“Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний явц байдлын талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
Хүн амаа эрүүл, чанартай, аюулгүй махаар хангах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь маш чухал арга хэмжээ болж байна. Энэ талаар тодруулж хэлэх зүйл юу байна вэ?
Бэлчээрийн мал аж ахуй зонхилсон манай улс хүн амаа эрүүл, чанартай, аюулгүй махаар хангахаа баталгаажуулж эхэлсэн нь хүнсний аюулгүй байдлыг бий болгож, малын гаралтай бүтээгдэхүүнээс үүдэлтэй хүн амын дундах өвчлөл, эрсдэлт хүчин зүйл буурч, мах, арьс шир, ноос ноолуурын үнэ цэн өснө.
Манай улс 52 махны үйлдвэртэй. Махны үйлдвэрүүд жилдээ хоёр сар л ажилладаг. Энэ хугацааг сунгаж, бүтэн жилээр ажиллуулдаг болгоно. Саяхан нийслэлийн ИТХ-аас Эмээлтийн малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Маш бохир орчинд нядалгаа хийгдэж, чанар, стандартын баталгаагүй махыг нийслэлийн хүнсний захуудад нийлүүлдэг учраас ийм арга хэмжээ авсан байх.
Малын гарал үүслийн мэдээллийг бар кодыг уншуулж мэдэх боломжтой болж байна. Ямар арга зарчмаар хэрэглэгчдэд эцсийн мэдээлэл ирэх вэ?
Энэ асуудлыг бүрэн шийдэх программ ажиллаж байна. Тухайн малын ээмгийг уншуулахад ирсэн мэдээлэл нь төв сервер рүү очиж, хэдийд тарилга хийгдсэн, эрүүл үү, үгүй юу гэдгийг мэдэх боломжтой болно. Ингээд бар код уншигдангуут Өмнөговь аймгийн тэр гэдэг малчны мал тийм үйлдвэр дээр нядлагджээ гэсэн мэдээлэл гарч ирнэ. Малчин тариагаа хийхдээ эхлээд малын эмчдээ хэдний өдөр нядалгаа хийгдэхийг хэлэх ёстой.
Малын эмч сервер рүү очиж, нэмүү өртгийн бүх сүлжээ рүүгээ уншигдана. Ингээд л ямар мал нядлах нь тодорхой болж, малчин тэр гэдэг хүний хонинд эрүүл гэдгийг нотолсон гарал үүслийн тэмдэг тавиад, эндээсээ ээмэгтэй мал очиж байна шүү гэсэн мессежийг өгнө. Явцын дунд замын постууд дээр шалгалт хийгдэж, стандарт хангасан махны үйлдвэр дээр нядалгаа хийгдэнэ. Арьс ширээ нядалгааны үед гэмтэлгүй авах нь хамгийн чухал. Ийм нөхцөлд арьс ширний 70%-ийн гэмтэл 20% болж багасах юм. Бэлтгэгдсэн махыг аль болох богино хугацаанд худалдан авагчдад хүргэх ёстой. Гүн хөлдөөсөн байдлаар ч юм уу, хөргүүртэй тээврээр зөөвөрлөн байгууллагуудад хүргэх юм.
Ирэх оноос уул уурхайн компаниудад эрүүл, аюулгүй байдал хангасан мах нийлүүлэгдэх нь гэж ойлголоо?
“Оюутолгой” компанийн хувьд махны нийлүүлэлтээ шийдэх гээд явж байна. Юутай ч “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний хэрэгжүүлэлтийн явцад олон алдаа гарч байгаа. Энэ бүгдийгээ засч залруулаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс зөв зүйтэй хэрэгжүүлээд явах юм. Нөгөө талдаа загвар арга хэмжээг хэрэгжүүлснээр Хөдөө аж ахуйн биржийн нэр хүнд аврагдаж, үйл ажиллагаа нь сайжирна. Бирж загвар арга хэмжээний зохицуулалтад орж ирснээр хариуцлагын тогтолцоо бий болно.
Гадаадын орнуудад ийм загвар арга хэмжээ амжилттай хэрэгжсэн туршлага хэр байдаг вэ. Тэр бүхнээс нэвтрүүлж байгаа тодорхой зүйлүүд байгаа юу?
Өндөр хөгжсөн Япон зэрэг улсад ийм туршлага хангалттай бий. Манай улсад одооноос л нэвтэрч байгаа учраас анхаарах зүйлүүд их гарч байна. Аж ахуйн нэгжүүд тус бүрдээ нэмүү өртгийн сүлжээ үүсгэх гэж оролдоод байдаг ч төрийн дэмжлэг заавал хэрэгтэй. Гэхдээ үүнийг аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэхгүй байдлаар шийдэх нь зүйтэй.