Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Элегест-Кызыл-Курагино” төмөр замын барилга наймдугаар сард эхэлнэ

ОХУ-ын Тувагийн Кызыл хотоос Красноярск мужийн Курагино сууринтай холбох 410 км төмөр замын барилгын ажлыг ирэх наймдугаар сард багтаж эхлэх тухай Краснояр мужийн удирдлагууд мэдэгджээ. Энэхүү салаа төмөр замыг барих гэрээнд “Тувагийн эрчим хүчний корпораци”-ийн Ерөнхий захирал Руслан Байсаров  болон Оросын төмөр замын (РЖД) Ерөнхийлөгч Олег Белозеров нар өнгөрсөн сарын 15-нд гарын үсэг зурсан билээ.

Уг гэрээгээр “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн замын барилгын ажлыг РЖД гүйцэтгэх юм. Төмөр замыг 2023 онд Оросын төмөр замын сүлжээтэй холбоохоор төлөвлөж буй.

Барилгын ажилд төмөр замын цэргийн ангийн албан хаагчдыг татан оролцуулах боломжтой тухай Тувагийн Ерөнхийлөгч Шолбан Кара-оол мэдэгдсэн байдаг.        

Төмөр зам ашиглалтад орсноор “Тувагийн эрчим хүчний корпораци”(ТЭПК) нь Элегестийн нүүрсний ордоос экспортын дэд бүтэцтэй болох юм. Коксжих нүүрсний 855.2 сая тонн нөөцтэй Элегестийн ордыг 20 жилийн хугацаанд ашиглах тусгай зөвшөөрлийг ТЭПК компани 2013 онд авсан байдаг. Тус компани эл ордоос “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замаар БАМ-тай холбогдож нүүрсээ зах зээлд нийлүүлэх зорилттой.

“Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замыг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан юм. Барилгын ажлыг 2011 онд эхлүүлсэн ч санхүүжилтийн асуудлаас үүдэн уг төсөл өнөөг хүртэл царцаад байсан юм. 2018 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газрыг төлөөлөн Холбооны төмөр замын тээврийн агентлаг, ТЭПК хооронд 30 жилийн концессийн гэрээг үзэглэснээр төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. 410 км төмөр замын төслийн нийт өртөг 126.6 тэрбум рубль юм.

Уг чиглэлийн төмөр зам нь Оросын Красноярскийн хязгаар нутгийг Алс Дорнодын бүс нутагтай холбохоос гадна Монгол Улсын төмөр замтай нийлж Хятад руу хүрэх боломжтой гэж тус улсын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Төсөлд Зүүн Өмнөд Азийн хөрөнгө оруулагчид оролцох сонирхлоо илэрхийлж буй аж.

Монгол Улсын төмөр замын хойд коридор буюу “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин” чиглэл  нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтаж буй төслүүдийн нэг.

Э.Од