Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

2018 онд хүчин чадал сайтай баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад оржээ



Бэлтгэсэн Г.Идэрхангай

Монголын уул уурхайн салбарт нэг үеэ бодвол гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын төслүүд сэргэж, цөөнгүй үйлдвэр уурхайн үйл ажиллагаа эхлээд байна. 

Баяжуулах үйлдвэрүүдийн хувьд “Монголын алт” компани өнгөрсөн долдугаар сард Гурвантэс суманд орших Нарийнсухайтын уурхайд Монголын анхны хүнд орчны модулийн Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.   Монгол Улс дахь баяжуулахын томоохон үйлдвэрүүдийн төслүүдийн нэгд  тус  үйлдвэр  тооцогдож байна.  Нарийнсухайтын уурхайгаас жилд 5-6 сая тонн нүүрс олборлон экспортлодог. Тус компанийн мэргэжилтнүүд борлуулалтын нүүрсний чанарыг сайжруулах, нүүрсийг боловсруулах чиглэлээр туршилт судалгаа, эрэл хайгуулын ажлуудыг эрчимтэй явуулж ирсний дүнд орчин үеийн технологитой, жилд 1 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай модулийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ нь   цаашид Нарийнсухайтын уурхайд баригдах томоохон хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн технологийг сонгох үндэс болсон тухай “Монголын алт” компанийн мэргэжилтнүүд онцолж байна. 

БНХАУ-ын Bejing Guobua Technology Group (ВGTG) зураг төслийг боловсруулж, технологи, үндсэн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн ба мөн улсын Jiangsu Yangzhou Hengyuan Co.Ltd компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж үйлдвэрийг сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан юм.

2018 оны хувьд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт “Зэст Өндөр” компани 41 сая ам.доллар болон нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай төмрийн хүдрийн Уулын баяжуулах үйлдвэр (УБҮ), Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт Хятадын хөрөнгө  оруулалттай  “Тайшен Девелопмент” компанийн 70 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төмрийн хүдрийн уурхайн төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр 2018 онд 31 уурхай, баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтад оржээ.

Дашрамд дурдахад, баяжуулалтын салбарын хувьд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын Боловсруулах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд хоёр чухал баримт бичиг болох “Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”, “Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг боловсруулах, шинэчлэн сайжруулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.  Ингэснээр шинээр ашиглалтад орох баяжуулах үйлдвэрүүдэд тавигдах шаардлагууд  ойлгомжтой, хэрэгжүүлэхэд дөхөмтэй  болох юм.