“Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” (NRGI) болон “Гэрэгэ партнерс” байгууллага хамтран “Монгол улсын төсвийн тогтвортой байдал-2018” (хоёрдугаар) тайланг танилцууллаа /01.31/.
Энэ оны тайлан өмнөхийг бодвол илүү өргөн хүрээг хамарсныг тайланг боловсруулагч судлаач нар онцолсон юм.
Уламжлал ёсоор тайланд Монголын эдийн засаг, төсвийн урт хугацааны суурь төлөв, ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрийн нөлөөг харьцуулсан байдлаар танилцуулсан байна. 2017 онд анхны тайланг танилцуулах үед эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан бол өнгөрсөн онд бүх үзүүлэлт сайжирчээ. Гэхдээ санаа амрах болоогүйг тайлангийн үзүүлэлтүүдээс харж болно.
Эдийн засгийн 2030 он хүртэлх төлөвийн тухайд ирэх таван жилд эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй байхаар тайлангаас харагдана.
Өсөлтийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбар 2024 он хүртэл багагүй өсөлттэй байх ч үүнээс хойш бууралт руу орж болзошгүй байна. Иймд тодорхой бодлоготойгоор хөрөнгө оруулалт татах, шинэ салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай байгаа ажээ.
Мөн энэхүү тайланд төсвийн орлого, зарлага, алдагдлын 2030 он хүртэлх төлөвийг гурван хувилбараар дэвшүүлжээ. Тухайн он гэхэд төсвийн орлого, зарлага одоогийн түвшнээс ойролцоогоор 2.5 дахин өсөхөөр байна. Харин төсвийн алдагдлыг урт хугацаандаа -1%-4%-д барих боломжтой ч түүхий эдийн үнийн уналт, популист бодлогоос хамааран -6%-8%-руу өсөх магадлалтай байгаа ажээ.
Тайланд мөн төсвийн 2017 он хүртэлх сүүлийн зургаан жилийн үзүүлэлтүүдийг онцлон танилцуулсан байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь батлагдсан үеийнхээс үргэлж бага байсаар иржээ. Харин 2017 онд батлагдсан орлогын төлөвлөгөө биелсэн нь манай улс орлогоо хэт өөдрөгөөр тооцож баталдгийг харуулна. Орлого биелэхгүй учраас төсвийн зарлага батлагдсан үеийнхээс /2016 болон 2017 оныг эс тооцвол/ ямагт доогуур байж ирсэн нь ч гайхах зүйлгүй юм.
Төсвийн тэнцэл ч батлагдсан байдлаасаа нэмэгдсэн хувьтай байна.
Төсвийн тэнцэл |
2012 |
2013 |
2014 |
2015 |
2016 |
2017 |
Батлагдсан (ДНБ-д эзлэх %) |
-3.0% |
-2.0% |
-2.0% |
-1.8% |
-3.4% |
-9.1% |
Бодит (ДНБ-д эзлэх %) |
-8.2% |
-1.3% |
-4.0% |
-5.0% |
-15.3% |
-6.4% |
Төсвийн тогтвортой байдлын хувьд урт хугацаанд орлого, зарлага тэнцвэртэй түвшинд хадгалагдахаас ихээхэн зүйл хамаардаг. Харин манай улсын хувьд уг үзүүлэлт асар их хэлбэлзэлтэй байдаг ажээ. Ялангуяа төсвийн зардлын тухайд асар их хэлбэлзэлтэй байгааг судлаач, эдийн засагч Б.Нямбаатар тайлбарлаж байв.
Монгол Улсын
төсвийн тогтвортой байдалд заналхийлж буй томоохон хүчин зүйлийн нэг яах
аргагүй Засгийн газрын өр юм. Хэдийгээр Засгийн газрын өр ДНБ-д харьцуулах
үзүүлэлтээр буурч байгаа ч санаа амрах болоогүйг “Гэрэгэ Партнерс”-ийн захирал
Г.Рагчаасүрэн ярилаа.
|
2015 |
2016 |
2017 |
2018 Эхний хагас |
Засгийн газрын өр /ДНБ-д эзлэх %/ |
52.3% |
78.8% |
74.4% |
63.4% |
Өнгөрсөн онд Засгийн газар багагүй хэмжээний өр төлбөр барагдуулж 2020 оныг дуустал өр төлбөрийн дарамтгүй болоод байгаа юм. Өр их байх тусам зээлийн үйлчилгээний төлбөр нь төсвийн зарлага талд асар том дарамт үзүүлдэг. Гэхдээ 2021 оноос эхлээд томоохон өр төлбөрүүд хүлээгдэж байна.
Хүлээгдэж буй гадаад өр төлбөрүүд |
||||
|
2021 |
2022 |
2023 |
2024 |
Засгийн газрын гадаад бондын төлбөр |
Мазаалай 500 сая ам.доллар + Кредит Свисс 250 сая ам.доллар |
Чингис 1 тэрбум ам.доллар |
Гэрэгэ 800 сая ам.доллар |
Хуралдай 600 сая ам.доллар |
Гадаад болон дотоодын зээлийн хүүгийн төлбөр өнгөрсөн онуудад нэмэгдсээр 2018 оны эхний хагасын байдлаар төсвийн нийт орлогын 13.2%-тай тэнцэж эхэлсэн. Энэ нь төсвийн нийт цалингийн зардалтай дүйцэж байгаа ажээ.
Томоохон өр төлбөрийг баялгийн сангийн хуримтлалаар төлөх зүйтэй гэсэн саналыг “Гэрэгэ Партнерс”-ийн зүгээс дэвшүүлж байна. Ийм дүгнэлтэд хүрсэн учир нь өрийн төлбөрийн дарамт баялгийн сангийн хөрөнгийн өгөөжөөс илүү их байгаа юм.
Судлаачдын
дүгнэлтээр, Төсвийн тогтвортой байдлын тухайд ахиц дэвшил харагдаж буй ч эрсдэл
өндөр байгааг анхааруулж байна. Үүнээс сэргийлэхийн тулд Засгийн газрын өрийг
бууруулах, төсвийн зардлыг тогтворжуулах бүтцийн өөрчлөлтүүд хийх, төсвийн
сахилга батыг хангах зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай.