Чилийн төрийн өмчит “Codelco” нь жилд 50-100 мянган тонн зэс нийлүүлэх гурван жилийн хугацаатай гэрээг Францын “Nexans”, Хятадын “Minmetals”, АНУ-ын “Sourthwire” компаниудтай байгуулж байна. Гэрээ 2019-2021 онд хэрэгжих бөгөөд талуудын тохиролцооны үндсэн дээр гэрээний хугацаа автоматаар сунгагдаад явах ажээ. Нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг тухайн жилийн Лондоны металын биржийн ханшаас хамаарч тохиролцох юм. “Codelco” нь түүхий эдийн худалдааны компаниудтай хийх борлуулалтын хэмжээгээ бууруулж, томоохон худалдан авагчдад нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого барьж буй гэж шинжээчид тайлбарлаж байна.
Чилийн төрийн өмчит компанийн хувьд 2017 онд 1.734 сая тонн зэс үйлдвэрлэсэн. Chuquicamata, Potrerillos зэрэг зэсийн хоёр том уурхайн үйл ажиллагааг энэ оны арванхоёрдугаар сарын 13-наас 2019 оны хоёрдугаар сар хүртэл түр зогсоогоод байна. Түр зогсолт зэсийн үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлөхгүй гэдгийг компанийн зүгээс мэдэгджээ. Томоохон үйлдвэрүүдээ зогсоох болсон нь төмөрлөгийн үйлдвэрүүд хүхрийн давхар исэл болоод хүнцлийн 95%-ийг агаарт ялгаруулахыг хориглосон журам 2018 оны арванхоёрдугаар сараас Чили улсад мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой. Энэ журмаас хамаарч “Codelco” компани 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай болжээ.
Э.Жаргал