Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Mongolia Mining 2019”: Сайжруулсан гангаар үйлдвэрлэсэн авто самосвалыг ЦГН компани танилцуулна

“Mongolia Mining 2019” үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгчээр оролцох “ЦГН” компанийн захирал Г.Нямсүрэнгээс компанийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүний талаар тодрууллаа.  

ЦГН компанийн үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулна уу. Хэзээнээс уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчээр ажиллах болов?

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Монголд хамгийн том оврын техникүүд Оросын урал, камазууд байлаа. Тэр үед тухайн машины сэлбэг хэрэгслийн худалдаанаас бизнесээ анх эхлүүлсэн юм. Монголд “Howo”, “North Benz” зэрэг машинууд цөөн тоогоор орж ирээх үед зах зээл дэх хэрэглээ нэмэгдэхийг анзаарч, анхлан Хятадын хүнд даацын авто техникийн сэлбэгийн худалдааг хийх болсон. Ингээд 2010 онд компаниа байгуулан уул уурхайн техникийн сэлбэг, хэрэгслийн худалдаа маань өнөөг хүртэл өргөжөөд явж байна.

Уул уурхайн салбарт хэчнээн төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?

Нэг цул машин 13 мянган орчим том, жижиг детайлаас бүрддэг. Олон төрлийн техник гэж үзэхээр, манай компани ойролцоогоор 50-60 мянган төрлийн бүтээгдэхүүнийг өнөөдөр дотоодын зах зээл нийлүүлж байна. Түүнчлэн, захиалгаар олдоц багатай сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг. Зөвхөн уул уурхай гэлтгүй барилга, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт худалдаа, захиалга, ханган нийлүүлэлт эрхэлж байна. Дугуй, чиргүүл зэрэг бүтээгдэхүүний  олон улсад танигдсан үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны дистрибьютероор ажилладаг.  

“Mongolia Mining 2019” үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр ажиллах болсон сэдэл юу байсан бол?

Энэ үзэсгэлэн зохион байгуулагдаад 9 жил болохдоо олон улсын компаниуд өргөнөөр оролцдог томоохон арга хэмжээ болсон байна. Үзэсгэлэн илүү далайцтай, өргөн хүрээнд болох төлөвтэй. Оролцогчдын идэвхи ч анзаарагдаж байна. ЦГН компани энэ жилийн үзэсгэлэнгээр 2019 оны шинэ загварын автосамосвалыг танилцуулна. Манай компаниас сурталчлах “PX90 - Powsun” хэмээх техник нь БНХАУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Shandong Pengxiang Automobile Co.Ltd” авто үйлдвэрийн бүтээгдэхүүн юм. Уул уурхайн зориулалттай энэхүү авто самосвалыг 2019 оны загварыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлэн болоод байна. Энэ техникийг олон улсын зөвхөн уул уурхай гэлтгүй барилга, авто зам гэх мэтчилэн олон салбарт ашиглаж буй. Өнөөдөр дэлхийн олон компаниуд бүтээмж өндөртэй техник, тоног төхөөрөмжид хөрөнгө зарцуулах бодлого барих болсон. Тэгэхээр ийм бодлогыг Монголын уул уурхайд нэвтрүүлэх боломжтой бодит жишээ бол “PX90 - Powsun” хэмээх техник гэж бид үзэж байгаа юм. Бусад бага оврын, бага даацын машин техниктэй түлш, тосны зарцуулалт адил бөгөөд ажлын бүтээмж, экологи талаасаа илүү өгөөжтэй. Мөн эвдрэл гэмтэл, элэгдэл багатай. Энгийнээр, 2-3 машины ажлыг энэ 1 машин дангаар гүйцэтгэнэ гэж ойлгож болно. Азийн орнууд, тэр дундаа Тайланд, Вьетнамын уурхайнууд “PX90 - Powsun” авто самосвалын хэрэглээгээр “хавтгайрч” байна.

“PX90 - Powsun” авто самосвалын онцлогийг сонирхуулахгүй юу?

Энэ техник нь танк, ПТР зэрэг цэргийн зориулалттай техник үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн гэдгээрээ ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, “PX90 - Powsun” авто самосвалын үндсэн эх биеийн төмөр хийц нь өндөр нягтралын хатуу гангаар хийгддэг. Нөгөөтэйгүүр, олон салангид эд ангийг гагнаж угсарсан буюу ямар ч холбоосгүйгээр бүрэн цутгуураар үйлдвэрлэдэг. Аюулгүй ажиллагааны хамгаалалтыг ч энэ техникийг хангаж байгаа юм. Техникийн түзр саатал гарах тохиолдолд зарим хүнд техникуудын ажиллагаа нам зогсдог. Тэгвэл уг авто самосвалын тухайд, хөдөлгүүр нь унтарсан үед 1 минут гаруй хугацаанд жолоодлогын системийг дэмжсэн туслах гидрийн системтэй. Хий шингэн хавсарсан түтгэлзүүлэгчтэй учир жолоочид тав тухтайь техникт эвдрэл багатай зэрэг давуу талтай. Жолоодлогын хувьд яг л суудлын хөнгөн тэрэг шиг. Бүтэн гидр жолоодлоготой гэсэн үг. Манай компани захиалагч, худалдан авагчиддаа 4н төрлийн хөдөлгүүр, 3н төрлийн хурдны хайрцаг, 2 төрлийн тэвшийг санал болгон сонголтын дагуу ханган нийлүүлэлтийг хийдэг. Техникийн нийт жингийн хувьд 90 тонн бөгөөд 60 тоннын даацтай. Ачилтын багтаамжийн тухайд, үндсэн тэвшээрээ 35³,  өндөрлөгөө хийгээд 37³-39³ юм.

ЦГН компанийн ойрын зорилт? 

Уул уурхайн салбар дахь ханган нийлүүлэлтийн томоохон зах зээл бол хүнд машин механизм, сэлбэг хэрэгсэл, дагалдах тос тосолгооны бүтээгдэхүүн байдаг. Өнөөдөр энэ зах зээл дээр дотоодын компани бараг байдаггүй. Үндэсний компаниудад орон зай байх ёстой. Энэ утгаараар манай компани энэ зах зээлд ирээдүйдээ амжилтаа ахиулан түүчээлэх зорилттой ажиллаж байна. Компанийн ойрын зорилт бол уул уурхайн тээврийн хамгийн өргөн хэрэглээний хэрэгсэл болох чиргүүлийг дотооддоо угсрах төвийг байгуулах. Мэдээж цаашдаа үйлдвэрлэх судалгаа хийгдэж байна. Эхний ээлжинд, цул ган цутгуур, токерийн аргаар дотооддоо цөөн тооны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй.  Үйлдвэрлэлээсээ урьтаж Угсрах цехийг байгуулахаар ажиллаж байна. Манай компани хамгийн өргөн хэрэглэгддэг чиргүүлийг Монголдоо угсарч, хийхээр зорьж байгаа юм. Гадаадын өндөр өртөг шингээсэн бүтээгдэхүүнээс илүүтэй жинхэнэ үйлдвэрээс нь сэлбэг, хэрэгслийг нь оруулж ирээд монголчууд өөрсдөө дотооддоо угсраад борлуулах боломжтой гэж харж байгаа. Дотооддоо угсраад худалдах өртгийг импортын үнэтэй харьцуулбал хамаагүй хямд тусах нь тодорхой. Зах зээлийн ийм боломж ч байна. Цаашдаа Монголд нүүрсний экспорт нэмэгдэхийн хэрээр машин техникийн хэрэглээ ч өснө. Дагаад сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний эрэлт ч нэмэгдэнэ. Одоо нүүрсний тээвэр хийж байгаа нийт машины тоо 6000 гэж мэдээлдэг. Энэ нь дарсан тоо шүү дээ. Яг бодит байдал дээр 12 мянга гаруй машин тээвэр хийж байна.

Үндэсний компаниудын хувьд зах зээлд тулгарч байгаа бэрхшээл, хүндрэл юу байна вэ?

Хэдийгээр одоо импортын бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа ч ЦГН компани алсын хараа, хэтийн бодлогодоо зарим боломжтой бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлж буй. Энэ дагуу “Эрдэнэт”-ийн ган цутгуурын үйлдвэр шинэчлэгдсэний дараа бид очиж цул цутгуур, токерийн аргаар үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүний талаар судалсан. Тэгэхэд зарим нэг бэрхшээл гарч байна. Дотооддоо үйлдвэрлэх боломж нөөц байгаа ч төрийн бодлогоор хувийн компаниудын их, бага захиалгын хэмжээнээс үл хамаарсан дэмжлэг, зохицуулалт дутагдаж байгаа юм. Хориг саад их байна. Үйл ажиллагааны зөвшөөрөл гэхэд хэтэрхий олон дамжлагатай байх жишээтэй. Муугаар зүйрлэвэл “есөн эрүү” мэт шалгуур давж байж үйл ажиллагаа явуулна шүү дээ. Үнэнийг хэлэхэд, эх орондоо баялаг бүтээж, ажлын байр бий болгож буй олон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг явуулахад тулгарч байгаа шат шатны хүнд суртлыг арилгаж, “хэрэгтэй, хэрэггүй” хориг саадуудыг цөөлмөөр байна. Өнөөдөр Монголын аль ч салбарт зах зээл бий. Эрэлт хэрэгцээ нь ч байна.  

Танд баярлалаа.

Сэтгэгдэл (4)

  • oko (202.9.43.85)
    mundag yumaa mundag hvnshv
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.43.171)
    Amjilt husiy huurhun egchdee
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • Batka (122.201.24.63)
    Amjilt xusii naizadaa
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    Uls ornoo gesen chin setgeltei hiij bvteh hvsel ermelzeltei zaluusaa Tur ni harj deljij bval mongol ulsiin hugjil in shat ahih bolno do dvvdee ajil vil sex ni amjilt hvsiy
    2019 оны 04 сарын 11 | Хариулах