Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр шууд худалдааны үнэ нь 6546 ам.доллар/тонн-д хүрэв. Энэ нь өнгөрсөн долдугаар сараас хойших хамгийн өндөр ханшийн түвшин юм. Он гарсаар зэсийн үнэ 13 орчим хувиар өсөөд байна. Ийнхүү үнэ өссөн шалтгаан нь зэсийн агуулах дахь нөөц харьцангуй бага хэмжээнд байгаагийн сацуу эрэлт өсөх төлөвтэй холбоотой.
АНУ-Хятадын худалдааны дайны хэлэлцээр нэлээд сайн явцтай байгаа нь зэсийн ханш өсөх нөхцөл болж байна. Үүнтэй холбоотойгоор ам.долларын ханш ч суларч, түүхий эдийн ханшид сайнаар нөлөөлж эхэлжээ.
Мөн хүрэн металын дэлхийн зах зээл дэх эрэлтийн тал хэсгийг дангаараа бүрдүүлдэг Хятадын зэсийн импорт өнгөрсөн сард нэлээд өсөлттэй гарлаа. Тухайлбал, боловсруулаагүй цэвэр зэсийн импорт өнгөрсөн сард 479 мянган тоннд хүрсэн нь сарын өмнөхөөсөө 14%-иар нэмэгдсэн дүн боллоо. Мөн зэсийн баяжмалын импорт нь 1.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад 17%-иар өсчээ.
Б.Төгс