Дэлхийн эрдэс түүхий эд олборлолт, худалдааны тэргүүлэх компани “Гленкор” энэ оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулахаар шийдвэрлэлээ. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн бөгөөд өмнө нь 1.54 сая тонн зэс олборлох төлөвлөгөөтэй байсныг 1.46 сая тонн болгож бууруулж байна. Ийнхүү бууруулсан шалтгаан нь оны эхний улиралд тус компанийн голлох зэсийн төслүүд оршдог Австралийн Квийнслэнд мужид хүчтэй үер тохиосон болон Замби дахь зэсийн үйлдвэрт зогсолт хийсэнтэй холбоотой. Мөн Конго улс дахь тус компанийн Камото зэс, кобальтийн уурхайн гарц нь төлөвлөгөөнөөс бага байхаар байгааг онцолжээ.
Оны эхний улиралд тус компанийн зэсийн гарц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7%-иар (эсвэл 24.7 мянган тонн) бага буюу 320.7 мянган тоннд хүрчээ.
Энэ онд зэсийн ханш харьцангуй өсөлттэй байгаа бөгөөд ийнхүү голлох тоглогчдын үйлдвэрлэлээ танах мэдэгдэл нь цаашид зах зээлд ханш өсөх дохио болж байна. Хэдийгээр Гленкорын зэсийн таналт зах зээлд төдийлөн нөлөө үзүүлэхгүй ч ханшийг бууруулахгүй байх талд тодорхой нөлөөтэй байх нь дамжиггүй.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 6500 ам.доллараас дээш гарсан юм. Гэхдээ сарын сүүлээр бага зэрэг буурч 6376 ам.доллар/тоннд хүрсэн ч уг мэдээлэл цацагдсанаар 6442 ам.доллар/тоннд хүрч өссөн байна.
Б.Төгс