Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Арбитрын шүүхийн шийдвэрээр Засгийн газар 40 сая ам.долларыг “Стандарт” банкинд төлжээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар “Стандарт” банктай холбоотой өрийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.   

Ө.Энхтүвшин: Гадна талдаа асуудалгүй болсон учраас буруутай этгээдүүдээр энэ мөнгийг төлүүлнэ

“Жаст” группын Ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлтээр,  нийтдээ 160.1 сая  ам.долларыг зээлээр авсан байдаг. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй учраас “Стандарт” банк Лондонгийн олон улсын Арбитрын шүүхэд 2013 оны долдугаар сард энэ асуудлаар хандсан юм. Ингээд Арбитрын шүүх  2015-2016 онд дөрвөн удаа хуралдсан. “Стандарт” банкны “Эрдэнэт үйлдвэр”-ээс  нэхэмжилсэн нийт  дүн нь  86.95 сая   ам.доллар байсан. “Эрдэнэт үйлдвэр”уг зээлийн гэрээнд батлан даагчаар оролцсон учраас тус үйлдвэрээс уг төлбөрийг нэхэмжилсэн гэх  хариултыг нь Арбитрын шүүх баталгаажуулсан байдаг. Ж.Батхүү телевиз, радиогоор би уг зээлийн гэрээнд хуурамчаар гарын үсэг зурж, зээлээ авсан гэж хэлээд байсан ч Лондонгийн шүүх уг шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг манай тал хүлээн зөвшөөрөөгүй боловч 51 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” төлөх ёстой гэсэн шийдвэрийг Арбитрын шүүхээс гаргасан.

Хэдийгээр 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн боловч  Арбитрын шүүх 35.95 сая ам.долларыг нь хассан. Энэ шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан байдаг юм. Уг шийдвэрийг Засгийн газар мөн л хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Английн Дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Гэсэн хэдий ч олон улсын шүүхийн процедур нэлээд төвөгтэй юм билээ. Давж заалдахын тулд та нар эрхээ олж авах ёстой. Эрхээ олж авахын тулд нэн даруй  шүүхийн шийдвэрийн дагуу 51 сая ам.долларыг “Стандарт” банкны дансанд байршуулж байж давж заалдана гэсэн хариу өгсөн. Тухайн үедээ Засгийн газарт энэ 51 сая ам.долларыг төлөх боломж байгаагүй.

Үүний дараагаар Лондонгийн Арбитрын шүүх мөн Английн дээд шүүхэд хандсан юм билээ. Английн Дээд шүүх 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр  хуралдаад  Арбитрын шүүхтэй адил шийдвэр гаргасан. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” нь Английн Уэльсийн нутаг дэвсгэрт байгаа аливаа эд хөрөнгийг гаргахгүй байх, тэдгээрээс гадна эд хөрөнгийг захиран зарцуулах, худалдан борлуулах, үнийн дүнг бууруулахгүй байх,  Арбитрын шүүхийн шийдвэр дээр тогтоосон 41.22 сая ам.доллар дээр хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардал болох 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг банкинд болон тухайн компанийн дансанд  даруй байршуулах, эсхүл нэгдүгээр зэрэглэлийн банкинд баталгаа гаргах зэрэг шийдвэрийг гаргасан.

Нэгэнт энэ нь эцсийн шийдвэр учраас үүнийг Монголын тал төлөхгүй байх аргагүй болсон юм. Иймээс Ерөнхий сайдын захирамжаар 2018 онд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж хэдэнтээ хуралдсан. Английн дээд шүүх “Эрдэнэт үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, “Стандарт” банкны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй бол эд хөрөнгийг хураах арга хэмжээ авах шийдвэрийг гарсан байдаг. Ажлын хэсэг эхний ээлжинд гадаад асуудлаа шийдвэрлэж, дараа нь дотоод асуудалдаа орох саналыг Засгийн газарт оруулж дэмжсэн. Хэлэлцээр урт хугацаанд хийгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдэлийн сангаас гаргаж, “Стандарт” банкинд шилжүүлсэн. Одоо гадна талдаа асуудалгүй болсон учраас буруутай этгээдүүдээр энэ мөнгийг төлүүлнэ.

Г.Идэр