэл, илүү том хариуцлага дагуулдаг нь энэ удаагийн шийдлээс харагдаж байна. 

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд их мөнгө айсуй нь сайхан санагдаж болох ч төлбөрийг барагдуулах хүртэл бидэнд баярлах эрх байхгүй” гэж ОУВС-д хамрагдах шаардлагаар дөрөвдүгээр сард төсвөө тодотгох үеэр MMJ бичжээ. Өдгөө ч манай улс гадаад өрийн хувьд асар эмзэг хэвээр байна. 2021 онд Мазаалай бондын 500 сая доллар, 2022 онд Чингис бондын 1 тэрбум ам.доллар, 2023 онд Хуралдай бондын 600 сая ам.доллар, 2024 онд Гэрэгэ бондын 800 сая ам.долларын том төлбөрүүд шил дараалан хүлээж байгааг MMJ шинэ дугаартаа ч мөн давтан сануулахыг хүслээ.     

Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнг хүлээлгүй эрдсийн салбар эдийн засгийнхаа уналтыг аргамжиж чадсан юм. Огтоос таамаглаагүй үйл явдлууд эрдсийн захад өрнөж, үр дүнд нь манай экспортын голлох эрдсийн зах зээл бараг бүхий л төрөлдөө сэргэлттэй жил болж өнгөрсөн. Үүнд улсын нийт экспортын 80 гаруй хувийг эзэлдэг эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний экспорт гялалзсан үүрэг гүйцэтгэж, хямарсан эдийн засагтаа гэрэл тусгасан юм. 

Засгийн газар ОУВС-тай тохиролцсон тоонуудаас 2017 онд эдийн засаг тун ч хүндхэн байж, 2019 оноос л сэргэх төсөөлөлтэй байв. Эдийн засгийн өсөлт 2017 онд -0.2 хувь, төсвийн алдагдал 10.4% байхаар тооцож байлаа. Гэвч төсөөлж таамаглаагүй өсөлт гарч, хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг 5.1%-иар өсч, төсвийн алдагдал 9.5 болж  буурсан билээ.  

Зах зээлийн сэргэлт эх орны эдийн засаг төдийгүй нүүрсний салбар, салбарын компаниудад сэхээ авах боломж олгосон юм. Хэдэн жил тэсэх стратеги барьж, зардал, үйл ажиллагаагаа боломжит хамгийн бага түвшинд байлгаж ирсэн компаниуд сэргэн өндийж, нөхцөл байдал хамаагүй дээрдэж эхлэв. Тавантолгойн орд дээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаар жишээ татахад үйлдвэрлэл нь эрс ахиж, үнэ цэн нь ч өссөн. Үнийн өсөлттэй үед экспортоо ахиулсны ачаар “Эрдэнэс Тавантолгой” гадаад, дотоод гурван ч том өрийн дөнгөнөөс мултарч, түүхэндээ анх удаа 2017 онд 438 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. “Энержи ресурс”-ийн ашиг ч 2011 оноос хойших хамгийн дээд түвшинд очсон юм. 
 
Гэхдээ нүүрсний экспорт үргэлж гялалзсан хэвээр байж чадаагүй. Долдугаар сараас эхлэн навсайтал унаж, бараг жилжин тэр хэмнэл үргэлжилсэн. Бидний тооцоолоогүй бэрхшээл гарч ирсэн нь Монголын нүүрсний цор ганц худалдан авагч Хятадын тал татан авалтаа “шалтгаангүй” багасгаж, боомтын нэвтрэлт удааширсан явдал. Өсөлтийн мөчлөгийг ашиглах гэсэн нүүрсний компаниудын хөдөлмөр хилийн боомт чиглэсэн зам дээр уртаас урт сунжирсан дараалал болон хувирсан. Урт дараалал оргил үедээ 170 км хүрч, Монголын бас нэг эмгэнэлээр нэрлэгдсэн юм. “Говийн аагим халуун өдрүүдэд эхэлсэн замын түгжрэл өвлийн тэсгим хүйтэнд ч үргэлжилж, Монголын нүүрснийхэн ашиг олсон гурван сарын дараах үлдсэн бүх хугацаанд алдагдсан боломжийн араас харамсал тээсэн юм” гэж MMJ бичжээ. 

Арвандолоон оны MMJ-ийн цөөнгүй дугаарт хөндөгдсөн сэдвийн нэг нь “Алт-2” хөтөлбөр байв. Нэгдүгээр сард батлагдсан “Алт-2” хөтөлбөрт ихээхэн хүлээлт, итгэл найдвар тавьж байсан ч хүлээлтийг хангахуйц байж чадаагүй. Үе үеийн “Алт” хөтөлбөрүүд салбарынхаа хөгжлийг шинэ шатанд гаргасан тод ул мөртэй. 1991-1996 онд хэрэгжсэн “Алт-1” хөтөлбөр хөрөнгө оруулалт татаж чадсанаар алтны жилийн олборлолтыг 700 кг-аас 11 тоннд хүргэж, шороон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан гавьяатай. Гэхдээ нөхөн сэргээлт, байгаль хамгааллыг тэр чигт нь орхигдуулж, уул уурхайн нэр хүндийг шавартай хутгаж орхисон гашуун түүх бий. 1997-2000 онд хэрэгжсэн “Алт-2” хөтөлбөрийн үед алтны нийт олборлолт анх удаа 24.1 тонн хүрч, үүний 40 гаруй хувийг алтны үндсэн ордоос олборлосон нь алтны үйлдвэрлэлийн шинэ хөгжлийн үе юм. 

Харин 2017-2020 онд хэрэгжих “Алт-2”-ын хувьд салбартаа ямар ч өөрчлөлт, ахиц дэвшил авчраагүй хамгийн үлбэгэр сул хөтөлбөр гэж тэмдэглэгдэн үлдэж магадгүй байна. Жилийн эхний хагаст тун ч эрчтэй эхэлсэн хөтөлбөр баталсан Засгийн газар нь унаснаас хойш бүр ч үлбийж орхисон. Алтны шороон ордын нөөц багасч байгаатай уялдуулан үндсэн ордуудын ашиглалтыг “Алт-2” эрчимжүүлнэ гэсэн ч хөтөлбөрийн хугацаа талдаа орчихоод байхад олигтой хэрэгжилт үгүй, зорилтууд нь цаасан дээр үг чигээрээ үлдэж мэдэхээр байгааг MMJ цөөнгүй дугаартаа хөндөн сануулжээ. 

Уул уурхайн салбарын оны маргаан Эрдэнэтийн 49%-ийг тойрон өрнөсөн юм. Эрдэнэтийн 49%-ийг худалдан авсан хэлцлийг шалгасан УИХ-ын Ажлын хэсгээс Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдсэнээр хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж, 49%-ийг төрд авах ёстой гэсэн саналаа УИХ-д тавьсан юм. Мөн худалдан авсан санхүүжилтийн эх үүсвэр ч зөрчилтэй гэх асуудлыг сөхсөн билээ. УИХ-аас өмнөх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг төрийн мэдэлд авах тухай шийдвэрийг хоёрдугаар сарын 10-ны өдөр гаргасан. Алдарт 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх мөрөөр жилийн дотор цөөнгүй үйл хэрэг өрнөсөн ба хэрэг маргаан одоо дуусаагүй явна. 

2016 онд УУХҮЯ шинээр байгуулагдаад хийх ажлын стратегиэ тодорхойлохдоо 2017 оныг салбарын хууль эрхзүйн орчныг эмхэлж цэгцлэн, зөв гольдиролд оруулах жил болгоно гэсэн юм. Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчны шинэтгэлийн хүрээнд уул уурхайн мөчлөгийг зохицуулах шинэ хуулийн төсөл боловсруулан хэлэлцүүлэгт оруулж, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Газрын хэвлийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлсэн. Зэрэгцээд салбарын зохицуулалтыг агуулдаг голлох арван хуулийг сонгон, давхцал, хийдэл, зөрчлийг арилгах техникийн цэвэрлэгээ, засвар хийх ажлыг өрнүүлсэн.  

Уул уурхайн зохицуулалт цогц бус, системтэй хараагүй, хуулиар зохицуулагдаагүй асар их хийдэл, цоорхойтой, бусад салбарын хуулиудтай багагүй зөрчилддөг нь салбарын хөгжлийг тушсаар ирснийг уул уурхайнхан өөрсдөө олон жил шүүмжилж байгаа юм. Уул уурхайн асуудлыг цогцоор зохицуулах хууль байх ёстой гэх байр суурийг нийтлэг зөвшөөрдөг ч асар олон ашиг сонирхлын харилцааг хөнддөг ийм хууль дээр нэгдсэн шийдэлд хэзээ ч хүрч байсангүй.  Салбарыг хөгжлийн дараагийн шатанд гаргах сайн зохицуулалт болох болов уу гэж Уул уурхайн хуульд найдлага тавьж байсан ч мөн л салбар дотроо ойлголцож чадаагүйгээс хуулийн төсөл хойш тавигдан замхарсан. MMJ сэтгүүл Уул уурхайн хуулийн төслийн талаар хууль санаачлагчид, Ажлын хэсгийн төлөөллөөс тайлбар авч, зэрэгцүүлээд оролцогч олон талын байр суурийг хамтатган уншигчдадаа толилуулж ирэв. Уул уурхайн салбарын цаашдын эрхзүйн шинэтгэлд үнэ цэнтэй санал, байр сууриуд 2017 оны MMJ-ийн хэд хэдэн дугаар дамжин хадгалагдаж үлджээ. 

Дүрмээ өөрсдөө тогтоох болохоор яаж ийгээд унагачихдаг мөртлөө дүрмийг нь дураар өөрчлөн яаж ч завхруулж байсан таг чимээгүй өнгөрөөдөг сонин зуршил Монголын уул уурхайнханд бий. 


Эдийн засгаа сэргээхийн тулд Ж.Эрдэнэбатын Засгийн газар “эдийн засгийг сэргээх 5 төсөл” хэмээн зарлаж, Тавантолгой, Гацуурт зэрэг том төслүүдийг хөдөлгөх, эрдсийн хайгуулыг эрчимжүүлэх зорилт тавьсан юм. Тавантолгойн ордын ашиглалтыг цогцоор хэрэгжүүлэх, дагаад төмөр зам, өмнийн говийн эрчим хүчний нийлүүлэлтэд том эргэлт гаргах учиртай цахилгаан станц, Гацууртыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийднэ гэсэн боловч байрнаасаа огт хөдлөлгүй таг гацаастай хэвээр 2017 он дууссан.    

2017 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 26.4% буюу нийтдээ 41.4 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгээд байлаа. Энэ нь 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосноос хойшхи түүхэнд хамгийн том хэмжээний талбай байв. Гэвч жилийн эхээр тавигдсан энэ зорилт жилийн төгсгөл ирэхэд эсрэгээрээ биелсэн юм. Энэ тухай “Монголын эрдсийн хайгуулын цаашдын хувь заяанд шинэ үр дагавар авчрах нөхцөл байдал арвандолоон онд үүслээ. Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгож ирсэн хуулийн зохицуулалтаа хүчингүй болгов. Зөвхөн дуудлага худалдааны буюу сонгон шалгаруулалтын ганц механизмыг үлдээлээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд хайгуулын эрхтэй компани ашиглалтын хүсэлт гаргахаас бусад тохиолдолд сонгон шалгаруулалтаар олгоно. Яах аргагүй 2017 оны шинэ бодлого мөн. Амьдрах хугацаа, алсын нөлөө нь харин ямар байхыг ирэх өдрүүд харуулах биз. Үнэндээ бол бодлогын том өөрчлөлтийг салбарын ямар ч хэлэлцүүлэггүйгээр Төсвийн тухай хуулиар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах байдлаар шийдчихсэн юм” гэж MMJ тэмдэглэжээ. Энэ бүх үйл явцыг харуулсан “Өргөдөл” баяртай, “сонгон шалгаруулалт” сайн байна уу? (2017.11 сар) нийтлэлийг “MMJ-ийн архиваас” буланд эргэн толилуулж байна. 

Эдийн засаг хямрахад уул уурхайн салбар авралын гарц, итгэл найдварын туг болдог. Харин сэргээд эхэлбэл уул уурхайгаа гоочлон хумих хязгаарлах, хаах боох оролдлого гаарч эхэлдэг нь манайд ийнхүү ёс мэт болсон билээ. 

Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, хэрэгцээг хөндлөнгийн судалгааны дүгнэлтүүд ч давхар нотолдог. Байгалийн баялагтаа тулгуурлан хөгжиж буй 50 гаруй орны гишүүнчлэлтэй Засгийн газар хоорондын форум байгууллага Монгол Улсын хүсэлтийн дагуу уул уурхайн бодлогод анализ хийсэн юм. Монголын уул уурхайн бодлогын үзэл баримтлалд өгсөн үнэлгээний дүгнэлтэд хууль эрх зүйн орчинд ойлгомжгүй, бүрэн зохицуулалтгүй асуудлууд цөөнгүй гэж үзжээ. Монгол улс УУБҮБ-ын 6 сэдвээр 

1. Эрх зүйн ба бодлогын орчин – ДУНДАЖ
2. Санхүүгийн үр өгөөжийн оновчлол – ДУНДАЖ
3. Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн оношчлол – ДУНДАЖ
4. Байгаль орчны менежмент – ДООГУУР
5. Уурхайн дараах шилжилт – ДООГУУР
6. Гар аргаар олборлолт, бичил уурхай - ДУНДАЖ гэж дүгнэснийг MMJ тэмдэглэн үлдээжээ.   
Уул уурхайн бодлого “Дундаж” ба “Доогуур” гэдгээс өөр үнэлгээ аваагүй бол байгалийн баялгийн засаглалын үнэлгээгээр дөнгөн данган хангалттай дүн авсныг мөн л 2017 онд танилцуулсан байна. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (NRGI) зургаадугаар сарын 29-нд улс орнуудын баялгийн засаглалын индекс тайланг эрхлэн гаргаснаа танилцуулж, Монголын уул уурхайн салбарт хийсэн “шалгалт”-ын дүнг танилцуулсан. Байгалийн баялгийн засаглалын индексээр манай улс нийтдээ /дунджаар 64 оноо буюу “хангалттай” гэсэн үнэлгээ авснаар /давхардсан тоогоор/ 89 орноос (8 орны хувьд уул уурхай болон газрын тос, байгалийн хийн салбарыг тус тусад нь үнэлсэн) 15 дугаар байрт жагсжээ. Бодлогын хувьд хангалттай гэх ерөнхий суурь нь байгаа ч доторх зарим хэсэг, тухайлбал төрийн өмчийн компани, баялгийн сангийн асуудал дээр тунчиг тааруухан дүнтэй гарсан нь MMJ-ийн хуудаснаа үлджээ. 

2016 оны сонгуулиар эрх баригч хүчин болсон МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Уул уурхайн хөгжил” гэсэн гарчигтай тусгайлсан дэлгэрэнгүй зорилт дэвшүүлж, салбарын нөхцөл байдлыг хөрөнгө оруулалт 4 дахин буурсан, Тавантолгой, Оюутолгой, бусад томоохон төслүүдийг гацсан гэж дүгнээд, шийдэх арга замаа тодорхойлохдоо гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг гол зорилтоо болгож, уул уурхайн орд, компаниуд дахь төрийн оролцоог зохистой байлган, татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах хэлбэрийг илүүтэйгээр сонгоно гэсэн юм. Тодруулж хэлбэл, уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг дахин шинээр татах, үүний тулд эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, уул уурхай дахь төрийн оролцоог одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэлгүй харин ч багасгах бодлогыг мөрийн хөтөлбөртөө суулгаад байлаа.   

Гэвч эдийн засгийн богино хугацааны сэргэлтэд эрдсэн эрх баригчид өөр зуураа хөлөө жийлцэн, эцэст нь өөрсдийн бүрдүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газраа жил ажиллуулаад огцруулж, дахиад шинэ Засгийг 2017 онд бүрдүүлсэн. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатарыг зорин ирдэг намрын хөрөнгө оруулалтын хурлуудын үеэр Засгийн газрыг огцруулах кноп дарж,  сюрприз барин, хөрөнгө оруулагчдыг толгой сэгсрэхэд хүргэсэн билээ.  

 

Мөн онд Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох 7 дахь удаагийн сонгууль болж өнгөрсөн. Олон талаараа өмнөх сонгуулиудын үзүүлэлтийг эвдсэний нэг нь анх удаа дахин санал хураалт болсон явдал. Түүнчлэн сонгуулийн зардал, санал авахаар цацсан мөнгөний хэмжээ, амласан амлалт нь хэд дахин томорч, эдийн засгийн хямралаас үүдэн танаж зогсоогоод байсан элдэв халамжуудаа хүртэл сонгуулийн үеэр сэргээн амилуулсан.  

Дахин санал хураалтаар уул уурхай дахь үндсэрхэг үзлийн тод төлөөлөл болсон Х.Баттулга Ерөнхийлөгч болсон юм. “Түүний мөрийн хөтөлбөрт уул уурхайтай холбоотой хэд хэдэн заалт бий. “Баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэнэ, Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилна, иргэн бүр байгалийн баялгийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжийг хуулиар хамгаалах бодлого, үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжинэ гэх мэтээр уул уурхайн асуудалд багагүй оролцохоо “зарлаад байна”. MMJ ингэж бичсэн, түүнээс хойш юу болж байгааг бүгд сайн мэднэ. 

Арвандолоон онд MMJ-ийн сэтгүүлчид сонирхолтой томилолт цөөнгүйг өвөртөлжээ.  Сэтгүүлчийн томилолт үргэлж богц дүүрэн байж, шинэлэг санаа, сэргэг мэдрэмжээр цэнэглэгдэж ирдэг билээ.   
 
NRGI байгууллагын дэмжлэгтэйгээр Гүржид зохиогдсон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтад MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал оролцсон юм. Тбилисээс бэлтгэсэн түүний сурвалжлагад “Байгалийн баялагтай орнуудад авлигын эрсдэл өндөр. Зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхөд төр, компани, орон нутгийн иргэдийн баялгийн төлөөх сонирхол нэмэгдэж, тэмцэл ширүүсдэг” хэмээн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн судалгаанээс эшилсэн нь яг л бидний өнөөдрийн бүрэн зураглал юм. 

Тэгвэл MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай, С.Болд-Эрдэнэ нар Австралийн Квийнсланд мужаар зорчоод ирсэн тэмдэглэлдээ “Нүүрсний үнэ унаж, өндөр хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзаж буй энэ үед Квийнсландчууд хөтөлгөө морьтой болж, холын аянд бэлдэж буй нь метан хийн төслүүд. Квийнсланд уул уурхай, ашигт малтмалын төслүүдээ гацааж, улс төржүүлэлгүй богино хугацаанд боломж болгон ашиглаж чадаж байгаа нь үнэхээр атаархмаар. Аравхан жилийн өмнө яригдаж эхэлсэн метан хий өнөөдөр хэдэн арван тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж, удахгүй хэдэн арван тэрбум долларын экспорт хийнэ гээд сууж байдаг. Харин манай 10 жилийн өмнө яригдаж эхэлсэн метан хий өнөөдөр ч яригдсаар, тоймтой үр дүнгүй сууж байна” харамсан бичжээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс Монголын уул уурхай, эдийн засгийн сэтгүүлчдийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд Монголын сэтгүүлчид Австралийн уул уурхайн салбарын хөгжил, түүнийг дагасан эдийн засгийн тогтвортой хөгжлийн туршлагатай ийнхүү танилцаад ирсэн юм. 

2017 онд MMJ-ийн сэтгүүлчид Монголын нүүрс, төмрийн хүдрийн үнийг тодорхойлдог Хятадын аж үйлдвэрийн хамгийн том хот Бугатыг мөн зорьжээ. Бугатыг “Тал нутгийн ган төмрийн хот”, Газрын ховор элементийн төв” гэж тодотгодог. Аж үйлдвэрлэлийн асар хурдацтай хөгжил, тэр хэрээр түүхий эдийн эрэлтээр “ангаж” байгаа шинэ зах зээлд ойртох, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг баялагтай орнууд бүгдээрээ л эрмэлздэг. Хил залган орших Монгол Улсын хувьд Бугат руу хүрч очих хамгийн дөт зам нь Ханги-Мандал боомт. Асар ирээдүйтэй Ханги боомтын ирээдүйд Гашуунсухайтын “гашуун түүх” давтагдахаас сэргийлж, одооноос  анхаарч өргөжүүлэх хэрэгтэйг “Ханги Мандал буюу экспортын шинэ гарц” сурвалжлагадаа хөндсөн нь өдгөө ч үнэ цэнтэй санаа хэвээр байна.



MMJ-ийн редакцийнхан өөрсдөө томилолт өвөртлөөд зогсохгүй 21 аймгийн сэтгүүлч андууддаа мөн домог мөрөөдлийн цэнхэр говиор аялах томилолт бэлдсэн юм. Эрдэс баялгийн салбарын талаарх сэтгүүлчдийн боловсрол, хандлага, мэдлэг, ёс зүйг төлөвшүүлснээр нийгэмд зөв ойлголт, хандлага төлөвшинө гэж  MMJ үздэг. Бидний хүсэл эрмэлзэл, хэрэгжүүлж буй ажлыг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр санхүүжүүлж, “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд дэмжин хүлээж авснаар 21 аймгийн 40 гаруй сэтгүүлч дэлхийд данстай Оюутолгойн уурхай, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаагаараа үлгэрлэдэг “Энержи ресурс”, монгол хүн бүр хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн талбарт зочилж, бодитоор үэзж харсан бүхнээ өргөн уудам Монгол орны өнцөг булан бүрт түгээжээ. 

2017 онд эдийн засаг ямархуу нөхцөлд байсныг, уул уурхайн салбарт үйл явц хэрхэн өрнөснийг, нийгэмд ямархуу байр суурь, уур амьсгал давамгайлж байсныг жилийн өмнөх дугааруудаасаа эргэн сөхөж эшиллээ.  


Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, SЕSMIM төслийн зөвлөх М.Дагва: 
Уул уурхай популистуудын гарт үрэгдчих гээд байдаг салбар. Магадгүй популистууд УИХ-аас гарчихсан дээр нь энэ хуулийг хийж авах нь хамгийн зөв цаг байх. Бид популист хууль хийгээгүй, мэргэжлийн хууль хийж байна. Гэхдээ мэргэжлийн хуулийг популистууд унагаагаад, популист хуулиар манай салбарыг зохицуулах гэж оролддог зовлон хүмүүсийн тархинаас арчигдаагүй байгаа байх.

Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри: 
Засгийн газар хэзээ ч сайн бизнес явуулж чаддаггүй гэж үздэг болохоор Австралид төрийн өмчтэй уул уурхайн компани гэж байдаггүй. Тиймээс Австралийн Засгийн газар уул уурхайн салбарт шууд хөрөнгө оруулалт хийдэггүй. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс шууд оролцдоггүй. Харин төрийн зүгээс явуулж байгаа бодлогоо тогтвортой, уялдаа холбоотой, тодорхой байлгахад анхаарч ажилладаг. 
February. 2017 (№ 002/099)

Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Эд Жэйгэр: 
Уул уурхайн салбарын нэг онцлог нь шинээр гарч байгаа олон тооны жижиг компаниуд хайгуулд илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай байдаг. Эцсийн эцэст хайгуулын компаниуд л том ордуудыг нээдэг шүү дээ. Монгол улсын хувьд энэ том сувгийнхаа Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд эцсийн шатны том төсөл болсон хэсэгт л илүүтэй анхаарал хандуулаад эхлэл хэсгээ төдий л хайхрахгүй байна уу даа гэх бодол төрдөг. Ингэснээр энэхүү сувгийн дунд хэсэг нь хатаж үгүй болох эрсдэлтэй.       

“Аспайр Майнинг” компанийн Ерөнхий захирал Дэвид Полл: 
Үндэсний эрх ашиг, орон нутгийн эрх ашиг, хөрөнгө оруулагчийн эрх ашгийн алтан дунджийг олж ажиллах ёстой. Би орон нутаг болон орон нутгийн зарим төлөөлөлд илүү их эрх мэдэл олгож болзошгүй хуулийн шинэчлэлт, өөрчлөлтөд ихээхэн болгоомжтой ханддаг. Учир нь зарим тохиолдолд тухайн цөөнхөд үндэсний эрх ашгийг бодох хүсэл сонирхол огт байхгүй байх нь бий.
March. 2017 (№ 003/100)

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт:
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үндсэн шаардлага бол хуулийн орчин тогтвортой байх ёстой. Учир нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулаад үр шимээ хүртэхэд наад тал нь 10 жил, цаашилбал 100 жилийн асуудал байна. Энэ хугацаанд бүтээгдэхүүний үнэ өсөх буурах нь байдаг л асуудал. Тодорхой хэмжээнд урьдчилан таамаглаж, эрсдэлээс хамгаалах сан байгуулах зэргээр шийдвэрлэж болно. Харин хуулийн орчин ойр ойрхон өөрчлөгдөх нь хөрөнгө оруулагчдад хамгийн том эрсдэл болдог.
June. 2017 (№ 006/103)

ББЗХ-ийн Монгол дахь менежер Н.Дорждарь: 
Нүүрсний үнэ, зэсийн үнэ манай улсын тооцоолсноос 15%-иар унахад л бид хүнд байдалд орно, тухайлбал дараагийн зээл төлбөрөө барагдуулж чадахгүй болохоор байна. Тиймээс төр засаг маань ОУВС-гийн их мөнгө орж ирж байгаа ч цаашдаа эрдсийн түүхий эдийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлөхөө болих хэрэгтэй. Түүнчлэн өр зээлээ илүү хурдан эргэн төлөхийг бодох хэрэгтэй. Орлогоо өөдрөг төсөөлдөг нь манай улсын хувьд байнга давтагдаж ирсэн алдаа. Мэдээж эрдсийн экспортоос таамагласнаас их орлого орж ирвэл үүнийг тухайн үед нь шийдэж болно шүү дээ.
July. 2017 (№ 007/104)

“Транспэрэнси Интернэшнл Монголиа”  Ахлах судлаач Ричард Биастох:
Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын аюулгүй байдалд тун их анхаардаг. Иймд аливаа тодорхойгүй, авлига руу түлхэж болзошгүй байдал нь чанартай хөрөнгө оруулалтыг үргээж мэдэх юм.
August. 2017 (№ 008/105)

Fenwei Energy Information Services байгууллагын Дэд ерөнхийлөгч Сара Лю:
Хятадын хойд боомтууд дээр нүүрсний импортын хязгаарлалт, хориг тавигдаж байгаа нь Засгийн газраас нүүрсний дотоодын нийлүүлэлтийг шинэчлэхтэй холбоотойгоор нүүрсний импортыг хэт ихээр нэмэгдүүлэхгүй байх бодлогын хүрээнд хийж буй импортыг хянах бодлого гэж хэлж болно. Энэ бодлого дотоодын олборлогчдод илүү дэмжлэг болох нь дамжиггүй. Засгийн газраас нүүрсний салбарт ерөнхийд нь импортын хяналт тавихаар болсон нь  коксжих нүүрсний импортод зарим талаар нөлөөлж байна. Нүүрсний импортыг хязгаарлах нь дан ганц далайн боомтуудыг хамаарахгүй, хойд хилийн боомтууд ч үүнд хамаарна. Бид аравдугаар сараас эхлэн манай улс Монголоос нэвтрэх нүүрсийг машинаар тээвэрлэхийг багасгана гэж дуулсан. 

СRU-ийн Хятад дахь салбарын Гүйцэтгэх захирал Жон Жонсон: 
Монголын нүүрсний экспорт удааширч байгаа нь зарим талаар Хятадын шинэ бодлоготой холбоотой. Гэхдээ гол хүчин зүйл нь тээвэрлэлтийн хэлбэр юм. Тээвэрлэлт төмөр замаар хийгдэх ёстой. Учир нь төмөр замын тээвэрлэлт Монголын нүүрсийг хавьгүй өрсөлдөхүйц болгоно. Хятадын хил хүрсэн төмөр зам ашиглалтад ормогц танай улс илүү их хэмжээгээр нүүрс экспортлох боломжтой болно.

Германы Мюнхэнд төвтэй Эдийн засгийн судалгааны төвийн захирал, Ifo институтын Ерөнхийлөгч асан, доктор, профессор Ханс Вернер Синн:
50 тэрбум доллараар үнэлэгдсэн нэгэн зэсийн уурхай байж байхад тухайн улс нь 1.5 тэрбум долларын Чингис бондоо төлж чадахгүй байгаагийн улмаас ОУВС-гаас тусламж гуйхаас өөр замгүй болох нь үнэндээ гутамшигтай хэрэг. Танай улс гадаадын зээл тусламжид бус өөрийн орлогодоо түшин хөгжиж болохуйц хөгжлийн өөр загварыг яаралтай олж авч хэрэгжүүлэх учиртай гэж бодож байна. 
September. 2017 (№ 009/106)


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт:
Монголын нүүрсийг худалдан авч байгаа Хятадын компаниуд ч гэсэн Монголын талын нийлүүлэгч компаниудтай гэрээ байгуулж, тэр хэмжээгээр эцсийн хэрэглэгч гангийн үйлдвэрүүдийн өмнө үүрэг хүлээж байгаа. Хэрвээ квотын хязгаарлалт үүсвэл Хятадын хүлээн авагч компаниудад ч сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ нь зөвхөн Монголын асуудал биш юм. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд:
Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд “Чалко” компанид тавьсан 5 жил сунжирсан өрийн үлдэгдэл 100 сая долларыг төлж, өрийг бүрэн барагдууллаа. Өрөө барагдуулж дууссанаар Зүүн Цанхи дээр өөрсдөө тодорхой хэмжээний нүүрс борлуулах эрх үүссэн. Хоёрт үнэ дээр шахалт үзүүлэх, харилцан тохиролцох боломжууд нээгдэж байна. Өрийг хугацаанаас өмнө барагдуулснаар нэлээд их хэмжээний орлого нэмэгдэх боломж бий болсон. 

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар:
“Оюутолгой”-той үүсгэх түншлэлээ алсын ирээдүйд, дунд хугацаанд, богино хугацаанд гэж тодорхойлох ёстой. “Оюутолгой” компани дэлхийд аль л шилдэг гэсэн санхүүгийн болон хуулийн компанийг хөлсөлж, гэрээ контракт, санхүүгийн тайлан тооцоогоо хийлгэдэг. Нөгөө талд нь хамтарч ажиллаж буй хувь эзэмшигч нь хэн бэ гээд өнгийхөөр их хэцүү дүр зураг харагддаг. Төр засаг нь тогтворгүй, хүний нөөц маань ч сайн биш. Төгссөн сургууль, ажилласан орчныхоо хувьд дэлхийн шилдэг бүтэцтэй ажиллах хүний нөөц үнэхээр дутмаг. Манай улс уул уурхайдаа түшиглэж хөгжинө гэж байгаа бол тэр хэмжээний санхүү, хууль эрх зүйн бүтцийг бий болгохоос өөр аргагүй.
October. 2017 (№ 010/107)

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар: 
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Сонгон шалгаруулалтын зарчмаар олгох тухай нэмэлт өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нь сөрөг үр дагавар үзүүлэхгүй гэж бодож байна. Өмнө нь Өргөдлийн болон Сонгон шалгаруулалт гэсэн хоёр зарчмаар тусгай зөвшөөрөл олгож байсан. Харьцуулалт хийж үзэхэд хөрөнгө оруулагчид Сонгон шалгаруулалтад илүү ач холбогдол өгч байна. Сонгон шалгаруулалтын талбай нь геологийн төрөл бүрийн судалгааны ажлын үр дүнд эрдсийн хуримтлалтай нь тогтоогдсон талбайнууд бөгөөд хэтийн төлөв сайтай тул хайгуулын ажлын эрсдэлийг бууруулдаг. Тиймээс хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлт хөрөнгө оруулагчдад харин ч эрсдэлгүй тусна.