Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Ажлын алба, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллага санаа тавьж, хоёр жилийн өмнөөс хамтран хэрэгжүүлсэн эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн www.iltodgeree.mn цахим санг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Уг цахим санг танилцуулсанаар эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилготой гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. Монгол улсын хэмжээнд уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан 14 төрлийн 436 гэрээтэй уг цахим сангаар нэвтэрч танилцах боломжтой болжээ.
Түүнээс гадна хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хуваах зэрэг Засгийн газрын түвшинд байгуулагддаг томоохон гэрээнээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгуулдаг гэрээ зэрэг энэ салбарын бүх гэрээг иргэд татан авч, талуудын үүргийн хэрэгжилтэд хяналт тавих боломж нээгдэж байгаа юм.
Г.Идэр