Г.Идэрхангай
Энэ асуултад төвөггүйхэн хариулах үйл явдлууд сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд өрнөв. Салхитын мөнгөний ордод Засгийн газар цэрэг, цагдаагийн хүчээр тусгай ажиллагаа явуулж, ашиглалтын бүх тусгай зөвшөөрлүүдийг нь цуцаллаа. Тусгай ажиллагааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга (ЗГХЭГ), Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар удирдсан нь хөрөнгө оруулагчдыг бүр ч эмзэглүүлэв. Гэхдээ түүний энэхүү үйлдэлтэй хөрөнгө оруулагчид анх удаа тулгарч байгаа биш ээ. 2012 онд батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачлагч нь Г.Занданшатар. Уг хуулийн балгаар дэлхийн том компаниуд Монголоос дайжиж, хайгуулын салбар уналтад орсон гашуун түүх бий. Хайгуулын салбар өнөөдөр ч сэргэж чадаагүй л байна. 2014 онд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ баталснаас хойш Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийх үйл явц бага зэрэг идэвхжиж, өргөдөл болон сонгон шалгаруулалтын журмын аль алинаар тусгай зөвшөөрөл олгодог тогтолцоог хэрэгжүүлсэн юм. Гэвч үүнээс хойш тусгай зөвшөөрөл олголт хэдэнтээ будилсан ба сонгон шалгаруулалтыг гурвантаа зарлан цуцалж хайгуулын компаниудад дахин хүндрэл учруулсан.
Гацууртын ордыг ашиглах гэж 10 жил итгэл өвөрлөн зүтгэсэн Канадын “Сентерра Гоулд” компани төслөө Хятадын хөрөнгө оруулалттай компанид худалдаад Монголоос зугтах шахам гараад явлаа. Ойрын жилүүдэд барууны ийм хүчтэй хөрөнгө оруулагчид дахиж орж ирэхгүй байх гэсэн салбарынхны эргэлзээ ч нэмэгдэж байна.
Шинэ он гарангуут нэгдүгээр сарын 7-нд ЗГХЭГ-аас мөн Салхит, Асгат болон Цагаан эргийн ордуудыг төрийн мэдэлд авч, “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх үүргийг холбогдох газруудад өглөө. Монголын төрийн өмчит хамгийн том компанийн эзэмшилд ийнхүү гурван ордыг “элсүүлэв”. Салхитын мөнгөний ордын хувьд авлига хээл хахуулийн хэрэгтэй холбогдож, татвараа төлөөгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хоорондын шүүхийн маргаанд цэг тавих үүднээс засаг яаруухан хөдөлсөн ч энэ бол төр хүч чадлаа харуулах гэсэн PR-ийн шинжтэй л үйлдэл юм. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газар Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нь ЗГХЭГ овжин ашиглаж “шоу” хийсэн гэж хэнд ч ойлгогдохоор байна.
Ашигт малтмалын тухай хуулиар цуцлагдсан тусгай зөвшөөрлийг дахин сонгон шалгаруулалтаар олгодог үйлчлэлтэй болохоос засаг дундаас нь “шүүрч” авна гэсэн зүйл, заалт үгүй. Төр өөрөө хуулиа илэрхий зөрчив. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан Салхитын мөнгөний ордынхон хууль бус үйл ажиллагаа явууллаа гээд засгийг шүүхэд өгнө гэлээ. Энэ хэрэг цаашид шүүх маргаанаар үргэлжлээд явах янзтай.
Харин Асгатын ордын тусгай зөвшөөрөл төрийн өмчит “Монголросцветмет”-ээс төрийн “Эрдэнэс Монгол” компанид “хэзээ нэгэн цагт” шилжих нь тодорхой байсан. Үүнийг засаг мөн л шуурхай шийдэж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах баталгааг нь давхар олгож байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниас нөгөө төрийн өмчит компани руу шилжихэд УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй тул засаг өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд шийдэж буй хэрэг. Цаашид “Орд ашиглах гэрээ” байгуулах тохиолдолд УИХ авч хэлэлцэх хуультай.
Хууль тогтоох дээд байгууллага ийнхүү тарах, тарахгүйдээ тулж маргалдаж, спикерээ огцруулахаар улайрч байх зуур Засгийн газар нь хоёр том ордын асуудлыг хоромхон зуур л шийдчихлээ. Араас нь Цагаансуваргын зэс-молибдений ордыг төрд эргүүлж авахаа Ерөнхий сайд дахин давтан хэлэв. Гэхдээ энэ ордыг хурааж авна гэвэл мөн л Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл болно. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид, дотоодын аж ахуйн нэгжүүд лав сайнаар харахгүй. Лавтайяа Монголын эдийн засгийг хямраах алхам болно гэдгийг ч Цагаансуваргын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид ил тод хэлж байгаа. Уул уурхайн салбарын, тэр дундаа хувийн хэвшлийн нуруундаа үүрч яваа мега төслүүдийг “ард түмэндээ өгнө” гэсэн нэрийн дор нийгэмчлэх бодлогыг төр хэрэгжүүлж байна.
УИХ гацаж, хуулиа батлахгүй он дамнан маргаж, мэтгэлцсэнээс болж алт олборлогчид 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүсээгүй 9%-ийн татвараа төлж байна. Хэдийгээр Монголбанкинд өнгөрсөн онд 22 тонн алт тушаагдсан ч 2024 он хүртэл таван жилээр сунгагдах өөрчлөлт бүхий Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ намрын чуулганаар батлах эсэх нь тодорхойгүй байна. Уг нь, 2.5%-ийн роялтийг хэвээр үлдээсэн бол алтны салбарт том дэмжлэг болж, улсын валютын нөөцийг өмнөх онуудынх шигээ 800 гаруй сая.доллараар бүрдүүлээд байх боломжтой.
Өнөөдөр Монголын эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд MMJ сэтгүүл 5 дахь жилдээ хэрэгжиж буй Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг (2014-2025 он) эргэн харж, дагалдах дэд хөтөлбөрүүдийн хувь заяа хаахна явааг тодрууллаа.
Төрийн бодлого бол тодорхой, тогтвортой, урт хугацаанд мөрдөгдөх шинж чанарыг агуулсан байх ёстойг академич П.Очирбат сэтгүүлийн өнгөрсөн оны нэгдүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагадаа онцолж байсан билээ. Гэтэл Монголд өмнөх төрийнхөө тодорхойлсон бодлогыг дараагийн УИХ, Засгийн газар нь өөрчилж, цоо шинэ, огт өөр чиг зорилготой болгочих тохиолдол гарсаар байна. Сүүлийн нэг, хоёр жилийн уул уурхайн салбарын дүр зургийг харж байхад олон нийтийн хэлэлцүүлгээр нэлээд хүчтэй яригдсан Уул уурхайн тухай хуулийн төсөл чимээгүй болов. Геологийн судалгаанаас уурхайн хаалт хүртэлх уурхайн мөчлөг, харилцааг иж бүрнээр нь зохицуулах зорилгоор гарч ирсэн уг хуулийн төслийг дахин нягталж, илүү сайжруулсан хувилбарыг санал болгохоос наана УУХҮЯ дахиж хөндөхгүй гэдгээ илэрхийлж байна.
Уг хуулийн төслийг Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын үйл явц болон Байгаль орчны багц хуультайгаа нарийн уялдуулъя гэдэг үүднээс хойш тавьжээ. Эрдэс баялгийн салбарын гол 10 хуулийн давхардал, хийдэл зөрчлийг арилгаж, цэгцэлсний дараа Уул уурхайн тухай хууль руугаа оръё гэдэг байр суурин дээр салбарын яам тогтож. “Хуулийн цэвэрлэгээ” хэмээн нэрлэгдэх энэхүү нүсэр ажлыг Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх ба хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх л үлдлээ.
Салбарын яам “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах Ажлын хэсэг байгуулаад эрчимтэй ажиллаж эхэлсэн ч бас л тэгсхийгээд намжсан. Нэлээд судалгаа дүгнэлт хийсний эцэст хөтөлбөрийн утга агуулга нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоос илүү гарахгүй юм байна гэж үзээд зогсоожээ. Түүний оронд тодорхой ашигт малтмалын төрлүүдээр бие даасан дэд хөтөлбөрүүдээ гаргах шийдэлд хүрсэн гэх. Гэхдээ энэ бол шинээр санаачлаад хийж байгаа ажил биш. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого нь “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомж, дунд, урт хугацааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, төсөлд тусгагдан хэрэгжинэ” гээд маш тодорхой заалттай. Бодлогын баримт бичгийг 2013 онд нийгмээрээ ид хэлэлцэж байхад “Нүүрс”, “Төмөр”, “Хайлуур жонш”, “Газрын ховор элемент”, “Зэс”, “Эрдэс баялгийн салбарын эрх зүй орчин” зэрэг том хөтөлбөрүүд яригдаж, яам бүр дээр Ажлын хэсэг байгуулагдан шаагитал ажиллаж байлаа. Тэдгээрээс өнөөдөр амжилттай хэрэгжиж байгаа нь ганц “Алт-2” хөтөлбөр л байна.
Хамгийн амбицтай гэгдэж байсан “Нүүрс” хөтөлбөрийн ажил таг зогсож, Японы “Жайка” байгууллагын нэгтгэсэн судалгаа, тооцооноос илүү гарсангүй. Үүнийг хариуцан ажиллаж байгаа нэгж ч хараахан алга. Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын үед “Нүүрс хөтөлбөр” гэх тодотголтой ажил эхэлж, Багануурын уурхайгаас хэрэглэгчдэд жижиглэнгээр нүүрс нийлүүлэх бодлого хэрэгжсэн ч шүүх цагдаа дээрээ тулж, засаг сүүлдээ огцорсон гашуун түүхтэй. “Нүүрс” хөтөлбөртэй, хөтөлбөргүй Монголын нүүрсний экспортын хэмжээ үлэмж өсч, 2018 онд 36.3 сая тонн нүүрс экспортоллоо. 2019 онд 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. “Нүүрсний экспортыг огцом нэмэгдүүлж, жилд 50 саяас багагүй тонн нүүрсийг гарган зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлнэ” хэмээн “Нүүрс” хөтөлбөрийн төсөлд тусгагдсан зорилтууд ерөнхий энерциэрээ, зөнгөөрөө биелж байх шиг.
“Зэс”, “Төмөр” хөтөлбөрүүдийн төсөл хаа нэгэн албан тасалгааны өрөөнд хав дарагдан “хадгалагдаж” байгаа бололтой. “Цайр” хөтөлбөрийн тухайд бүр ч сураггүй. Өнөөдөр Монголын уул уурхайн хамгийн хүнд хэцүүг жоншны салбараас харж болно. Жоншны салбарт Хятадын компаниуд давамгайлж байна.
Тэд жоншыг аль болох хүдрээр нь экспортлоод байх сонирхолтой. Энэ салбарт АМНАТ төлдөг компани хуруу дарам цөөн гэсэн шүүмжлэл ч их гарч байна. 2014 оноос жоншны салбар УУХҮЯ-ны анхааралд орж, дэргэдээ Ажлын хэсэг байгуулан “Жонш” нэртэй хөтөлбөр боловсруулж эхэлсэн ч өнөөдөр яг өмнөө тавиад бэлэн харах хөтөлбөр хараахан алга. Гэсэн хэдий ч салбарын яам энэ удаад санаачлага гарган “Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж буй. 2023 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөр нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын нэг дэд хөтөлбөр болж мэндлэх юм. Батлагдвал жоншны салбар цэгцрэх шатандаа орно. Түүнчлэн УУХҮЯ-наас “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр” хэмээх томоохон хөтөлбөрийг анх удаа боловсруулж, салбарын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлж байна. 2019-2023 онд буюу таван жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр нь мөн л Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгагдсан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх концепциос үүдэлтэй. MMJ сэтгүүл оны эхний дугаартаа боловсруулалтын шатандаа яваа энэ хоёр хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүнгийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
Орхигдсон, мартагдсан, өнөө хэрэгжүүлж байгаа, боловсруулалтын түвшинд яваа хөтөлбөрүүдээс Эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлогын баримт бичиг ямар түвшинд хэрэгжиж буй нь бэлхнээ харагдана. Салбарын яамны мэргэжилтнүүд Бодлогын баримт бичиг 50%-ийн биелэлттэй явааг хэлж байхад мэргэжлийн холбоодын төлөөллүүд 25-30%-тай л яваа болов уу гэсэн дүгнэлтийг өгч байгаа.
Юутай ч салбарын хууль эрх зүйн шинэчлэл, өөрчлөлт талаасаа бол бодлогын хэрэгжилт “боломжийн” гэсэн үнэлгээтэй явна. 2006 оны долдугаар сарын 8-нд УИХ-аар батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сүүлийн 10 жилд нийтдээ 26 удаа өөрчлөлт оржээ. Бүр нарийвчилбал 290 зүйл заалтад өөрчлөлт орсныг харвал бодлогын баримт бичигт тусгасан эрх зүйн шинэчлэл цаг үеэ дагаад сайжраад байх шиг байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг олон улсын жишигт нийцүүлж эрх үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэх томоохон ажлыг бодлогод тусгагдсаны дагуу Геологи, уул уурхайн мэргэжлийн институт хариуцаад явж байна. 2014 оны долдугаар сарын 1-ний Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уг институтийг байгуулах эрх зүйн орчин бүрдсэн юм.
Салбарын сайдын дэргэд Эрдэс баялгийн бодлогын зөвлөл гэх бүтэц ажиллаж байх ёстой. Хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудыг энэхүү Бодлогын зөвлөлдөө оруулж байхыг мөн л бодлогын баримт бичигт оруулж, хуулиар баталгаажуулсан. Мэргэжлийн холбоодын зарим нь уг зөвлөл бий эсэхийг мэдэхгүй байхад яам боломжийн түвшинд ажиллаж байгаа гэсэн хариулт өгч байна. Яамны бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөөд байдаг нь үүнд нөлөөлдөг бололтой. Шинэ он гарснаас хойш салбарын бодлогын яаман дээр бүтцийн ямар өөрчлөлт явагдаж буйг сонирхуулъя.
УУХҮЯ таван гол газар, найман хэлтэстэй болжээ. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг татан буулгаж, Геологийн бодлогын газар, Уул уурхайн бодлогын газрыг нэгтгэн Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэсэн шинэ бүтцийг бий болгосон байна. Мөн Хүнд үйлдвэрийн бодлогын газар, Түлшний бодлогын газрыг нэгтгээд Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын газар болжээ. Стратеги, бодлого төлөвлөлтийн газар шинээр “мэндэлсэн” байна. Уул уурхайн хэлтэс нь нүүрсний бодлогын асуудлуудыг зангидах аж. Бодлогын яамны бүтэц ийнхүү өөрчлөгдөж, орон тоо хэвээр батлагдсан ч уул уурхайн салбар дахь бодлого, чиглэл хэвээр үргэлжлүүлээд явна гэдгээ яамны мэргэжилтнүүд хэлж байгаа.
Уул уурхайн салбар дахь төрийн бодлого, дагалдах хууль тогтоомж, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх мэргэжилтнүүдийн байр суурийг MMJ хүргэж байна. Мөн төрийн бодлогын олон баримт бичигтэй “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэрхэн уялдаж байгаа, үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд төслүүдийн ТЭЗҮ, санхүүжилтийн эх үүсвэрүүд ямар түвшинд боловсрогдсон байх талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай хийсэн ярилцлага нийтлэгдлээ.
“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т багтсан Тавантолгойн дэд бүтцийн багц төсөл болон оны эхний хагаст багтаан “Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл”-ийг зарлахаар бэлтгэж буйг тэрээр тодорхой өгүүлсэн юм. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг түргэвчлэхийн тулд Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төслийг Концессын зүйлийн жагсаалтад багтааж оруулах бэлтгэл ажил хийж байгаа талаарх салбарын тэргүүлэх мэргэжилтний яриаг мөн толилуулж байна. Сар шинийн баярын өмнө эдийн засгийн эргэлтэд орох хатуухан “үүрэг” дор Асгатын ордыг ашиглахын наана шийдвэрлэх учиртай асуудал, нөхцөл байдлыг мөн хөндөн бичлээ. Уул уурхайн салбар дахь төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг мэдээж бүхэлд нь дүгнэх боломжгүй ч MMJ-ийн нэгдүгээр сарын дугаарт дэд хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын төслүүд, хууль эрх зүйн орчинд хийгдэж байгаа, хийгдэх ёстой асуудлуудыг тодотгохыг зорилоо.