Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн өдрийг тохиолдуулан Австралийн Элчин сайдын яам “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” олон улсын байгууллагатай хамтран “Уурхайчин эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр анх удаа Ашигт малтмал, газрын тосны газар дээр нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лантри оролцож үг хэлсэн юм. Тэрээр, энэ үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй уурхайчин эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлнэ. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд хэл соёлоороо хоорондоо ялгаатай ч тэдний хүсэл тэмүүлэл, хүч чадал, тууштай зан чанарыг зургуудад шингээн хөндөж харуулахыг зорилоо” хэмээн онцоллоо.
Элчин сайд, ноён Жон Лантри уг үзэсгэлэнг зохион байгуулах санаачилгыг гаргаж, Австралийн Элчин сайдын яамнаас ивээн тэтгэжээ. АМГТГ-т нээлтээ хийсний дараа “Уурхайчин эмэгтэйчүүд” зургийн үзэсгэлэнг Монгол Улс даяар тойрон аялуулж, олны хүрээл болгохоор төлөвлөж байгаа аж.
Австралийн Засгийн газар нь жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн нийгмийн боловсролыг дэмжин ажилладаг аж. Монгол Улс жендэрийн тэгш бус байдлаар дэлхийд 159 орноос 53-т жагсдаг хэдий ч олон Монгол эмэгтэйчүүдийн хувьд хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломж нөхцлүүд хязгаарлагдмал хэвээр байна” гэж Дэлхийн банкны шинэ судалгаанд цохон тэмдэглэжээ.
“Уул уурхай дахь эмэгтэйчүүд” олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар уул уурхайн салбарын ажиллах хүчний ердөө 5-20%, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 7% нь эмэгтэйчүүд байна. Жендэрийн тэгш байдал нь нийгмийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, бүтээмжийг ихэсгэх, улс орны эдийн засгийг сэргээхэд томоохон нөлөө үзүүлдэг байна. Иймд уул уурхайн салбар эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэнээр хүйсийн хэвшмэл хандлагыг өөрчилж, энэ салбарт илүү олон эмэгтэйг татах боломжтой.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” олон улсын байгууллагын зохион байгуулсан “Үр дагавар ба нөлөө” фото зургийн уралдаанд ирүүлсэн “Урам зориг бадраасан түүхүүд” нэртэй бүтээлүүд юм. Идэвхгүй галт уулын хөндийд орших цагаан тугалгын уурхайд ажиллаж буй уурхайчин эмэгтэйчүүдээс эхлүүлэн мэдээлэл технологийн системийн ажлыг хүртэл гүйцэтгэдэг цахилгаанчин, инженер, дизайнер болон амьтан судлаач зэрэг мэргэжлийн эмэгтэйчүүдийн олон янзын туршлага, салбартаа үзүүлж буй нөлөөллийг харуулжээ.
“Уул уурхай дахь эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Н.Түмэнбаяр “Манай байгууллага 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Ийм үзэсгэлэнг 2016 оноос эхлэн дэлхий даяар зохион байгуулж, эдгээрээс шалгарсан шилдэг бүтээлүүд нь Монголд ирээд байгаа нь энэ. Тус байгууллага нь бие даасан болон гишүүн байгууллагуудаараа дамжуулан уул уурхай дахь эмэгтэйчүүдийн асуудлаар тогтмол судалгаа хийдэг аж. Энэхүү судалгаанаас харахад, манай улсын уул уурхайн олборлох салбарын эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг нь дэлхийд нэлээд өндөр, Өмнөд Африкийн ард ордог байна. Энэ нь өмчлөх, эзэмших, шийдвэр гаргах зэрэг оролцооны түвшнээр хэмжигддэг судалгаа аж. Өмнөд Африк бол Монголтой харьцуулахад уул уурхайн үйлдвэрлэл нь гуравдагч үе рүүгээ оржээ. Энэ утгаараа тус улсын уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо ч монголчуудад туршлага болохуйц сонирхолтой байдаг байна.