Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д Зүүнбаян чиглэлийн төмөр зам хурдасгуур болно

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ээлжит уулзалт өнөөдөр болж, салбарын сайд Д.Сумъяабазар сонсгол тавилаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа АмЧам Монгол-ын уулзалтад оролцож байна. Тэрбээр энэ үеэр Оюутолгойн гэрээний асуудал, Эрдэнэс Тавантолгойн IPO, алтны роялтийн тухай, хайгуулыг дэмжих бодлого, салбарын хуулийн хийдлийг арилгах болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Салбарын сайд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-аар өнгөрсөн сард баталж алтны борлуулалтад ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% дээр барихаар тогтоосон. Өмнөх хүчин төгөлдөр хуулиар үндсэн роялти 5% -иас гадна үнийн өсөлтөөс хамаарч 5 хүртэлх хувиар өсөн нэмэгдэх роялти тооцдог байсныг одоо "илүү ч үгүй дутуу ч үгүй" тогтвортой 5%-д барихаар болсныг тэрбээр мэдэгдлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд АМНАТ-ийг 2.5%-д барьж алт тушаалтыг энэ онд 22-23 тоннд хүргэх зорилт тавьсан байсныг тэрбээр учирлалаа. Энэ оны байдлаар алт олборлолтын аж ахуйн нэгжүүд 11 тонн алт олборлохоор төлөвлөгөөгөө батлуулсан байгаа ажээ. Тэгэхээр цаана нь мөн хэмжээний алт олборлолтын зорилтыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуулт тулгарч байгаа ажээ. Тэрбээр мөн тусгай зөвшөөрөлгүй алт олборлолт эрхлэгчид (бичил уурхайчид, хоршоо, нөхөрлөл), тэднээс алт худалдан авсан, боловсруулсан аж ахуйн нэгж АМНАТ төлөх, тайлагнах нөхцөл шинэ хуулиар бүрдсэн болохыг мөн онцлон тэмдэглэсэн юм. Мөн Монголбанкны алтны худалдан авалтыг бууруулахгүй байхыг зорьж байгааг салбарын сайд хэллээ. Валютын нөөц бүрдүүлэлт, эдийн засгийн тогтвортой байдалд алт тушаалт нь онцгой чухал үүрэгтэйг салбарын сайд мэдэгдсэн.

"Эрдэнэс Тавантолгой"-н IPO-ийн тухайд салбарын сайд хугацаа алдаж буй ч 2019 ондоо багтааж компанийн 30 хүртэлх хувийг олон улсын бирж дээр гаргахаар төлөвлөж байгааг дуулгалаа. Уг ажилд компанийн засаглал хамгийн чухлаар тавигдаж буйг тайлбарлалаа. IPO-ийн бэлтгэл ажлыг ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжих Тендерийн тухай шинэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлмэгц эрчимжүүлэх ажээ. Өөрөөр хэлбэл хамгийн чадварлаг хууль, татварын зөвлөх, спонсор болон андеррайтер банкуудыг шалгаруулах юм байна. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн их улстөржилт нь хувьцааны арилжааны бэлтгэл ажилд ихээхэн дөнгө саад болсныг тэмдэглэсэн юм. Хувьцааны арилжаагаар босгох хөрөнгөөр дэд бүтэц, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөөд буй. Дашрамд дурдахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд энэ онд 18 сая тонн бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөсөн бөгөөд оны эхний улирлын байдлаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ажилласныг салбарын сайд онцоллоо. Саяхан Засгийн газрын тогтоолоор баталсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт нь Тавантолгойн IPO-д хурдасгуур байх болно гэж үзэж байгаагаа мөн тэрбээр мэдэгдлээ. Мөн уг төмөр замын бүтээн байгуулалт болон бусад холбогдох дэд бүтцийн томоохон төсөлд дотоодын цементийн үйлдвэрүүдийг дэмжиж ажиллана гэдгээ салбарын сайд онцоллоо. "Эрдэнэс Тавантолгой"-г IPO хийсний дараа "Эрдэнэс Монгол"-ын харьяанд буцаад оруулна гэж сайд тэмдэглэлээ.

Тэрбээр мөн геологи, уул уурхай, газрын тосны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа бөгөөд холбогдох ажлын хэсгүүд эрчимтэй ажиллаж, хэлэлцүүлгүүд хийж байгааг дуулгалаа. Одоогийн байдлаар нийтдээ 267 давхардал, 150 зөрчил, хийдэл байгааг тогтоожээ. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль болон холбогдох бусад хуулийн өөрчлөлт хийгдсэнээр салбарын хүндрэлтэй асуудал шийдэгдэх төлөвтэй байна.

Хүнд үйлдвэрүүдийн төслийн ажил ихээхэн урагштай байгааг сайд онцоллоо. Тухайлбал алт цэвэршүүлэх үйлдвэрийн ажил ирэх тавдугаар сард эхлэх төлөвтэй байгаа ажээ. Мөн Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулах ажил ирэх 9-11 дүгээр сард эхэлчих болов уу гэж тооцоолж буйгаа мэдэгдлээ.

Мөн Оюутолгойн гэрээг цуцлуулах эсэх талаар салбарын сайдын хувьд үүнийг эсэргүүцэж төслийн тогтвортой ажиллагааг хамгаалах болно гэдгээ дуулгалаа. Гуравдагч орны хөрөнгө оруулалт нь Монгол улсын хувьд ихээхэн чухал болохыг тэрбээр онцоллоо. "Оюутолгой төсөл дээр хөрөнгө оруулагч нарын итгэл явж буйг санах хэрэгтэй. Энэ бол Монголын нэр хүндтэй холбоотой асуудал" хэмээн тэрбээр байр сууриа илэрхийллээ. Уг төсөл 45 мянган шууд болон шууд бус ажлын байр, 700 гаруй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байна. Дээр нь гадаад дотоодын томоохон банк санхүүгийн байгууллага зээл олгосон. Энэ төслөөр оролдоно гэдэг тоглоом биш гэдгийг тэрбээр санууллаа. Төслийн гэрээнд засаж сайжруулах зүйлс байхыг үгүйсгэхгүй ч гагцхүү үүнийг хоёр тал ухаалгаар хэлэлцэх замаар шийдвэрлэх боломжтой гэдгийг мэдэгдсэн юм. Цахилгаан станцыг хугацаанд нь бариулж, далд уурхайг хугацаанд нь ашиглалтад оруулах гэдэг шаардлагаа тавьж ажиллах нь зүйтэйг тэрбээр нэмж тодотгосон.

Баялгийн сангийн хуулийн тухайд тэрбээр “Эрдэнэс Монгол” компани нь баялгийн сан болно. Улмаар энэхүү баялгийн сан нь тогтворжуулалтын сан, хөрөнгө оруулалтын сангийн аль алиных нь жишгээр хосолмол хэлбэрээр ажиллуулна гэж харж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр нийгмийн дундаж давхаргыг дэмжих боломжтой ажээ. Энэ нь бэлэн мөнгө тараах бус боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах байдлаар ажиллах боломжтой гэж харж байгаа ажээ.

Сайд мөн өнгөрсөн сард УИХ-аар батлагдсан Татварын багц хууль ирэх оноос хэрэгжиж эхлэн улмаар татварын бааз суурь нэмэгдэж, хөрөнгө оруулагчдад ч таатай нөхцөл бүрдэх болов уу гэж харж байгаагаа мэдэгдлээ.

 

 

Б.Төгс