Жил бүр зохион байгууллагддаг “Монголын геологи хайгуул-2019” олон улсын чуулган өнөөдөр эхэллээ. 11 дэх удаагаа болж буй тус чуулган нь Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог юм. Хоёр өдөр үргэлжлэх чуулганд 1000 гаруй зочид төлөөлөгчид, гадаад дотоодын 100 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажилд нийт 24,6 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Энэ нь бид бүхний зүгээс геологийн салбарыг түрүүлүүлэн хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, төсвийг тогтмол өсгөх зорилтын нэг илрэл гэж үзэж байна” хэмээн тодотгосон. Тэрээр мөн “Яг жилийн өмнө буюу Монголын геологи хайгуул-2018 чуулга уулзалтын индэр дээрээс та бүхэндээ чулуулгийн үнэмлэхүй насыг эх орондоо тодорхойлдог болно гэж хэлж байсан. Энэ ажил маань бодит биелэлээ олж, уржигдар буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Геологийн төв лабораторид “Чулуулгийн үнэмлэхүй насны лабораторийн үндсэн тоног төхөөрөмжийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө” гэсэн юм. Ингээп чуулганы эхэнд оролцогчид Төрийн соёрхолт геологчдод хүндэтгэл үзүүллээ.
Чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны 1:50.000-ны зураглалын ажил Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 38,7%-ийг бүрхээд байгаа бөгөөд энэ чиглэлд 43 төсөл, 1:200.000-ны масштабын зураглалаар дөрвөн төсөл хэрэгжиж байна. Мөн сэдэвчилсэн судалгааны 13, хамтарсан 2 төсөл амжилттай явагдаж байна” гэлээ. 2018 онд хайгуулын хүчин төгөлдөр 1400 тусгай зөвшөөрөл хүчин бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2010 онд энэ тоо 2979-д хүрч байсан бөгөөд өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 50%-иар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Монгол Улсад Үндэсний Геологийн алба байгуулах ажил олон жил яригдаж байгаа ч салбарын яамны зүгээс энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч ажиллан, орон тоо бүтэц, хөрөнгө зардлын хэмжээг тодорхойлж, 2019 ондоо багтан уг албыг байгуулах боломжтой болсныг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр дуулгалаа.
Чуулганы эхний хэсэгт УУХҮЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Пүрэв, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Н.Мөнхбилэг, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран нар мэдээлэл хийсэн юм. Газрын тосны хайгуулын 18 талбайгаас 2018 онд 3 талбайд өрөмдлөгийн ажил явуулжээ. Үүнээс хэд хэдэн талбайд туршилтын байдлаар олборлолт хийж, 476 тонн түүхий тосыг тээвэрлэж, 246 тонныг БНХАУ-д экспортлосон байна. Орон нутгийн иргэдийн эсэргүүцлээс болоод газрын тосны хайгуулын ажил явагдахгүй байгаа талаар холбогдох албаны хүмүүс хэлж байв. АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээлэл технологийн төвийн Гео мэдээллийн цахим сан нь 2000-2018 онд хэрэгжсэн 1:50.000-ны зураглалын ажлын 140 тайлангаас бүрдэж байгааг Н.Мөнхбилэг дарга онцоллоо. Энэ нь жилдээ 6-8 тайлан хамгаалагдаж байсныг харуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил Геологийн төв архивт 5 тайлан бүртгэжээ.
“Дэлхийд цөмийн эрчим хүчний хэрэглээг дагаад ураны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 30%-иар нэмэгдэх юм. Нийт ураны нөөцийг ордын төрлөөр ангилбал элсэн чулуун ордууд зонхилж байна. Монгол Улсын хувьд ураны 13 ордын хэмжээнд 60% нь элсэн чулуун ордууд” хэмээн Цөмийн энергийн комиссын Тамгын газрын дарга Б.Баатарцогт ярилаа. Монгол Улсад өнөөдөр ураны салбарт дундын зохицуулалт шаардлагатай бөгөөд ураны төслийн тогтвортой байдал чухал гэдгийг тэрээр онцлон тэмдэглэсэн.
“Монголын геологи хайгуул-2019” олон улсын чуулганы эхний өдрийн хуралдаан нь “Монголын геологи ба ашигт малтмал”, “Геологи судлал”, “Региональ судалгаа” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд өрнөлөө. Энэ хэсэгт “Статиграфи, Монгол орны стратиграфи судалгааны цаашдын зорилт”, “Палеонтологи, Үлэг гүрвэлээс эртний бактери хүртэл”(Монгол орны эртний шим ертөнц.судалгааны чиг баримжаа, гол үр дүн), “Интрүзив чулуулаг, Монгол орны интрузив чулуулаг тархалт, гарал үүсэл” зэрэг эрдэм шинжилгээни сэдэвт илтгэлүүд тавигдсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо зэрэг байгууллага “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтыг дэмжин ажиллаж байгаа юм.
Г.Идэр