Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Кумторын ордын нэмэлт хайгуулд 11.5 сая доллар зарцуулна

Киргизийн алтны Кумторын ордыг ашиглаж буй Канадын “Сентерра голд” компани төслийн талбайдаа нэмэлт хайгуул явуулах хоёр жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Нэмэлт геологи хайгуулын ажилд нийт 18 сая ам.доллар зарцуулах бөгөөд өнгөрсөн онд 6.5 сая, 2019 онд 11.5 сая ам.доллар тус тус хөрөнгө оруулахаар төлөвлөсөн юм.

“Сентерра голд” компани байгаль орчныг хамгаалах болоод хөрөнгө оруулалттай холбоотой хоёр гэрээг Киргизийн Засгийн газартай 2017 оны есдүгээр сард байгуулсан. Гэрээний дагуу Канадын компани жил бүр байгаль экологийн төлбөр 310 мянган ам.долларыг 3 сая ам.доллар болж нэмэгдүүлэхээс гадна тус улсын Байгаль хөгжлийн санд 50 сая ам.доллар, Хавдар судлалын албыг хөгжүүлэх санд 10 сая ам.доллар, “Кумтор” нөхөн сэргээлтийн санд 6 сая ам.доллар тус тус зарцуулах үүрэг хүлээж буй. “Сентерра голд” компани үүргээ биелүүлсэн тохиолдолд Киргизийн Засгийн газар шүүхийн бүх маргаанаас татгалзаж, 2009 оны хэлэлцээрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх бөгөөд Кумторын орд газрын шинэ талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох юм. Хоёр гэрээний хэрэгжилтийн хугацаа энэ сарын 31-ний өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, энэ хугацааг хүртэл талууд Арбитрын шүүхийн маргаанаа түр “царцаагаад” байгаа гэсэн үг. 

Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Сентерра голд” компани Монгол дахь төслүүдээ худалдсаны дараагаар Кумторын алтны ордын хувь эзэмшлээ Хятадын “Shadong Gold” компанид зарах тухай асуудал хүчтэй яригдах болсон байна. Киргизийн Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиевтай “Сентерра голд” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Скотт Перри уулзах үеэрээ Кумторын ордын төслийг худалдаж авах, хөрөнгө оруулах саналууд олон улсын компаниудаас ирж байгаа ч Хятадын компанитай албан ёсны хэлэлцээр хийгээгүй болохыг мэдэгджээ.         

Э.Жаргал