Киргизийн алтны Кумторын төслийг хэрэгжүүлэгч Канадын “Сентерра голд” компани 2018 оны төслийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан байна. Өнгөрсөн онд нийт 16.6 тонн алт олборложээ. Жилийн борлуулалтын орлого 660.1 сая ам.доллар бөгөөд татвар болон бусад төлбөрийн 9.6 тэрбум сом буюу 137.1 сая ам.доллар Киргизийн төсөвт төвлөрүүлсэн аж.
“Сентерра голд” компани байгаль орчныг хамгаалах болоод хөрөнгө оруулалттай холбоотой хоёр гэрээг Киргизийн Засгийн газартай 2017 оны есдүгээр сард байгуулсан билээ. Гэрээний дагуу Канадын компани жил бүр байгаль экологийн төлбөр 310 мянган ам.долларыг 3 сая ам.доллар болж нэмэгдүүлэхээс гадна тус улсын Байгаль хөгжлийн санд 50 сая ам.доллар, Хавдар судлалын албыг хөгжүүлэх санд 10 сая ам.доллар, “Кумтор” нөхөн сэргээлтийн санд 6 сая ам.доллар тус тус зарцуулах үүрэг хүлээж буй. Энэ дагуу Киргизийн Засгийн газартай хамтран ажиллаж байгаа тухай ““Сентерра голд” компанийн Ерөнхийлөгч Скотт Перри мэдэгджээ.
Компани үүргээ биелүүлсэн тохиолдолд Киргизийн Засгийн газар шүүхийн бүх маргаанаас татгалзаж, 2009 оны хэлэлцээрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх бөгөөд Кумторын орд газрын шинэ талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох юм. Дээрхи хоёр гэрээний хугацааг талууд тохиролцсоны үндсэн дээр дахин сунгаснаар ирэх тавдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, энэ хугацааг хүртэл талууд Арбитрын шүүхийн маргаанаа түр “царцаагаад” байгаа гэсэн үг.
“Сентерра голд” компани төслийн талбайдаа нэмэлт хайгуул явуулах хоёр жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн. Нэмэлт геологи хайгуулын ажилд нийт 18 сая ам.доллар зарцуулах бөгөөд өнгөрсөн онд 6.5 сая, 2019 онд 11.5 сая ам.доллар тус тус хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа юм.
Киргизийн Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Кумторын төсөл нь тус улсын ДНБ-ний 8.6%, нийт аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 18.4%-ийг бүрдүүлж байна. Дэлхийн алтны гурав дахь том орд Кумторыг ашиглаж эхэлсэн 1997 оны тавдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд нийт 374.31 тонн олборложээ.
Э.Од