Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Дэйв Воусэн: Ашигт малтмалын экспортоор Монгол, Австрали өрсөлддөг ч  хамтран ажиллаж, голлох нийлүүлэгчид байх боломжтой

The Mongolian Mining Journal /March 2019/

2019 оны нэгдүгээр сараас Монгол Улсад томилогдон ажиллах болсон Австрали улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэнтэй хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, боловсрол, хөрөнгө оруулалтын асуудлаар MMJ-ийн Э.Оджаргал ярилцсан юм.

 

 

Юуны өмнө, Та өөрийн мэргэжил болон дипломат ажлын замналын талаар MMJ-ийн уншигчдад танилцуулна уу?
Аав маань Австралид цагаачлан ирсэн хүн. Иймд би хүүхэд насандаа Австралийн өөр өөр хэл соёл, ёс заншилтай танилцаж өссөн юм. Миний бие олон улсын харилцааг сонирхсоор ирсэн. Их сургуульд санхүүгийн удирдлага, төрийн бодлогын чиглэлээр суралцсан хэдий ч ажил мэргэжлийн гараагаа анх эхлэхдээ боловсрол, нийгэм хамгааллын салбарт голдуу ажиллаж байлаа. Зорилтот бүлгийн залуучуудад чиглэсэн олон тооны төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байсан туршлага минь дипломат ажил хийхэд хэрэг болж байна. Энэ хугацаанд Папау Шинэ Гвиней, Лаос, Науру, Афганистан зэрэг улсад ажиллах нэр хүндтэй үүрэг хүлээж байв. Голдуу төрийн санхүүгийн удирдлагын чиглэлээр ажиллажээ. Зорилтот бүлгийн залуусын боловсрол, нийгмийн халамжийн салбараас дипломат албанд зүтгэх болсон хэдий ч хүмүүс хоорондын харилцааг бэхжүүлэх, асуудал шийдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, харилцан тохиролцоонд хүрэх, өмгөөлөл хамгааллын үйлчилгээ үзүүлэх зэргээр ажил үүргийн ижил төстэй талууд ч байна. Аль аль нь эцсийн үр дүнг чухалчилдаг ажил юм.


Та Монгол оронд өмнө нь ирж байв уу, сэтгэгдлээ хуваалцана уу. Монгол дахь Элчин сайдаар томилогдох болсны учир?
Миний хувьд Зүүн Өмнөд Ази болон Зүүн Хойд Азийн асуудал эрхэлсэн ажил хийж байлаа. Тэр үед Монголын мэргэжил нэгт нөхөд, түүний дотор Австралийн нийслэл Канберра хот дахь төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийх боломж тохиож байсан юм.
Би 2019 оны нэгдүгээр сарын сүүлээр Монголд анх ирсэн. Монгол орны хөдөө, уулс, байгалийн сайхан нь гайхалтай юм. Хотын амьдралаас илүүтэй өргөн уудам хээр тал, адуу мал, гол мөрөн, үзэсгэлэнт байгаль сэтгэлийг минь ихэд татлаа.

Энд ирээд монгол хэл сонирхон үзэж байгаа шүү. Цагаан толгойн зарим нэг үсэг жишээ нь, ‘Р’ үсгийг зөв дуудаж хэлж сурах гээд хичээж байна. Магадгүй гурван жилийн дараа гэхэд мэргэжил нэгт нөхөдтэйгөө төрийн санхүүгийн удирдлагын талаар ярилцаж, санаа бодлоо солилцох хэмжээнд монгол хэлийг сурч чадна гэж бодож байгаа. Харж л байя... (инээв)
Монгол Улс дахь Австра­лийн анхны суурин Элчин сайдаар ажиллаж байсан Жон Лангтригийн оруул­сан хувь нэмэрт талархал илэрхийлье. Тэрээр Австрали улсын ашиг сонирхлыг төлөөлөхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулсан.

 

Австралийн томоохон хөрөнгө оруулалттай төслийг  Монголд эхлүүлэхэд анхаарч ажиллана 

Австрали, Монгол улсын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөө­гийн байдлыг Та хэрхэн тодорхойлох вэ?
Эдийн засгийн хамтын ажиллагаа бол олон талт үйл ажиллагаа юм. Экспортын цар хүрээ талаас авч үзэхэд, Монгол Улс нь Австралиас хийж буй экспортын хэмжээгээр 72 дугаарт жагсаж байна. Энэ үзүүлэлтийг цаашид нэмэгдүүлэх боломжтой. Бараа бүтээгдэхүүний худалдаа харьцангуй бага   21 сая австрали доллар буюу Австралийн нийт экспортын 2%-ийг эзэлж байгаа юм. Гэхдээ үйлчилгээний салбарын борлуулалтын үзүүлэлт өнгөрсөн санхүүгийн жилд 100 сая австрали долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл, Австралийн орчин үеийн технологи, мэдлэг туршлага Монголын зах зээлд үнэ цэнэтэй байгаа нь эндээс харагдаж буй. Ялангуяа, үүний дийлэнх хувийг уул уурхайн технологи, үйлчилгээ эзэлж байна.

Оюутолгой төслийн зэс, алтны олборлолтын үйл ажиллагаа нь Монгол Улсын ДНБ болон ирээдүйн баялгийг бүтээхэд голлох нөлөө үзүүлнэ. Энэхүү төслийн үйл ажиллагаа олон улсын түвшинд Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтаар эрдэс баялагт тулгуурлан амжилттай хөгжиж буй эдийн засагтай орон болгоно.
Хоёр орны хамтын ажиллагаа томоохон төслүүдийн эдийн засгийн асуудлын хүрээнээс хальж, хууль эрх зүйн орчинг сайжруулах, Монгол Улсын бизнесийн орчинд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоог илүү боловсронгуй болгоход нь дэмжлэг үзүүлж байна. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) нэмэгдэж байгаа нь Монгол Улс нээлттэй эдийн засаг болон өндөр ур чадвартай ажиллах хүчинтэй болсныг илтгэж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улсад ГШХО оруулах нь харьцангуй бага байдаг. ГШХО-ыг дагаад технологийн дэвшил Монгол Улсад орж ирэх нь ихээхэн тустай. ГШХО дагаж орж ирсэн дэлхийн түвшний менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр улсын хэмжээнд хөгжлийн шат ахихад түлхэц болох учиртай. Иймд Рио Тинтогийн хөрөнгө оруулалт Оюутолгой төсөлд нэн чухал юм. Рио Тинтогоос гадна Австралийн банкууд болон Экспортын санхүүгийн хөрөнгө оруулалтын хороо Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд зориулж томоохон хөрөнгө оруулалт хийж ирсэн.

Өргөн хүрээнд авч үзвэл амжилттай эдийн засагт эрүүл, мэдлэг ур чадвартай иргэд шаардлагатай бөгөөд Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулж энэ тал дээр томоохон хувь нэмэр оруулж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн монголчууд Австралийн их сургуулиудад суралцан өөрийн орны бизнесийн байгууллага, Засгийн газрын түвшинд ажиллан улс орны хөгжил, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулах болно. 

Та Элчин сайдаар ажиллах    хугацаандаа хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлд ямар ажлууд хийхээр зорьж, төлөвлөж байгаа вэ?
Юун түрүүнд Оюутолгой төсөлд анхаарч ажиллана. Нүсэр том, урт хугацааны төсөл учраас бүтээн байгуулалтын явцад техник болон инженерчлэлийн тодорхой саад бэрхшээл тулгарахыг бид ойлгох хэрэгтэй. Төсөл амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байна. Төслийн ажилчид болон орон нутгийнхны аюулгүй байдлыг бүрэн хангаж, төслийн үйл ажиллагааг аль болох тогтвортой хэрэгжүүлэхийг зорьж байна.  

Оюутолгой төсөл нь роялти болоод бусад татварын хэлбэрээр Монгол Улсын төсөвт оруулж буй үр ашиг, орон нутаг, дотоодын зах зээлээс худалдан авалт хийх, сургалт явуулж, ажлын байр нэмэгдүүлэх, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэргээр тус улсад шууд оруулж буй хөрөнгө оруулалтын үнэ цэнэ, үр өгөөжийг ойлгож үнэлээсэй гэж боддог. Урт хугацааны туршид Монгол Улсад бодит үр ашгаа өгөх төсөл юм. Гэхдээ Оюутолгой төсөл нь одоо маш эгзэгтэй шатан дээр явж байгааг аль аль талууд ойлгох нь чухал. Тогтвортой байдлыг хангахын тулд талууд хамтран ажиллах хэрэгтэй. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр ирээдүйд Монгол Улсад санхүүгийн үр ашгийг авчрахын зэрэгцээ гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татах үүд хаалгыг нээх юм.

Аливаа улс зөвхөн байгалийн баялагтай байгаад шууд л өндөр хөгжилд хүрнэ гэж ойлгож болохгүй. Ирэх гурван жилд Австралийн томоохон шинэ хөрөнгө оруулалт Монголд орж ирэх эерэг үзүүлэлт гараасай гэж би хүсч байна. Мэдээж, үүний тулд хөрөнгө оруулах боломжит төслийг тодорхойлох, хөрөнгө оруулагч хайх, санхүүгийн гэрээ хэлэлцээрт хүрэх гээд багагүй хугацаа шаардагдана. Тиймээс бид Монгол Улсын Засгийн газрын орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төслийг эхлүүлэхэд анхаарч ажиллана.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс 1990-ээд онд чөлөөт ардчилсан нийгэмд шилжихээр гаргасан зоримог шийдвэрийг үнэлэх хэрэгтэй. Австрали улс ардчилсан нийгмийн ижил зарчмаар хөгжиж буй бөгөөд зарим үед тогтворгүй байдал бий болдог ч хүчирхэг эдийн засгийн өсөлтийг хангасан, амьжиргааны түвшин өндөр, олон улсын харилцаанд эерэг байр суурьтай улс нэгэнт болжээ. Миний бие Монгол Улсын гуравдагч хөрш орны бодлогыг дэмжихэд Засгийн газартай нягт хамтран ажиллах болно. Түүнчлэн, бүс нутгийн хүрээнд идэвхтэй хамтарч ажиллахыг эрмэлзэж байна. Манай хоёр орон харьцангуй цөөн хүн амтай, “Их долоо”-гийн бүлэгт ороогүй хэдий ч хүний эрх, улс төр, шашны эрх чөлөө, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд олон улсын хууль дүрэм, нийтлэг хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй.

Монгол, Австрали нь олон салбарт аль хэдийнээ түнш орнууд болсон билээ. Олон тооны монгол иргэд, гэр бүлийн хамт Австралид сурч, ажиллаж амьдарч байна. Австраличууд ч мөн адил найрсаг дулаан Монгол оронд ирэх сонирхолтой. Тэгэхээр аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хүнс, үйлчилгээний салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий.

Ил тод, урьдчилан таамаглахуйц, хөрөнгө оруулалтыг ялгаварладаггүй бодлого нь Австралид хөрөнгө оруулалт татдаг

Хоёр улсын уул уурхайн салбар дахь өнөөгийн хамтын ажиллагааны тухай Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү?
Австрали, Монгол хоёр улсад адилхан давуу талууд бий. Үүний нэг нь мэдээж уул уурхайн салбар. Австралийн экспортын гол бүтээгдэхүүнүүд нь нүүрс, төмрийн хүдэр болон байгалийн хий бөгөөд нийлүүлэлтийн хамгийн том зах зээл нь Хятад, Япон, Өмнөд Солонгос улс юм. Тэгэхээр ашигт малтмалын экспортын хувьд манай хоёр орон өрсөлдөгч орон гэсэн үг. Гэсэн хэдий ч дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчинд  Монгол, Австрали хамтран ажиллаж, аль аль нь амжилт гарган, томоохон зах зээлд хоёул голлох нийлүүлэгч болох боломжтой. Мөн мэдлэг, ур чадвар, аюулгүй ажиллагааны туршлага, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, шинэ технологи нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах боломж их бий. Түүнчлэн, бид Монгол Улсын олборлох салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тусламжийн олон тооны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэндээ баяртай байдаг. Цаашид Монгол Улсын хөгжил дэвшил, томоохон санаачилгыг дэмжин ажиллахыг зорьж байна.

Уул уурхайн хамтын ажиллагааг тэлэх боломж, нөхцөлүүдийг Та хэрхэн харж байна вэ?
Манай хоёр улсын хамтын ажиллагаа тодорхой түвшинд хүрсэн, цаашид ч өсөн дэвжих боломжтой. Австрали улсын нэгэн адил эрдэс баялгийн нөөц, чадварлаг боловсон хүчин Монгол Улсад бий. Хөрөнгө оруулалтыг хоёр улсын түвшинд илүү найдвартай болгосноор ажил эрхлэлт, Засгийн газрын орлогын бүрдүүлэлт, цаашлаад хувь хүний хөгжилд эерэгээр нөлөөлөх болно. Гэхдээ эдийн засгийн хамтын ажиллагаа нь урт хугацааны хүчин чармайлт шаарддаг  бөгөөд хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил нь гол элемент юм.

Монголд уул уурхай нь эдийн засгийн тэргүүлэх салбар учир Австрали улсын уул уурхайн өндөр хөгжсөн туршлага, бодлого, зохицуулалт үргэлж сонирхол татаж байдаг. Геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Австрали улс ямар бодлого барьж байна вэ?
Ил тод, урьдчилан таамаглах боломжтой, хөрөнгө оруулалтыг ялгаварлахгүй бодлого нь Австрали улсын хөрөнгө оруулалт татах чадварыг тогтвортой байлгахад нэн ач холбогдолтой. Австралийн бат бөх ардчилал, хуулиар хүлээсэн үүргээ дагаж мөрддөг байдал, сайн гэрээ хэлцлийн хуулиуд хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэх суурийг болгосон юм. Тиймдээ ч Австралийн уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд нь гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэж ирсэн.

Хууль эрх зүйн зохицуулалтын шударга, тогтвортой орчин, хүрээлэн буй орчныг хамгаалахад тавигдах өндөр шаардлага, ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангахын зэрэгцээ урьдчилан таамаглаж болохуйц, дэлхийд өрсөлдөхүйц татварын тогтолцоотой байснаар уул уурхай, геологи хайгуулын гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадна.
Дэд бүтэц сул хөгжсөн, ажиллах хүчний өндөр зардал нь хөрөнгө оруулалт татахад саад учруулах талтай. Иймд уул уурхайн салбарыг эдийн засгийн өргөн хүрээнд авч үзэн, талуудын харилцан хамааралтай байдлыг ойлгох нь хөрөнгө оруулалт татах, өрсөлдөх чадварыг хадгалахад нэн чухал юм.

Австрали болоод америк долларын ханш харьцангуй бага, мөн сайн менежменттэй уурхайгаас чанартай ашиг орлого олно гэж харж байгаа болохоор хөрөнгө оруулагчид 2019 онд Австралийг сонирхсоор байх болно.

Австралийн гадаад худалдааны гол том зах зээл Хятад бөгөөд хоёр улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, маш сайн харилцаатай. Гэвч сүүлийн үед танай хоёр улсын харилцаа муудаж байгаа мэт олон улсын мэдээллээс харагдаж байна. Австралийн хөдөө аж ахуй, ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт Хятад руу удааширч байгаа нь ажиглагдаж байна. Энэ тал дээр Та байр сууриа илэрхийлнэ үү. 

Зүүн хойд Ази дахь БНХАУ, Япон, БНСУ-тай хийсэн чөлөөт худалдааны гэрээ нь Австрали улсаас экспортлогч болон импортлогч, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч нарт Австралийн гадаад, дотоод худалдааны голлох салбарт хамтран ажиллах таатай боломж олгодог. Үйлчлүүлэгч чанартай бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийцсэн, боломжит үнээр авах боломжийг хангаж, худалдаанд гарч буй саад бэрхшээлийг арилгахын тулд бид эдгээр гэрээнд хоёр талын бизнесийн суурь нөхцөлийг сайтар тусгасан байдаг.  

БНХАУ-тай хийж буй худалдаа нь манай орны олон улсын худалдааны томоохон хэсгийг бүрдүүлж байна. Байгалийн нөөц баялаг, газарзүйн байрлалын хувьд тохиромжтой учраас манай орон чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хятадад ихээр нийлүүлдэг. Австрали нь дэлхийд өрсөлдөхүйц томоохон экспортлогч орон бөгөөд чөлөөт худалдааны гэрээний дагуу хөдөө аж ахуй, эрчим хүч, байгалийн баялгийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгч улс орон болсон билээ.

Нөхцөл байдлаас хамаарч аль ч эдийн засаг, харилцаа, хамтын ажиллагаанд сорилтууд тулгарах үе байдаг. Өргөн хүрээнд авч үзвэл Австрали, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, харилцаа маш эерэг юм. Хэрэв харилцаа, хамтын ажиллагаанд ямар нэг хүндрэл, бэрхшээл тохиолдсон үед бид талуудын хооронд хийгдсэн худалдааны гэрээ болон Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын дагуу асуудлыг шийдэхийг хичээдэг.

Монголын Засгийн газар Рио Тинтотой хэрхэн хамтран ажиллахыг Хөрөнгө оруулагчид  ажиглаж байна


Уул уурхай  нь Австралийн эдийн засаг, цаашдын хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт тус улсын найман иргэн тутмын 7 нь итгэдэг тухай нэгэн судалгаанаас уншиж байсан юм байна. Та үүнтэй санал нийлэх үү?
Үүнд итгэдэг 7 хүний нэг нь би. Уул уурхай нь ДНБ-ийн 10%, нийт экспортын 60%-ийг бүрдүүлж, Австралийн Засгийн газрын татварын орлогод хувь нэмрээ оруулж байна. Үүнд үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний дотоодын худалдан авалт мөн багтана. Иймд эдийн засаг талаас нь авч үзвэл би үүнтэй санал нийлдэг юм. Монголын уул уурхай нь улсын эдийн засагт оруулах хувь нэмрийн тухайд манай орныхтой төстэй гэж бодож байна. 

Уул уурхайн үйлдвэрлэл нь бидний ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, орчин үеийн нийгэмд шаардлагатай материал түүхий эдээр хангасаар байх болно. Жишээ нь байгальд илүү ээлтэй тээврийн хэрэгсэл ашиглахад бид шилжих болсноор зэсийн эрэлт, ач холбогдол улам нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ инноваци буюу шинэ санаачилгын үр дүнд одоо ашиглагдаж буй зарим нэг материал, эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч зэрэг өөр эх үүсвэрээр орлуулж болох юм.

Аль ч улс орны томоохон компаниуд болон хөрөнгө оруулагч нарт уул уурхайн талаарх олон нийтийн хандлага чухал байдаг. Монгол, Австрали аль алинд нь уул уурхайн талаарх олон нийтийн хандлага мөн чухал юм. Мэдээж ирээдүйд үр ашгаа хүртэх зүйлд л хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой. Олон нийтийн эсэргүүцэл, улс төрийн тогтворгүй бодлого нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулдаг.
Австралийн уул уурхайн салбарт шууд ажил эрхлэх нь 2% буюу харьцангуй бага хэдий ч дийлэнх австраличууд уул уурхайн үйл ажиллагаанаас хурааж буй татварыг нийгмийн үйлчилгээнд зарцуулж байгааг  маш сайн ойлгодог. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад хувиараа хөрөнгө оруулснаар иргэд, байгууллагууд тухайн компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэлтэй холбоотой шийдвэр гаргахад нөлөөлөх боломж нээгддэг.

Австрали нь уул уурхайн салбарт нэлээд патент эзэмшдэг улс. Сүүлийн жилүүдэд уул уурхайн ямар патентуудыг шинээр бүртгэсэн зарим жишээг сонирхуулбал?
Патент олголт нэмэгдсэн нь Австралийн их сургууль, хувийн хэвшил, Засгийн газраас инновацийг дэмжин хөгжүүлж байгаа нь харагдаж байна. Шинэ бүтээл, санаачилгыг хөгжүүлснээр зардал багасч, хү­рээ­лэн буй орчны удирдлага, аюулгүй байдал, үр өгөөж нэмэгдэн Австра­лийн олон улсын түвшинд өрсөлдөх экспортын чадвар бэхжих юм.

Уул уурхайн үйл ажиллагаанд олон патент шинээр олгож байна. Тухайлбал өрөмдлөг, тэсэлгээ, техник аргачлал болон шинэ материалын ашиглалтад хамаарсан патентууд юм. Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж нийлүүлэлт, барилгын инженер, техникийн үйлчилгээ чиглэлээр удирдлагын төхөөрөмж хэрэгсэл, үйлдвэрлэлийн систем зэрэгт патент нэлээд авч байна. Австрали нь систем, программ хангамжийн үйлдвэрлэлд томоохон байр суурь эзэлдэг орон юм.

Монгол орны Өмнийн говийн хоёр километр гаруйн гүнд хийгдэж буй далд уурхайн бүтээн байгуулалтын энэ нүсэр ажлыг гүйцэтгэх хүчин чадалтай компаниуд Оюу Толгой, Рио Тинтогоос өөр байдгийг би лав мэдэхгүй. Тиймээс дэлхийн зах зээл дээр томоохон компаниуд шинэ технологийн дэвшлийг нэвтрүүлэн ашиглах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх патентууд нь  уул уурхайн салбарын чухал шинж чанар юм.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байгаа энэ үед ямар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн Австралиас нийлүүлэгдэж байна вэ?
“Жэйкобс Инженеринг”, “Монадэлфөс”, “Тийсс”, “Вагнерс”, “Клаф”, “АрЮСи Сементэйшн”, “Ханн Электрик” болон “Б&Ар Инклүөжэс” нь Оюутолгой төслийн томоохон ханган нийлүүлэгч компаниуд юм. Уурхайн бүтээн байгуулалтын ажилд нийлүүлэх бараа, үйлчилгээнд тавигдах зохих шаардлагуудад нийцүүлэн хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладаг. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, худалдан авалт нь Оюутолгойн тэргүүлэх чиглэл болж байгаа тул нийт ажиллагсдын 93% нь монгол иргэд юм. Өөрөөр хэлбэл, Монголд ажил олгогч  хамгийн том компани гэж хэлж болно. Монгол, Австралийн багууд хамтран ажиллаж буйг харахад таатай байна.   

Өнөөдөр Монголд Австралийн хөрөнгө оруулалттай 50 орчим компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниудад тулгарч байгаа бэрхшээл, хүндрэл юу байна вэ?
Монгол дахь бизнесийн зөвлөл, танхимуудтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. 
Мөн Австралийн бизнесийн тэргүүлэх байгууллага болох Худалдааны танхимтай бид нягт хамтран ажилладагтаа таатай байна.
Австралиас Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын дийлэнх нь уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээ нийлүүлэгч бөгөөд томоохон төслүүдэд инженер, барилга, механик, уурхайн төлөвлөлт, ашигт малтмалын шинжилгээ, боловсруулалтын үйлчилгээ үзүүлдэг. Монголд цаашид томоохон төслүүд хэрэгжвэл эдгээр компанийн хувьд ач тустай байх болно.  
Уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээнээс гадна хайгуулын үйл ажиллагааны зөвшөөрөл хүсч байгаа эсхүл хайгуул, ашиглалтын янз бүрийн үе шатандаа яваа Австралийн хэд хэдэн уул уурхайн компани  бий. Тэдгээрийн зарим нь Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй нүүрс, зэс, хийн төсөл хэрэгжүүлэгч   юм.  

Мэдээж, дэлхийн аль ч улс оронд бизнес эрхлэхэд нийтлэг асуудал, бэрхшээл тулгарна.  Гэхдээ шийдэж болохгүй, айхтар онцгой, ялангуяа хууль эрх зүйн хүндрэл байгаа гэж бодохгүй байна. Гэрээний нэгдмэл байдлыг хангах нь дэлхийн үйл ажиллагааны орчинд бизнесийн чухал шаардлага юм. Монголд тулгарч буй гол хүндрэл гэвэл, импортын татвар, хууль эрх зүйн орчны тодорхой бус байдал, нэгэнт байгуулсан гэрээ хэлэлцээрээ дагаж мөрдөх хариуцлага зэргийг хэлэх байна.

Гадаад худалдаанд аливаа хүндрэл бага байх тусам зах зээлд өрсөлдөхүйц чанартай сайн бүтээгдэхүүний сонголт нэмэгдэж, хямд үнээр хэрэглэгчдийн гар дээр очих боломж бүрддэг. Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн хувьд холбогдох хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх нь зүй ёсны хэдий ч татварын тогтолцоо, хууль эрх зүйн орчин зэрэг асуудлууд тодорхой, ойлгомжтой байх нь чухал байдаг. Үүний зэрэгцээ төрийн байгууллагын хүнд суртлыг багасгаснаар импорт, экспортын худалдаанд гарч буй зардал буурч, хэрэглэгч аль болох хямд үнээр сайн бүтээгдэхүүн хэрэглэх боломж бий болдог.  Монгол бол сонирхолтой зах зээл юм. Рио Тинтогоос гадна Австралийн олон компани Монголын уул уурхай болоод бусад салбарт ажиллах эрмэлзэл, сонирхолтой.  Тухайн компаниуд болон хөрөнгө оруулагчид одоо Рио Тинтотой Монголын Засгийн газар хэрхэн хамтран ажиллаж буйг анхааралтай ажиглаж байгаа. Тавантолгойн эрчим хүчний станц байгуулах ажлыг ч мөн анзааран харж буй. Энэ нь шинэ хөрөнгө оруулагчдын хувьд чухал дохио юм

Монгол дахь хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн өнөөгийн орчныг Та хэрхэн харж байгаа вэ?
Макро эдийн засгийн тогтвортой байдал нь гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлөх нэг үндсэн хүчин зүйл юм. Хууль эрх зүйн орчин нь олон улсын түвшинд тодорхой, өрсөлдөх чадвартай байх ёстой. Монгол Улсад орж ирэх дараагийн томоохон хөрөнгө оруулагч, ямар ч тохиолдолд Оюутолгой төслийн хэрэгжилтийн явцыг харгалзан үзэх болно.

2018 оны дэлхийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээс харахад, 140 орноос Монгол Улс 99 дүгээр байранд жагсаж байна. Хуулийн засаглалын бие даасан байдал, хяналт шалгалт хийж тайлагнах стандарт болон банк санхүү, даатгалын салбарын тогтвортой байдал, гүйцэтгэлийг сайжруулах боломж байгаа нь харагдаж байна.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт ахиц гарч байгаад бид баяртай байна. Мөнгө угаалтын эсрэг хууль журамд нэмэлт өөрчлөлт оруулсан нь чухал алхам болсон. Саарал жагсаалтад орохгүйн тулд мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах FATF байгууллагаас тавьсан шаардлагуудад Монгол Улс 2019 онд анхаарч ажиллах нь зүйтэй болов уу.


Австралийн уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд нь гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэсэн

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах Австралийн тэргүүлэх зарим нэг туршлагаас хуваалцахгүй юу?
Гадаадын хөрөнгө оруулалт татахад харилцан итгэлцэл, дэд бүтэц, хууль дүрэм, татвар, ур чадвар гээд олон хүчин зүйлс чухал байдаг. Австрали улс энэ тал дээр эерэг үзүүлэлттэй байсаар ирсэн.

Макро эдийн засгийн өндөр үзүүлэлт, улсын төсвийн хатуу сахилга бат, чөлөөт худалдааны гэрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн зэрэгцээ 27 жил эдийн засгийн уналтад оролгүй хөгжиж ирсэн нь  Австрали улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна. Австралийн дэд бүтцийг санхүүжүүлэхэд ГШХО нь томоохон үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдийн ГШХО-ыг татах үзүүлэлтээр Австрали нь дэлхийд тэргүүлэгч 10 улсад багтаж, нийт дүнгээр 50 тэрбум австрали долларт хүрсэн. Эдийн засгийн тогтвортой байдал, газарзүйн байршлын хувьд дэлхийн голлох зах зээлүүдэд ойр оршиж буй нь Австралийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татахад эерэгээр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ манай улсын ардчилал болон сайн засаглал нь ГШХО татах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Монгол Улсын нэгэн адил уул уурхай, үл хөдлөх болон санхүүгийн үйлчилгээний салбар дахь ГШХО нь манай улсын хувьд ч чухал юм.

Нэгэнт үйл ажиллагааг албан ёсоор баталгаажуулсан бол бид хэлсэн ярьсандаа заавал хүрдэг, найдвартай хэрэгжүүлдэг. Хууль, эрх зүйн тодорхой байдал, засаглалын үйл ажиллагааны тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын явцад хүлээх үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэх нь цаашдын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй. 

Тэгвэл Австрали улсын эдийн засагт тэргүүлэх салбар нь юу вэ?
2018 онд Австралийн ДНБ бараг 1.7 их наяд австрали долларт (1.3 их наяд ам. доллар) хүрсэн бөгөөд дийлэнх хувийг үйлчилгээний салбараас бүрдүүлсэн байна. Цөөн хүн амтай ч гэсэн бүс нутгийн томоохон зах зээлүүдэд ханган нийлүүлэгч болж чадсан учраас нэг хүнд оногдох ДНБ харьцангуй өндөр байдаг. Австралийн эдийн засгийн хувьд экспорт чухал байр суурь эзэлдэг хэвээрээ. Үүнд төмрийн хүдэр, нүүрс, байгалийн хий болон боловсролын салбар нь манай орны экспортын тэргүүлэх салбарт тооцогддог.

Австралийн алт олборлолтын оргил үе буюу 1850-иад оноос хойш уул уурхайн үйл ажиллагаа байнга өргөжин ДНБ-ийн өсөлтөд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Гэхдээ үйлчилгээний салбарын хөгжил нь ажил эрхлэлт болон бидний амьдралын хэв маягт эерэгээр нөлөөлж, үр өгөөжөө мөн өгсөөр ирсэн. Аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд мөн эрчимтэй хөгжиж байна. Боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх нь уул уурхайд суурилсан эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй. Энэ бол харилцан бие биедээ нөлөөлөх зарчим юм.  

“Ирээдүй сан” нь Австралийн  Засгийн газраас хараат бус ажилладаг 

Монгол Улс нь ирээдүй хойчдоо зориулж уул уурхайн орлогоос тодорхой хуримтлалыг бий болгох сан байгуулахаар төлөвлөж байгаа юм.  Энэ цаг үед Австралийн “Ирээдүйн сан”-гийн үйл ажиллагааны туршлага нь үнэ цэнтэй мэдээлэл байх болно?
Их чухал асуулт байна. Энэ нь олон нийтийн тэгш байдал, төрийн санхүүгийн урт удаан хугацааны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Австралийн хувьд уул уурхайн орлогын хэлбэлзлээс эдийн засгаа хамгаалах, ирээдүй үеийн хэрэгцээг хангах зорилгоор  “Ирээдүйн сан”-г арав гаруй жилийн өмнө байгуулсан юм. Сангийн удирдлагын механизм ба хөрөнгө оруулалтын шийдвэр нь тэнцвэртэй байдлыг хангаж, урт хугацааны хэтийн зорилгоо амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Удирдах зөвлөл Засгийн газраас хараат бус ажилладаг бөгөөд зөвлөлийн төлөөлөлд багтах Сангийн яам сангаас хөрөнгө оруулах, хуваарилах шийдвэрийг гаргах үүрэгтэй. Дан ганц уул уурхайгаас санд хуримтлуулдаггүй л дээ. Гэхдээ мэдээж, дийлэнх хувийг экспортын орлогоос төвлөрүүлнэ. Нэг ёсондоо тус сан нь маргаашийн зардлыг нөхөх үүднээс өнөөдөр хуримтлуулах зарчмаар ажилладаг. “Ирээдүй сан”-гаас Австралийн  эрүүл мэнд болоод анагаах ухааны судалгаа, дэд бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн даатгалд хөрөнгө оруулж байна.    

Австрали улсаас Монголын боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт чухал, басхүү томоохон байр суурь эзэлж байна. Австрали нь боловсролын салбар дахь хамтын ажиллагаанд ямар бодлого барьж байгаа вэ? 
Боловсролд хөрөнгө оруулснаар хэзээд ч алдахгүй. Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, дээд эсвэл Техник мэргэжлийн боловсролын сургалт(ТМБС) гээд аль ч боловсролд хөрөнгө оруулсан байлаа ч  түүний үр өгөөжийг ирээдүйд хүртэх нь зайлшгүй юм. 

Австралийн сургалтын тэтгэлэг, бусад тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын дээд боловсрол болон ТМБС-ын чиглэлээр туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирлээ.  

Мэргэжлийн ур чадвар, туршлагатай ажилчид энэ сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар Австрали улсад магистрын зэргээр суралцаж өөрсдийн мэдлэг, ур чадвараа илүү дээшлүүлэх боломжтой. Тус хөтөлбөрт Монгол Улсаас олон хүн хамрагдаж суралцсан бөгөөд тэднийг нөхөрсгөөр “Моззичууд” хэмээн нэрлэдэг. Моззичуудын Монголын нийгэм, улс төр, эдийн засаг болоод бизнест оруулж буй хувь нэмэр их бөгөөд улам ч өсөн нэмэгдэж байна. Үүний нэг тод жишээ бол монгол оюутнууд Австралийг сонгон суралцах нь эрс нэмэгдсэн. Одоогоор 4500 оюутан байна. Энэ нь манай орны боловсролын үйлчилгээг экспортлоход ч мөн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Мэдээж  урт хугацааны эерэг үр нөлөө нь илүү үнэ цэнэтэй.  

Монголын залуу үе техник мэргэжлийн сургалтад хамрагдаж, чанартай боловсрол олж авах бүрэн боломжтой. Монголын боловсролын нэгдмэл тогтолцоо нь ТМБС-аар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд аль аль нь чадамжид суурилсан мэргэжил сонгон эзэмших боломжийг олгож байна.ТМБС-ын тогтолцоог дэлхийн түвшинд хүргэхэд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тогтолцооны нэгдмэл байдлыг хангаж, боловсролын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлтэй холбох зэрэгт төр засгийн үүрэг оролцоо ихээхэн чухал байдаг. Түүнчлэн зайлшгүй эзэмшвэл зохих мэргэжлийн ур чадвар, чадамжийг тодорхойлж ажлын байрны сургалтаар олгож чадахуйц хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал юм. 
Австрали, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Оюутолгой компани, Өмнөговь аймгийн удирдлага хамтран мэргэжлийн боловсрол сургалтын чиглэлээр төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж ирлээ. Залуучууд энэхүү таатай боломжийг ашиглан бусад орны тэргүүн туршлагаас суралцахын зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшил эзэмшин ажил орлоготой болохоор суралцаж байна.   

Танд баярлалаа.

Сэтгэгдэл (2)

  • DR MAXWELL (129.205.124.233)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Guest (66.181.186.145)
    Ih goy yriltslaga boljee. Mundag hun baih shig bna. Ajild ni amjilt husej hoyr ornii hamtiin ajillagaand unetei huvi nemer oruulah boltugai hemeen erooe
    2019 оны 04 сарын 30 | Хариулах