Б.Төгсбилэгт
Салбарын сайдад нэг хүсэл бий. Тэрбээр “Эрдэнэс Монгол”-ыг Баялгийн сангаар өргөмжлөх чин хүсэлтэй. Сайд нэгэнт шийдсэн л бол эрч хүчтэй, шийдмэгээр ажилладаг тул Баялгийн сангийн тухай хуулийг өлгийдөж авах хугацаа тун ойртсон байж магадгүй. Хэрэв бүтвэл энэ ажлаар нь түүнийг цаашид овоглодог болно.
Угтаа Монгол Улс энэ төрлийн санг аль хэдийнэ байгуулчихсан ч нэг л эвээ олж өгөхгүй мунгинасаар өдий хүрсэнийг сайд эвэнд нь оруулж өгөх гэж байгаа хэрэг. 2017 онд баялгийн сангийн менежментээр манай улс Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (NRGI)-ээс гаргасан үзүүлэлтэд Үндэсний баялгийн сангаас 18-д бичигдэж бараг л сүүл мушгиж байсан нь саяхан. Өнгөрсөн оноос эхлэн салбарын сайд эрчимтэй кампанит ажил өрнүүлж Үндэсний баялгийн сан байгуулах тухай ярих болсон. Үүний үр дүнд бүгд баялгийн сангийн тухайд Норвеги шиг сайхан улс орон болох ирмүүн хүсэл зориг бадрах нь тэр.
Анхандаа зэсийн экспортоор тэргүүлэх Чили улс баялгийн сантай (Эдийн засаг, нийгмийн тогтворжуулалтын сан /ESSFund/) атал зэс эрдэнийн Монгол оронд яагаад ийм сан үгүйсэн билээ гэсэн барьцамтгай зан эдийн засагч, улстөрчдөд төрж, улмаар хүнээ хөгжүүлье (2009), төсвөө тогтворжуулъя (2010) гэсэн уриатай хууль баталж, олсон орлогоо хуримтлуулахаар зориг шулуудсан юм. Тэгээд ч байгуулсан. Харамсалтай нь популист улстөрчдийн амлалтын уршгаар “Хүний хөгжлийн сан” нэртэй баялгийн сан адаг сүүлд нь Чалко-ийн их өрөнд “Эрдэнэс Тавантолгой”-г унагаагаад асуудал хэсэгтээ намжсан. Ингээд ирээдүйдээ хаягласан жинхэнэ баялгийн сантай болъё хэмээх уриагаар алдаагаа зассан нь Ирээдүйн өв сангийн тухай хууль байлаа. 2017 оноос хүчин төгөлдөр болсон энэхүү баялгийн сан нь Хүний хөгжил сангийн төсөвт учруулсан өр төлбөрийг энэ онд бүрэн барагдуулж, улмаар 550 тэрбум төгрөгийн хуримтлалаа баяртайгаар угтан авахаар сэтгэл догдлон байна. Сангийн мөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй бөгөөд тэр хүртэл хөрөнгө оруулалтын сан болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тэгэхээр бидний гол асуулт бол баялгийн сангийн хөрөнгийг удирдах ухаалаг менежментийг наана нь бүрдүүлэх зорилт. Үүнд л баялгийн сангийн шинэ хуулийн зорилт орших болов уу гэсэн хүлээлт байна.
Нэгэнт уг сэдэв бидний хувьд шинэ зүйл биш тул үүнийг ярихдаа илүү буурьтай хандах цаг болсон. Ингэхдээ нэг зүйлийг маш сайн анхаарах нь зүйтэй. Энэ бол зөв жишээ, зөв харьцуулалт хийх явдал юм.
Баялгийн сангийн тухай ярих болсноос хойш Норвегийн баялгийн сан шиг супер сантай болцгооё гэсэн үгс ихээхэн чангаар басхүү энд тэндгүй сонсогдох болов. Энэ бол дэлхийн хамгийн том баялгийн сан гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ газрын тос, байгалийн хийн баялгийн сан гэдгийг уул уурхайн баялгийн сангаас ялгах хэрэгтэй гэсэн санаа их ховор яваад байгаа юм. Зэсийн ч юмуу нүүрсний салбараас олсон орлогыг удирдаж үзсэн тийм туршлага л Монголд илүү зохино. Газрын тосны улс орнуудын хувьд татварыг 80%-д хүргэж авдаг. Учир нь газрын тосыг олборлоод, олборлосноо шууд зарж болдог нь татварын өндөр хувь тогтоох нөхцөл болдог. Уул уурхайн эрдэс түүхий эдийн хувьд ийм татвар тогтоох боломжгүй билээ. Жишээ нь зэсийн хувьд олборлосон хүдрээс өчүүхэн бага хэсэг буюу метал агуулсан дээжийг нь боловсруулалтаар ялгаж аваад зардаг.
Өөр нэг асуудлыг сөхөж үзье. Баялгийн сан гэж яг юу вэ? Энэ бол хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй баялгийг өнөөдөр ашиглаж, олсон орлогынхоо тодорхой хэсгийг ирээдүй хойч үедээ хадгалж буй хэрэг юм. Нөгөөтэйгүүр улс орон ирээдүйд баялгаа шавхаж дуусах үед эдийн засгийн чадавхиа тогтвортой хадгалж үлдэхээр нөөц бүрдүүлэх гэсэн санаа. Харин өнөөдөр танд бэлэн мөнгө хуваарилна гэсэн үг огт биш. Тиймээс ийм баялгийн сангууд нь ихэвчлэн ирээдүйн эсвэл тэтгэврийн сан гэсэн тодотголтой байдаг. Харин өнөөдрийн улс төрчид, яам тамгын газруудын хэлж ярьж буйгаар баялгийн сан нь өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаад буй томоохон асуудлын шийдэл, гарц байх болно гэж хэлж ярьж буй нь нийгэмд ихээхэн өндөр хүлээлт бий болгох эрсдэл учруулж байна.
Харамсалтай ч гэлээ бас нэг асуудал бий. Яг ямар баялгийг хувааж өгөх гээд байгаа юм бэ? Норвегиэс ч илүү баялагтай улс шүү дээ бид чинь гэж Та магадгүй хэлж бас дотроо бодож болох юм. Гэхдээ бодит байдал дээр өөр баримт таныг угтах болно. Монголын эдийн засаг, экспорт, тэр дундаа эрдэс түүхий эдийн экспортыг доорх хүснэгтээс харж болно. Өнгөрсөн онд манай экспортын хэмжээ анх удаагаа 7 тэрбум ам.долларт хүрч, энэ дундаа эрдсийн экспорт 6.07 тэрбум ам.доллар болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв. Гэсэн ч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр манай улс үлэмж бага байгаа нь тодорхой харагдана.
Харин баялгийн санг нь жишээ болгон татдаг Чили, Норвеги хоёр улсын экспорт, тэр дундаа түүхий эдийн экспорт манайхаас хичнээн өндөр болохыг хүснэгтээс харж болно. Манай экспортын хэмжээг авч үзсэн ч, зэсийн хамгийн том экспортлогч Чилийн 2007 онд байгуулагдсан баялгийн сангийн хэмжээнээс үзэхэд бид үнэхээр баялгийн сан байгуулмагц асар их мөнгө хуримталж эхэлнэ гэдэг эргэлзээтэй болж ирж байна.
Ирээдүйн төсөөллийг авч үзье. Өнгөрсөн онд Оюутолгой 1.2 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Тэгвэл энэ тоо далд уурхайн оргил үйлдвэрлэлийн үед 4.9 тэрбум ам.доллар хүртэл өсөх дүр зураг тус компанийн техник, эдийн засгийн үндэслэлээр гарсан. Экспортын бусад томоохон төслүүд хөдөлж улсын нийт экспорт чамлахааргүй өсөх дүр зураг тодрон байна. Үүнийг дагаад баялгийн санд хуримтлал бүрдүүлэх боломж нэмэгдэнэ. Гэхдээ үүнд эрдсийн салбарын үндсэрхэг үзэл аюул учруулж болзошгүй байдал эхнээсээ илэрч эхэллээ.
Стратегийн ордыг баялгийн санд нэгтгэх замаар орлогын хуваарилалтыг хийх санаа явж байгаа нь бүгдэд тодорхой байгаа. Баялгийн сангийн хуримтлалаа өсгөх нь чухал боловч үүнд орох хуримтлалын эх үүсвэр болсон уул уурхайн салбараа тогтворгүйжүүлэх нь логикийн хувьд асуудалтай болно. Харамсалтай нь болж буй өрнөл энэ чиглэл рүү эргэжээ. Энэ тухай ярихдаа манай Засгийн газар Норвеги улс газрын тос, байгалийн хийн төслүүдийг бүгдийг нь төрийн мэдэлд авснаар тайлбарлахыг оролддог. Гэвч тус улсын хувьд газрын тосны хайгуулыг өөрсдөө хариуцан хийхийн сацуу эдийн засгийн хувьд өндөр чадавхитай болсны дараа ийм алхам хийснийг санах хэрэгтэй. Монголын хувьд хайгуулын салбараа хувийн хэвшилд даатгачихсан, Оюутолгой төслийн 34%-ийг зээлээр санхүүжүүлж байгаа энэ үед ийм утга санаа цухалзуулах нь цагаа олоогүй хэрэг болоод байна.
Зургийг Б.Цолмонбаяр
Эрдэнэс Монгол-Баялгийн сан болж чадах уу?
Засгийн газрын гол санаа гэвэл “Эрдэнэс Монгол” компанийг баялгийн сан хэлбэртэй болгож ард түмэндээ баялгийн тэгш хуваарилалт хийнэ гэсэн зорилт явж буй. Гэхдээ “Эрдэнэс Монгол” баялгийн сангаар дамжуулан ард иргэддээ тараах орлого хангалттай байхгүйг бэлхнээ харж болно. Тиймээс хөрөнгө нэмэх аян өрнүүлэх нь зүйн хэрэг.
Эндээс эхлэлтэйгээр Засгийн газар зарим ордыг “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд нэгтгэхээр зэхэж эхэлсний хамгийн тод илрэл нь Асгатын мөнгөний орд байлаа. Салхитын мөнгөний орд ч энэ дотор багтана.
Одоо Засгийн газраас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дуу хоолойгоо нэгтгэн сонсгох болов. Тэр нь 400 орд газрыг төрд авах тухай “гэнэтийн бэлэг”. Ерөнхий сайд ч Цагаансуваргын ордыг төрд авах тухай аль эртнээс энд тэндгүй тунхаглах болсон. Тэгэхээр Засгийн газар, Ерөнхийлөгчийн байр суурь аль хэдийнэ нэгдэж тодорхой орд газруудыг нийгэмчлэх янзтай болоод байна. Өмнөх спикерийг огцруулсны дараагаар Эрдэнэтийн 49%-ийг хувьд үлдээх үү, төр авдрандаа хадгалах уу гэсэн маргаан илүү хурцдах шатандаа орсон. “Эрдэнэт үйлдвэр” стратегийн орд мөн боловч “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд оролгүй өдий хүрсэн. Тэгэхээр “Эрдэнэт”-ийг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэх ажил энэ бүх үйл явцын дараа яаж ийгээд шуудрах бололтой. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Монгол” өмчдөө нэг бүрчлэн тооллого хийж, авдартаа хийх тийм цаг өрнөж байж мэдэх юм. Хэрэв тийм бол нэг асуулт их тодорхой байгаа нь стратегийн ордуудыг төрд буюу "Эрдэнэс Монгол"-д нэгтгэж, удирдлагыг атгуулснаар санасан шиг ашигтай байх болов уу гэсэн асуулт ургана.
Стратегийн ордуудын дийлэнх нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хугацаа шаардах төдийгүй Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад эдийн засгийн өгөөж нь үлэмж бага байхыг Засгийн газар мэдэж байгаа. Гэхдээ эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Норвеги шиг баялгийн сантай болно гэж тайлбарлахдаа энэ асуудлыг дурддаггүй.
Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Монгол” компани өөрийн мэдлийн компаниуд болох Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг ашигтай ажиллуулах гэж зорьж байгаа ч, хөрөнгө оруулагчдын анхаарлыг эдгээр уурхай төдийлөн татахгүй байгаа нь ашигтай ажиллагааг нэвтрүүлээгүйтэй холбоотой. Ашигтай ажиллагаанаас л баялгийн сангийн хуримтлал бүрэлдэх нь хэнд ч ойлгомжтой билээ.
Үүнээс үзэхэд “Эрдэнэс Монгол” баялгийн сан болно гэдэг хэт өөдрөг төсөөлөл бөгөөд эхний ээлжинд гагцхүү уул уурхайн орлогоос баялгийн сангаа бүрдүүлээд, түүнийгээ ухаалаг менежментээр хангаад явна гэж тайлбарлах нь илүү бодитой сонсогдож байна.
Уул уурхайн салбарын “шилгээлт” ба эдийн засаг
Баялгийн сан байгуулах тухай санаачлага нь энэ удаад “Эрдэнэс Монгол”-ын сүр жавхааг нэмэх бус, сонгогчдод таалагдах сонгуулийн тоглолт талдаа өрнөж байна.
Бүх зүйл цагаа олсон байх хэрэгтэй байдаг. Засгийн газар ордуудыг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэж, төрийн менежментийг нэвтрүүлэхийг хүсч байгаа ч, энэ явцдаа экспорт, хөрөнгө оруулалтын дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн салбарыг донсолгож мэдэхээр байна. Хэрэв уул уурхайн салбарыг ганхуулах юм бол гадаад өрийн дарамтаас гарч чадаагүй байгаа эдийн засаг ацан шалаанд орох эрсдэл үүснэ. Тэр үед Олон улсын валютын сангийн тусламжийн хөтөлбөр байгаад ч нэмэргүй байх болно. Уул уурхайн салбарын өсөлт 2025 оноос эхлэн буурах эрсдэлийг эдийн засагчид (NRGI, Гэрэгэ партнерс) анхааруулж байна. Өсөлтийг цаашид үргэлжлүүлэхэд хөрөнгө оруулалтын шинэ шинэ боломжийг нээх ажил Засгийн газрын өмнө тулгарлаа.
Манай улс одоо баялгийн сан гэж уухайлан ярьж эхэлсэн ч энэ нь Норвегийн сан шиг болохын тулд наад зах нь 20 жил шаардлагатай юм. Энэхүү баялгийн санг байгуулах нь зүйн хэрэг боловч улс орны эдийн засагт гадаад өрийн дарамт нэмэгдэж болзошгүй гэсэн айлдварыг эдийн засагчид өгч байна. Гэрэгэ Партнерс болон Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн шинжээчид одоо баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэхээсээ илүүтэй зээлээ төлж дараагаар нь асуудлаа шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж буй. Учир нь гадаад зах зээлийн хөрөнгө оруулалтын өгөөж 2-4% байдаг байхад Монголын гадаад өрийн хүү 5-10% байгаа нь асуудлын гол ажээ. Өр зээл гэдэг нь Монголын ирээдүй хойч үед дарамт болж очно гэдэг үүднээсээ баялгийн санд хуримтлал үүсгэхээ азнаад өрөө дараад явах нь зөв гэсэн үг. Үүнийг хэтэрхий сөрөг гэж тайлбарлаж болох ч, 2021 оноос эхлэн тэрбум тэрбум долларын зээл төлөгдөж эхлэх үед баялгийн сангийн тухай гэхээсээ илүү өр зээлээ хэрхэх вэ гэсэн мэтгэлцээн нийгэмд ноёлох болно. Мэдээж тэр үед хэн ч зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр төлөхийг хүсэхгүй.
Нөхцөл байдал ийм байхад Норвегийн санг байнга ярьж, улс орноо Норвеги улсаас илүү их баялагтай гэж ойлгуулах нь алсдаа ард иргэдийн хүлээлтийг хэт нэмэгдүүлж, улмаар сэтгэл санааг унагах аюулыг даллан байна. Улс орны эдийн засгийн хэтийн төлөвийг авч үзэхэд өнгөрсөн онд манай улсын экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Цаашид энэ эрчээр өсөх дүр зураг харагдаж байгаа ч Норвеги, Чилийн дайнд хүрч өсөхөд асар хол хэвээр байна. Эсрэгээр Засгийн газар хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хувийн хэвшлийг дэмжих замаар чанартай ажлын байр бий болгож, тэр нь иргэдийн “аз жаргалын индекс”-ийг нэмэгдүүлэх нь гарцаагүй.
Баялгийн сан нэрээр ард иргэдэд баялгийг тэгш хүртээх гэж ярих нь амархан. Мөн баялгийн санг ажиллуулахын тулд зөвхөн төрийн эзэмшилд орд газруудыг авах ёстой гэж ярих нь ч хялбархан. Энэ популист замаар замнах нь адаг сүүлдээ төсөвт урьд өмнө нь байгаагүй дарамт авчрах болно. Улмаар энэ эрсдэл томорсоор, улс хэрэгжсэн төсөлгүй, баахан нөхөн төлбөрийн эзэн болох болно. Тэр үед дөрвөн жилийн мөчлөгтэй төр засгийн хэн нь ч яг одоогийн албан тушаалдаа үлдэхгүй. Мэдээж онцгой сайхан бэлдсэн тархи угаах тайлбарыг шаардлагатай бол хэн нэг нь өгөхөд бэлэн байх болно.