Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

Банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн хүрээнд өнөөдөр  “Новотел” зочид буудалд зохион байгуулагдлаа. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ салбарт хийгдсэн томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. 95 жилийн ойг угтан Монгол банкнаас түүхэн эх сурвалжуудыг бэлтгэн олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллажээ. Тухайлбал, “Монгол Улсын Эрдэнэсийн сан”, “Монголбанкны түүхийн альманах”, “Монголын их эзэнт улсын мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал бүтээл, “Монгол банк 95:Түүх ба баримт”, “Монгол төрийн эдийн засгийн бодлого:сорилт, сургамж, асуудал 1911-1918” зэрэг ном, бүтээлүүдийг бэлтгэн хэвлүүлсэн байна.

 “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд та бид эдийн засагт үүссэн олон хүнд сорилтуудыг амжилттай даван гарлаа. Гадаад өрийн дефолтын аюул, ханшийн огцом савлагаа, эдийн засгийн уналттай үед оновчтой, шийдэмгий бодлого хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадсаны үр дүнд эдийн засагт тулгарсан саад бэрхшээлийг даван тууллаа. Эдийн засгийн өсөлт сүүлийн 3 жилд эрчимжиж 6.9%-д хүрсэн, инфляцид зорилтот түвшинд байсан, гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн, зээлийн хүү буурсан гээд олон нааштай үр дүн гарсан” хэмээн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцолж байв.

Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж байгаа аж. Гэхдээ тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх асуудлууд чухал хэвээр байгааг Монгол банкны удирдлагууд чуулганы үеэр тодотгон тэмдэглэлээ.

Цаашид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой болжээ. Тэр дундаа Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай байгааг хуралд оролцогчид хэлж байсан юм.     

Чуулганы хөтөлбөр ёсоор Монгол банкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хурлын эхний хэсгийн хуралдааныг удирдаж, Монгол банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Монгол Улсын эдийн засаг, банкны салбарын хөгжил 95 жилд:Ололт, Сорилт, Сургамж” сэдвээр илтгэл тавьсан юм. Монгол банк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байна. Төв банкны үндсэн зорилт болох инфляцийг зорилтот түвшинд байлгах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих мөнгөний болон ханшийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж иржээ.  2017-2018 онд эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилттай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жилүүд болж өнгөрснийг тэрээр онцлон хэлж байв. Тухайлбал 2018 онд мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3%-тай, харин эдийн засаг 6.9%-иар өсөж, сэргэлт эрчимжсэн юм. “Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкнуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 оны эцэст 16.9% болж, сүүлийн зургаан жилийн хамгийн бага түвшинд хүрлээ. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өссөн нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон” хэмээн эдийн засагч Д.Ган-Очир илтгэлийнхээ үеэр танилцуулж байв.

Үндсэн илтгэлийн дараа Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, “Хас” банкны Гүйцэтгэх захирал М.Болд, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жан-Паскаль Н.Нгану нар банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлуудын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.   “Дон Кихот салхин тээрэмтэй тулалдсан нь  гэдэг зохиол бий. Энэ номонд Дон Кихот шударга ёсны тэмцэлд гарч, өөрөө өөртөө дайсан хайж байгааг харуулдаг. Дон Кихот салхин тээрмийг зогсоох гэж оролддог. Би яагаад энэ тухай ярьж байна вэ гэхээр УИХ-ын зарим гишүүн зээлийн хүүгийн дээд хэмжээг зогсоох хуулийн төсөл боловсруулсан нь үүнтэй ижил үйл явдал юм” хэмээн  “Хас” банкны Гүйцэтгэх захирал М.Болд ярилаа. Тэрээр мөн “Банкуудын олгодог зээл 1%-иар өсөхөд дотоодын нийт бүтээгдэхүүн 80%-иар өсдөг. Энэ салбарын чанаргүй зээлийн өсөлт эдийн засагт дарамт болдог. Банкны салбар эдийн засгийг гал шиг өрддөг. Банкуудыг буруу замаар будаа тээвэл эдийн засгийг онхолдуулж чадна. Учир нь, манай улсын нэг иргэн дунджаар дөрвөн данстай байна. 840 мянган хүүхэд данстай. Эдгээр харилцагчид ч банкны эзэд мөн” хэмээн  тодотгосон юм.

“Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурлын үдээс хойших хэлэлцүүлэг “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь” сэдвээр үргэлжилсэн юм. Уг хэлэлцүүлэгт Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг модератороор ажиллаж, тус банкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкны хяналт шалгалтын чиг хандлага” сэдвээр илтгэлээ. Мөн уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайдын  Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, “Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сэйкер нар оролцож байр сууриа илэрхийллээ.

 

Г.Идэр

 

 

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах