2018 онд Хятадын коксжих нүүрсний нийт импорт 8.11%-иар буурч 64.23 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлэгч Австрали улсаас 27.74 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 10.45%-иар буурчээ.
Австралийн төмөр замын тээвэрлэлтэд хязгаарлалт үүссэн нөхцөл байдал, АНУ болон Хятадын худалдааны “дайн” зэрэг нь коксжих нүүрсний импорт буурахад нөлөөлсөн болохыг мэдээлэлд тайлбарласан байна. Худалдааны “дайны” улмаас Хятад нь өнгөрсөн наймдугаар сараас АНУ-ын коксжих нүүрсний импортод гаалийн татварыг 25%-иар нэмэгдүүлсэн юм. Өнгөрсөн онд АНУ-аас 1.97 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 29.81%-иар буурсан байна. Харин Монгол Улсаас эх үүсвэртэй коксжих нүүрсний импорт 5.39%-иар өсч 27.67 сая тоннд хүрчээ.
Хятадын Нүүрсний уурхайн аюулгүйн ажиллагааны Үндэсний захиргаанаас тус улсын зүүн хойд бүс нутаг дахь нүүрсний олборлолт төвлөрч буй Шандун, Хэнан мужуудын уурхайд хяналт шалгалт явуулж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа ирэх зургаадугаар сар дуустал үргэлжлэх аж. Нүүрсний уурхайд явуулж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагаа Хятадын нүүрсний олборлолтын хэмжээг 92.06 сая тонноор бууруулна гэж шинжээчид таамаглаж байна.
Э.Од