Э.ОДЖАРГАЛ
Хорвоогийн хуанли бүтэн эргэж, арваннайман он солигдох энэ цагт жилийн турш өрнөсөн үйл явдлуудыг бүхэл зураглалаар эргэн харахад нэн сонирхолтой. Эх орны эдийн засагт эрдэс баялгийн салбар тэргүүлэх байр сууриа хадгалж, амжилт ололт, басхүү алдаа оноо, шинэ сорилт бэрхшээлийн хамт улирч буй оны хуанлийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдэж байна. Нийгмийн дунд ч, улс төрчдийн хувьд ч уул уурхай гол сэдэв байлаа.
Европын холбооны “хар жагсаалт”-аас гарч, Moody’s агентлагаас зээлжих зэрэглэлийг “В3” болгож дээшлүүлсэн эерэг мэдээгээр монголчууд 2018 оныг угтсан юм. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн ханш харьцангүй өөдрөг, эрдсийн зах зээлийн таатай мөчлөг өнгөрсөн оныг дамнан үргэлжиллээ. Өөдрөг энэ цаг үед улсын хөгжилд хурд нэмж, эдийн засагт түлхэц өгөхүйц томоохон төслүүдийг хөдөлгөж, шинээр хэрэгжих найдвар, хүлээлт дунд уул уурхайн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон толилуулж байна.
Ганц боомтын гацаа
Монголын эрдсийн экспортыг голлон хангадаг Гашуунсухайт боомтын нэвтрэлт нэгдүгээр сард бүтэн 9 хоногийн турш зогсов. Засгийн газрын 320 дугаар тогтоолын хэрэгжилтийг эсэргүүцэж Тавантолгойн бүлэг ордоос тээвэр хийдэг Хятадын компаниудын 400 гаруй жолооч нар боомт орчмын авто замын хөдөлгөөнийг хаасан нь тэр. Уртын урт тээврийг сэргээж, улс хоорондын тээвэр хийх эрхийг Хятадын аж ахуйн нэгжүүдэд нэмж өгөх, Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх, Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн шаардлагыг Монголын талд тавьсан юм. Улмаар Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсний экспорт саатаж, боомт чиглэсэн Гашуунсухайт авто зам дээр нүүрс тээвэрлэсэн машинууд түгжрэл 100 гаруй км үргэлжлэхэд хүрсэн.
Тухай үед эдийн засагчдын тооцоогоор, боомт хаагдсан өдрүүдэд нүүрсний экспортоос ойролцоогоор 49 сая, зэсийн экспортоос 34 сая нийт 83 сая орчим ам.долларын орлого тасарчээ. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар Гашуунсухайт боомтын нүүрсний экспортыг 30 саяд тоннд хүргэхэд талууд санал нэгдэн, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 149 сая юанийн хөрөнгө оруулалтаар боомтыг шинэчлэх тухай албаны “хуурай” мэдээллээр өндөрлөв. Геополитикийн стратеги боловсруулан, дэлхийг хэрсэн худалдааны замыг байгуулах амбицтай Си Жинпин нэг боомтын “жижиг” асуудлыг аймаг, хошууны даамалд даалгажээ.
Гашуунсухайттай хиллэх Ганцмод боомт ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн мэдэлд очсон хэрэг. Гашуунсухайт боомтоор экспортлох нүүрснээс багадаа 10 саяыг Баяннуурт угаах хүсэлтээ аймгийн удирдлагууд Ерөнхий сайдыг айлчлах үеэр илэрхийлсэн юм.
Энэ тохиолдолд Ганцмод боомтын нүүрсний татан авалтыг 30 сая тонн, түүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэлээ. Тавантолгойн бүлэг ордод нүүрс олборлож байгаа үндэсний компаниудаас ганц “Энержи Ресурс” жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулан дундын зуучлагчгүй зорилтод зах зээлд шууд нийлүүлж байна. Ухаа Худагийн баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар ашиглаж чадахгүй байгаа энэ үед Тавантолгойд олборлолт явуулж байгаа бусад компаниуд дотооддоо нүүрсээ угааж баяжуулах боломж бий гэсэн үг. Гэтэл арваннэгдүгээр сарын 9-нөөс Гашуунсухайт боомтын экспорт удааширч нөхцөл байдал дахин давтагдав. Энэ үед боомтоор өдөрт 47-150 машин нэвтэрч авто зам дээрх нүүрс ачсан машины цуваа мөн л 140 км хүрч, нүүрсний экспорт буурсан юм. Ердөө сарын өмнө өдөртөө 1000 машин хилээр гарч байсан нь ийнхүү огцом буурсан шалтгаан Ганцмод боомт дээр “ухаалаг гарц" систем нэвтрүүлэх болсонтой холбоотой гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Цаг хугацааны хувьд санамсаргүй давхцал байж болох ч яг энэ үеэр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компаниас Баяннуурт нүүрс нийлүүлэх сонгон шалгаруулалтыг зарласан юм. Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний машины тоо ч өдөр өдрөөр нэмэгдэж буй.
Гашуунсухайт авто зам дээрх машины түгжрэлийг цэгцлэх үүднээс Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Өнгөрсөн оны өдийд өрнөсөн үйл явдал бараг л давтагдаж байна. Зам дээр үүссэн нүүрсний машины түгжрэлийг зохицуулахаар Засгийн газраас 320 дугаар тогтоолыг баталж, уртын урт тээвэр хийхийг зогсоохын зэрэгцээ Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн жолооч нарт зохих ёсны шаардлага тавигдсан учир энэ.
Ганцмод боомтын үйл ажиллагаа үе үе “шалтгаангүй” саатаж, тэр болгонд Гашуунсухайт боомтын экспортод сөргөөр нөлөөлж, нүүрс тээвэрлэсэн машинуудын түгжирдэг хүндрэл өнөөдөр ч хэвээр. Нэг зах зээлээс хараат, нэг боомтоос хамаарч, зорилтод зах зээлд хүрэх дэд бүтэцгүй Монголын нүүрсний экспортын гол бэрхшээл ч энэ. Нүүрсний экспортын хэмжээ өсч, өнгөрсөн оны түвшинг давж буй харагдах ч Гашуунсухайт-Ганцмод боомтын нөхцөл байдал сайжирсангүй.
Манай улсын нүүрсний ганц зах зээл Хятадын хувьд нүүрс импортлохгүй байх шийдвэрийг арваннэгдүгээр сард гаргаад байна. Хориг нь ирэх оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх магадлалтай. Гэхдээ нүүрсний импортын хориг зөвхөн далайн боомтуудад хамаарч байгаа юм.
Ирэх оны хоёрдугаар хагасаас тус улсын нутаг дэвсгэрт автомашинаар нүүрс тээвэрлэхгүй байх хориг мөрдөгдөж эхэлнэ. Нөгөөтэйгүүр, Хятад “ногоон” эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, агаарын бохирдолд нөлөөлөх хүнд үйлдвэрүүдийг хаах, илүүдэл хүчин чадлыг танаж байгаа нь тус улсын импортын хэмжээг хязгаарлаж байна. Энэ дунд нүүрсний экспорт, импортын худалдаанд дотоодын компаниудынхаа бизнесийг ч хамгаалах бодлого барьж байгаа. Гэхдээ асар том газар нутагтай учир бүс нутаг, муж болгоны зах зээл, үйлдвэрлэлийн хандлага өөр өөр. “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүнд үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг танах төрийн бодлогын хэрэгжилтээр тус улсын далайн зүүн эргийн бүс нутагт гангийн үйлдвэрлэл, түүнийгээ дагаад коксын үйлдвэрлэл хасах үзүүлэлттэй байгаа. Харин Монгол Улстай хил залгаа ӨМӨЗО-ны мужуудад гангийн үйлдвэрлэл, түүнийг даган коксын үйлдвэрлэл өсч байна. Өөрөөр хэлбэл, Хятадын нийт зах зээлийн эрэлт хэрэгцээ нь байгаа тул зарим бүс нутагт үйлдвэрлэлийн буурах хэмжээг нөхөж нөгөө бүс нутагт үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж байгаа хэрэг” хэмээн “Сoal Mongolia 2018” чуулган дээр “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл илтгэлдээ онцолсон.
Тэгэхээр дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэхээс нааш монголчууд зах зээлийн боломжийг ашиглаж чадахгүй. Уул уурхай нь тодорхой мөчлөгтэй. Зах зээлийн жамаараа нүүрсний үнэ өсч уруудна. Уруудах мөчлөгт монголчууд бэлэн биш болохыг өнөөгийн дүр зураг илтгэж байна. Ганц боомтын орж гарах урсгалыг нэг, хоёр замаар нэмээд ч нэгэнтээ машинаар гэлдрүүлэх Монголын нүүрс урд хөршийн хил орчмын аймаг, балгаснаас хэтэрч үнэ цэнд хүрэхгүйн лавтай. Наад талаасаа хүчин чадлыг хэчнээн өргөжүүлж, хос зам байгуулаад, хөрөнгө мөнгө зориулавч цаад талдаа дураа хүрвэл нээж, хаадаг. Уг асуудал мөн чанартаа хэвээр. Тиймээс төр засгийн зүгээс нэн түрүүнд нүүрсний тогтвортой, урт хугацааны нийлүүлэлт, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аль эсвэл тодорхой дүнг баталгаажуулах яриа хэлэлцээрийг Хятадын талтай төрийн дээд түвшинд хийж, зарчмын тохиролцоо хийх учиртай.
Нүүрсний экспортын одоогийн нөхцөл байдал төмөр замын бүтээн байгуулалт нэн шаардлагатайг харуулна, шинэ гарцын хэрэгцээг ч тодотгож байна.
Төмөр замын бодлого шинэчлэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож, Засаг хоёронтаа бүрдээд байсан оны эхээр Оросын төрийн өмчит РЖД компанийн Ерөнхийлөгч О.В.Белозеров Улаанбаатар хотноо айлчиллаа. Тэрээр Улаанбаатар төмөр замын суурь бүтцийг шинэчлэн хөгжүүлэхийг онцолж, УБТЗ-ын 50%-ийг эзэмшигчийн хувьд Оросын тал Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөлд хамтрах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Төмөр замын шинэ чиглэлүүд тодрон, төслүүд идэвхтэй яригдах цагаар оросууд Монголын зүг анхаарч, сонирхлоо ч хүчтэй илэрхийлж ирсэн.
Одоо оросууд Хөвсгөл аймгийн нутагт дахь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийг анхааралтай ажиглаж байна. Бараг 10 жил царцаагдсан 410 км төмөр замын “Кызыл-Курагино” төсөл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины дэмжлэгтэйгээр энэ он гармагц эрчимжсэн юм. Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам хойд зүгт Кызыл-Курагино төмөр замтай холбогдох төсөөлөлтэй. Тувагийн Ерөнхийлөгч Шолбан Кара-Оол тавдугаар сард Монголд айлчилсан гол зорилго ч үүнтэй холбоотой. Тус улсын нутаг дахь Улуг-Хемскийн сав газар нь нүүрсний үлэмж нөөцтэй ба зөвхөн коксжих нүүрс 13.7 тэрбум тонн гэгддэг. Оросуудын хувьд Монголын хилээс холгүй төмрийн хүдрийн томоохон орд нээж, зэсийн Баяжмалын үйлдвэр шинээр байгуулсан зэргээс үзэхэд Орос, Тувагийн ашиг сонирхол Хятадын зах зээлд хүрэх эрмэлзэл дээр огтлолцож буй. Өөрөөр хэлбэл, Монголын нутгаар дамжин урд хөршийн зах зээлд хүрэх боломжийг тооцоолж байна. Хөвсгөл аймаг дахь Нүүрстэй, Овоот ордын нүүрсний нөөц тийм ч их биш. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Аспайр Майнинг” компанийн хувьд хоёр уурхайгаас олборлох коксжих нүүрсийг Эрдэнэт-Овоот төмөр замаар тээвэрлэн Оросын зах зээл, цаашлаад Алс Дорнодын боомтоор экспортлох зорилттой. Ирэх оны хавраас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн төмөр замын энэ төсөл УБТЗ-ын 2030 он хүртэлх шинэчлэлийн хөтөлбөрөөс гадна Монгол, Оросын Засгийн газар хоорондын төмөр замын транзит тээвэрт үзүүлэх хөнгөлөлттэй тарифын хэлэлцээрээс ихээхэн хамаарч байсан юм.
Зургаадугаар сард төмөр замтай холбоотой чухал гурван баримт бичиг төр засгийн түвшинд зурагдав. Эхнийх нь, Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай гэрээ юм. Монгол, Оросын нутгаар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт харилцан ННТ-аас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлттэй тарифыг 25 жил тогтвортой байлгах хэлэлцээрийг баталсан. Оросын талтай есөн жил ярилцаж биелэл боллоо гэж албаныхан тодотгох энэхүү хэлэлцээр есдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Дараагийх нь, УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр “Төмөр замын тээврийн талаарх баримтлах бодлого”-ын баримт бичиг нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол юм. 2010 онд баталсан “Төмөр замын тээврийн талаарх баримтлах бодлого”-ын баримт бичигт өөрчлөлт оруулж Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 280км төмөр замыг шинээр нэмж тусгав.
Гурав дахь нь, УИХ-аас баталсан “Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол юм. Монголын түүхий эдийн экспортыг олон гарцтай болгоход чиглэсэн авто болоод төмөр замуудыг байгуулах Тавантолгой төслийн зургаа дахь буюу эрх барьж байгаа Засгийн хувилбар шинээр тодров. Алдарт Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл багтсан. Угаас эхлүүлчихсэн ТТ-ГС төмөр замын ажлыг дуусгах нь зүйн хэрэг. Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хувьд нэг зах зээлээс хараат байдлыг бууруулах үүднээс хойд хөршийн нутгаар дамжин Алс Дорнодын боомтоор Монголын түүхий эд, тэр дундаа Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах хэтийг харж байна. Мэдээж энэ төмөр зам УБТЗ-ын төв шугамын хүчин чадлыг нэмсэн тохиолдолд үр ашгаа өгнө. Нөгөөтэйгүүр, Зүүнбаянгаас үргэлжлээд Ханги боомтоор Хятадын аж үйлдвэрийн бүс нутагт шууд хүрэх шинэ гарц байх юм.
Өдгөө 70 жилийн насжилттай УБТЗ-ын суурь бүтцийг шинэчлэн хөгжүүлэх 2030 он хүртэлх хөтөлбөрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс боловсруулж, хэрэгжилтэд бэлтгэж байгаа. Хөтөлбөр 2016-2020 он, 2021-2025 он, 2026-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжинэ. Үр дүнд нь төмөр замын өнөөгийн 20 сая тонн ачаа тээврийг 2030 онд 53.6 сая тоннд хүргэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1.5-4.4 тэрбум ам.долларын тал хувийг нийгэмлэг өөрийн хөрөнгөөс, үлдсэнийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцжээ.
MMJ-д өгсөнд ярилцагдаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга В.И.Милостных “Ерөнхий хороогоор 2016-2020 он хүртэлх нэгдүгээр шатны төлөвлөгөөг баталсан бөгөөд нийт 263 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Талаас илүү хувийн санхүүжилтийг нийгэмлэг өөрийн хөрөнгөө гаргах ёстой. Үлдсэн 100 гаруй сая ам.долларыг гадны хөрөнгө оруулалтаар татна.
Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авах байдлаар шийдвэрлэхээр нөхцөлүүдийг судалж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаас гадна Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд оролцох сонирхолтой. Төслүүдэд оролцоход бэлэн” гэдгээ илэрхийлсэн. Хамтарсан нийгэмлэгийн жилийн эцсийн хуралдаанд биечлэн оролцохоор РЖД-ийн Ерөнхийлөгч О.В.Белозеров оны сүүлчээр Улаанбаатар хотноо дахин бууж мордов. Хаалттай хуралдаанаар УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төмөр замын Төв коридорын суурь бүтцийн зарим хэсгийг шинэчлэх, 2019 оны төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Хятадын талаас ч төмөр замын төслүүдийг сонирхож, зарим талаараа хөрөнгө оруулах асуудлууд ч яригдаж байна. Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийг Улсын төсөвт дарамт учруулахгүйгээр төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар тогтсон. Тиймээс чиглэл бүрт төрийн оролцоотой “Тавантолгой төмөр зам”, “Шивээхүрэн төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” компаниуд байгуулагдсан. Хамтарсан компанийн 49%-ийг эзэмшигч тал төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг хариуцах тул зарим нэг нь өмнөд хөршийн хөрөнгө оруулагч нартай яриа хэлэлцээр хийж байна. Ийнхүү төмөр замын салбарт үйл явдал өрнөж, эдийн засагт үр ашиг үзүүлэх төслүүдэд анхаарах чухал цаг үед Салбарын сайдын суудал бүтэн улирлын турш эзгүйрсэн юм. Хөрөнгө оруулагчид Монголын уул уурхай, чиг хандлагыг тольддог намрын ажил хэрэгч өдрүүдэд зам тээврийн салбарыг тэргүүлж, бодлогыг зангидах сайдгүй байлаа. Хариуцлага алдсан шалтгаанаар сайд, дэд сайд нар огцрох өргөдлөө өгч, салбар тэргүүлэх сайдыг дахин томилоод байгаа юм.
“Арван жилийн гацааг 180 хоногт”
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Тавантолгойн төслийг хятуудтай хамтран хэрэгжүүлнэ гэж оны эхэнд мэдэгдсэн юм. Эдийн засгийг эрчимтэй сэргээж, томоохон төслүүдийг зоригтой хөдөлгөнө гэж амлаж гарч ирсэн түүний мэдэгдэл он удаан жил гацсан Тавантолгойн төслийг хөдөлгөх нь гэсэн нийгмийн хүлээлтэд итгэл төрүүлэв. Засгийн газрын тэргүүн БНХАУ-ад айлчлахаар зэхэж байсан үе. Арван жил яригдаж буй Тавантолгойн төсөлдөө монголчууд хамтран ажиллах тодорхой хувилбартай, дотооддоо нэгдсэн шийдэлтэй ирэхийг Хятадын дарга Си Жинпин нэгэнтээ сануулсан удаатай. Айлчлалын албан мэдээлэлд Тавантолгойн ашиглалтын тухай дурдагдсангүй. Төсөлтэй холбоотой төмөр зам, дэд бүтцийн талаар бүр ч сонсогдсонгүй.
Ерөнхий сайд айлчлалаас буцахдаа Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзав. Тэрээр “Тавантолгой дээр улс төрийн шийдвэр гарч, УИХ-аар хэлэлцүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм. Тэгэхдээ төмөр болоод авто зам, цахилгаан станцын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцэх тухай дуулгасан. Хүнд хүчрийг нь биеэрээ туулж яваа хувийн хэвшлийнхний зүгээс гуйж учирлах ганц хүсэлт төмөр зам байлаа. Удаагүй “Тавантолгой ордын төслийг эрчимжүүлэх зарим арга хэмжээ” тухай тогтоол батлагдсан нь тэр. Төслийг эрчимжүүлэх эр зориг гаргасан уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын “Арван жилийн гацааг 180 хоногт” уриатай ажил өрнөв. Тодорхой хоног хугацаа тоологдож, тоотой өдрүүд ирэх нэгдүгээр сард өндөрлөнө. Товлосон хугацаанаас урьтаж дэлхийн бирж дээрээс “бэлжих” бэлтгэл ажил хангагдсан байх учиртай.
Тавантолгой төслийн 30%-тай тэнцэх IPO гаргах олон улсын хөрөнгийн бирж тодрох ёстой. Гэхдээ бэлтгэл ажлын хангалтыг оны сүүлчээр УИХ-д танилцуулах асуудал бий. Төр засгийн өнөөгийн ээдрээтэй байдал, чуулган хуралдаж чадахгүй байгаа энэ янзаар үргэлжилбэл, Тавантолгойн төслийн явц ч таг зогсох эрсдэлтэй. Өнөөг хүртэл өнгөрсөн он жилүүдэд энэ төслийг урагшлуулах, хөдөлгөх оролдлого бүр төр засгаас хамаарч, гацаж ирсэн. Тэрхүү “алдаа” дахин давтагдах вий. Харин өөдрөгөөр харж болох зүйл гэвэл авто болоод төмөр замын таван төсөл. Төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тул компаниуд хөрөнгө оруулалтаа татаж, эрсдэлээ тооцож төлөвлөсөн ажлаа гүйцэтгэх боломж байгаа. Төр бага оролцох тусам тэр хэрээр ажил урагшилж чадна.
Оюутолгойн асуудлууд
Монголын уул уурхайн салбарт одоогоор бодитой хэрэгжиж, улсын эдийн засагт хамгийн том дэм, басхүү гадны хөрөнгө оруулагч нарт гол баталгаа болж буй Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп Улаанбаатар хотноо салбараа нээв. Нээлтийн ажиллагаанд тус группын Гүйцэтгэх захирал захирал Жан Себастьян Жак Монголд ирэхдээ Ерөнхий сайдтай уулзсан юм. Оюутолгой төслийн санхүүжилтийг аль аль талдаа харилцан ашигтай бууруулахад хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохиролцсоны сацуу Тавантолгойн ордод түшиглэн станц байгуулах асуудлыг ч хөндсөн.
Сар шинийн өмнөх өдөр Монгол Улсын Засгийн газраас “Өмнөд бүсэд хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс худалдан авах шаардлагыг “Оюутолгой” компанид тавилаа. Чухамдаа энэхүү гэрээ нь Тавантолгой цахилгаан цахилгаан станцаас үйлдвэрлэх эрчим хүчийг “Оюутолгой” компани тогтмол худалдан авах нөхцөлийг баталгаажуулж байсан юм. Оюутолгойн төслийн үйлдвэрлэлийн эрчим хүчийг дотоодоос авна гэж Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан. Эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахыг дэмжиж, хамтран ажиллах үүрэг Монголын Засгийн газар ч хүлээсэн. Ийм том үйлдвэрлэлийг эрчим хүчээр хангах учир цахилгаан станц Монгол Улсын хувьд нэлээд том төсөл. Эрчим хүчний 450 МВт хүчин чадалтай энэ станц ашиглалтад орсноор Оюутолгойгоос БНХАУ-д төлдөг цахилгааны төлбөр Монголд шингэж, төдий чинээгээр Тавантолгойн нүүрс үнэд орох эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой гэж Монголын Засгийн газраас үзэж байгаа. Зөвхөн энэ онд Оюутолгой компани 200 сая ам.доллараар Хятадаас эрчим хүч худалдан авна гэсэн тоон мэдээлэл бий. Одоогоор компанийн зүгээс цахилгаан станцыг байгуулах талбайг сонгож байна. Оюутолгой төслийн талбай дээр байгуулбал 3.5 жилийн хугацаа зарцуулах бол Тавантолгойд илүү хугацаа шаардагдана гэдгийг тус компанийн удирдлагууд тайлбарлаж буй.
Дөрөвдүгээр сард Оюутолгойн төсөлтэй холбоотой дуулиант асуудал АТГ-аас явуулсан баривчилгаа байлаа. Оюутолгойн гэрээнүүдэд ажилласан, хянасан, баталсан эрх бүхий албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сард цагдан хорьсон явдал Монголын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагч нарыг цочроосон юм. Монгол Улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй, татварын нөхцөлийг хууль бусаар бууруулсан, хахууль авсан болоод үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг шалгаж буй хэмээн АТГ-ээс тайлбарласан. Энэ явдал Оюутолгой төслийг эсэргүүцэх, гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөн гаргах тухай нийгэм даяар мэтгэлцээн өрнүүлээд байна. Оюутолгойн гэрээг зориглож хийгээгүй бол өдийд хэрэгжээгүй, маргасаар байхыг үгүйсгэхгүй.
2018 онд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт Оюутолгой төслийн II үе шатнаас орж ирнэ. Далд уурхайн бүтээн байгуулалт 2021 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Энэ нь Монгол Улс томоохон өр төлбөрүүд төлөгдөх цаг үетэй давхцаж байгаа юм. Хуваарийн дагуу 2020-2024 онд бондын нийт 4 тэрбум гаруй ам.доллларын өр төлөгдөх ёстой. Тиймээс Засгийн газраас Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь явуулах, хүлээгдэж буй орлого нэмэгдэх нөхцөл байдалд болгоомжтой хандах нь чухал юм.
Эрдэнэтийн ээдрээ
Нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр ч тогтоолыг баталсан юм. ОХУ-ын эзэмшлээс “Монголын зэс” корпораци худалдаж авсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49%-ийн энгийн хувьцааг төрийн өмчид авах. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэв.
Харин “Монголын зэс”-ийн зүгээс компанид мэдэгдэлгүй шууд төрийн өмч болгосон шийдвэрийг эсэргүүцэж, олон улс болоод дотоодын хуулийн байгууллагаар явах болсон. Гэтэл улсын дээд шүүхийн шийдвэрээр Засгийн газрын 2017, 2018 оны “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой тогтоолууд, түүнийг дагасан ТӨБЗГ-ын дүрэм, шийдвэрүүдийг бүхэлд нь хууль бус гэж үзжээ. Үүний зэрэгцээ үйлдвэрийн 51%-тай холбоотой Өмнөд Африкийн Стандарт банкинд төлж барагдуулах өр төлбөрийн асуудал ч бүрэн эцэслэгдээгүй байгаа юм.
Одоо “Стандарт” банкинд төлөх ёстой төлбөрийн хэмжээ бараг 112 сая ам.долларт хүрсэн гэдгийг “Монголын зэс” корпорацийн удирдлага хэлж байсан. Засгийн газар, УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг, мөн үйлдвэрээс ч Ажлын хэсэг тус тус байгуулан ажиллаж байна.